Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0446

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, И.О-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Отгонгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2020 оны 02 дугаар сарын 28-ын өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот албан бичиг, мөн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И.О-ээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 28-ын өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.О-ийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 28-ын өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Х.НЯМДЭЛГЭР