| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03913/И |
| Дугаар | 183/ШШ2024/03353 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/03353
2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/03353 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох,
зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж , хариуцагч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч С.Л д холбогдуулан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр У компанийн агент н.А хариуцагч С.Л эгчтэй утсаар ярьж үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн түрээслүүлэх, байрны эзнээс зөвшөөрөл авч манайд харилцагч байгаа, хэрвээ та манайхтай хамтарна гэх юм бол тухайн объектыг нь үзүүлж зуучлалын гэрээгээ хийж хүнээ оруулж болно гэдэг санал тавьж очиж үзүүлсэн. Очиж үзүүлсэн харилцагч маань тэр өдрөө шууд үзэж тухайн объект таалагдаж гэрээгээ хийж оръё гэдэг санал тавьсан. Манай агент н.Ан болохоор хариуцагчтай манай ажлын хөлс ийм байдаг юмаа, нэг сарын түрээсийг 100 хувь ажлын хөлс болгож авдаг. Хэрвээ та болно гэх юм бол одоо харилцагчдаа үзүүлнэ гэсэн. Тэгэхэд үзүүлчихээ болно гэж хэлсэн. Харилцагч маань үзэж объект нь таалагдаж орохоор болоод гэрээгээ хийе гэхэд түрээсийн гэрээг түрээслэгч, түрээслүүлэгчийнхээ хооронд холбож хийж өгсөн. Зуучлалынхаа гэрээг хийе гэсэн боловч 7.000.000 төгрөгийн зуучлалын хөлс өгөхгүй, одоо танай гэрээнд гарын үсгээ зурахгүй гэж хэлсэн. Манай агент охин болохоор над руу залгаж захирлаа энэ хүн ингэж байна, хамтаръя гэсэн яг очиж манай хүмүүс маань очихоор болж түрээслэгч, түрээслүүлэгч хоёр гэрээгээ хийсэн чинь танайхтай зуучлалын гэрээ гэж хийхгүй 7.000.000 төгрөг өндөр байна гэж хэлсэн. Яагаад та анхнаасаа 7.000.000 төгрөг өндөр байна, хамтрахгүй гэж хэлсэн бол манайх очихгүй байсан шүү дээ гэхэд би чамд 5.000.000 төгрөг өгье, 5.000.000 төгрөг дээр гарын үсэг зурвал зурна гэсэн. Тэгээд манай агент охин н.Ан надаас зөвшөөрөл авсан. Хариуцагч анх хамтаръя гэж зөвшөөрч дуудсан боловч, хүн олж түрээсийн гэрээгээ хийсний дараа 7.000.000 төгрөгөө хүлээн зөвшөөрөхгүй гээд 5.000.000 төгрөг өгнө, чи эндээ бич гээд тэгээд 5.000.000 төгрөг болгож гарын үсгээ зурсан.
Түрээслэгч, түрээслүүлэгчийн хоёрын хооронд гэрээ хийгээд өгчихсөн байгаа. Засварын хугацаа дуусаж манай оруулсан харилцагч хэвийн үйл ажиллагаа явуулж хэдэн сар болж байгаа. Хариуцагчаас манай талаас ажлын хөлс 5.000.000 төгрөгөө өгөх ёстой гэсэн боловч манайх 5.000.000 төгрөг өгч чадахгүй. Чи 1.000.000 төгрөг л авбал ав гэж н.А охинд хэлсэн байсан. Манай агентын охин юу яриад байгаа юм бэ? манайх танайтай компанийн гэрээтэй байгаа тэрнийхээ дагуу төлбөрөө авна гэсэн. Мөн хариуцагч талаас танайх ганц хүн олж өгчхөөд үүнийгээ юу гэж бодоод байгаа юм бэ? гэж ярьсан. Мөн би хариуцагч талтай энэ компанийн захирал нь байна гэж хэлэхэд танайх ганц хүн олж өгчхөөд 5.000.000 төгрөгөөр үнэлж байгаа юм уу? гэрээнийхээ дагуу ажлын хөлс гэдэг зүйлийг авах ёстой. Надад манай хүүхдүүд шүүгч, өмгөөлөгч, чи наад мөнгөө шүүхдээд ав гэсэн. Тэгээд 5.000.000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
1.2. Хариуцагч С.Л шүүх хуралдаанд хариу гаргасан тайлбартаа: Манай ач нар зар тавиад байшингынхаа зургийг аваад, урьд өмнө ч тэгж түрээслүүлдэг байсан. Хэзээ ч тэгж зуучлалын газраар явж байгаагүй. Зургийг нь аваад зар тавьсан боловч ерөөсөө хүмүүс ярьдаггүй. Тэгэхээр нь би зар сонины газарт очиж хүрээн дотор зараа байрлуулсан. Тэгэхэд нэг хүн утасдаж танайхыг очиж үзье гэсэн. Манай түрээслүүлэх гэж байгаа газар 5 дугаар сургуулийн тэнд байдаг. Тэгээд очиход хоёр хүн ирчихсэн байсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр. Тэгээд тэр эрэгтэй нь үзээд би яаг л ийм газар түрээсэлнэ, өөр газар үзэхгүй, би энийг авна гэсэн. Манай хүү рүү ремах бас ярьж байсан. Зуучлалын компанийн байна, манайхтай хамтрах уу? хамтарвал би хүн олж өгье. Гадаад хүн олж өгч болно гэсэн. Тэгэхээр нь үгүй ээ бид нар ерөөсөө энэ зуучлалын компанитай ажиллаж үзээгүй.
Бид нар өөрсдөө зар өгч хүнээ олчдог юмаа гэсэн. Яагаад гэвэл манайх төв зам дагуу байрлалтай, илүү зардал гаргахгүй гэж ремах тэгж хэлсэн. Тэгтэл н.А гэх бүсгүй танай гэр чинь хаана байдаг юм бэ? гэсэн. Манайх Хан-Уул дүүрэг тэддүгээр хороо гээд гэрээ зааж өгсөн. Орой нь нөгөө хүнээ дагуулж манайд ирсэн. Ирчхээд одоо гэрээ байгуулна танд 4 сарын мөнгө 28.000.000 төгрөгийг шууд гаргуулж 4 саруудаар хувааж өгнө гэсэн. Танай зуучлалын хөлс дэндүү өндөр байна гэсэн. Манай хүүхдүүд 1 сар ажиллаад 1.000.000 төгрөг л авдаг. Гэтэл та нар чинь ямар аймар юм бэ 4-5 сая төгрөгөөр авдаг. Та нар эхэлж манайд санал тавьсан юм уу? манай компаниар үйлчлүүлэх үү? би хүн олж өгье гэж хэлсэн үү? яагаад ингэж худлаа ярьдаг юм бэ? Ийм луйврын аргаар залилан хийж хүний утасны дугаарыг баллаж өөрсдийнхөө дугаарыг тавьж хүн ярихаар тэгж ярьдаг. Над руу албан ёсоор бичиг өгсөн зүйл байхгүй. Та манайхтай хамтран ажиллах уу? таны саналыг асууя, бид ямар ч хүн байсан олж өгье гэж хэлсэн үү? Албан ёсны бичиг ч өгөөгүй, утсаар ч яриагүй. Ингэж луйврын аргаар мөнгө олдог юм уу? Манай хүүхдүүд мөнгө олох гэж зовж олдог. Та нарт 5.000.000 төгрөг өгч чадахгүй 1.000.000 төгрөг ав гэж хэлсэн нь үнэн. Би тэгж хэлсэн. Би та нартай гэрээ байгуулахгүй боль, та нартай, та наргүй түрээсийн хүн олчдог юм. Монгол ч хүн ордог, гадны хүмүүс ч хүртэл ордог газар.
Гэсэн чинь тэр охин манай гэрт ирчхээд хүлээж байгаад захиралтайгаа ярьсан байх, дахин дахин утсаар ярьж байгаад, 1 цаг гаран хүлээж байгаад гарын үсэг зуруулсан. Одоо тэр хүн 4 сарын мөнгө байтугай 2 сарын мөнгийг засвар хийсний дараа 14,000,000 төгрөг өгсөн. 4 сарын мөнгө өгнө гэж эд нар тэгж хэлсэн тэгээгүй. Одоо бүр сарын төлбөрөө хүртэл өгч чадахгүй байгаа. Энэ баримтаар харагдана шүү дээ. Миний дансыг харах юм бол. Ингэж луйврын аргаар мөнгө авч болдог юм уу? би ч гэсэн дээд боловсролтой хүн. Би хэнд ч ингэж залилуулахгүй. Хэрвээ би танай байгууллагаар зуучлуулъя надад хүн олж өгөөч гэж танай байгууллага гаргасан хүсэлт байна уу? байхгүй. Утсаар ч би тэгж яриагүй. Ийм байхад болдог юм уу? Би гэртээ хоёулаа байдаг. Манай өвгөн 2 давхрын шатаар буух гэж байгаад түнхээ хугалчихсан. Одоо 4 жил би өвгөнөө асарч байна. 1 давхартаа матраас давхарлаж дэвсээд амьдарч байгаа. Тэтгэврийн насны энэ авгайг ингээд залилан гэж бодож байгаа бол эндүүрч байна. Мөн бас худлаа ярьж байна. Шүүгч, өмгөөлөгч гэж. Манай хүүхдүүд боловсролтой улсууд шүү гэж хэлж байсан. Яахаараа ийм компани байгуулж бусдаас амархан мөнгө авна гэж бодож байвал тийм зүйл байдаггүй юмаа гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, У.Анударьд олгосон итгэмжлэл, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024х023 дугаар зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугар шуурхай зар центрийн тодорхойлолт, 2024 оны 4 дүгээр сарын 02 Мягмар гараг шуурхай зарын сонин, У.Өүлэнд олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн L1******2/01 тоот цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээлийн дансны хуулганы хуулбар, төлбөрийн баримт, Э.Эрхбаярт олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
3. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугар шуурхай зар центрийн тодорхойлолт, 2024 оны 4 дүгээр сарын 02 Мягмар гараг шуурхай зарын сонин, Хаан банкны депозит дансны хуулга зэргийг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Уо ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч С.Лу д холбогдуулан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч С.Лу нь У ХХК-ийн төлөөлөгч У.А ийн тусламжтайгаар Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо Бага тойруу * дугаар байрны ** тоотод байрлалтай, 26 мкв талбайтай, хоёр өрөө байрыг бусдад түрээслүүлсэн талаараа маргаагүй.
Харин хариуцагч С.Лу нь У ХХК-нд зуучлалын үйлчилгээ үзүүлэх хүсэлт тавиагүй байхад ингэж мөнгө төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, өмнө нь байр түрээслэх хүнээ өөрсдөө олчихдог байсан, тэр байр түрээсэлсэн хүн түрээсийн төлбөрөө өгөхгүй байна, би та нарт зуучлаад өгнө үү? хүн оруулаад өгөөч гэж бичсэн хүсэлт хаана байна. Тийм зүйл байхгүй шүү дээ ийм муухай залилан хийж болохгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч С.Л нарын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2024∙023 дугаартай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан байна.
Энэхүү гэрээгээр Уо ХК нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу ** дугаар байрны ** тоотод байрлалтай, 26 мкв талбайтай, хоёр өрөө байрыг түрээслүүлэх нөхцөлтэйгээр гуравдагч этгээдтэй холбож өгөх, С.Л нь зуучлалын хөлс 5.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 6-7/
Нэхэмжлэгч У ХХК нь Чингэлтэй дүүргийн * дүгээр хороо Бага тойруу ** дугаар байрны ** тоотод байрлалтай, 26мкв талбайтай, хоёр өрөө байрыг сонирхож байгаа этгээдэд танилцуулж, зуучлуулагч С.Л тэй холбож, зуучлалын үйлчилгээ үзүүлсэн болох нь:
хэрэгт авагдсан 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024∙023 дугаартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... мэдээж үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани түрээслүүлэгч талын эзэнд нь санал тавьдаг, танай энэ объектыг үзүүлж болох уу? манай ажлын хөлс ийм байдаг гэсэн. Тэгээд гэрээ контракт хийсэн ... гэх тайлбар,
хариуцагч С.Л ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... н.А гэх эмэгтэй тэр түрээслэгчийг дагуулж ирсэн ... тэр өвөрмонгол залуу би яаг л энд түрээсэлнэ гэсэн, энэ миний гарын үсэг мөн ... гэх тайлбараар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т зааснаар Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн, талууд Зуучлалын гэрээ байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч С.Л нь Уо ХХК-ийн төлөөлөгч У.А ийн тусламжтайгаар үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслүүлсэн бөгөөд Уо ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна,
харин хариуцагч С.Л нь гэрээгээр тохиролцсон 5.000.000 төгрөгийг У ХХК-нд төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан байх тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр хариуцагч С.Л нь Уо ХХК-нд хандаж бичгээр хүсэлт гаргаагүй гэсэн боловч 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024∙023 дугаартай Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн, гэрээнд гарын үсэг зурсан, өөрийн байрыг бусдад түрээслүүлсэн байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, У ХХК нь С.Л эс гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд хариуцагч С.Л ээс 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХК-нд олгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугар зүйлийн 410.1-т зааснаар хариуцагч С ын Лув ээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Уо ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Л ээс улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ