Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Д-дорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01158 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Б-гийн нэхэмжлэлтэй,

Прокурор: Баянзүрх дүүргийн прокурорын газар,

 

Нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Д-доржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Б-,

Нэхэмлжэгчийн өмгөөлөгч: Ж.Ч

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өвөө Д-гийн Д- нь 1889 онд төрсөн бөгөөд Төв аймгийн Дэлгэрцогт сумын 8 дугаар багийн харьяат байсан юм. 1938 оны 6 дугаар сарын 08-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Өвөө маань тухайн үед баривчлагдахдаа адуу 24, үхэр 22, хонь 45, ямаа 25, тэмээ 6, байшин 2, гэр 1 гэж бүртгэгджээ. Өвөө маань тухайн үед Догсом овогтой Балинтай гэр бүл болж амьдарч байсан бөгөөд дундаасаа хүүхэд төрүүлээгүй учир миний аав Балин овогтой Шатарыг өргөн авч өсгөсөн. Тухайн үед хэлмэгдүүлэлтийн үймээн самуунаас болж улсын бүртгэлд эхнэр хүүхэдтэйгээ бүртгүүлсэн бүртгэл байгаагүй мөн хүү Шатар нь ээж Балингаар овоглосон. Аав маань бидэнд ярихдаа аавтайгаа амьдарч байсан гэж ярьж байсан. Д.Д- нь өөр хүнтэй гэр бүл болон хамт амьдарч байгаагүй учир хууль ёсны ганц хүүхэдтэй, өөр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд байдаггүй. Энэ талаар өвөөг маань 1993 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 91 дүгээр магадлалаар цагаатгах үед аавыг маань Д-гийн хүүхэд мөн болохыг баталсан тодорхойлолт гаргаж, аав маань цагаатгалын мөнгө авч байсан. Балин овогтой Шатар болох миний аав 1930 онд төрсөн. Аав маань 10 хүүхдийн эцэг байсан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан. Түүний төрсөн хүүхдүүдийн 2 нь нас барсан бөгөөд одоо 8 хүүхэд нь амьд сэрүүн байна. Миний бие Ш.Б- нь Балингийн Шатарын 7 дахь хүүхэд бөгөөд миний ах, эгч, дүү нар маань өвөөгийн маань цагаатгалын нөхөн олговор авахаас татгалзсан учир ач охин Шатар овогтой Болормаа надад нөхөн олговор олгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Д-гийн Д- нь ОБЭК-ийн 1938 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор Шүүх Цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 91 дүгээр магадлалаар цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д-гийн Д-гийн нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааны 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 186 тоот шийдвэрээр өргөмөл хүүхэд болохоо тогтоолгож Балингийн Шатар авсан байна. Б.Ш- нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэлмэгдэгч Д.Д-гийн нэхэмжлэгчээр бүртгүүлэн, нотлох баримтын бүрдүүлбэрийг ханган 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зууны мэдээ сонины №129 /6096/ дугаарт хэлмэгдэгчийн хүүхэд хэсэгт зарлагдаж, нөхөх олговор нэхэмжлэх эрх үүссэн байна. Зарлагдсанаас хойш 30 хоногийн хугацаанд манайд ямар нэгэн гомдол маргаан гараагүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хэлмэгдэгчийн өргөмөл хүүхэд мөн болох нь харагдаж байна. Үүнд: Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд Төв аймгийн Дэлгэрцогт сумын 8 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 2 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Сономын Цэнд эрэгтэй, 26 настай, ах Сомой /Сумъяа/-гийн Д- лам 44 настай, ах Сомой /Сумъяа/-гийн Дэндэв лам 41 настай, Сономын Сомой /Сумъяа/-гийн эмэгтэй, 53 настай, дүү Сомой /Сумъяа/-гийн Пунцаг эрэгтэй, 15 насгай гэж бүртгэгдсэн байдал. Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд Төв аймгийн Дэлгэрцогт сумын 12 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 46 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Дулсумын Балин эмэгтэй, 48 настай хүү Шатар 5 настай гэж бүртгэгдсэн байдал, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 6 дугаар багийн 1956 оны 02 сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 13 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Лхамсүрэнгийн Шатар 26 настай, эрэгтэй, эхнэр Цэгмидийн Цэен 21 настай, Цэенгийн Сэрээтэр 4 настай, охин Цэенгийн Алтанчимэг 0 наст 2 сартай, эх Догсомын Балин 72 настай гэж бүртгэгдсэн байна. Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 6 дуаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 65 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Лхамсүрэнгийн Шагдар /Шатар/ 14 настай, эрэгтэй Догсомын Балин 59 настай эмэгтэй, гэж бүртгэгдсэн байна. Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 47 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Хуягийн Дарьсүрэн эмэгтэй, 28 настай, Дарьсүрэнгийн Адъяа эмэгтэй, 18 настай, Дарьсүрэнгийн Халзан эрэгтэй, 8 настай, Дарьсүрэнгийн П- эмэгтэй, 12 настай, Дарьсүрэнгийн Норовбадам эмэгтэй, 12 настай, Дарьсүрэнгийн Ичинноров эмэгтэй, 12 настай, Сангидамбын Нарангэрэл эмэгтэй, 25 настай гэж бүртгэгдсэн байдал. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын лавлагаанд 1 дүгээр маягтын лавлагаанд Тайж нар овогт Балингийн Шатар нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Төрүүлсэн эцгийн овог бичигдээгүй, эцгийн нэр бичигдээгүй, эхийн овог бичигдээгүй, эхийн нэр Балин гэж бүртгэгдсэн байдал. Нэхэмжлэгч Б.Ш- нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан тул, Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйл заалтыг үндэслэн, нэхэмжлэгчийн хууль ёсны өв залгамжлах өвлөх эрхийн №44 гэрчилгээг авсан Ш.Б- нь нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өв залгамжлагчид шилжих тул нөхөх олговрыг нэхэмжлэх эрх нь үүссэн байна. Иймд нэхэмжлэгч Б.Ш-ын өв залгамжлагч Ш.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш-ыг хэлмэгдэгчийн хүүхэд мөн болохыг шууд нотолсон баримт хэрэгт байхгүй тул нөхөх олговор олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д-гийн Д-гийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай Тайж нар овогт Шатарын Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэгч Ш.Б-г шаардах эрхгүй хэмээн дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр Балингийн Шатарыг хэлмэгдэгч Д-гийн Д-гийн өргөмөл хүүхэд болохыг тогтоож, 1 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгосон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт бөгөөд иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй. Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг дээд шатны шүүх хүчингүй болгосон үйл баримт байхгүй, хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байхад адил шатны шүүхийн шүүгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг ямар хууль зүйн үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх хууль ёсны буюу үндэслэлтэй эсэхийг хянах бүрэн эрх, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.5-т “... хэрэг маргааныг хянан Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх” гэсэн бусад шүүгчийн бүрэн эрхэд халдсан үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах заалтыг зөрчөөгүй байхад нотлох баримтаар үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б- нь нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурор, татгалзсан тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Миний өвөө Д.Д- нь улс төрийн хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 6 сарын 10-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор, хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн 91 дүгээр магадлалаар цагаатгагдсан. Өвөө маань Д.Балинтай гэр бүл болж, дундаасаа хүүхэд төрүүлээгүй учир миний аав Б.Ш-ыг үрчилж авсан. Аав маань 2019 оны 3 сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид эхээс арвуулаа, 2 нь нас барсан бөгөөд ах, эгч, дүү нарын зүгээс өвөөгийн маань цагаатгалын нөхөх олговрыг авахаас татгалзсан учир ач охин Ш.Б- надад нөхөх олговрыг олгож өгнө үү” гэсэн байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хэлмэгдэгч Д.Д-г 1938 оны 6 сарын 08-ны өдөр улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 6 сарын 10-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар буудан алах ялаар шийтгэжээ. Улмаар адуу 24, үхэр 22, хонь 45, ямаа 25, тэмээ 6, байшин 2, гэр 1 зэрэг эд хөрөнгүүдийг хураасан нь Тагнуулын ерөнхий газрын архивын 2018 оны 11 сарын 1-ний өдрийн 05/6542 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 4 сарын 24-ний өдрийн 91 дүгээр магадлалаар тус тус тогтоогдсон байх бөгөөд хэлмэгдэгч Д.Д-г дээрх 91 дүгээр магадлалаар цагаатгасан байна. /хх-ийн 8-9-р тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Д- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 5 сарын 28-ны өдрийн 186  дугаар шийдвэрээр Балин овогтой Шатарыг хэлмэгдэгч Д- овогтой Д-гийн өргөмөл хүүхэд болохыг тогтоожээ. Харин нэхэмжлэгч Ш.Б- нь Б.Ш-ын хүүхэд болох нь талуудын тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 8 сарын 27-ны өдрийн 44 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3, 5-р тал/. Улмаар Б.Ш- нь 2019 оны 3 сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан байх бөгөөд түүний хүүхдүүд болох Ш.Ганболд, Ш.Булганаа, Ш.Элдэвт, Ш.Гүндмаа, Ш.Цэндмаа, Ш.Должин, Ш.Сэрээтэр нар өв хүлээн авахаас татгалзаж, охин Ш.Б-д Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 8 сарын 27-ны өдөр 44 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-3-4, 7, 14-21, 89-95-р тал/

Гэтэл анхан шатны шүүх 1999 оны 186 дугаартай, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэгч нь дээрх баримтаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэгт заасан Б.Ш-ын нөхөх олговрыг авахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 000 000 төгрөг олгоно” гэж,

мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж” тус тус заажээ.

 

Хэлмэгдүүлэлтийн улмаас Д.Д- нь өөрийн эд хөрөнгөө хураалгасан нь Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаа, Дээд шүүхийн 91 дүгээр магадлал зэргээр тогтоогдсон байх бөгөөд хэлмэгдэгч Д.Д- болон түүний эхнэр Д.Балин нарт орон сууц, гэр олгосон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хэлмэгдэгч Д.Д-гийн ач охин Ш.Б-д 80 000 000 төгрөг олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх-ийн 76-р тал/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-д 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг улсын төсвөөс гаргуулан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т  зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тзалд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЭНХТӨР

                                                           

                                          ШҮҮГЧИД                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                            Г.Д-ДОРЖ