| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 1903013090009 |
| Дугаар | 2020/ДШМ/481 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2020/ДШМ/481
2020 4 16 2020/ДШМ/481
Б.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.У, Б.Б нарын өмгөөлөгч Б.Баярсайхан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 445 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Б.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1903013090009 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овогт Б.Б, 1969 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны үйлчлэгч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депод вагоны үйлчлэгчээр ажиллаж байсан, ам бүл 5, хүүхдүүдийн хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /....................../;
2. Жалир овогт Б.У, 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, вагоны үйлчлэгч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депод вагоны үйлчлэгчээр ажиллаж байсан, ам бүл 5, эх, 3 хүүхдийн ............................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................/;
Шүүгдэгч Б.Б, Б.У нар нь бүлэглэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Улаанбаатар Төмөр зам”-ын Зорчигч вагон депогийн хашаанд Улаанбаатар-Эрээн чиглэлд аялахаар зэхэлт хийж байсан суудлын 34 дүгээр галт тэрэгний 520 дугаар вагонд 412 төрлийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эдгээр шүүгдэгч нарын хэн аль нь вагоны үйлчлэгчээр ажилладаг буюу ажил үүргийн дагуу улсын хил нэвтрэх эрх бүхий этгээдүүд байна.
Гэтэл түүх, соёлын дурсгалт зүйлсийг вагоны үйлчлэгч нар өөрсдөө улсын хилээр хууль бусаар нэвтрүүлнэ гэхээс илүүтэйгээр хэний захиалгаар энэ гэмт хэргийг үйлдэх болов гэдгийг шалгаж тогтоох, өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхой болгох Үүнд; гэмт хэргийн зохион байгуулагч байж гүйцэтгэгч байх ёстой.
Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн энэ хэргийн хувьд зөвхөн вагоны үйлчлэгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэдэг байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэснээр бусад хүмүүст ял завших нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэ байдал нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд үл нийцнэ. Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл түүх, соёлын дурсгалт зүйлс нь ХVIII-ХХ зууны бүтээлд хамрагдах бол чухам эдгээр бүтээлүүдийг чөлөөтэй зарж борлуулж болдог эсэх, хаанаас яаж, ямар байдлаар олж авсан гэдэг эх сурвалжийг нь олох, цаашлаад тухайн эд зүйлсийг төрлийн шинжээр биш, нэг бүрийн шинжээр нь ялгаж, үнэлгээг гаргаж шалгавал зохино.
Тухайлбал, 64 ширхэг судраас бусад эд зүйлсийн талаарх эх сурвалжийг тодорхой болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар “хэргийг прокурорт буцаах”-ыг зохицуулж, үндэслэлийг нь “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж тодорхойлсон тул шүүгдэгч Б.Б, Б.У нарт холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.У нь Улаанбаатар-Эрээн чиглэлийн Олон улсын галт тэрэгний үйлчлэгчээр ажиллаж БНХАУ-ын Эрээн хот уруу явж байхдаа тус улсын иргэн Эрээн хотод эртний эдлэлийн эд зүйлс зардаг Мандула гэгчтэй танилцсан талаараа мэдүүлсэн. Тус иргэн Wuliji Mandula “Мандула” гэгч нь Монгол Улсад байх хугацаандаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын 6 дугаар байрны 10 дугаар давхрын 36 тоотод түр оршин сууж байсан бөгөөд энэ хугацаандаа 9974-7138 дугаарыг эзэмшиж, түүх, соёлын дурсгалт зүйлсийг цуглуулан авч, уг эд зүйлсээ БНХАУ-ын Эрээн хотод аваачиж өгөхийг танил Б.Уээс гуйсан. Үүний дагуу Б.У нь Мандулаг Монгол Улсаас явснаас 12 хоногийн дараа хамт ажилладаг Б.Бтай Мандулагийн үлдээсэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг БНХАУ-ын Эрээн хот руу авч явахаар тохиролцсон. Мандула нь 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэргээр Монгол Улсаас гарч явсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “2018 онд Эрээн хотод явж байхдаа “Мандал” гэж дууддаг эрэгтэй хүнтэй танилцсан. Тухайн хүн Эрээн хотод “Монгол гудамж” гэдэг газарт хуучин эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Мандал над руу 9974-7138 дугаараас яриад “жаахан бурхан шашны судар ном байна, чи үүнийг аваад БНХАУ-ын Эрээн хотод аваачаад өгчих, тэгэх үү” гэсэн. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан болохоор өөрийнхөө том хүү Бадралыг Мандалтай уулзуулахаар болсон. Улмаар би том хүү Бадралтай утсаар ярьж “чамд нэг хүн жаахан юм өгнө, миний хүү очоод авчих” гэж хэлээд Мандалын над руу залгасан 9974-7138 дугаарын утсыг өгсөн” гэж мэдүүлдэг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Хил Хамгаалах Ерөнхий газраас Мандула гэгчийн зурагт лавлагаа гаргуулан авсныг Б.Ут үзүүлэхэд “Мандула гэгч мөн байна” гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн, Мандула энэ хэрэгт хамааралтай болох нь “Тэнгис өргөө” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Золзаяагийн “манай байрны 10 дугаар давхрын 36 тоотод өнгөрсөн зун 40-50 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн амьдарч байсан. Тухайн хүн өндөр, туранхай биетэй, нүдний шилтэй, Өвөрмонгол гэмээр царайтай хүн байсан” гэх, Мандула гэгчтэй уулзсан гэрч Б.Бадралын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хил Хамгаалах Ерөнхий газрын БНХАУ-ын иргэн Wuliji Mandula “Мандула” гэгчийн Монгол Улсын хилээр орсон гарсан лавлагаа, гадаад паспортын хуулбар, Мобиком корпорацийн лавлагаа /9974-7138 дугаарын эзэмшигч Мандулаа Chinese ГИ19640629/, 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн суудлын 34 дүгээр галт тэргээр зорчсон зорчигчийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. БНХАУ-ын иргэн Мандула гэгч гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бий болгосон хэдий ч яллагдагч Б.Б, Б.У нар энэхүү гэмт хэргийг үйлдэхгүй байх бүх талын боломжтой, өөрсдийн үйлдлийг хууль бус, ажил үүргийн хувьд хориглосон гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад шүүх бусад нөхцөл байдлыг тогтоолгохоор буцаасан нь үндэслэлгүй. Мөн түүх, соёлын дурсгалт зүйлсийг Монгол Улсад иргэд “Эртний эдлэл”, “Шашны эд зүйлс” нэртэй дэлгүүр, лангуугаар чөлөөтэй зарж борлуулдаг ба энэхүү худалдааг хориглосон, хязгаарласан хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Уийн хүү Б.Бадралын гэрчээр өгсөн мэдүүлэг болон түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны үр дүнд 64 ширхэг судрыг БНХАУ-ын иргэн Мандула нь Ганданд эртний эдлэл зардаг В.Шугарсүрэн гэгчээс худалдан авсан болохыг тогтоосон бөгөөд үлдсэн 348 ширхэг судар, эд зүйлсийг тэрээр хэзээ, хэнээс, ямар үнээр авсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй юм. Манай улсын хэмжээнд эртний эдлэлийн эд зүйл зарж борлуулдаг дэлгүүр, хувь хүн, байгууллага нилээдгүй байдаг. Тухайн эд зүйлийг худалдан авсан Мандула гэгч нь Монгол Улсын хилээр гарч явсан учраас хэзээ, хаанаас, хэнээс, ямар үнээр авсныг тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 414 ширхэг судар, эд зүйлсийг Соёлын өвийн төвийн шинжээч нар тус бүрийг нүдээр үзэж, гэрэл зургаар жагсааж “эд зүйлийн нэр, материал, хийц, эд зүйлийн тайлбар, хэмжээ, жин, ямар цаг үед хамаарах” зэргийг нарын тодорхойлсон бөгөөд энэхүү дүгнэлтэд үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх, Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн Шинжээчийн үнэлгээ, дүгнэлт хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих байдлыг бүтэн шалгаж тогтоосон. Б.У, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/445 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь, шүүгдэгч нар анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүх хэргийг буцаасан. Прокурор Б.У, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт зааснаар ямар үйлдэл оролцоотойгоор оролцсон болохыг нарийвчлан тогтоогоогүй. Зөвхөн гэм буруугаа хүлээсэн гэдэг байдлаар хандсан. Мөн хэрэгт холбогдолтой байх магадлалтай хүмүүст ял завшуулах нөхцөл байдал үүсгэсэн. Түүнчлэн, прокурорын эсэргүүцэлд дурдсанаар Монгол Улсад түүх, соёлын дурсгалт эд зүйл худалдаалахыг хориглосон, хязгаарласан хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийг хуульчилсан. Гэхдээ дээрх эд зүйлсийг хэн, ямар оролцоотойгоор, хэрхэн зарж борлуулсан гэдгийг тогтоогоогүй, зөвхөн шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээсэн гэдгээр ялласан нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт байгаа баримтаас үзэхэд Б.Б мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би Мандалаас авсан эд зүйлийн дотор талыг нээж үзээгүй. Мандал надад хэлэхдээ судар байгаа гэж хэлсэн. ...” /2хх-ийн 85/,
Гэрч Б.Бадралын “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед манай ээж Б миний утас руу залгаад чиний утас руу мессежээр нэг утасны дугаар явуулсан байгаа, тэр дугаар руу холбогдож байгаад юмыг нь зөөлцөөд өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд өөрийн утасны мессеж хэсэг рүү ороход ээж над руу “99747138” дугаарын утас явуулсан байсан. Би тэр утас руу нь 15 цаг 30 минутын үед залгасан чинь нэг эрэгтэй хүн авсан бөгөөд “сая намайг ээж тань руу яриад нэг юм зөөлцөөд өг гэж хэлсэн, та хаана байгаа вэ” гэж асуухад тухайн хүн намайг “чи орой 18 цагийн үед Тэнгис кино театрын ар талын байрны тэнд хүрээд ир” гэж хэлээд өөр юм ярилгүй утсаа салгасан. Тэгээд би оройн 18 цаг 30 минутын үед Тэнгис кино театрын ард байдаг байрнуудын тэнд очиж өнөөх дугаар руу залгасан чинь өнөөх хүн “цэцэрлэгтэй 2 шар өндөр байр байгаа тэнд хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд би тэр байрны гадаа нь машинтайгаа явж очиход өнөө хүн гараад ирсэн. Тэр хүн миний машинд суугаад “хоёулаа Гандангийн зүүн хаалганы тэнд очиж айлаас юм авна” гэж хэлсэн. Надад хэн гэдэг айлаас юу авах гэж байгаа огт хэлээгүй, би ч асуугаагүй. Гандангийн зүүн хаалган дээр очоод ертөнцийн зүгээр зүүн зүгт 100 метр газар яваад хүнсний дэлгүүрийн цаад талд зогсоод өнөөх хүн “чи машиндаа сууж байгаарай, би ороод юмнуудаа аваад гараад ирье” гэж хэлээд гарч яваад хашаа байшинтай айл руу орсон. Хэсэг хугацааны дараа өнөөх ах тэр айлаас гарч ирээд миний машины арын суудал дээр улаан өнгийн 4 шуудайтай эд зүйл хийгээд урд талын суудал дээр өөрөө суугаад “одоо буцаад Тэнгис рүү явна” гэж хэлсэн. Бид хоёр Тэнгис дээр ирэхэд “манайх руу оръё, нэг хайрцагтай юм байгаа, тэрийг авчих” гэж хэлсэн. ...” /1хх 29-30/,
Гэрч В.Шугарсүрэн “...манай Гандангийн зүүн талын хэсэгт байдаг бурхан, шашны эд зүйл зардаг ТҮЦ-д 2019 оны 7-8 дугаар сарын үед байхаа Мандал гэх хүн нэг залуугийн хамт орж ирсэн. Би тэр Мандал гэх Өвөр монгол хүнтэй анх танилцаж байсан. Сүүлд 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Мандал гэх залуу манай утас руу залгаад “зарах судар байна уу” гэхээр нь би “байна” гэж хэлсэн. Тэр өдрөө орой нь манай гэрт ирээд өнөөх сударнуудыг үзэж хараад явсан. Би тэр хүнд 1 судрыг 170.000 төгрөгөөр бодоод нийт 64 судрыг 10.950.000 төгрөгөөр өгсөн...” /1хх 37-38/ гэж мэдүүлдэг бөгөөд WILIJIMANDULA гэх хүний 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хилээр гарсан лавлагаа /2хх-44, 54/, WILIJIMANDULA гэх хүний гадаад паспорны хуулбар /2хх-44/ зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр БНХАУ-ын иргэн Мандал гэх хүний цуглуулсан түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нөхцөл байдал авагдсан боловч Мандал нь улсын хилээр гарсан болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд гэмт хэргийн гүйцэтгэгч, 3.3 дугаар зүйлд гэмт хэргийн зохион байгуулагчийг, 3.4 дүгээр зүйлд гэмт хэргийн хатгагчийг, 3.5 дугаар зүйлд гэмт хэргийн хамжигчийг тус тус тодорхойлжээ.
Иймд шүүгдэгч Б.У, Б.Б нар нь гэмт хэргийн гүйцэтгэгч, хатгагч, хамжигчийн аль нь болохыг тодорхой дүгнэж, хэргийн үйл баримтад Мандалын цуглуулсан түүх соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан талаар тодорхой дүгнэж яллах дүгнэлт үйлдэх нь хуульд нийцнэ.
Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 445 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ