| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/03854/И |
| Дугаар | 183/ШШ2024/03538 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2024/03538
2024 оны 09 сарын 06 Дугаар 183/ШШ2024/03538 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.З,
Хариуцагч: М.М нарт холбогдох,
21 601 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******,
Хариуцагч П.З*******,
Хариуцагч нарын өмгөөлөгч Ш.С*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
Хариуцагч М.М******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч П.З*******, М.М******* нарт холбогдуулан 21 601 790 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэг талаас ******* тоот регистрийн дугаартай ******* ХХК болон М овогтой М******* РД:, П овогтой З******* РД: нар нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулан хамтран ажилласан. Уг гэрээний 1.2 дахь хэсэгт заасны дагуу нийлүүлэгч нь Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр буюу үндсэн үнээс 20 хувь хямд, сарлагийн хөөвөр бүтээгдэхүүнийг 30 хувь хямдаар борлуулагчид нийлүүлнэ. Мөн уг гэрээний 1.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусаж улмаар талууд гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож улмаар уг гэрээний хугацааг ахин 1 жилээр сунгасан ба борлуулагч тал 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулах ёстой байсан ба өнөөдрийг хүртэл зэлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 21 601 790 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчид болох М овогтой М******* РД:, П овогтой З******* РД: нараас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 21 601 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ******* ХХК болон М овогтой М******* РД:, П овогтой З******* РД: нар нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээг байгуулан хамтран ажилласан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Уг гэрээний 1.2 дахь хэсэгт заасны дагуу нийлүүлэгч нь Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр буюу үндсэн үнээс 20 хувь хямд, сарлагийн хөөвөр бүтээгдэхүүнийг 30 хувь хямдаар борлуулагчид нийлүүлнэ. Мөн уг гэрээний 1.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусаж улмаар талууд гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож улмаар уг гэрээний хугацааг ахин 1 жилээр сунгасан ба борлуулагч тал 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулах ёстой байсан ба өнөөдрийг хүртэл зэлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 21 601 790 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Нийт 289 304 685 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үүнээс төлсөн үнийн дүн нь 267 702 895 төгрөгийг төлсөн, зөрүү нь 21 601 790 төгрөгийг нэхэмжилж байгаа. Талууд тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэл байгаа талаараа хэн аль нь мэдэж байсан. Иймд хариуцагчид болох М овогтой М******* РД:, П овогтой З******* РД: нараас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 21 601 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч П.З*******, М.М******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар болон хариуцагч П.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1.******* ХХК нь М.М******* болон П.З******* нарт холбогдуулан зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авсан үлдэгдэл төлбөр болох 21 601 790 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Анх буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай Гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу ноолууран бүтээгдэхүүнийг үндсэн үнээс 20 хувь, харин сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг 30 хувь хямдралтайгаар нийлүүлэлт хийхээр тохиролцож, уг гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. Ингээд гэрээний хугацаа дуусаж, гэрээний аль нэг тал цуцлах санал тавиагүй байсан учраас гэрээ нь анх байгуулагдсан хугацаагаар дахин сунгагдсан. Ковидын цар тахлын үед буюу 2021 оны өвөл Улаанбаатар хотод бүх нийтийн хөдөлгөөн хорьсон байх үед бид өөрсдийнхөө болон үр хүүхдүүдээ эрсдэлд оруулан Улаанбаатар хотод хүргэлтээр бараагаa борлуулж, мөн орон нутгаар явуулын худалдаа хийж, борлуулалтаа тасралтгүйгээр үргэлжлүүлэн хийж байсан. Энэ хугацаанд Төв аймгийн 10 гаруй суманд байнгын харилцагчтай болж, ******* *******ын шинэ хэрэглэгчийн тоог 100/100-аар нэмэгдүүлж ажиллаж байсан ба бидний хичээл зүтгэлийг үнэлж, ******* ******* ХХК-ийн н.А захирал 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орон нутагт явж байх үед фэйсбүүк чатаар гэсэн хаягаас *******ийн хөнгөлөлтийг 25 хувь болгож баталгаажуулсан талаар мэдэгдсэн. Бид ч баярласан талархсанаа илэрхийлж, борлуулалтаа улам нэмэгдүүлэхийг, захирлын итгэлийг алдахгүйг хичээн ажилласан. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш *******ын хөнгөлөлтийн 25 хувиар тооцож дуудсан цагт нь санхүү хэлтэстэй тооцоо нийлж, бараагаа тоолуулж, тухай бүр орлогоо тушааж байсан. Гэтэл 2021 оны 10, 11 саруудын борлуулалтын тооцоог 2021 оны 12 дугаар сард хийж, бид үлдэгдэл бараагаа санхүүгийн өрөөнд тоолуулж, зарсан бараа болон зээлээр олгосон барааны мэдээлэлээ тооцооны нягтлан бодогчид өгсөн. Уг тооллогын тооцоог хийхдээ бидэнд урьдчилан мэдэгдэлгүй борлуулалтыг хувийг бууруулж 20 хувиар хийснийг санхүүгээс бидэнд тооллогын дараа буюу 2022 оны 01 сард мэдээлсэн. Тухайн цагаас бидний хооронд үл ойлголцол гарч бид үлдэгдэл бараагаа 2022 оны 01 дүгээр сард ******* ******* ХХК-д тушааж, зээлээр олгосон барааны үлдэгдэлээ орж ирсэн үед нь тушааж байсан. Тиймээс бидний зүгээс дээрхи нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.2.Хариуцагч М.М******* бид хоёроос зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 21 601 790 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Анх гэрээ байгуулахад ноолууран бүтээгдэхүүн 20 хувь, сарлагийн бүтээгдэхүүнийг 30 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан борлуулахаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд гэрээ байгуулсан цагаасаа эхлэн компанийн зүгээс борлуулалтын хувийг улирлаар ингэж тооцно. Жишээлбэл бараа бүтээгдэхүүний захиалгыг ингэж өгнө. Энэ бараа бүтээгдэхүүний код нь ийм, тийм гэж ямар ч одоо чиглэл, сургалт зохион байгуулаагүй, зааварчилгаагаа хангаагүй. Ганцхан энэ гэрээг байгуулсан. Өөр ямар нэгэн бусад арга хэмжээг компаниас үзүүлээгүй. Тооцоо нийлж байсан гэж байгаа боловч 2021 оны 9 сарын 30-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний дуусталх 43 756 100 төгрөгийн өртэй гарсан гэж тооцоо нийлээгүй, уг баримтад нэхэмжлэгчийн нягтлан нь гарын үсгээ зурсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн бид тооцоо нийлсэн баримтыг авч явсан зүйл байхгүй, хэрэв тийм зүйл болсон бол нотлох баримт өгөх байсан. Хамгийн сүүлд 2021 оны 5 сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 сарын 29-ний өдөр тооцоо нийлэхэд 55 433 200 төгрөг байсан талаар бол зөвшөөрч байна, үүнээс хойш төлбөрийг тушаасан. Тиймээс бидний зүгээс компаниас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа гэв.
2.3.Хариуцагчийн өмгөөлөгч Ш.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нийтдээ 21 601 790 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна. Тэгэхээр нэхэмжлэгчээс гаргаж өгч байгаа баримтууд өөрөө тодорхой бус. Сая нэхэмжлэгч хэлж байна. 304 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн өгсөн гэж. Гэтэл яг энэ бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, хүлээлцэж авсан ийм баримт бичиг огт байхгүй. Зөвхөн тооцоо нийлсэн актууд байна, баримтууд огт байхгүй. Яг энэ 21 601 790 төгрөг гэсэн энэ үнийн дүнг хэрхэн яаж гаргаж ирсэн нь тодорхойгүй. Хариуцагч нарын зүгээс авсан бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулаад тухай бүрд нь холбогдох тооцоог хийгээд төлбөр мөнгөө төлөөд явж байсан байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгч байгаа баримтуудаас харах юм бол зарим тоог нь буруу бичсэн зарим тоог нь давхардуулж оруулсан ийм одоо тохиолдлууд байгаа. Үүнийг нотлох баримт шинжлэн судлах явцад дахиж харах юм. Иймээс яг ямар үндэслэлээр энэ үнийн дүн гарч ирээд байгаа нь ерөөсөө тодорхойгүй байгаа учраас хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл авсан бараа бүтээгдэхүүнийг борлуулаад үлдэгдлийг нь буцааж өгөөд орсон мөнгөө бүгдийг нь төлчихсөн байгаа. Тэгэхээр ямар нэгэн өр төлбөр байхгүй учраас энэ яг ямар үндэслэлээр нэхээд байгаа юм. Ямар үндэслэлтэй нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа учраас хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Мөн гэрээний хувьд яг гэрээт борлуулагчийн хамтран ажиллах гэрээ гэдэгт энэ гэрээ нь өөрөө яг ямар төрлийн гэрээ вэ гэдэг нь тодорхойгүй. Хамтран ажиллах гэрээ юм уу, худалдах, худалдан авах гэрээ юм уу, зээлээр худалдах худалдан авах гэрээ юм уу гэдэг нь аль гэрээний төрлийг хэрэглээд байгаа тодорхойгүй байгаа. Гарчгийг нь харвал хамтран ажиллах гэрээ, дотор нь яг баримталсан зүйл заалтыг нь харвал Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ, тэгээд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа юу гэж хэлдэг вэ гэхээр зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж хэлээд байгаа. Гэтэл яг зээлээр худалдаж худалдан авсан юм бол зээлээр өгсөн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, хариуцагч нарт хүлээлгэж өгсөн баримт огт авагдаагүй байдаг. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ, ******* ******* ХХК-иас Г.М*******эд олгосон итгэмжлэл, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн М******* харилцагчийн тооцоо, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн борлуулалтын падаан, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн борлуулалтын падаан, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн борлуулалтын падаан, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээт борлуулагч М*******ын борлуулалтын падаан, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн борлуулалтын падаан, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн борлуулалтын падаан, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн борлуулалтын падаан, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн борлуулалтын падаан, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 200/24 дугаар Г.М*******эд олгосон итгэмжлэл /хэргийн 2-7, 27-43, 50-56, 62-64, 85-89, 117-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч нараас хариу тайлбар /хэргийн 18-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн хэлтсийг шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт /хэргийн 71-81хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч П.З*******, М.М******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 13 463 950 төгрөгийг хангаж, үлдэх 8 137 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч П.З*******, М.М******* нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулаагүй тул бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 21 601 790 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэгч ******* ******* нь урьдчилан мэдэгдэлгүй борлуулалтын хувийг бууруулсан, хүлээлгэн өгсөн, хүлээж авсан баримт үйлдээгүй, борлуулсан бараа бүтээгдэхүүний үлдэгдлээ тушааж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М.М*******, П.З******* нартай 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Монголын зах зээл дээр танил болсон, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц, чанарын өндөр үзүүлэлт бүхий өнгө үзэмж сайтай, олон нэр төрлийн сонголттой ноолууран хувцас, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр буюу үндсэн үнээс 20 хувь хямд, сарлагын хөөвөр бүтээгдэхүүнийг 30 хувь хямдаар борлуулагч буюу хариуцагч нарт нийлүүлэхээр харилцан тохиролцож, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ.
5.Зохигч талууд гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар маргаж байна, гэрээ байгуулсан борлуулалт хийж хамтран ажиллаж байсан талаараа маргаагүй болно.
6.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талуудын хооронд гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсан уг гэрээг байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
6.1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас борлуулалт хийхээр авсан бараа, бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй байна.
7.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг борлуулсан бараа, бүтээгдэхүүний үнэ 21 601 790 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, харилцагчийн тооцоо, борлуулалтын тооцоо, гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдоно гэсэн.
7.1.Хариуцагч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлохоор ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэг талын тооцооны баримт бөгөөд уг тооцоог нийлсэн баримт болох тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагч гарын үсгээ зураагүй, 21 601 790 төгрөгийн үлдэгдэлтэй болох талаарх баримтаар нотлоогүй болох нь шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа гэж мэтгэлцсэн.
8.Нэхэмжлэгч нь хариуцагчтай нийт 5 удаа тооцоо нийлж акт үйлдсэн гэж тайлбарласан бөгөөд хэрэгт 4 тооцооны үлдэгдлийн баталгаа нотлох баримтаар авагдсан, 5 дахь тооцооны үлдэгдлийн баталгааг хариуцагч М.М******* нь өөрөө авч явсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, гэрч А.М мэдүүлсэн боловч хариуцагч М.М******* нь 5 дахь тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдээгүй, нэг хувийг авсан бол нэхэмжлэгчид нэг хувь нь үлдэх ёстой гэж маргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд 4 удаагийн тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэгдсэн байна гэж дүгнэв.
8.1.Хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаанд “...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 22 өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нийлж үзэхэд М******* 6 696 420 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. Энэхүү өрийн үлдэгдлийг 256 ш барааны үлдэгдэлтэй 26 423 800 борлуулах үнээр, зарсан 570 ш 2020/10/09-2020/12/22 -ний 33 817 320 борлуулсан үнэ хассан дүнгээр”,
Тооцооны үлдэгдлийн баталгаанд “...2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12 өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзэхэд М******* 17 258 415 төгрөгийг өртэй гарсныг батлав”,
Тооцооны үлдэгдлийн баталгаанд “...2021 оны 5 сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нэгбүрчлэн нийлж үзэхэд М******* 55 433 200 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав”,
Тооцооны үлдэгдлийн баталгаанд “...2021 оны 9 сарын 30 өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээт борлуулагч М******* нь 42 761 470 төгрөгийн 256 ш бэлэн барааны 43 756 100 төгрөгний өглөгтэй гарсныг харилцан батлав” гэжээ.
8.2.Гэвч хариуцагч П.З******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх тооцооны үлдэгдлийн баталгаанаас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12 өдрийг дуустал хугацааны 17 258 415 төгрөг, 2021 оны 5 сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны 55 433 200 төгрөгний актанд хариуцагч М.М******* нь гарын үсэг зурсан, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн талаар маргаагүй бөгөөд бусад актад гарын үсэг зураагүй, танилцуулаагүй гэж мэтгэлцсэн.
8.3.Нэхэмжлэгч нь тооцооны үлдэгдлийн баталгаа нь хэрэгт авагдсан борлуулалтын падаанаар нотлогдоно гэсэн боловч уг баримт нь хариуцагчийн гарын үсэггүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.8-д заасан “барааны үлдэгдлийг хоёр талын тооцоо нийлсэн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд нийлүүлэгч нь шаардлагатай гэж үзвэл барааны үлдэгдлийг эгүүлэн татах эрхтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй, эрхээ хэрэгжүүлээгүй байна гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.
8.4.Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1269 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...шинжээчээс асуусан нь “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлсэн 43 756 100 төгрөгийн өглөгтэй гарсан Тооцооны үлдэгдлийн баталгаанд зурагдсан гарын үсэг М.М*******ын гарын үсэг мөн эсэх” гэсэн асуултад Дүгнэлт “...1.шинжилгээнд ирүүлсэн 2020 оны 9 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 22 ны өдрийг хүртлэх тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа №гэсэн баримтын доод хэсэгт Төлөгч байгууллагын нягтлан бодогч гэсний ард байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн М.М*******ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэжээ.
8.5.Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/09801 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, талуудад шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрчээр тус байгууллагын нягтлан бодогч А.Мыг дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан.
8.6.Гэрч А.М шүүхэд мэдүүлэхдээ “...нийт 5 удаа тооцоо нийлсэн, 2022 оны 2 дугаар сард тооцоо нийлээд явсан. Тооцоо нийлсэн актыг М.М******* ах аваад явчихсан гэж манай өрөөнийхөн хэлсэн. 2021 оны 9 сарын 30-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах 42 00 000 төгрөгний тооцооны баримтад М.М*******ыг ирээд гарын үсгээ зурчих гэхэд ах нь хөдөө явж байна, би амжихгүй байна, чи өөрөө зурчих гээд гэхээр нь өөрөө гарын үсэг зурчихсан юм” гэсэн болно.
8.7.Дээрх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр 2020 оны 9 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 22 ны өдрийг хүртлэх, 2021 оны 9 сарын 30-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртлэх тооцооны үлдэгдлийн баталгаанд зурагдсан гарын үсэг нь хариуцагч М.М*******ынх биш болох нь тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтаар 2021 оны 9 дүгээр сарын 30-нд барааны үнэ 55 133 950 төгрөг, барааны үлдэгдэл 2021 оны 11 дүгээр сарын 29-нд 13 463 950 төгрөгний үлдэгдэлтэй гэжээ.
8.8.Хариуцагч нь 2021 оны 5 сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 55 433 200 төгрөгийн өртэй гарсан тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн талаараа маргаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 85 дугаар хуудас/ гэсэн баримтаар 2021 оны 9 дүгээр сарын 30-нд барааны үнэ 55 133 950 төгрөг байсан байх тул тооцоо нийлсэн барааны үлдэгдэл болох 13 463 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэв.
9.Иймд хариуцагч П.З*******, М.М******* нараас 13 463 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 137 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 958 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.З*******, М.М******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 225 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч П.З*******, М.М******* нараас 13 463 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 137 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 958 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.З*******, М.М******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 225 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН