Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 470

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сүхболд,

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ог холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708007830088 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 2 дугаар гудамж, 41 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Оын О, /РД:.../.

О.О нь 2017 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар гудамжинд Н.Бийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Б нэг эмэгтэй хүнтэй муудалцаад явж байсан. Намайг дуудсан. Би түлхэж унагаагаад явсан. Гудамжиндаа орж явтал гартаа юм бариад ирэх шиг болохоор нь би цохисон. Хүүхэд нь гараад ирэхээр намайг цохисон. Тэгээд цохилцсон” гэв.

Эрүүгийн 1708007830088 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Бийн: “...2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр манай найз “гадаадаас ирчихлээ” гэхээр нь очиж нэг шил виски хувааж уучихаад хүүхдээр хүргүүлээд 112-ийн автобусны буудал дээр буугаад харих гээд явж байтал 00 цагийн орчим “...” дэлгүүрийн үүдэнд байсан хоёр танихгүй залуугаас гал асуусан чинь намайг хэл амаар доромжлон нийлж зодоод, би босч зугтаагаад гэрийнхээ хаалган дээр ирсэн чинь дахиж намайг барьж аваад миний хүүгийн дэргэд намайг дахин зодсон. Манай хүү жоохон болохоор салгаж дийлээгүй гэр лүүгээ гүйж ороод цагдаа дуудаад өгөөд явуулсан. Би тэр хоёр залууг танихгүй. Манай хүүхдүүд л “Очироо ахаа” гээд орилоод байсан, манай тэр хавийн залуучууд гэж байсан. Миний хавирга хугарсан, нэг хиймэл араа байхгүй, нэг арааны тал хугарсан, үүдэн шүд хугарсан, бөөр өвдөөд маш зовиуртай байна...

...О гэх залуугаас /сүүлд нэрийг нь мэдсэн/  “гал байна уу, тамхи асаах гэсэн юм” гэхэд тэр залуу “гал гаргадаггүй өдөр” гэснээс болж бид хоёр маргалдсан. Би тэр залууг орхиод өнгөрөөд явж байхад нөгөө залуу араас ирээд миний цамцнаас зуураад боож унагаад, толгой түрүүгүй нүдсэн. Гар хөлөөрөө цохиод байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Би босоод зугтаад холгүй байсан хашааныхаа үүдэнд ирээд хаалгаа нүдэж байхад О араас ирээд намайг жийж унагаасан. Намайг унасан хойно Огийн хөлнөөс зуурч байхад манай хүү Маргад-Эрдэнэ гарч ирээд Отэй зууралдаж байх хооронд би цагдаа дуудсан. Миний биед учирсан гэмтлүүдийг О учруулсан. Би тархины зураг авхуулсан, эмчилгээнд нийт 400.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Хохирлоо авчихвал гомдол санал гэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-4-5, хх-16-17/

Гэрч Б.Маргад-Эрдэний: “Б бол миний аав. Аавтай зодолдсон Ог танина. 2017 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим байх гэртээ байхад хашааны өмнө хүмүүс орилолдоод байгаа чимээ гараад байсан. Удаагүй хаалга нүдэхээр нь би гарсан. Тухайн үед хашааны гадна манай аав Б болон О хоёр халамцуу байдалтай сууж байсан. О ахыг таньдаг болохоор “сайн уу” гээд мэндлэхэд О ах “би танай аавыг чинь ийм болгосон” гэж хэлсэн. Аав руу дөхөөд харахад хамраас цус гарсан, нүүрнийх нь зүүн хэсэг хавдсан юм шиг харагдсан. “Та яаж байгаа юм” гэхэд О ах “чи ямар том болсон юм” гээд над руу уурлаад босоод ирэхэд аав Б бидний дундуур ороод О ахыг түлхэхэд О ах эргүүлээд аавын нүүр лүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн. ...Харин аав бид хоёр гэрт ороход аавын нүүр ам хавдсан, хөмсөг нь сэтэрсэн харагдсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.08.04-ний өдрийн 9966 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Н.Б-н биед тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн, дээд 1-р шүдний хазах гадаргуугийн эмтрэл, дээд уруулын салстад язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна хэсгийн зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цагт үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-11/,

Огийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр найзын төрсөн өдөр болоод бид нар 7, 8-уулаа 0.75 литрийн нэг шил архи, 2 литрийн пиво 2 ширхэгийг хувааж уусан. 2017 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчимд гараад харихаар ганцаараа 127 дугаар цэцэрлэгийн ард байдаг “...” дэлгүүр өнгөрөөд явж байхад 40-50 орчим насны халамцуу ах нэг эмэгтэйтэй муудалцаад зогсож байсан. Тухайн үед би тэд нарын хажуугаар өнгөрөх үед дээрх ах намайг “хөөе” гээд дуудахаар нь би зогссон. Тэгсэн чинь тэр ах “чи хэн бэ, хүн танихгүй” гээд над руу агсраад байхаар нь би тэр хүнийг “зүгээр байгаарай” гэж хэлээд цээж рүү нь түлхэж унагачихаад алхаад холдоогүй байхад нөгөө ах дахин араас “хөөе” гээд ганцаараа гартаа юм бариад ирж байгаа юм шиг харагдсан. Тэр хүн намайг гүйцээд ирэхээр нь би эргэж хараад нүүр рүү гараараа нэг удаа цохиход тэр хүн унаад өгсөн. Тэр хүн босож ирээд “чи ахыгаа арай дэндүүлчихлээ” гэхээр нь би “нээрээ дэмий цохьлоо” гэж бодоод тэр хүнийг босоход нь туслаад дөхүүлээд өгчихье гэж бодоод хамт тэдний гэрийнх нь гадаа ирсэн. Би тэр ахаас уучлалт гуйгаад “дүүгээ уучлаарай, та дүүгээ цохих юм уу” гэхэд тэр ах “чи намайг цохьсон” гэж хэлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би түүнийг зөрүүлээд гараараа нүүр, цээж рүү 3-4 удаа байх цохьсон. Ингээд удаагүй цагдаа нар ирээд намайг авч явсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-33-34/,

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, гэрч Б.Зорголмаагийн мэдүүлэг /хх-20-22/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч О.Огийн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч О.О нь 2017 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 5 дугаар гудамжинд  иргэн Н.Бийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Бийн “...О гэх залуугаас /сүүлд нэрийг нь мэдсэн/  “гал байна уу, тамхи асаах гэсэн юм” гэхэд тэр залуу “гал гаргадаггүй өдөр” гэснээс болж бид хоёр маргалдсан. Би тэр залууг орхиод өнгөрөөд явж байхад нөгөө залуу араас ирээд миний цамцнаас зуураад боож унагаад толгой түрүүгүй нүдсэн. Гар хөлөөрөө цохиод байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Би босоод зугтаад холгүй байсан хашааныхаа үүдэнд ирээд хаалгаа нүдэж байхад О араас ирээд намайг жийж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-4-5, хх-16-17/, гэрч Б.Маргад-Эрдэний “...О ахыг таньдаг болохоор “сайн уу” гээд мэндлэхэд О ах “би танай аавыг чинь ийм болгосон” гэж хэлсэн. Аав руу дөхөөд харахад хамраас цус гарсан, нүүрнийх нь зүүн хэсэг хавдсан юм шиг харагдсан. “Та яаж байгаа юм” гэхэд О ах “чи ямар том болсон юм” гээд над руу уурлаад босоод ирэхэд аав Б бидний дундуур ороод О ахыг түлхэхэд О ах эргүүлээд аавын нүүр лүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-23-24/, Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.08.04-ний өдрийн 9966 дугаар шинжилгээний дүгнэлт /хх-11/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг /хохирол төлөөгүй/ харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч тэрээр гэм хорын хохиролд 400000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн төлбөртэй холбогдуулан нотлох баримт гаргаж гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Оын Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ог 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                       Л.БААТАР