Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00566

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн А сумын** дүгээр багт оршин суудаг, И овогт Я О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн 83129 дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газрын (дарга М.А, утас *****)

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Я.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С (Улаанбаатар хотоос цахимаар)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хяналт шалгалтын байцаагч ажилтай С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Я.О нь шүүхэд гаргасан хүсэлтэд Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч Я.О нь А сумын Ял нэгдэлд 1985 оноос 1992 он дуустал буюу нэгдэл таарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Харин 1993 оноос эхлэн өөрөө хувиараа мал авч одоо хүртэл Алтай сумын 1-р багт мал маллаж байгаа малчин хүн юм.

1.2.Хүсэлт гаргагч Я.Оыг А сумын Ял нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаал байхгүй, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна.

1.3.Аймгийн архивын тасгаас зарим тушаал, цалин хөлсний баримтууд нь олдсон.

Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Я.Оын Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд:

2.1.Хүсэлт гаргагч Я.О нь Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайн үед хүсэлт гаргагч хөдөлмөрийн насанд хүрээгүй буюу 14 настай байсан байна.

2.2.Харин аймгийн архиваас олгосон Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 19-ний тушаалаар хоньчноор тус нэгдэлд ажилд орсон гэж үзэж байна.

2.3.Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 1985,1986,1987, 1988 онуудын 70-р дансанд О гэдгийг нэмж бичсэн байдалтай байна. 1987,1988 онуудад гүйцэтгэсэн гэдэгт Оын нэр байгаагүй. 1990,1991 онуудын 70-р дансанд овог нь бас засвартай байсан.

2.3.Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягтад 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэгдсэн байна. Гэрлэлтийн бүртгэлээс харах бол 1992 онд хүсэлт гаргагч нэгдэлд биш өөр газарт ажиллаж байсан нь харагддаг.

2.4.Хүсэлт гаргагч Я.О нь Хөдөлмөрийн дэвтэргүй байна. Уг нь нэгдэлд ажилласан хүмүүст Хөдөлмөрийн дэвтэр бичигдэж байсан.

Иймд хүсэлт гаргагч Я.Оын ажилласан байдлын тогтоох ямар ч боломжгүй гэсэн байна.

3.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаал, Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай Комисс байгуулах тухай тушаал хавсралтын хамт, Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаал хавсралтын хамт, Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1985 оны, 1987 оны, 1988 оны баримт, 1990 оны, 1991 оны баримт, Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн 1992 оны ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай Архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 680 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 631 дугаар албан бичгээр Я.О болон түүний эхнэр хүүхдүүдийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Я.Оын хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагч Я.О дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч А сумын Ял нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаал байхгүй, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймээс холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн.

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд: хүсэлт гаргагч Я.О нь Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй тухайн үед хөдөлмөрийн насанд хүрээгүй буюу 14 настай байсан. Харин Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 19-ний тушаалаар хоньчноор ажилд орсон байна. Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 1985,1986,1987, 1988 онуудын 70-р дансанд О гэдгийг нэмж бичсэн байдалтай, Хөдөлмөрийн дэвтэргүй тул ажилласан байдлын тогтоох боломжгүй гэсэн байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

9.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалаар...Хар нуур хэсэгт хоньчиноор ... Я.О нарыг 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилсон байна.

9.2.Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай Комисс байгуулах тухай тушаалаар 1988 оны гадаад бэлтгэлийн малыг хүлээн авч, тууварлуулах комиссыг бүрэлдэхүүнийг баталсан ба хавсралт 1988 онд мал туух тууварчдын бүртгэл судалгаа-ны 7 дахь баганад Тууварчдын нэрс: Яай, О, Бейбит, Малын нас хүйс: эр, Малын тоо: 1300 гэж бичигдсэн байна.

9.3.Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай Ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалаар ...1989 оны экспортын малыг тууварлан тушаах тууварч-малчдыг тушаалын 2 дугаар хавсралтаар тус тус 5 дугаар сарын 14-ээс эхлэн томилон ажиллуулсан ба 2 дугаар хавсралт 1989 онд экспортын мал тууварлах малчдын нэрсийн жагсаалт-ын 5 дахь баганад Тууварлах мал: Хонины суурь; Тууварч-малчины нэр: Б.Яай, Я.Бейбит, Я.О; Албан тушаал: Суурийн ахлагч, туслах малчин, туслах малчин; Малын тоо: 1350 гэж бичигдсэн байна.

9.4.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1985 оны баримтаар Яай, Ахбас, О нар нь 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна.

Мөн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1987 оны баримтаар Яай, Ахбас, О нар нь 01-06, 08-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна.

Мөн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1988 оны баримтад Яай, Ахбас, Бейбит, О нар нь 01-05, 09-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна.

Мөн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1990 оны, 1991 оны баримтаар О 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна.

9.5.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус хэлтсийн архивд А сумын Ял нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991, 1992 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.

9.6.Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн 1992 оны ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо-ны нэрсийн жагсаалтад Я.О, ХСЭБ-ийн серийн-02, дугаар 067674, нэрлэсэн үнэ: 7000, ХСЭБ-ээр баталгаажуулсан хөрөнгө, төрөл: малын хашаа, олгосон хөрөнгийн үнэ 7000 гэж бичигдсэн байна.

9.7.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 631 дугаар албан бичгээр хүргүүлсэн Я.Оын 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №142 буюу ХААТР-1 (А) маягтын 14-д ажилладаг байгууллага: А сумын Ял нэгдэл, ажилд орсон он: 1987 он, эрхэлдэг ажил: хоньчин гэж бичигдсэн байна.

Мөн хүсэлт гаргагч Я.Оын 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн Гэрлэснийг бүртгэх анкет №0042 буюу ХААТР-15 (А) маягтын 13-д ажилладаг байгууллага,эрхэлдэг ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.

Хүсэлт гаргагч Я.Оын эхнэр О.Сахыт болон 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин О.Нуртолхын, 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин О.Алтынгүл, 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Алтынбек нарын ХААТР маягтуудын бичилтүүд он.сар.өдөр цаг хугацааны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй байна.

10.Хүсэлт гаргагч Я.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

11.Шүүх хуралдаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 70-р дансны 1985 он,1986 он,1987 он, 1988 онуудын материалд хүсэлт гаргагч О гэж нэрээ нэмж бичсэн байдалтай гэж тайлбарласан боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн даргын тушаалууд, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №142 буюу ХААТР-1 (А) маягт болон Гэрлэснийг бүртгэх анкет №0042 буюу ХААТР-15 (А) маягтын бичилт, Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдлийн цалин хөлсний 1985,1986,1987, 1988 онуудын 70-р дансны баримт зэрэг бичгийн нотлох баримтаар хүсэлт гаргагч Я.О нь Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болох нь нотлогдож байгаа тул энэхүү ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагч Я.О нь Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласныг нотлох баримт байхгүй тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч И овогт Я О Баян-Өлгий аймгийн А сумын Ял нэгдэлд малчнаар 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Я.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК