Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1107

 

 

 

 

 

 

      2020           9              1                                       2020/ДШМ/1107

 

                                         

                                          Г.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

нарийн бичгийн дарга Б.Халиунгоог оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн 1911003220165 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хаад хануй овгийн Г.А, 1987 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, “Ком тел” ХХК-нд сүлжээний инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................/;

Г.А нь "Киа Бонго-3" маркийн KNCWF03429K399557 арлын дугаартай, 06-87 УБН улсын дугаартай иргэн Б.Дэзэмшлийн ачигч автомашиныг 16.000.000 төгрөгөөр хохирогч Г.Гзарна гэж эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5024649768 тоот дансаар 6.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5429217648 тоот дансаар 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5173043177 тоот дансаар 3.000.000, 2.800.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хаад хануй овогт Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг буруутгасан үйл баримтуудыг зөв тогтоож үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан Хаан банкны хуулгаар “Зээл” гэж шилжүүлсэн мөнгө байхад гэрч Б.Дхудалдсан болох нь тогтоогдсон гэжээ. Гэтэл 20.000.000 төгрөгийн үнэтэй ачигч машиныг 6.000.000 төгрөгөөр худалдахгүй нь тодорхой байгааг дүгнээгүй. Б.Д хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан эрхийн зөрчилтэй гэрээ хийж, улмаар хохирогч Г.Гантөгс болон Г.А нарын хооронд зөрчил үүсгэж ял авах нөхцөл байдлыг үүсгэсэн хүн нь Б.Д байна. Б.ДГ.А нь худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж хийсэн зээлийн гэрээний дагуу мөнгөө шилжүүлсэн байхад энэ хооронд Б.Д нь хууран мэхэлж өөр дээрээ машиныг шилжүүлэн авсан. Гэтэл Б.Дүйлдлийг шалгаагүй. Тодруулбал, эд зүйл ашиглаж хэдийг нь хэн, хэрхэн хувьдаа завшин залилсан болохыг, мөн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг чухам хэн учруулсныг тогтоогоогүй атлаа Г.Гхэлснээр нийт дүнгээр тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасан бөгөөд Г.Аийн эрх нь давхар зөрчигдсөн байхад зөвхөн түүнийг гэм буруутайд тооцсон нь дээрх заалтыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоохоос гадна цагаатгах баримтууд болон хөнгөрүүлэх баримтуудыг заавал шалгахаар” хуульчилсан байхад хэт нэг талыг барьж эрүүгийн хариуцлага тооцсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Тодруулбал,  энэ хэрэгт холбогдох болсон шалтгаан нь машинаа барьцаалж бусдын эрүүл мэндийн төлбөр төлсөн, Насанжаргал хөлөө хугалсан эсэх, мөн хохирогч гэрчүүд хоорондоо танил найзууд байсан гэдгийг шалгаагүй байгаа. Энэ нь хуурч мэхлэгдэх боломжгүй, харин хохирогч нь барьцаанд тавьсныг мэдсэн гэдгийг нотлоход ач холбогдолтой байгаа. Машинд эд зүйлийн үнэлгээ хийгээгүй. Энэ нь 20.000.000 төгрөгөөр авсан машиныг 6.000.000 төгрөгөөр зарах боломжгүй, харин зээлийн барьцаанд байсан эсэхийг нотлоход ач холбогдолтой. Г.Аийн хувийн байдлыг огт тогтоогоогүй байгаа нь энэ хэргийг үйлдэх санаа зорилго агуулж байсан гэмт санаа байсан зэргийг нотлоход ач холбогдолтой болно. Иймээс хэргийг нэг мөр эргэлзээгүй тогтооход хэргийг прокурорт буцаах зайлшгүй шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Г.Ат холбогдох шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Г.А нь "Киа Бонго-3" маркийн KNCWF03429K399557 арлын дугаартай, 06-87 УБН улсын дугаартай иргэн Б.Дэзэмшлийн ачигч автомашиныг 16.000.000 төгрөгөөр хохирогч Г.Гзарна гэж эд зүйл ашиглаж, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5024649768 тоот дансаар 6.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5429217648 тоот дансаар 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5173043177 тоот дансаар 3.000.000, 2.800.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Г“...Би 2018 оны 6 дугаар сард намайг ачигч машин авах уу гээд машин хайгаад явж байхад Ариунхөлөг гэх залуу над руу залгаад машин авах гэж байгаа юм уу, надад “Киа бонго” 3 машин байна гэж хэлсэн. Би машин чинь хаана байна гэж асуухад 10 дугаар хорооллын Петровисийн шатахуун түгээх станцын байрны ард талд байгаа гэж хэлсэн. Би 10 дугаар хороололын шатахуун түгээх станц дээр очоод, одоо дугаарыг нь санахгүй байна, 93-тай дугаар руу залгаад “би ирчихлээ” гэж хэлэхэд нэг саарал өнгийн Приус маркийн автомашинтай ирээд Петровисийн шатахуун түгээх станцын ард талд байдаг байрны голд дагуулаад очиход цэнхэр өнгийн ачигч машин байсан. Ариунхөлөгөөс машины түлхүүрийг авч асааж үзээд “ачлагын дугуй байхгүй байна” гэж хэлэхэд “би 800.000 төгрөгөөр олоод өгье, чи миний машиныг 18.000.000 төгрөгөөр ав” гэж хэлсэн. Надад үнэтэй санагдаад явсан. 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Ариунхөлөг гэх залуу над руу залгаад 16.000.000 төгрөгөөр аваа, би 800.000 төгрөгөөр дугуй олоод өгье гэж хэлсэн. Тэгээд намайг Дэнжийн 1000-д Хүчит шонхор захын хажууд байдаг хашаандаа байхад машинаа унаад, миний таньдаг Чинзориг гэх залуутай ирсэн. Би өөрийн Хаан банкны 5006932260 тоот данснаас 6.000.000 төгрөгийг Чинзоригийн хэлсэн 5024649768 тоот данс руу манай эхнэр Хүнсний нэгдүгээр дэлгүүр орчим явж байхдаа шилжүүлсэн. Ариунхөлөг 3 хоногийн дараа машиныг нэр дээр шилжүүлэхээр болоод тэр хоёр хамт явсан, 2 хоногийн дараа Ариунхөлөг залгаад дугуй олчихлоо гэж хэлээд надаас 800.000 төгрөг, одоо санахгүй байна, нэг данс руу шилжүүлүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ариунхөлөг би хөдөө явж байна, энэ данс руу 500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд 5429217648 тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ариунхөлөгийн эхнэр нь гэх хүн над руу утсаар залгаад манай дүү асуудалтай болчихоод байна, 3.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би “үгүй, Ариунхөлөгийг надтай яриул, би тэгж байж шилжүүлнэ” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Ариунхөлөг залгаад манай эхнэрийн хэлсэн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн болохоор би 5173043177 тоот данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Ариунхөлөг 2 цагийн дараа над руу залгаад би хөдөө ажилтай яваад байна, хот ороод машинаа шилжүүлээд өгнө, дахиад нэг данс руу 2.800.000 төгрөг шилжүүлээд өг гэж хэлэхээр нь одоо санахгүй байна, Эрдэнэсайхан гэдэг хүний данс руу шилжүүлсэн. ...”/1хх 30-32/,

гэрч Д.Ч“...2018 оны 6 дугаар сарын дундуур би түүнээс мөнгөө нэхсээр байгаад Гантөгс дээр Ариунхөлөгтэй хамт очсон бөгөөд Гантөгс нь Ариунхөлөгөөс машин худалдаж авч байгаа гээд мөнгө шилжүүлэхээр болсон. Би Ариунхөлөгөөс авах мөнгөө Гантөгсөөс авсан. ...” /1хх 45-46/,

гэрч Б.Д“...2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Г.А над руу залгаад машин ачигч Бонго 3 маркийн машинаа зармаар байна. Чи авах уу гэхээр нь би надад байгаа нь 6.000.000 төгрөг байна гэхэд 6.000.000 төгрөгөөр надад машинаа зарахаар болсон. Ингээд тухайн өдөр Хүүхдийн 100-гийн тэнд байрлах нотариатын газар орж “Автомашин худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, би 06-87 УБН улсын дугаартай “Киа бонго-3 маркийн цэнхэр өнгийн автомашиныг худалдан авсан. Би 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэрээгээ барьж очоод машинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн үед гэрээ хийчихээд машинаа авах гэсэн гэрээтэй ажил авчихсан байгаа, тэрийг дуусгаад өгнө гэсэн болохоор нь би ч ямар нэгэн юм бодолгүй итгээд машинаа өөр дээрээ аваагүй байсан чинь Г.А гар утсаа авахгүй, надтай уулзахгүй зугтаагаад алга болсон. ...” /1хх 47-48/,

шүүгдэгч Г.Аийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах ТЭЦ-8 журмын хашаанд Гантөгс надтай уулзаж, 06-87 УБН улсын дугаартай чирэгч машинаа зарах юмуу гэж надтай ирж уулзсан. Би 18.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Гантөгс эргэж холбогдъё  гэж хэлээд явсан. 2018 оны 6 дугаар сарын 19-нд Гантөгс миний дугаар луу залгаж, машиныг чинь авъя, гэрт аваад ир гэж хэлээд би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гантөгсийн хашаанд Бонго-3 маркийн цэнхэр өнгөтэй, 06-87 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад хашаанд нь найз Чинзоригийн хамт очсон. Тэр өдөр би Гантөгсөд машинаа 17.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцоод 6.000.000 төгрөгийг Чинзоригийн данс руу хийлгэж, мөнгийг аваад машинаа хашаанд нь орхиод явсан. Үлдэгдэл мөнгийг маргааш өдөр нь машины нэр шилжүүлэхдээ авъя гэж тохиролцсон. Би маргааш нь Гантөгс рүү яриад машинаа шилжүүлж ав гэхэд Гантөгс би хөдөө явж байна, дараа 7 хоногоос болъё, мөнгө хэрэгтэй бол над руу залгаад авчаарай гэж хэлж байсан. ...” /1хх 36-37/ гэх мэдүүлгүүд,

Г.А болон Б.Д нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх 60-61/, Г.Гдепозит дансны хуулга /1хх 70-71/, Г.Аийн депозит дансны хуулга /1хх 142-159/, Арлын KNVWF03429k399557 дугаартай цэнхэр өнгийн, бага оврын ачааны Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нарын түүхчилсэн лавлагаа /1хх 113/, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хохирол төлсөн баримт /1хх 243, 248-251/, хохирогч Г.Гантөсгийн хохирол болох 13.100.000 төгрөгийг хүлээн авсан баримт /1хх 252/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Аийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Аийн “...20.000.000 төгрөгөөр авсан машиныг 6.000.000 төгрөгөөр зарах боломжгүй, харин зээлийн барьцаанд байсан эсэхийг нотлоход ач холбогдолтой. Г.Аийн хувийн байдлыг огт тогтоогоогүй байгаа нь энэ хэргийг үйлдэх санаа зорилго агуулж байсан гэмт санаа байсан зэргийг нотлоход ач холбогдолтой болно. Иймээс Г.Ат холбогдох шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг  прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэрч Б.Д“...2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 6.000.000 төгрөгөөр надад машинаа зарахаар болсон. Ингээд тухайн өдөр Хүүхдийн 100-гийн тэнд байрлах нотариатын газар орж “Автомашин худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, би 06-87 УБН улсын дугаартай “Киа бонго-3 маркийн цэнхэр өнгийн автомашиныг худалдан авсан. Би 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэрээгээ барьж очоод машинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ...” /1хх 47-48/ гэх мэдүүлэг, уг машин Б.Дөмчлөлд шилжсэн болохыг нотолсон тээврийн хэрэгслийн маягт /1хх 211/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх 212/  зэргээс үзэхэд тухайн “Киа бонго”-3 загварын 06-87 УБН улсын дугаартай автомашиныг Г.А нь гэрч  Б.Д6.000.000 төгрөгөөр худалдаж, уг машинаа нэр дээр нь шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иргэд хоорондоо харилцан тохиролцож эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсний үндсэн дээр Г.Аийн эзэмшлийн “Киа бонго”-3 06-87 УБН улсын дугаартай автомашин Б.Днэр дээр шилжсэн байхад энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хууль зүйн үндэслэлгүй.

Харин Б.Дхудалдсан машинаа хохирогч Г.Гдахин худалдаж, түүнээс 13.100.000 төгрөг авсан. Шүүгдэгч Г.Аийн үйлдэл нь залилах гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг агуулж байх тул Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайбарлан хэрэглэжээ.

Иймээс дээрх үндэслэлээр хэргийг дахин шалгах шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч О.Сайнгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ