Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 467

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч М.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Бын Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708009620093 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УлаанБ хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” продакшинд тогооч ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод түр оршин суух,

Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ял шийтгүүлсэн, А овогт Бын Б (РД:...).

Яллагдагч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод гэр бүлийн харилцаатай эхнэр М.Дийг “...өөр хүнтэй уулзсан..” гэж хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, цээжин тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэв.

Хохирогч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн  1708009620093 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч М.Дий: “Б.Б миний нөхөр хэдий ч бид гэрлэлтийн баталгаагүй. 2017 оны 8 дугаар сарын 08-ны орой ээжийнд хүүхдүүдтэйгээ байж байхад нөхөр 23 цагийн үед ирээд “хүүхдүүдтэйгээ уулзмаар байна” гэхээр нь уулзуулсан. Ээжийг ариун цэврийн өрөө орох гээд гарсны дараа над руу таавчиг шидсэн. Тэгэхээр нь би “чи одоо яв” гэж хэлсэн. Гэтэл надаас такси, тамхины мөнгө нэхэхээр нь надад мөнгө байхгүй байсан болохоор “байхгүй” гэж хэлэхэд “хоноод явна” гэхээр нь ор зассан. Гэтэл “чи өчигдөр хаана, өөр хүнтэй уулзсан. Би тэр хүнтэй чинь ярьсан” гээд хий хардаад миний нүүр рүү цохисон. Намайг унасны дараа миний бөөр, бөгс рүү өшиглөсөн. Хамраас цус гараад би босч чадахгүй байхад манай дүү гэрээс гарч ээжийг дуудаж цагдаа дуудсан. Гэтэл нөхөр гараад явчихсан. Манай нөхөр намайг их хардаж ажлаас гаргасан. Намайг “сална” гэж хэлэхээр “би дахиж тэгэхгүй, одоо хоёулаа амьдралаа бодъё” гэж хэлдэг болохоор би юм хэлдэггүй. Би гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

...Намайг урьд өмнө нь хардаж, хэрүүл хийж байсан. Зодож, цохиж байгаагүй. Надад гомдол санал байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрчихсэн. Бид хоёр ажил хийж гэр бүлээ цаашид сайн сайхан авч явах гэж байгаа учир өргөдлөө буцааж авах гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-6-7, 10-11, 41/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Яын: “...2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэртээ М.Д эгчийн 2 настай Е, 11 сартай А, ээж Ц, эгч Д бид нар унтах гээд байж байтал хаалга нүдээд байсан. Би босоод хаалга тайлахад Б ах гаднаас халамцуу орж ирсэн. Аийг тэвэрч аваад үнсээд байсан. Би гарч хаалга түгжчихээд орж иртэл Б ах Д эгч рүү таавчиг шидээд, гартаа таарсан юмаа авч шидээд байсан. Би гэрээс гараад жорлон орчихоод буцаад иртэл Д эгч уйлсан байдалтай, хамраас нь цус гарчихсан, нүд нь хавдчихсан, зодуулсан байдалтай байсан. Б ах нүүр рүү нь цохиод, өшиглөөд, зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-13/,

Гэрч С.Цгийн: “...2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ...орой бүрэнхий болж байхад гэртээ очтол охин Д 2 охинтойгоо ирчихсэн байсан. Гэтэл хүргэн гэрт орж ирээд Дтэй маргалдаад байсан. Д маань урд нь өөр хүнтэй гэр бүл болж амьдрал зохиож байсан. Тэгээд хүүхдийн тэтгэмжийн мөнгөний талаар хуучин нөхөртэйгөө утсаар ярьсан юм шиг байна лээ. Гэтэл Б түүнээс нь болж хардаад, хэрүүл маргаан хийж, зодсон байсан. Зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Өөр яаж гэмтсэнийг нь мэдээгүй. Ямар ч байсан ил харагдаж байсан нь нүд нь байсан. Тухайн үед хэрэлдээд эхлэхээр нь хоорондоо эвлэрчих байх гээд би түр гарчихаад орж ирсэн. Яаж зодсоныг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

ГШинжээч Ц.Бадралын: “Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн 2 удаагийн буюу зүүн нүдэнд нэг удаа, цээжинд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-42/,

Гэрч Л.Лхагвасүрэнгийн: “2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд “Ачит 10”-аас “манай эгчийг нөхөр нь зодчихлоо” гэж дуудлага ирсэн. Очиж шалгахад нэг эмэгтэйг нөхөр нь зодчихсон, гараад зугтаасан байсан. Дуудлага өгсөн нь зодуулсан эмэгтэйгийн дүү охин байсан. Зодуулсан эмэгтэйг аваад Цагдаагийн хэлтэс дээр хүргэсэн. Тэр эмэгтэйн нүүр нь хавдчихсан, хамраас нь цус гарсан, зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-43/,

Гэрч Т.Эрдэнэчулууны: “2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр орой 22-23 цагийн орчимд “Ачит 10”-аас “эгчийг нөхөр нь зодчихлоо” гэсэн утгатай дуудлага ирүүлсний дагуу хаягаар нь очиж шалгахад хижээл насны эмэгтэй согтуу, 10 орчим насны охин дуудлага өгсөн, зодуулсан гэх эмэгтэй нярай хүүхэдтэй байсан. Болсон явдлын талаар тодруулахад нөхөр нь зодчихоод гараад явсан гэж байсан. Зодуулсан эмэгтэйг нялх хүүхэдтэй нь аваад цагдаагийн хэлтэс дээр хүргэж өгсөн. Хамраас нь цус гарчихсан, зодуулчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-44/,

Хүний биед үзлэг хийсэн үзлэг хийсэн шинжээчийн 2017.08.11-ний өдрийн 10193 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Дий биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/,

Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эхнэр М.Д “ажлын газрын эгчтэй уулзана” гэж гэрээс 15 цагийн үед гарч яваад үүрээр хадам ээж Цгийн гэрт очсон байсан. Тэр шөнө манай хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ аваад хадмын гэрт очсон. М.Дий гар утас руу залгахад холбогдохгүй байсан. М.Д өөрийн дүү Я руу утсаар шөнийн 04 цагийн үед залгасан байсан. Тэр дугаар руу нь би залгаж үзтэл М.Дий хуучин нөхөр нь байсан. Тэр залуутай утсаар маргасан. Тэгээд би хадмынхаас гараад явсан. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би хоёр найзтайгаа пиво уугаад согтчихсон байсан. Тэгээд орой хадам ээжийнд очсон. Би М.Дтэй маргалдаж, таавчиг авч шидээд, нүүр рүү нь өшиглөчихөөд гараад явсан. Тийм зүйл болсон. Би тухайн үед буруу зүйл хийснээ ойлгоод харамссан. Тэгээд эхнэрээсээ уучлалт гуйж, одоо хамт байгаа. Хардалтаас болж маргалдаад М.Дийг гэмтээсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, М.Дий өргөдөл /хх-5/, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, шүүгдэгч Б.Бий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, АСАП сангийн лавлагаа /хх-29-31/, 2011.07.05-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-49/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчдын хуваарь /хх-50/, Б.А, Э.Е нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-51-52/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-63-64/, ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-67, 70/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Бий гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэм бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна”  гэж,

шүүгдэгч Б.Б “Би ганцаараа ажил хийдэг. Саяхан ажилд орсон. Надад торгох ял оноож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод эхнэр М.Дийг “өөр хүнтэй уулзсан” гэж хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, цээжин тус газар нь цохиж “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч М.Дий: “...миний нүүр рүү цохисон. Намайг унасны дараа миний бөөр, бөгс рүү өшиглөөд байсан. Хамраас цус гараад би босч чадахгүй байсан..., толгой, нүд өвдөж байна. Миний дээрээс дэвсээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-6-7/, насанд хүрээгүй гэрч Ц.Яын “...Д эгч уйлсан байдалтай, хамраас нь цус гарчихсан, нүд нь хавдчихсан, зодуулсан байдалтай байсан. Б ах нүүр рүү нь цохиод, өшиглөөд, зодоод байсан...” гэх мэдүүлэг /хх-13/, шинжээчийн 10193 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Дий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Бын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР