Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0698

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, гэрч А.Г нарыг оролцуулан Ө.Б нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дахин хагалгаанд орсон. Дараа жил буюу 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орсон. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн учир тус газрыг зохих журмын дагуу 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмшиж, ашиглаж чадаагүй болно. Иймд миний газар эзэмших эрхийг сэргээх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүхэд гаргасан болон ирүүлсэн хүсэлтдээ: ...Ө.Б-ын нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Ө.Б-ын 5-р хороо, Нарийн нуурын төмс, хүнсний ногооны 1 /нэг/ га газрын эрхийг сэргээн буцаан олгохыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдааны явцад эмнэлгийн магадлагаа, эмчилгээний дэвтэр болон бусад холбогдох нотлох баримтаар өвчтэй болох нь тогтоогдож байна. Иймд эвлэрэх хүсэлт гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэл гаргагч Ө.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Багануур дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар захирамжийн Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсныг Багануур дүүргийн Засаг даргын хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, эвлэрэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасны дагуу ...төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу иргэн Ө.Б-н нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т тус тус заасныг баримтлан Ө.Б-н нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох Багануур дүүргийн Засаг даргын 2019 оны 09 сарын 27-ны өдрийн *** тоот захирамжийн Ө.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  О.ОЮУНГЭРЭЛ