Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/Ш32019/01271 дугаар захирамжаар Б.М-оос 107 856 610 төгрөгийг гаргуулж, “Манго капитал ББСБ” ХХК-д олгож, төлбөр төлөгч сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан улмаар эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан. Энэ орон сууц нь миний эцэг, эхийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө тул 450 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч нь хүлээн зөвшөөрөөгүй тул “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн ба 103 806 500 төгрөгөөр үнэлсэн нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч нарын хууль ёсны эрхэд шууд хохирол учруулж төлбөр төлөх нөхцөл боломжийг хясан боогдуулсан үйлдэл болсон. Учир нь үнэлгээний байгууллага Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж, тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж, тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн тайлангаас үзэхэд холбогдох хуулиар тогтоосон дүрэм журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн. 2018 оны байдлаарх судалгааг үндэслэн индексжүүлж үнэлгээ хийсэн. Орон сууцны гэрчилгээн дээр байгаа талбай буюу 50 м.кв хэмжээгээр тооцсон, гэтэл бодит байдалд уг орон сууц нь 80 м.кв талбайтай, энэ хэмжээгээр үнэлбэл 60 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар ажлын 3 өдөрт үнэлгээг талуудад мэдэгдэх ёстой. Гэтэл 2019 оны12 дугаар сарын 25-нд мэдэгдсэн нь хууль зөрчсөн, мэдэгдлээр үнэлгээг танилцуулж санал авсан зүйл байхгүй. Иймд үнэлгээг үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 тоот шийдвэрээр Б.М-оос 107 871 610 төгрөгийг гаргуулж “Манго капитал БСББ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр шинжээчээр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК буюу түүний итгэмжпэгдсэн үнэлгээчинг томилоход 103 806 500 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийн үнэлэгдсэн үнэ 103 806 500 төгрөгийн 70 хувь буюу 72 664 550 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болж, энэ тухай талуудад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны 03 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай орон сууц нь зочны 1, унтлагын 2, ажлын 1, гэсэн 4 өрөөтэй. Тухайн орон сууцны гал тогоо, банны өрөө, ариун цэврийн өрөө, коридор, агуулахын өрөөнүүдийн талбай нь тусдаа 30 м.кв бөгөөд гэрчилгээнд уг талбайн хэмжээ ороогүй болно. Манай байр шиг 4 өрөө нь тусдаа 80 м.кв талбай бүхий угсармал орон сууц маш ховор байдаг. Тус байрны гадна зам, талбайг иж бүрэн бетон болон асфальтан зам тавьж 2019 онд бүрэн тохижуулж амьдрах орчин нөхцөлийг дээд зэргээр сайжруулсан. Энэхүү орон сууцыг бид олон жилийн нөр их хөдөлмөрийн дүнд бий болгосон учраас 480 000 000 төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/26670 тоот мэдэгдлээр мэдэгдсэн 103 806 500 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгуулах саналтай байна. Б.М- нь 2017 оны 5 дугаар сард “Манго капитал ББСБ” ХХК-иас зээл авч, уг зээлтэй холбоотойгоор сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. Энэ үед тухайн байрны өмчлөгч буюу гуравдагч этгээд болох бид хоёрт огт мэдэгдээгүй ба бидний хоорондын итгэмжлэлийн хугацаа ч дууссан байсан юм. Дээрх үндэслэлээр шүүгчийн захирамж, шүүгчийн захирамжийн дагуу хэрэгжүүлж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлдээ хууль бус гэж үзэж байгаа тул уг ажиллагааны дагуу үнэлсэн үнэлгээ мөн адил хүчингүй болох ёстой. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Н-т холбогдох, тус газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29664 тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29664 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бөгөөд уг мэдэгдлээр Н.Батбаатар, Н.Намчин нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 196-р байрны 3 тоот орон сууцыг “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь 103 806 500 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн юм. “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-иас Н-т хүргүүлсэн хөрөнгийн үнэлгээний талаарх албан бичигт “тус байгууллага нь дээрх хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 103 806 500 төгрөг болохыг тодорхойлсон бөгөөд мөн өдөр мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг үнэлгээчнээр томилсон байна. Гэтэл үнэлгээний компани нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэргэшсэн үнэлээгээчинг томилсон атлаа мөн өдөр үнэлгээний талаарх тайлан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй бөгөөд 103 806 500 төгрөгийг үнэлгээг хэн гаргасан болох нь тодорхойгүй байна. Тиймээс тухайн хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-иас ирүүлсэн тайлангийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд Монгол Улс дахь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн байдал болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2018 оны судалгааг өнөөгийн хөрөнгийн үнэлгээнд ашиглаж, харьцуулан гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд үнэлгээ бодитой гараагүй гэдгийг нотолж байна. Ийнхүү анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлж чадаагүй шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

 

Нэхэмжлэгч Б.М- нь Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2019/01271 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.М-оос 107 856 610 төгрөг гаргуулан, “Манго капитал ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд иргэн Н.Батбаатар, Н.Намчин нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны 3 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /хх-ийн 20-21-р тал/

 

Нэхэмжлэгч Б.М- нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Манго капитал ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 591 дүгээр гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 24-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Б.М-олд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 08, 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус хүргүүлж, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017483 дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны 3 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураасан байна. /хх-ийн 26-28, 32-34-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад нэхэмжлэгч Б.М- нь 450 000 000 төгрөгөөр, өмчлөгч Н.Батбаатар, Н.Намчин нар нь 480 000 000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч “Манго капитал ББСБ” ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 38-41-р тал/

 

 Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 103 806 500 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Н- нь үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 42-65-р тал/

 

            Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

           

            Нэхэмжлэгч тайлбар болон давж заалдах гомдолдоо барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх боловч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн үнэлгээ бодит бус гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                   

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                                 

                            ШҮҮГЧИД                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ