Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00994

 

А.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00538 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Н

Хариуцагч П.Б, А.А, Г.Н нарт холбогдох

Автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, А.Аээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 164 400 000 төгрөг гаргуулах, П.Баас 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнэ 80 000 000 төгрөг гаргуулах, 43-52 УНО улсын дугаартай Хово маркийн автомашиныг А.Аээс Г.Нын өмчлөлд шилжсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрнаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос, Д.Ичинхорлоо, хариуцагч А.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 онд 4352 УНО улсын дугаартай Ноwо LZZ3257 маркийн LZZ5ELND17W554464 арлын дугаартай автомашиныг, 2012 онд 8386 УНБ улсын дугаартай Sinotruk маркийн, LZZ5ELND0BN644754 арлын дугаартай автомашиныг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч, зохих журмын дагуу улсын дугаар аван тээвэрт явуулдаг байсан. Би төрсөн дүү болох А.Аийг 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 4352 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажиллуулж эхэлсэн. А.А нь тээврийн ажил хийж, тээвэрлэлтийн хөлсийг өөрийн дансаар авч өөрийнхөө цалин болон А.Н миний зээлийн мөнгийг суутган авч, үлдэгдэл мөнгийг надад тайлагнан өгч байхаар тохиролцон ажиллаж байсан. 2013 онд би Хаан банк болон Төрийн банканд зээлтэй байсан учир өөрийн хоёр машины аль нэгийг нь худалдан борлуулж, зээлээ төлөх гэтэл дүү А.А нь "би П.Баас хүүгүйгээр 50 000 000 төгрөгийг эзэлчихье. Тэгээд зээлээ төлчих, машинаа заавал зарах хэрэггүй гэсний дагуу дүү А.А нь П.Баас 50 000 000 төгрөгийг зээлж, уг мөнгө миний дансанд орж ирсэн. Энэ хугацаанд банкны зээл, хүүгийн хэмжээ ихэссээр байсан тул орлого оруулдаг хоёр машиныг маань банкнаас хураан авах, авсан тохиолдолд орлого олох боломжгүй болно гэх эрсдэлээс айж дүү А.Атэй харилцан тохиролцож банкны зээлээ бүрэн төлж дуусах хүртэл уг хоёр машинаа дүү А.Аийн нэр дээр түр шилжүүлэхээр болсон. Үүний дагуу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр уг хоёр автомашиныг дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Гэтэл дүү А.А нь П.Бтай үгсэн тохиролцож 43-52 УНО улсын дугаартай Howo маркийн автомашиныг 83-86 УНБ улсын дугаартай Shinotruk маркийн 2 ширхэг автомашиныг минь үндэслэлгүйгээр П.Бын нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлэн өгсөн байдаг. Өнгөрсөн хугацаанд дүү А.А нь тээвэрт явсан ажлын хөлснөөс 31 520 000 төгрөгийг, харин миний зүгээс 24 000 000 төгрөгийг нийтдээ 55 520 000 төгрөгийг П.Бад өгч, 14 480 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байхад П.Бад нь энэхүү 14 480 000 төгрөгийн зээлийн барьцаанд 2 автомашиныг А.Аээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан явдлыг хууль бус явдал хэмээн үзэж байна. Учир нь миний нэрээр зээлсэн гэх 70 000 000 төгрөгийг анх П.Баас авахдаа талуудын хооронд ямар нэгэн зээлийн болоод барьцааны гэрээ хийгдээгүй бөгөөд уг хоёр машин нийлээд 116 000 000 төгрөгийн үнэ хүрэх байтал 14 480 000 төгрөгийн барьцаанд хоёр машиныг П.Б нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйлдэл болон дүү А.Аийн хамтаар өнөөг хүртэл автомашинуудыг тус тус ашиглаж орлого олж байгаа нь хууль бус, үндэслэлгүй хөрөнгөжиж буй явдал гэж үзэж байна. Иймд А.Нгаас А.Аийн нэр дээр 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай Howo  LZZ3257  маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н мөн болохыг тогтоолгож, А.А, П.Б нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Н нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Банкны зээлийн эрсдэлээс шалтгаалан өөрийн төрсөн дүү А.Аэд хоёр машинаа итгэмжлэн хариуцуулсан. Миний итгэмжлэн шилжүүлсэн уг хөрөнгүүдийг П.Бад шилжүүлж ашиг сонирхолд харш үйлдэл явуулж, улмаар П.Б, А.А нар үндэслэлгүй хөрөнгөжих замаар шилжүүлж авсан хоёр машин, улмаар хөлсөөр ажиллах үүргээ зөрчиж надад шилжүүлбэл зохих орлогоос А.А 176 522 400 төгрөгийг завшсан. Хариуцагч П.Б нь 83-86 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашины нэхэмжлэлийг гардан авсныхаа 2 хоногийн дараа шүүхэд мэдэгдэлгүйгээр бусдад өмчлөлийг зориуд шилжүүлсэн. Улмаар өнөөдрийн байдлаар өмчлөлийг удаа дараа хэд хэдэн хүнд шилжүүлэн одоо Жавхлантөгс гэх хүний өмчлөлд байгаа нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу 83-86 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашиныг П.Бын хууль бус эзэмшил, ашиглалтаас гаргуулах, хэрэв хангаж шийдвэрлэх тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал хариуцагч П.Баас шалтгаалан үүссэн тул 83-86 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашиныг хариуцагч П.Бын хууль бус эзэмшил, ашиглалтаас гаргуулах шаардлагыг өөрчлөн 83-86 УНБ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн автомашины үнэ 80 000 000 төгрөгийг П.Баас гаргуулах шаардлага гаргаж байна. Мөн нэхэмжлэлийн нэг шаардлага болох 43-52 УНО улсын дугаартай Хово маркийн автомашиныг Алтансүхийн хууль бус эзэмшил ашиглалтаас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч хариуцагч Алтансүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Шүүхэд мэдэгдэлгүй, худал хэлж маргааны зүйл болох автомашиныг бусдад Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлийг шилжүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 474 дугаар лавлагаагаар тогтоогдсон. Маргааны зүйл болох 4352 УНО улсын дугаартай Хово маркийн автомашин Г.Нын өмчлөлд шилжсэн нь баримтаар тогтоогдож, Автотээврийн үндэсний төвийг лавлагаагаар хэлцлийн үндсэн дээр өмчлөл шилжсэн гэж тодорхойлсон байна. Иймд маргааны зүйлийг бултуулах зорилготойгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хэлцэл хийж, өмчлөлийг шилжүүлсэн байх тул 4352 УНО улсын дугаартай Хово маркийн автомашины А.Аээс Нармандах руу өмчлөл шилжсэн гэх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.2- т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэлгэрнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Н нь Хаан болон Төрийн банкнаас их хэмжээний зээл авч, 2011, 2012 онд Эрээн хотоос 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO маркийн автомашинуудыг цоо шинээр нь худалдан авч, хууль журмын дагуу өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Хавтаст хэрэгт А.Нгийн өмч хөрөнгө гэдэг нь хил гааль татвар, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдсон. А.Н 2 автомашинаа шинээр оруулж ирээд банканд барьцаалсан тул машинаа хураалгах эрсдэлээс болгоомжлон 2014 онд банканд 30 000 000 төгрөгийн төлөлт дутуу төлөлттэй байх үед өөрийн дүү А.Аэд итгэж, түр хугацаагаар гэж тохиролцон А.Аийн нэр дээр 2 машинаа шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ ямар нэгэн зээлийн барьцаанд тавиагүй. А.Аэд энэ 2 машиныг огт худалдаагүй. А.Аээс нэг ч төгрөг аваагүй, машины үнэ шилжиж ороогүй. Энэ нь А.Аийн дансны хуулгаар нотлогдоно. А.Н 70 000 000 төгрөгийг, банкны зээлээ төлөхөөр П.Баас авсан. 2013 онд П.Б нь 50 000 000 төгрөг, 2014 онд 20 000 000 төгрөгийг А.Нгийн дансанд шилжүүлсэн. Анхнаасаа П.Бад тээврийн орлогоос төлнө гэж тохирсон учир буцаагаад тээврийн орлогоос төлж байсан. Тээврийн орлогоос А.Аийн 164 400 000 төгрөгийг завшсан. Анхны тооцоог А.Н, А.А нарыг тээвэрт явуулдаг байсан компани нь бодож өгсөн. Харин шүүх шинжээчийн дүгнэлтээр тооцоог үндэслэлтэй хэмээн дүгнэсэн байна. Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. 2 машин А.Нгийн өмчлөлд байхад тээврийн орлогоос П.Бын Хаан банкны данс руу зээл төлөлт гэж н.Базарсадаас 10 000 000 төгрөг, А.Аийн дансаар оруулсан А.Нгийн орлогоос 18 900 000 төгрөг шилжсэн. А.Нгийн нэр дээр автомашин байх үед 28 900 000 төгрөгийг төлж үлдэгдэл 41 100 000 төгрөг болсон. н.Базарсадаас шилжүүлсэн 24 000 000 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг гэрч н.Энхболор батлан мэдүүлсэн байдаг. П.Бын 5003626007 гэх данс руу зээл төлөлт гэж н.Базарсадаас 14 000 000 төгрөг орсон. н.Базарсадаас А.Нд очих орлогыг авахгүйгээр шууд П.Бад өгсөн. А.Аийн дансаар дамжсан энэ орлогоос А.А нь 9 500 000 төгрөг төлсөн. Зээлийн барьцаанд 2 машинаа өгөөгүй учир н.Базарсадаас мөнгө шилжиж байгаа нь харагдаж байна, А.Аийн данснаас ч тээврийн орлого шилжиж байна. А.А, П.Б нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ, өр авлага байдаггүй. Мөн 2 машин П.Бын нэр дээр байхад 43-52 УНО дугаартай машиныг жолоодож ашиглаад, ашиг орлогоо олсоор байж П.Бын дээрх данс руу А.Аийн данснаас дамжсан тээврийн орлогоос 5 500 000 төгрөг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 12 100 000 төгрөг болсон. Шүүхээс нэхэмжлэл гардан авмагцаа П.Б нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүргэн н.Батбаатарын нэр дээр худалдах, худалдан авах гэрээгүйгээр 83-86 дугаартай машиныг шилжүүлсэн мөртлөө уг машиныг түрээслэн 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөгийг 83-86 УНБ машины түрээсийн төлбөр гэх гүйлгээний утгатайгаар оруулсан. Үүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан холбогдуулаад хасахаар П.Бад төлөх төлбөрөөс 10 100 000 төгрөг үлдсэн гэдэг нь шүүхэд цугларсан нотлох баримтаас нотлогдож байна. 2 машины тээврийн орлогоос нийт 59 900 000 төгрөгийн төлөлт П.Бад орсон гэж үзэж байна. Анхнаасаа А.Н энэ Сангийн яамны эрх бүхий хуулийн этгээд болох Арвижих үнэлгээ ХХК-иар 2 машиныг үнэлүүлэхэд А.Нгаас А.Аийн нэр дээр шилжих үед 83-86 УНБ дугаартай машин дунджаар 80 000 000 төгрөг, 43-52 дугаартай машин 60 000 000 төгрөгийн ханштай байсан. Иймд 41 000 000 төгрөгийг 130 000 000 төгрөгийн үнэ бүхий ямар ч эвдрэл хэмхлэлгүй 2 машинаар А.Аээр дамжуулан төлнө гэх зарчим байхгүй. П.Б нь А.Нгийн 83-86 УНБ дугаартай машиныг зориудаар шамшигдуулсан учир машины үнэ 80 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт цугларсан нотлох баримтаас харахад нь П.Бад 57 900 000 төгрөг төлсөн нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

            Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Нгийн нэхэмжлэлтэй П.Б, А.А нарт холбогдох, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 83-86 УНБ улсын дугаартай Синотрак маркийн автомашин болон 43-52 УНО улсын дугаартай Хово маркийн автомашиныг тус тус өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. А.Н нь П.Баас 70 000 000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд зээлийн үлдэгдэл төлбөртөө дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр П.Баяртбат нь иргэний үнэмлэхгүй явж байсан тул миний нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Маргаан бүхий 2 машины өмчлөлийг дараа нь П.Бын өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэл шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч А.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн эхний шаардлага болох 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бус байсан гэдгээс бүх нөхцөл байдал шалтгаалж байна. Зээлийн үлдэгдэл төлбөртөө 2 машинаа шилжүүлсэн асуудал байдаг. Автомашин шилжүүлэх анкетыг П.Б бөглөх ямар ч шаардлагагүй. А.А дур мэдэн шилжүүлсэн асуудал биш юм. Тухайн үед өөрөө автомашины эзэмшил дээрх нэрийг шилжүүлнэ гэдэг нь П.Бад өртэй гэдэг нь тодорхой, А.А, А.Н хоёрын хооронд ямар ч өр төлбөрийн асуудал үүсээгүй гэдэг нь тодорхой байгаа. П.Бын нэр дээр машиныг шилжүүлж, цаашид захиран зарцуулах эрх нь миний мэдлээс гарсан гэдгийг бүрэн ойлгоод хэлцэл хийсэн. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бус биш бол түүнээс хойш шилжүүлсэн бусдад шилжүүлж өгч авсан бусад асуудал шүүхэд яригдах боломжгүй гэж үзэж байна. Тооцоог харвал дандаа машин шилжүүлснээс хойш 2015-2019 он хүртэл бүх орлогыг гаргасан тооцоо байна. 2014 онд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байсан эсэх, ямар нэгэн байдлаар дарамт шахалтад орсон, эсхүл ямар нэгэн байдлаар найдаж хэлцэл хийсэн нь ойлгомжгүй, эсхүл Хаан банкнаас машиныг авах гээд байсан учир дүүдээ шилжүүлсэн гэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тайлбарладаг. Дүр үзүүлсэн гэх ямар ч үндэслэл байдаггүй. Иргэний хуульд зааснаар талууд харилцан тохиролцон хүсэл сонирхлоо илэрхийлж байгуулсан учир хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй байна. А.Аээс 164 400 000 төгрөг нэхэмжилж байна. А.Аийн дансаар орсон мөнгийг бодоод гаргасан байтал аудитаас бусад тээврийн жолоочийн мөнгө гээд мөнгөө хассан, мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн гэж ярьж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй учир бид дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээ нь бодитой, үндэслэлтэй, хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна гэж заасан байдаг. Анхан шатны баримтад үндэслэж, ийм зарлага гарсан,үлдсэн орлого ийм гэдэг байдлаар гаргаж ирсэн бол үндэслэлтэй гэж үзэхээр байгаа. Гэтэл дансаар орсон мөнгийг орлого гэж үзэж байна. Мөн машин нь эвдэрдэггүй, доголдол гаргаж, бензин иддэггүй мэт ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй үнэлэх шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтээр анхан шатны баримтуудыг үнэлээгүй учир бодит бус гарсан байна. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хэлцэл хүчин төгөлдөр болсноос хойш асуудал нь дараагийн асуудал болно. Хүсэл сонирхлоо илэрхийлж хэлцэл хийхээс өмнө нь өглөг, авлагын асуудал илэрхийлсэн учир түүнээс хойших асуудал хамааралгүй юм. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойших тооцоо мөн шинжээчийн дүгнэлтэд орсон. А.А хөлсөөр ажилладаг байсан гэж тайлбарлаж байна. Хоёулаа нэг нэгээр нь машинаа унаж, машинуудын зээлийн төлбөрийг төлсөн байна. Тэр бүх зардлыг А.А өөрийн унаж байсан машиныг тээвэрт явж олсон ашиг орлогоос өгч байсан гэдгээ хэлдэг. Энэ хугацаанд тухайн машин анх байсан байдлаасаа элэгдэн, эвдрэл гэмтэл гарна. 60 000 000 орчим төгрөгийн машиныг 20 000 000 төгрөг, 30 000 000 төгрөгөөр худалдаж авлаа гэж тайлбарлаж байна. Бодит байдалд ийм нөхцөл байдал байгаагүй. 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 41 100 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар маргахгүй байна. Машин шилжүүлснээс хойш, өмнө гэж ялгаж ярьж байна. Шилжүүлснээс хойш н.Базарсад гэх хүн 16 000 000 төгрөг хийсэн. Яагаад ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй. Машины төлбөрт гэж тайлбарласан. Гэхдээ энэ мөнгийг буцаан авах эрх нь нээлттэй. П.Б нь хүүний мөнгө байсан, 70 000 000 төгрөгийн хүү гэж тайлбарладаг. П.Бын өмчлөлд 2 машин шилжсэн, үүнээс хойших асуудал нь П.Б, А.А нарын хоорондын мөнгөний асуудал байгаа. Энэ маргаанд хамааралгүй гэдэг нь харагдаж байна. 43-52 дугаартай машин нь анхнаасаа А.Аийн эзэмшилд байсан. А.А өөрөө эзэмшиж байсан. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Аэд шилжүүлсэн. П.Б А.Аэд мөнгө зээлүүлсэн, үүргийн гүйцэтгэлд машиныг шилжүүлсэн нөхцөл байдал байгаа. А.Нд ямар ч хамааралгүй байсан. 164 000 000 төгрөг нэхэмжилж байгаатай холбоотойгоор хугацааны хувьд 2 хувааж авч үзэх үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлт бүрэн бодитой хийгдсэн нөхцөл байдал байхгүй учир процессын хувьд ямар нэгэн байдлаар А.Нгийн өмнө хариуцлага хүлээсэн зүйл харагдахгүй байна. Хэний хооронд үүрэг үүсч байна түүний дагуу шаардах эрх хэрэгжинэ. Хөлсөөр ажиллуулж байсан гээд үүний дагуу шаардаж байгаа бол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, миний хөрөнгөөр хөрөнгөжлөө гэж байна. Гэтэл хууль журмын дагуу бусдад шилжүүлсэн хөрөнгийг өмчлөгч өөрөө А.Аэд өгч, машинаа унаж, ашиг орлого ол гэсний үндсэнд 33-52 дугаартай машиныг эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд 164 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж боломжгүй байна. 33-52 дугаартай HOWO маркын автомашиныг Г.Нт өмчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох гэх шаардлага гаргасан учир Г.Ныг хамтран хариуцагчаар татсан байна. Машины гэрчилгээн дээр нэр шилжиж байгаа асуудал нь нь өмчлөх эрх шилжиж байгаа асуудал биш юм. Замын хөдөлгөөнд оролцогчдыг үүрэгжүүлж байгаа, осол зөрчил гаргавал хариуцах этгээдтэй болгож байгаа асуудал юм. Г.Нын нэр дээр гэрчилгээг шилжүүлж байгаа нь өөрсдийн хоорондын гэрээний төлбөрт баталгаа гаргах үндэслэлээр шилжүүлж байгаа асуудал юм. Түүний дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор буцаагаад А.Аээс машиныг гаргуулах зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх 3 шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Н нь надаас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 70 000 000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд удаа дараа худал хэлж, нэлээдгүй хугацаа өнгөрсний эцэст маргаан бүхий дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би иргэний үнэмлэхгүй явж байсан тул өөрийн дүү А.Аийн нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Тухайн үед сайн дураараа, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцсон асуудлыг 3 жилийн дараа гэнэт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий 2 машины өмчлөл нэг нь иргэн А.Аийн нэр дээр, нөгөө нь гуравдагч этгээдэд зарагдсан байгаа тул нэхэмжлэгч А.Нгийн өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байхаас гадна өмч хууль ёсны дагуу өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Баярбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бад холбогдох 80 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагад тайлбар хэлье. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа үйлдлийн хувьд нэхэмжлэгч нь машинаа шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр шилжүүлсэн байдаг. 41 100 000 төгрөгийн өр төлбөрт 2 машиныг шилжүүлэхдээ, А.Аийн нэр дээр шилжүүлэхийг А.Н, П.Б нар зөвшөөрсөн. А.Н гарын үсгээ зурсан, иргэний үнэмлэх байхгүй байсан учир А.Аийн нэр дээр шилжүүлсэн дээр талууд маргадаггүй. Энэ шаардлагыг ямар нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь тодорхой бус байна. А.Аээс төлсөн төлбөр нь А.Нгийн өрийг төлж байгаа гэдэг тайлбар нотлогдохгүй байна гэж үзэж байна. А.Аээс шилжүүлж авсан машиныг цааш нь шилжүүлсэн. Энэ тохиолдолд А.Аээс П.Бад шилжүүлж байгаа учир П.Б шударга эзэмшигч юм. Мөн П.Баас нэхэмжилж байгаа 80 000 000 төгрөгөө юунд үндэслэн нэхэмжилж байгаа вэ гэдгээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой. Иймд П.Бад холбогдох 80 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Н миний бие иргэн А.Аээс 5 000 000 орчим төгрөгийн авлагатай. Энэ мөнгө төгрөгийг өгөхгүй болохоор аман хэлцлээр 43-52 дугаартай HOWO маркийн автомашин машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг машиныг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигин овогт Алтанхундагын Алтансүхээс 45 996 928 төгрөг, хариуцагч Улаан ганин овогт Пүрэвийн Баярбатаас 60 000 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Боржигин овогт Алтанхундагын Нямдаваад олгож, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч Боржигин овогт Алтанхундагын Нямдаваад шилжүүлж, нэхэмжлэлээс А.Аэд холбогдох 118 403 072 төгрөгийн, П.Бад холбогдох 20 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 266 262 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 687 935 төгрөг, хариуцагч П.Баас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Нд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Туул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар А.Н нь П.Бад төлөх зээлийн төлбөрт 41 100 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдсон гэж зөв дүгнэсэн атлаа А.Аэд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж хуулийн дагуу хийгдээгүй зөвхөн хэлцлийн гадаад илрэлийг бий болгох зорилгоор эд хөрөнгийн улсын бүртгэлийг өөрчилсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2,56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн дээрх заалтуудыг баримталж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд чухам аль нь харшилсан эсхүл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж чухам хэнийг илэрхийлж шүүх дүгнээд байгаа мөн энэхүү хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцлийн ямар шинжийг агуулаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд нотлогдохгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна. Мөн 83-86 УНБ улсын дугаартай автомашиныг П.Б өмчлөх эрхгүй гэж дүгнэсэн бөгөөд өмчлөх эрхийг талуудыг хүсэлтээр нэхэмжлэгч машинаа шилжүүлэх хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлсэн улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Улмаар шүүх автомашины үнэлгээний талаар маргаагүй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн байхаас гадна авто тээврийн үндэсний төвийн нэр өөрчлөгдөхийг өмчлөх эрх шилжсэн гэж дүгнэсэн мөртлөө хууль ёсны өмчлөгч биш гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар болон өөрийнх нь тайлбараар 2 автомашиныг шилжүүлэн авах тохиролцоо хийсэн гэх хугацаанаас хойш зээлийн төлбөрт 14 000 000 төгрөг хүлээж авснаар 41 100 000 төгрөгийн төлбөрт 2 автомашиныг шилжүүлсэн авсан гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэсэн нь үндэслэл муутай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож хариуцагч П.Бад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар А.Н нь П.Бад төлөх зээлийн төлбөрт 41 100 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдсон гэж зөв дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан баримтаар болон өөрийнх нь тайлбараар 2 автомашиныг шилжүүлэн авах тохиролцоо хийсэн гэх хугацаанаас хойш зээлийн төлбөрт 14 000 000 төгрөг хүлээж авснаар 41 100 000 төгрөгийн төлбөрт 2 автомашиныг шилжүүлсэн авсан гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэсэн нь үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч А.Н нь маргаан бүхий 8386 УНБ, 4352УНО улсын дугаартай автомашинуудыг шилжүүлэхдээ Иргэний хуулийн 39.1, 40.1, 236.1.2, 198 дүгээр зүйлд зааснаар хэлцлээс үүсэх үр дагаврыг ойлгож, хүсэл зоригоо ямар нэгэн өөр утгагүйгээр илэрхийлж шилжүүлсэн. Тухайн 2 автомашины улсын бүртгэлийг эзэмшигчийг өөрчлөхөд П.Б байсан талаар А.Н нь маргадаггүй бөгөөд П.Б нь төлөөлөгч А.Аээр дамжуулан хэлцэл хийх эрх нээлттэй байна. Иймээс А.Аийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тусгайлан шаардлага байгаа гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Талууд үүргийн гүйцэтгэлийг өөр үүргээр хангуулахаар харилцан тохиролцсоны дараа нэхэмжлэгч 14 000 000 төгрөг төлснийг хариуцагчийн зүгээс 70 000 000 төгрөг ашигласны төлбөр гэж хүлээж авснаас бус зээлийн төлбөрт тооцоогүй юм. Энэ нь өмнөх үүргийг гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр хангасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш юм. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий 2 автомашиныг өмчлөх А.Нгийн өмчлөх эрх дуусгавар болж, П.Бад төлөөлөгч А.Аптансүхээр дамжин хэлцлийн үндсэн дээр шилжсэн байна. Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзээд, тэрхүү үзсэнээ бичгээр байгуулаагүй учир хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэжээ. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үлдэгдэл төлбөр төлүүлэхээр харилцан тохиролцоогүй байхад шүүх талуудын хүсэл зориг тайлбарлах нь талуудын зарчмыг зөрчиж байна. Мөн өмнөх дүгнэлтээрээ А.Нгийн 2 автомашины өмчлөх эрх дуусгавар болоогүй байна гэж дүгнэснээ фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл шилжүүлсэн гэсэн нь ойлгомжгүй байна. Улмаар шүүх автомашины үнэлгээний талаар маргаагүй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн байхаас гадна авто тээврийн үндэсний төвийн нэр өөрчлөгдөхийг өмчлөх эрх шилжсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Авто тээврийн үндэсний төвийн эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдөж байгаа нь тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж, хариуцлага хүлээлгэх этгээдийг тодорхойлж байгаагаас бус өмчлөх эрхийг хөндөхгүй юм. Анхан шатны шүүх 2011 оноос 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны орлогоос авч байгаагүй болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж зөв дүгнэсэн атлаа 45 996 928 төгрөгийг А.Аптансүхээс гаргуулах гэсэн нь үндэслэл муутай байна. Иймд А.Аээс гаргуулах 45 996 928 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гомдлыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх SINOTRUCK ZZ3257 маркийн автомашиныг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар талуудыг мэтгэлцүүлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлэлт дүгнэлт өгсөн атлаа тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул уг үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч А.А, П.Б, Г.Н нарт холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашин А.Аээс Г.Нын өмчлөлд шилжсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, А.Аээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 164 400 000 төгрөг гаргуулах, П.Баас 83-86 УНБ улсын дугаартай улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнэ 80 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ. /1хх.1-2, 31-32/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би маргааны зүйл болж буй хоёр автомашиныг худалдаж авсан, дүү А.А 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 43-52 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажилласан. Хариуцагч П.Баас 70 000 000 төгрөг зээлсэн. А.А П.Б нар үгсэн тохиролцож миний хоёр автомашиныг түүний нэр дээр болон бусдын нэр дээр шилжүүлсэн байна” гэж тайлбарласан байна.

Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 156 тоот лавлагаагаар 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашин, 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин А.Нгийн нэр дээр тус тус импортоор орж ирэн түүний нэр дээр бүртгэгдсэн, тухайн хоёр автомашины өмчлөгч нь А.Н болох нь тогтоогджээ. /1хх.15-17/

 Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч П.Баас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 70 000 000 төгрөг зээлж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болон зээлсэн мөнгөний үнийн дүнгийн асуудлаар зохигчдын хэн аль маргаагүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны дансны хуулгаас үзэхэд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл А.Аээс П.Бын дансанд зээлийн төлбөрт 18 900 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ц.Базарсадаас П.Бад 10 000 000 төгрөг нийт 28 900 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, хариуцагч П.Б дээрх мөнгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй,  анхан шатны шүүх 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар А.Н нь П.Бад зээлийн төлбөрт 41 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна гэж дүгнэжээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын тайлбар, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалттай нийцсэн байна.

Хариуцагч П.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч А.Н 41 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт өөрийн 2 автомашиныг шилжүүлсэн, тухайн үед хоёр автомашиныг А.Аийн нэр дээр шилжүүлэхийг хэн аль нь зөвшөөрсөн, автомашины үнэд 80 000 000 төгрөг нэхэмжилж  байгааг зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргажээ. /1хх.32/

Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанаас үзэхэд 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр импортоор орж ирэн А.Нгийн нэр дээр, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.Аийн, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр П.Б, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ш.Батбаатар, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Л.Лхагва-Очир, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр З.Жавхлантөгсийн нэр дээр тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх.51-55/

 Хариуцагч П.Б 83-86 УНБ улсын дугаартай улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашиныг зээлийн төлбөртөө  шилжүүлэн авсан гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, 2015 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр А.Нгийн зээлийн гэрээний үүрэгт Ц.Базарсадаас 14 000 000 төгрөгийг шилжүүлэн авсны дараа дээрх автомашины эзэмшлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр П.Бын дээр шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд зээлийн гэрээний үүрэгт автомашиныг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1хх.18-19/ Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Нгийн өмчлөх эрх дуусгавар болоогүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан бөгөөд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...А.Нг зээлийн төлбөрөө төлж дуусгах хугацаанд автомашинуудын бүртгэлийг өөрчилж хариуцагч А.Аийн нэр дээр  шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргасан, анхан шатны шүүх зохигчдын хооронд автомашины бүртгэлийг шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Учир нь, дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх , үүргийг хүлээх хүсэл, зориг эрмэлзэлгүй байдаг бөгөөд хэрэг дээрээ хуульзүйн ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсдэггүй болно. Талууд дүр үзүүлсэн хэлцэл хийсэн үйлдэл нь зохигчид зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ төлж дуусах хүртэл автомашины бүртгэлийг хариуцагч А.Аийн нэр дээр шилжүүлж байгаа үйл баримтаар тогтоогдож байна гэж үзнэ.

Хариуцагч П.Б Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт автомашиныг шилжүүлэн авсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч П.Б нь зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч А.Нгаас шаардаагүй, талууд зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр солихоор тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Б нэхэмжлэгч А.Нд 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашины үнийг төлөх үүрэгтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан заалтыг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалттай харьцуулан дүгнэх, Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч хуульд заасан  эрхээ хэрэгжүүлэхэд маргааны зүйл болж буй автомашин эзэмшигчийн эрх шилжсэн байдал нь саад болохгүй юм.

Харин хариуцагч А.Аээс П.Бын нэр дээр шилжин бүртгэгдсэн 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин өөр хүнд дамжин худалдагдсан байх тул тухайн автомашины шилжсэн үеийн үнийг “Арвижих үнэлгээ” ХХК-ийн үнэлгээг үндэслэн 60 000 000 төгрөгөөр тооцож, хариуцагч П.Баас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан заалттай нийцжээ.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашин 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр импортоор орж ирсэн, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А.Нгийн нэр дээр, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.Аийн, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр П.Бын, 2017 оны 2дугааросарын 2-ны өдөр А.Аийн, 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Хас банк ХХК-ийн, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А.А, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Г.Нын нэр дээр шилжин бүртгэгдсэн байна. /1хх.51-55/

Хариуцагч А.А  Г.Н нарын хооронд хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч Г.Н 43-52 улсын дугаартай HOWO маркийн автомашиныг 5 00 000 орчим төгрөгийн авлагад өөрийн нэр дээр шилжүүлж авсан, автомашиныг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн тайлбар гаргасан, хариуцагч А.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр автомашиныг Г.Нын нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт уг асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь зөрчилтэй болсон байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч А.Аээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 164 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2011 оноос 2012 оны 3 дугаар сар, 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 43-52 УНО улсын дугаартай автомашинаар тээвэрлэлт хийсэн орлого, 2012 оны 3 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх 2 машинаас олсон орлого гэж тодорхойлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/08352 дугаар шүүгчийн захирамжаар “Чадварлаг аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /4хх.47-49/

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон зардлыг харьцуулан тооцож хариуцагчаас 45 996 928 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан заалттай нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн маргааны зүйл болж буй хоёр автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь бусад шаардлагын үндэслэл байх тул уг шаардлагыг тусдаа бие даасан шаардлага гэж үзэхгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хариуцагч П.Б, А.А нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй заалдах шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Б.Нармандахаас 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг гаргуулж А.Нд олгосугай” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч А.Аийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн төлсөн 687 935 төгрөг, хариуцагч П.Бын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Туулын төлсөн 457 950 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО