| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03598/И |
| Дугаар | 183/ШШ2024/03613 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/03613
2024 оны 09 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/03613 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ш.Отгонбаяр, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Д холбогдох
Гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******,
Иргэдийн төлөөлөгч Г.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
Нэхэмжлэгч М.Н*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Н******* нь хариуцагч О.Д******* холбогдуулан гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1.1.Би 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 25 эмийн сангийн уулзварын гэрлэн дохио, явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарч байхад намайг мөргөсөн. Тухайн үед явган хүний ногоон гэрлэн дохио ассан байсан. Намайг мөргөсөн Mitsubishi Lancer машинтай жолооч О.Д******* яараад жаахан хурдтай явж байсан болохоор харалгүй мөргөсөн гэсэн хариу өгсөн. Би бүтэн биеийн шинжилгээнд ороогүй учраас бие маань эрүүл үгүйг мэдэхгүй байна. Намайг мөргөсөн жолоочийн зүгээс бүтэн биеийн mri шинжилгээний төлбөрийг төлөөгүй. Тархи болон өвдөгний mri нийт 2 шинжилгээний төлбөрийг төлсөн. Өвдөгний mri шинжилгээгээр урд чагтан холбоо хавганасан интерсубстанцийн урагдалтай суналттай гэсэн хариу гарсан. Урд чагтан холбооны урагдлыг амарханаар тайлбарлавал шөрмөс булчингийн урагдал гэмтэл юм.Урагдал нь илүү томорсоор байвал дурангийн мэс засалд ордог. Урагдал нь томорч уу эдгэж үү гэдгийг мэдэхийн тулд ахин өвдөгний mri зураг шинжилгээ авахуулах шаардлагатай. Одоохондоо хагалгаанд орох шаардлагагүй гэж үзсэн учраас гэмтэлийн хөнгөн зэрэгт оруулсан. Би үе мөчний үрэвслийн тариа хийлгэж байгаа. Эмчилгээ явагдаж байгаа. Надад эмчилгээний төлбөрөөс гадна шинжилгээний төлбөр төлөх мөнгө алга. Миний бие тогтмол өвдөлттөй байгаа. Эмч бүтэн биеийн mri шинжилгээ зөвлөсөн. Бүтэн биеийн mri шинжилгээгээ яаралтай хийгээд юу өвдсөнөө эрт мэдэх чухал байна. Хүний биеийн бэртэл гэмтэл тодорхой нарийн сайн харагддаг шинжилгээ нь mri юм байна. Бусад рентген зураг эхогоор хүний биеийн бэртэл гэмтэл сайн харагддаггүй учраас тодорхойлох боломжгүй юм байна. Бүтэн биеийн mri шинжилгээний төлбөр Асралт мед эмнэлэгт 2 500 000 төгрөг байна. Энэ төлбөр надад үнэтэй тусч байгаа болохоор шинжилгээнд орох боломжгүй байна.Тиймээс бүтэн биеийн mri шинжилгээний төлбөр болох 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мөнхтуяа овогтой Н*******ы тус шүүхэд гаргасан гэм хорын төлбөрт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Очирбаасан овогтой Д******* би 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжид явган зорчигч буюу нэхэмжлэгч Мөнхтуяа овогтой Н*******ыг тээврийн хэрэгслээр мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гаргасан. Осол гарсан даруйд нэхэмжлэгч М.Н*******ыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнлэгийн үзлэгт оруулсан бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгч М.Н******* нь эрүүл мэндэд хохирол учруулсан эсэхийг Мед-Траума эмнэлгийн MRI буюу соронзон резонанст томографи шинжилгээнд оруулахад 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хариунд өвдөгний чагтан холбоо сунасан гэсэн дүгнэлт гарсан. Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №3857 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч М.Н*******ы биед зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон бөгөөд тус гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг түр хугацаанд сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах бөгөөд цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч М.Н******* нь мөн зам тээврийн хэргийг мөрдөн шалгах явцад мэдүүлсэн мэдүүлэгтээ Эмнэлэг дээр очиж биеийн байдлыг үзүүлэхэд биеийн байдал хэвийн гээд эд эсийн нөхөн төлжилтийн эмчилгээ бичиж өгсөн гэсэн байдаг. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг тул О.Д******* би нэхэмжлэлд дурдсан зам тээврийн осол гаргаснаас хойш нэхэмжлэгч М.Н*******ы эмчлэгч эмчийн заавраар нэхэмжлэгчийн эрүүл мэндийг сэргээхэд шаардагдах тодорхой шинжилгээнүүдийг хийлгэх, эм тариануудыг авч өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан. Гэвч Нэхэмжлэгч М.Н******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын талаар зөрүүтэй мэдээлэл өгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэвийн гэсэн атлаа нэхэмжлэлдээ миний бие тогтмол өвдөлттэй байна эмч бүтэн биеийн MRI шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Асралт мед эмнэлэгт бүтэн биеийн MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай байх тул 2 500 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэх мэт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч М.Н******* нь хариуцагчаас яг юу тодорхой гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй буюу мөнгөн хөрөнгө гаргуулах гэж байгаа эсэх, эсвэл бүтэн биеийн MRI шинжилгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй, биеийн байдал хэвийн гэж мэдүүлсэн атлаа хохирол учирсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, заавал Асралт мед эмнэлгийн бүтэн биеийн MRI буюу соронзон резонанст томографийн шинжилгээнд орох шаардлагатай гэсэн эмчийн зөвлөмж, дүгнэлтээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Хариуцагч нь осол болсон үйл баримтын талаар маргахгүй байгаа. Мөн эмчилгээний төлбөрийг төлсөн, шаардлагатай эм, тариаг авч өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр М.Н*******ы биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон гэсэн бөгөөд өвдөгний үений соронзон томографи хийлгэсэн байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бүтэн биеийн МRI шинжилгээний төлбөр гэж 2 500 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнийг нотлосон баримтгүй, эмчийн уг шинжилгээг хийлгэх талаарх баримтыг ирүүлээгүй байна, шинжилгээний төлбөр Асралт мед эмнэлэгт 2 500 000 төгрөг гэсэн боловч сая фэйсбүүк хуудсаар нь орж үнийн санал авахад MRI шинжилгээний төлбөр ЭМД-р хөнгөлөлттэй бол 315 000 төгрөг, үндсэн үнэ нь 515 000-615 000 төгрөг гэсэн байна. Хэрэв нэхэмжлэгч нь үнэхээр шинжилгээг хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн бичиг нь байгаад шинжилгээг хийлгэнэ гэвэл зардлыг нь төлөхөд татгалзахгүй, мөн шинжилгээгээ хийлгээд зардлыг нь нэхэмжилсэн бол төлж болно. Гэтэл ямар ч баримтгүй байгаа тул төлөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас эхэсийн тарилга авна 2 500 000 төгрөгийн үнэтэй гэсэн байдаг бөгөөд уг тариа нь эмчилгээний биш гоо сайханы гэсэн учир өгөх боломжгүй гээд л шүүхэд хандсан гэдэг. Тиймээс баримтгүй зардлыг төлөх боломжгүй байгаа юм гэв.
3.Нэхэмжлэгчээс Мед Траума эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, Асралт мед эмнэлгийн MRI шинжилгээний үнийн мэдээлэл, Тээврийн прокурорын газрын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 469 дугаартай мөрдөгчийн магадлагаа, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, Рехамед нэгдсэн эмнэлгийн e-barimt, Сити фарм e-barimt, Жавхлан байгаль вүүдс эмийн сангийн e-barimt, Нахиа импекс ХХК-ийн e-barimt, Монос эмийн сан e-barimt, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-20-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, Асралт мэд эмнэлгийн оношилгоо, шинжилгээний хөнгөлттэй үнэ /хэргийн 28-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч М.Н******* нь 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зам хөндлөн гарч байхдаа машинд мөргүүлсний улмаас биедээ гэмтэл авч зүүн өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл учирсан тул эрүүл мэндэд учирсан хохиролд буюу бүтэн биеийн MRI шинжилгээ хийлгэх төлбөрт 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч О.Д******* нь бүтэн биеийн MRI шинжилгээг зайлшгүй хийлгэх талаарх эмчийн бичиггүй, шинжилгээний төлбөрт 2 500 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч бодит зардал биш, мөн уг шинжилгээний үнэ 2 500 000 төгрөг болох талаар баримтаар нотлоогүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хариуцагч О.Д******* нь 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд уулзвар замд Mitsubishi Lancer маркийн 35-02 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч нэхэмжлэгч М.Н*******ыг мөргөж эрүүл мэндэд нь 2 өвдөгний үеийн суналт, зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь зохигч талуудын тайлбар, Мэд траума эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаартай Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 469 дугаартай мөрдөгчийн магадлагаа, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 3857 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь гэм хор учруулсны төлбөрийг төлөх эсэх талаар байна, гэм хор учруулсан үйл баримтын талаар маргаагүй байна.
6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байна.
6.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас бие тогтмол өвдөлттэй байгаа, бүтэн биеийн MRI шинжилгээ хийлгэж яаралтай хийлгэж, юу өвдсөнөө мэдмээр байгаа тул бүтэн биеийн шинжилгээ хийлгэх төлбөрт 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, Асралт мэд эмнэлгийн MRI шинжилгээний үнийн мэдээлэл гэх баримтыг шүүхэд ирүүлсэн.
7.1.Нэхэмжлэгчид гэмтлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3857 дугаартай “...М.Н*******ы биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 410 дугаартай “...М.Н*******ы биед 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2 өвдөгний үеийн суналт, зөөлийн эдийн гэмтэл учирчээ” гэх дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчид эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшүй зардлыг төлөх үүрэгтэй.
7.2.Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Асралт мэд эмнэлгийн MRI шинжилгээний үнийн мэдээлэл гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн нэхэмжлэгчид уг зардал нь зайлшгүй гарах зардал эсэх талаарх баримтыг ирүүлээгүй буюу бүтэн биеийн шинжилгээг зайлшгүй хийлгэх талаарх эмчийн бичиг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
8.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.
9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.О******* нь “...М.Н*******ы имрайн шинжилгээ дахин хийлгэх эмчийн бичиг болон даатгалын зовиур одоогоор байхгүй байна. Өмнө нь толгойн болон өвдөгний имрайн шинжилгээ хийлгэсэн байна. Хэрэг хаагдсанаас хойш дахин мөнгө нэхэмжилсэн байгааг үзээд 2 500 000 төгрөг өгөх үндэслэлгүй гэж үзлээ” гэжээ.
10.Иймд нэхэмжлэгч М.Н*******ы хариуцагч О.Д******* холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.Н*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н*******ы хариуцагч О.Д******* холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч М.Н*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ш.ОТГОНБАЯР
Э.ОЮУН-ЭРДЭНЭ