Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00565

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 01 дүгээр багт оршин суудаг, утас ***, Х овогт Сын Х,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *****дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас ******)

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Е.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт үйлчилгээний тасгийн дарга ажилтай А.Жд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Х Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч С.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч С.Х нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд, 1986-1989 оны Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн ТМС-д суралцаж төгсөөд 1989 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдан, 1991 оны 10 дугаар сард халагдаж ирээд, эргээд түрээсийн мал маллаж байгаад нэгдэл татан буугдахад өөрт ноогдох мал хөрөнгөө хувьчилж аваад одоо хүртэл мал маллаж өсгөн үржүүлэн маллаж байна.

1.2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991 оны 9 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг нөхөн тооцуулсан байна.

1.3.Одоо хүсэлт гаргагч С.Х нь 54 нас хүрч байгаа ба сумын Нийгмийн даатгалын байцаагчид хандахад 1995-2000 оны мал тооллогын А баримтыг авчрахыг шаардсанаар аймгийн архивын тасагт хандахад Баяннуур сумын 1995-2000 оны мал тооллогын баримтыг архивд шилжүүлээгүй гэсэн хариу өгсөн. Тухайн онуудад мал тооллогын баримт хөтөлсөн хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж ийнхүү хүсэлт гаргагч мал малласан байдлаа ажилласан хугацаанд тооцуулж чадахгүй хохирч явна.

1.4.Иймээс холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Х Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбарт хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд:

2.1.Хүсэлт гаргагч С.Х Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл мал маллаж малчин байсныг нотлох мал тооллогын А данс байхгүй ба газар эзэмших гэрчилгээнүүд болон хашаа хороо эзэмшүүлэх гэрчилгээний огноо нь засвартай байна.

2.2.Тэр засвартай гэрчилгээ нь С.Хадыл гэдэг хүний нэр дээр байна.Иймд С.Х 1995-200 онуудад малчин байх боломжгүй гэж үзэж байна. Шүүх хуралдааныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

3.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай Архивын лавлагаа, №*****дугаартай Баталгаажилтын хуудас болон 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №*****дугаартай Баталгаажилтын хуудас, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн НДД№*****дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №00016 дугаартай Иргэний газар ашиглах гэрчилгээ, 1996 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Иргэний газар эзэмших гэрчилгээ, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2/46 дугаартай Монгол Улсын Иргэний газар эзэмших гэрчилгээ, 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай Хашаа хороо эзэмшүүлэх гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Засаг даргын Тодорхойлолт, 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олгосон №83105178 бүртгэлийн дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, малчны тамга, С.М, К.Ж, М.Атшыбай нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 681 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 633 дугаар албан бичгээр С.Х болон түүний эхнэр хүүхдүүдийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч С.Хын хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч С.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч 1970 онд төрсөн, 54 настай насаараа мал маллаж байгаа. Хүсэлт гаргагч өндөр насны тэтгэвэрт гарах гэж Нийгмийн даатгалын хэлтэст хандахад малчнаар ажилласан жилийг тооцуулахад мал тооллогын А дансыг шаардсан байна. Гэтэл Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1995 оноос 2000 он хүртэлх хугацааны мал тооллогын А дансны баримт материал нь архивд ерөөсөө өгөгдөөгүй тул малчны А данс гараагүй. Иймээс холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Х Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн байна.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбарт хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд: Хүсэлт гаргагч С.Х Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл мал маллаж малчин байсныг нотлох мал тооллогын А данс байхгүй ба газар эзэмших гэрчилгээнүүд болон хашаа хороо эзэмшүүлэх гэрчилгээний огноо нь засвартай тул С.Х 1995-200 онуудад малчин байх боломжгүй гэсэн байна.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

7.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №62 дугаартай Архивын лавлагаа-гаар Баяннуур сумын мал тооллогын А дансны баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн С.Хд холбогдох баримтууд гараагүй болно гэсэн байна.

7.2.Хавтаст хэрэгт авагдсан С.Хын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №02 дугаартай Баталгаажилтын хуудас-нд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийт 4 жил 11 сар, үүнээс малчнаар 04 жил 11 сар тэтгэврийн шимтгэл төлсөн болохыг баталгаажуулан, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай тэмдэглэл-ээр 2015 оны 01-12 саруудад м, 2016 оны 01-03, 05-12 саруудад м, 2017 оны 01-12 саруудад м, 2018 оны 01-12 саруудад м тэмдэглэгээ тус тус хийсэн байна.

7.3.Хүсэлт гаргагч С.Хын №*****дугаартай Баталгаажилтын хуудас-аар түүний 1991 оны 09 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

7.4.Хүсэлт гаргагч С.Х нь мал маллах арга ухааныг эзэмшсэн тул түүнд 2013 оны 04 дугаар сарын 26-ны өдөр №83105178 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, малчны тамга олгосон байна.

7.5.Хүсэлт гаргагч С.Хын 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №00016 дугаартай Иргэний газар ашиглах гэрчилгээ-ээр Баяннуур сумын 2-р баг Сын өвөлжөө гэдэг газар хадлангийн зориулалтын 0,5 ам дөрвөлжийн метр газрыг ашиглуулахаар олгосон байна.

Мөн хүсэлт гаргагч С.Хын 1996 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Иргэний газар эзэмших гэрчилгээ-ээр Баяннуур сумын 2-р баг Ямаатын Сар тас-ыг өвөлжөө, хаваржааны зориулалттай 5 жилийн хугацаагаар 0,20 ам дөрвөлжийн метр газрыг эзэмшүүлэхээр олгосон байна.

Мөн 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2/46 дугаартай Монгол Улсын Иргэний газар эзэмших гэрчилгээ-ээр С, Х, А, Сетерхан нарт Баяннуур сумын 2-р баг Харганад говь хуучин Өнерханы хаваржааны бууц гэх газрыг мал өвөлжүүлэх хаваржуулах зориулалтаар суурь үнэ 1750000 төгрөг, 0,700 ам дөрвөлжийн метр газрыг эзэмшүүлэхээр олгосон байна.

Мөн Баяннуур сумын 2-р багийн Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай Хашаа хороо эзэмшүүлэх гэрчилгээ-ээр Баяннуур сумын 2-р багийн иргэн А овогтой С нь С.Х, С.А нарын хамт Ямаатын Сары тас-ын ил задгай хашааг их хувьчлалаар хувьчилж авсан тул эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгов гэсэн байна.

7.6.Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Засаг даргын Тодорхойлолт-оор Сын Х нь ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт тус сумын 1-р багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. С.Х 1991 оноос одоо хүртэл мал маллаж байгаа малчин хүн гээн байна.

7.7.Хүсэлт гаргагч С.Хтай хамт мал малладаг С.Мын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн 2018 онд малчнаар тэтгэвэрт гарсан. Манай сумын иргэн С.Х нь 1991 онд цэргээс халагдаж ирээд мал малласан ба одоо хүртэл мал маллаж амьдардаг. Миний бие 1995-2000 онуудад хамт мал маллаж байгаа нь үнэн гэсэн байна.

Мөн К.Жын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 2013 онд малчнаар тэтгэвэрт гарсан. Баяннуур суманд малчнаар ажиллаж байхад С.Х нь 1991 оноос хойш мал маллаж байгаа гэсэн байна.

Мөн М.Атшыбайн нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие насаараа Баяннуур суманд мал маллаж малчин байсан. 6 жилийн өмнө малчнаар тэтгэвэрт гарсан, одоо 63 настай. Манай сумын иргэн С.Х нь 1991 онд цэргээс халагдаж ирээд мал маллаж байгаа нь үнэн. Манай сумын 1995-2000 оны мал тооллогын материал архивд байдаггүй, тухайн оны материалууд олдоггүй юм. Миний бие 1995-2000 онуудад хамт мал маллаж байгаа нь үнэн гэсэн байна.

8.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 633 дугаар албан бичгээр хүргүүлсэн С.Хын ХААТР маягтууд нь 1995 оноос өмнө болон 2010 онд бичигдсэн байх тул огноо цаг хугацааны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй байна.

9.Хүсэлт гаргагч С.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

10.Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1995-2000 оны мал тооллогын А дансыг аймгийн архивд хүлээлгэн өгөөгүй, байхгүй болох нь аймгийн архивын тасгийн лавлагаагаар тогтоогдож байгаа, үүнд хүсэлт гаргагчийг буруутгах үндэслэл байхгүй, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлт гаргагч С.Хын гаргаж өгсөн газар эзэмших гэрчилгээнүүд болон хашаа хороо эзэмшүүлэх гэрчилгээний огноо нь засвартай гэх боловч үүнийг нотлох холбогдох нотлох баримт нотолж чадаагүй болно.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн С.Х нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Х овогт Сын Х Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК