Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0524

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж,

                                холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, Т с ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан Т с ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 27-ноос 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өөрийн компанийн гадаад ажилчдыг ажлын байраар хангаж чадаагүй, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлээгүйтэй холбогдуулж, уг хугацаанд төлсөн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хариуцагчаас гаргуулахыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т с ХХК-ийн захирал Ч.Н, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Энэхүү Эвлэрлийн гэрээ /цаашид гэрээ гэх/-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас нэхэмжлэгч Т с ХХК нөгөө талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нар дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Т с ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл компанийн гадаад ажилчдыг ажлын байраар хангаж чадаагүй, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлээгүйтэй холбогдуулж, уг хугацаанд төлсөн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан ойлголцож, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх замаар дараах байдлаар эвлэрхэхээр шийдвэрлэв. Үүнд:

1.1.1. Нэхэмжлэлийн шаардлагаас Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.1 дэх хэсгийг үндэслэн Т с ХХК-ийн гадаад 5 ажилтан болох Энэтхэг улсын иргэн N M K, Энэтхэг улсын иргэн A Cl, Филиппин улсын иргэн M L, Филиппин улсын иргэн M L, Филиппин улсын иргэн M M нарын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажлын байрны төлбөрт төлсөн *** төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 31 өдрөөс 2020 оны 10-р сарын 31-ны өдрийг /2 сар _____ өдөр/ хүртэлх хугацааны ажлын байрны төлбөрт шилжүүлэн, сунгаж тооцохоор харилцан тохиролцож,

1.1.2.Нэхэмжлэлийн шаардлагаас нутаг буцсан 2 гадаад ажилтан болох Итали улсын иргэн L M 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, Пакистан улсын иргэн N T 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төлсөн ажлын байрны төлбөрийн зөрүүг Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолын хавсралт Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх журам-ын 2.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

1.2. Талууд нь энэхүү гэрээг байгуулахын өмнө гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон ба нөгөө талынхаа энэхүү гэрээний дагуу тавьсан шаардлагыг хүлээн авч, биелүүлэхийг зөвшөөрнө.

1.3. Гэрээний 1 дүгээр зүйлд заасан төлбөрийн шилжилт, хугацаа сунгахтай холбоотой бүртгэл, бусад ажиллагааг хариуцагч биелүүлж ажиллах, нэхэмжлэгч нь түүнтэй холбоотой хэрэгцээт баримт материалыг нэн даруй гаргаж, сунгуулах, бүртгүүлэх ажлыг хийлгэнэ.

Хоёр. Гэрээ хүчин төгөлдөр болох

2.1. Гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар Гэрээ хүчин төгөлдөр болно.

2.2. Гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэн талуудад нэг нэг хувь хадгалах бөгөөд гэрээний хувь тус бүрийг эх хувь гэж үзнэ. Гэрээний нэг хувийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгнө.

2.3. Талууд гэрээний 1 дүгээр зүйлд заасан үүргийг бүрэн биелүүлж дууссан тохиолдолд гэрээ дуусгавар болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч Т с ХХК-ийн захирал Ч.Н, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар нь харилцан тохиролцож 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр №*** дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч Т с ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Ч.Н нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж заасны дагуу нэхэмжлэгч Т с ХХК-ийн захирал нь хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Мөн хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д эвлэрэх гэж заасан эрхийг Б.А 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *** дугаартай итгэмжлэлээр олгосны үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д ...Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Т с ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР