Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1264

 

 

 

 

 

 

     2020            9             29                                       2020/ДШМ/1264

 

 

Б.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор П.Даваасүрэн,

яллагдагч Б.А, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2773 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 21-ний 82 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн 201625012523 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нанзаддорж овгийн Б.А, 1985 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн төрсөн, 35 настай эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Энх Ариун чулуу” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 7, нөхөр хүүхдүүд, эхийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ................................../;

 

Шүүгдэгч Б.А нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн аманд баригдаж буй барилгын явган хүний зам тавих ажил хийж байсан бригадын ажилтан Д.Ш нь барилгын бохирын хоолойн гадна өрлөгөнд дарагдаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

      Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн 1 дүгээр хавтасны 64 дэх талд гэрч Ч.Бмэдүүлэхдээ “тухайн нурж унасан баганын өрлөгийг 2015 оны 7 сарын үед талбайн хурлаар “Энх ариун чулуу” компани өрөхөөр шийдсэн. Талбайн инженер Сүхцэрэн, ерөнхий инженер Мурат, Содоо, “Энх ариун чулуу” компаний захирал Баатарчулуун нар болон миний бие хуралд оролцсон. Өрж байх явцад нь Талбайн инженер Сүхцэрэн, ерөнхий инженер Мурат, ахлах инженер нар өнгө үзэмж муутай өрж байна гээд буулгуулаад дахин өрүүлсэн боловч дахиад муухай байна гээд өрлөгийн ажлыг дээшээ таазанд хүрэхэд 30-40 см дутуу байхад зогсоолгоод ажилчдыг нь талбайгаас буулгаж явуулж байсан. Намайг тус байгууллагаас 2015 оны 12 сард гартал уг баганы өрлөг дутуу хэвээр байсан. Хэзээ хэн дуусгаж өрснийг мэдэхгүй байна” гэдэг. Талбайн инженер Сүхцэрэн, ерөнхий инженер Мурат, ахлах инженер нараас дээрх байдлыг тодруулж асуух, өрлөгийг хэн хэзээ гүйцээж дуусгасан талаар шалгах ажиллагаа хийх. Хэргийн 1 дүгээр хавтасны 62 дахь талд гэрч Ш.Батсайхан мэдүүлэхдээ: “Би бохирын шугам, сүлжээний зураг хийсэн, манай зурагт хоолойг дулаалж далдлахын тулд өрлөг өрөх талаар байхгүй. Бидэнд өрлөг хийх талаар мэдэгдээгүй, бид зөвшөөрөөгүй. Энэ өрлөгийн ажлыг хэзээ хийснийг тодруулах хэрэгтэй, барилгын ажлын угсралтын явцад талбайн журнал хөтөлдөг болохоор тэрнээс харагдах байх, тэр журналын дэвтэр дээр барилгын ажил хийгдэж байгаа болон зураг өөрчлөгдөж хийгдсэн бүхий л ажлуудыг тэмдэглэж байдаг юм” гэдэг. Талбайн журналын дэвтэр гэх баримтыг олох, дээрх байдлыг тодруулж өрлөгийг хэн хэзээ гүйцээж дуусгасан талаар шалгах. Хэрэгт шинжээчийн 2 дүгнэлт авагдсан байх ба эхний дүгнэлтэд осол гарахад нөлөөлсөн зөрчлүүдийг гаргасан этгээдүүдээр /1хх 198/ захиалагч /“Нью тур” ХХК/, зураг төсөл зохиогч /“Эрчим төсөл” ХХК/, гүйцэтгэгч /“Рэнхежужин” ХХК/ нарыг тогтоож дүгнэсэн. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр "Рэнхежужин” ХХК болон тус компаний ерөнхий инженерээр ажиллаж байсан Н.Пүрэвдорж гэгчийг үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Эхний дүгнэлтийг 2 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан нь ойлгомжгүй. Шинжээчийн 2 дүгнэлт зөрүүтэй байхад прокурор аль алийг нь яллах дүгнэлтдээ нотлох баримтаар дурдсан. Шинжээчийн 2 дүгнэлтийн зөрүүг арилгах шаардлагатай. Энэ нь гэмт хэргийг хэн үйлдсэн, хэн яллагдагч байх, хэн иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд болох талаар, хэний буруутай үйл ажиллагааны улмаас хохирол хор уршиг учирсан талаар дүгнэхэд, хохирлыг хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой. Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах бөгөөд шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байх тул яллагдагч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

      Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжиндаа “Ч.Батхишигийн мэдүүлэгт “...өрж байх явцад нь талбайн инженер Сүхцэрэн, еренхий инженер Мурат, ахлах инженер нар өнгө үзэмж муутай өрж байна гээд буулгуулаад дахин өрүүлсэн боловч дахиад муухай байна гээд өрлөгийн ажлыг дээшээ таазанд хүргэхэд 30-40 см дутуу байхад зогсоолгоод ажилчдыг талбайгаас буулгаж явуулсан” гэж дурдаад “талбайн инженер Сүхцэрэн, ерөнхий инженер Мурат, ахлах инженер нараас дээрх байдлыг тодруулж асуух, өрлөгийг хэн хэзээ гүйцээж дуусгасныг шалгах, талбайн журналын дэвтэр гэх баримтыг олох, дээрх байдлыг тодруулж өрлөгийг хэн хэзээ гүйцээж дуусгасан талаар шалгах" шаардлагатай гэж дурдсан байна. Гэтэл хэрэгт цугларсан гэрүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд дээрх хүмүүсээс мэдүүлэг авах нь ач холбогдолгүй, өрлөгийг хэзээ хэн гүйцээж дуусгасныг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02-07-095/383 дугаартай дүгнэлтээр “Унасан” гэх хөөсөнцөр дулаалгатай, тоосгон өрөгт бүтээц бүхий бохир усны босоо шугамын угсралтын ажлыг “Энх Ариун чулуу” ХХК гүйцэтгэсэн байна. Фото зургаас үзэхэд хөөсөнцөр дулаалгатай, тоосгон өрөгт бүтээц бүхий бохир усны босоо шугамын хуванцар хоолой нь газрын гадарга болон барилгын 1 дүгээр давхрын шалны доод хэсгүүдээр салж бүхэлдээ унасан байна. Унасан шалтгаан нь тус тоосгон өрөгт бүтээц бүхий бохирын хуванцар хоолойн ажлыг холбогдох норм дүрэм, батлагдсан зураг төсөлгүй, чанаргүй угсарсантай холбоотой гэж үзэж байна. Тус шугам хоолойн угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий барилга угсралтын байгууллага батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх ёстой байсан. Уг “унасан”, тоосгон өрөгт бүтээц бүхий бохирын шугамын угсралтын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь заалт, өргийн ажлын Өрөгт бүтээц БНБД 51-02-05-ын шаардлагыг тус тус зөрчсөн байна. “Унасан” хөөсөнцөр дулаалгатай, тоосгон өрөгт бүтээц бүхий бохир усны босоо шугамын хуванцар хоолойн угсралтын ажлыг Энх-Ариун чулуу ХХК зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн байна. Эдгээр нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. дэх, 14.1.2. дахь, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх, 38 дугаар зүйлийн 38.1.10. дахь, 40 дүгээр зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна. “унасан”, тоосгон өрөгт бүтээц бүхий бохирын шугамын угсралтын ажлыг зураг төсөлгүйгээр, чанаргүй гүйцэтгэсэн “Энх-Ариун чулуу” ХХК хариуцахаар байна” гэж тогтоогдсон, Шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ХАБ-02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Энх-Ариун чулуу ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 11-р сарын 18-ны өдрийн 105-р тушаалаар баталсан БНБД 51-02-05 Өрөгт бүтээц-ийн 2. Ерөнхий шаардлага-д заасан хэм хэмжээг зөрчсөн, 14-1470 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, мөн "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04- ийн 4.10-д заасан шаардлагыг хэрэгжүүлээгүй байна. Хэрэг учрал болсон хүний амь нас үрэгдүүлсэн энэ үйлдэлд “Энх-Ариун чулуу” ХХК тухайн цаг үед барилгын объектыг хариуцан ажиллуулж байсан” гэж тогтоогдсон. Эдгээр дүгнэлтүүд нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудад үндэслэн гарсан тул дээрх баримтуудаар “Энх-Ариун чулуу ХХК” нь бохирын хоолойн ганда өрлөгийн ажлыг холбогдох хууль, норм дүрмийг зөрчиж, зураг төсөлгүй, гэрээ хэлцэлгүйгээр, чанаргүй, бэхэлгээгүй хийснээс болж “Энх-Ариун чулуу” ХХК-ий барьсан бохирын хоолойн гадна өрлөг нурж, улмаар хүний амь нас хохирсон, энэ үйлдэлд “Энх-Ариун чулуу” ХХК болон хэрэг үйлдэгдэх үед “Энх-Ариун чулуу” ХХК-ий захирлаар ажиллаж байсан Б.Аыг буруутай гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байхад нурсан гэх хоолойн өрлөгийг хэн, хэзээ дуусгасан талаар шалгах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл уг өрлөгийн ажлыг анхнаасаа зураг төсөлгүй, гэрээгүй, бэхэлгээгүй барьсан нь буруутай гэж прокуророос дүгнэлт хийсэн байхад шүүхээс уг өрлөгийг хэзээ дуусгасан талаар шалгуулахаар буцаах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байгаа болно. Мөн шинжээчийн дүгнэлтүүдээр “Энх-Ариун чулуу” ХХК-ны ажилтан болох Н.Пүрэвдоржийг буруутай гэж дүгнэсэн боловч анхнаасаа нурсан өрлөгийг барихаар гэрээ хийгээгүй, зураг төсөлгүй барих шийдвэр гаргасан “Энх-Ариун чулуу” ХХК болон хэрэг үйлдэгдэх үед “Энх-Ариун чулуу” ХХК-ий захирлаар ажиллаж байсан Баатарчулуун овогтой Ариунжаргал буруутай болохоос барилгын объектыг хариуцан гэрээг хэрэгжүүлэхээр төлөөлж гарын үсэг зурсан инженер Н.Пүрэвдорж дээрх өрлөгийг барих шийдвэр гаргаагүй, ажил үүргийн дагуу уг нурсан өрлөгт хяналт тавьж бариулах талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаараа дүгнэлтийн төгсгөлд дурдсан байх тул шинжээч нараас Н.Пүрэвдоржийг буруутай гэж дүгнэлт хийснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу заавал баримтлах шаардлагагүй гэж үзсэн болно. Шүүгчийн захирамжид заагдсан дараагийн ажиллагаа болох “шинжээчийн 2 дүгнэлт зөрүүтэй” гэж захирамждаа заасан боловч яг ямар хариултууд хэрхэн зөрсөн талаар тодорхой дурдаагүй, тодорхойгүй, ойлгомжгүй заалт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзлээ. Иймд Б.Ад холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2773 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг байгууллагын удирдлага болохоос 2 жилийн өмнө энэ ажил хийгдээд акт үйлдэж бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөд дууссан байсан. Тэгээд намайг дөнгөж захирал болсноос хойш энэ асуудал яригдаж эхэлсэн. Эргээд энэ ажлын гэрээ, контакт, акттай танилцахад ажил үүргээ гүйцэтгээд явсан байсан. Тэгэхээр энэ өрлөгийг өрөөгүй байсан. Энэ хэргийн хамгийн гол асуудал нь өрлөг өрсөн асуудалд байгаа тул үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэлдээ шинжээчийн дүгнэлт ямар нэгэн байдлаар зөрүүтэй гараагүй гэж байгаа боловч 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжид маш тодорхой тусгасан байна. Эхний шинжээчийн дүгнэлтэд “Нью тур”, ”Эрчим төсөл” ХХК, “Рэнхежужин” ХХК нарын буруу гэж гарсан мөртлөө дараагийн дүгнэлтэд “Рэнхежужин” ХХК болон Пүрэвдорж нар үүргээ биелүүлээгүй гэж зөрүүтэй дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, эдгээр шинжээчийн дүгнэлтээр Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хууль, эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй. Ийм байхад яагаад Б.Аыг гэм буруутай гэж үзсэн болох нь эргэлзээтэй байна. Энэ шугам, хоолойг 2014 оны 8 дугаар сард бэхэлж бариад 11 сард дуусгаж ажил хүлээлцэх актаа үйлдэн хүлээлгэж өгсөн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр өнөөдрийг хүртэл “Энх Ариун чулуу” ХХК энэ өрлөгийг хийж байгаа мэтээр дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн “Рэнхежужин” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байсан. Гэтэл үүнтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй. 2016 оны 7 дугаар сард энэ хэрэг болсноос хойш 2019 онд “Рэнхежужин” ХХК-иас нэг удаа мэдүүлэг авсан байсан. “Нью тур” ХХК-ийн ахлах менежер Батхишиг мэдүүлэхдээ “2015 онд тухайн өрлөг баригдаагүй байсан” гэж мэдүүлсэн байсан. Энэ өрлөгийг хэн барьсан болох талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Тухайн хаусуудад нөхөн үзлэг хийж хэчнээн хаусд үүнтэй адил өрлөг хийгдсэн байна, тухайн өрлөгүүд нь бэхэлгээтэй байна уу, үгүй юу гэдгийг шалган тодорхой болгох боломжтой. Шүүгчийн захирамжид дурдагдсан барилгын ажлын дэвтэр гэдэг нь барилгын ажлын норм, хийгдэж буй ажил бүгд тэмдэглэгдэж байх ёстой буюу тухайн өрлөг тусгагдсан байх ёстой. Энэ дэвтэр “Эрчим төсөл” ХХК-д байх ёстой. Үүнийг гаргуулж тухайн өрлөг нь зураг төсөлд тусгагдсан эсэхийг тодорхойлох боломжтой. Мөн барилгын ахлах инженер Сүхцэрэн, Мурат нараас мэдүүлэг авч барилгын өрлөгийг хэн хийж гүйцэтгэсэн талаар тодруулах ёстой. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Б.Ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт буй баримтаас үзэхэд:

Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02-07-095/383 дугаартай “...“Талийгаачийн осолд өртсөн газар нь түүний ажлын болон амралтын байр биш боловч ажил олгогч Рэнхежужин ХХК-д зам, тохижилтын ажил хийж, хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа осолд өртсөн тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20. дахь /“үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг;/ заалтад дурьдсанаар үйлдвэрлэлийн осол бөгөөд уг иргэний хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” заалтаар ажил олгогч Рэнхежужин ХХК болон “унасан”, тоосгон өрөгт бүтээц бүхий бохирын шугамын угсралтын ажпыг зураг төсөлгүйгээр, чанаргүй гүйцэтгэсэн “Энх-Ариун чулуу” ХХК хариуцахаар байна” гэж тогтоогдсон /1хх196-200/,

шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ХАБ-02 дугаартай “...уг осол гарсан барилгын талбайд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар мөрдөгдөж буй хууль тогтоомж, норм дүрэм, стандарт, захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж.гэрээгээр хүлэээсэн үүргээ биелүүлээгүй байна. Барилгын захиалагч “Нью тур” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, стандарт, барилгын норм ба дүрмийг мөрдлөгө болгон “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна. Энх-Ариун чулуу ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 11-р сарын 18-ны өдрийн 105-р тушаалаар баталсан БНбД 51-02- 05 Өрөгт бүтээц-ийн 2. Ерөнхий шаардлага-д заасан хэм хэмжээг зөрчсөн, 14-1470 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, мөн "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04- ийн 4.10-д заасан шаардлагыг хэрэгжүүлээгүй байна. Хэрэг учрал болсон хүний амь нас үрэгдүүлсэн энэ үйлдэлд Энх-Ариун чулуу ХХК-ийн тухайн цаг үед барилгын объектыг хариуцан ажиллуулж байсан бөгөөд Энх- Ариун чулуу ХХК-ийн 14-1470 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хэрэгжүүлэхээр төлөөлж гарын үсэг зурсан тус компаний ерөнхий инженер Н.Пүрэвдорж нь барилгын  үйлдвэрлэлийн технологийн ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй байна. /2хх 54/ гэсэн дүгнэлт,

Гэрч Ш.Бы “...Зургаас харахад энэ нь шугамыг далдалсан өрлөг харагдаж байна. Манай сантехникийн инженерийн зураглалд хоолойг дулаалгын материалаар ороох, халдаг цахилгаан кабелаар ороож дулаалдаг болохоос ийм өрлөг хийж хамгаалалт хийдэггүй. Тоосгон өрлөг дангаараа дулааны хамгаалалт хийж чадахгүй. Манай сантехникийн зураглалд ийм багана ороогүй. ...” /1хх  62/,  гэрч Ч.Батхишигийн “...2015 оны 7 дугаар сарын үед салхинд хийсээд гадаа гандаж муудаад барилгын өнгө үзэмжийг муухай харагдуулаад байхад нь гүйцэтгэгч “Энх ариун чулуу” ХХК-д мэдэгдэж Баатарчулуүн захиралд нь энийг янзалж өнгө үзэмжийг сайжруулж чанарын шаардлага хангахуйц болгох шаардлагыг тавьж талбай дээр үзүүлсэн. Тэгээд дараа нь тэр 7 дугаар сардаа талбайн хурлыг бага тэнгэрийн амны инженерүүдийн түр оффист хийхэд “Энх ариун чулуу” ХХК-аас Баатарчулуун захирал танай компаниас миний бие болон талбайн хяналтын инженер Сүхцэрэн, дөнгөж ороод удаагүй байсан Содоо, ахлах инженер гээд бас нэг шинэ хүн нэрийг нь мартчихсан байна, ерөнхий инжөнер Мурат нар хуралдаад уг бохирын хоолойг далдалсан өрлөг өрүүлэхээр болоод Энх ариун чулуу ХХК-ний захирал Баатарчулуун уг өрлөгийг хийлгэсэн. Би бохирын хоолой талаас нь хяналтийг тавьсан, талбайн инженер Сүхцэрэн, ахлах инженер, талбайн инженер гурав өрж байх явцад нь өнгө үзэмж муутай өрж байна гээд нэг удаа буулгуулаад дахин өрүүлсэн чинь дахиад адилхан муухай өрж байхад нь ажлыг нь зогсоолгож хүмүүсийг нь талбайгаас буулгаж уулсан. Ингэж Энх ариун чулуу ХХК-ний ажилчдын өрүүлсэн өрлөг нь дээд таазандаа тулаагүй 30-40 см дутуу өрсөн байхад нь явуулаад тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй 2015 оны 12 дугаар сар хүртэл намайг ажиллаж байх хугацаанд өрлөг өрөгдөөгүй дутуу хэвээрээ байсан. Тэр барилгыг намайг ажлаас гарах үед хар замаск тавигдсан өнгөлгөөний ажил дутуу хийгдсэн байсан. ...” /1хх 64-65/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талбайн инженер Сүхцэрэн, ерөнхийн инженер Мурат, ахлах инженер нараас дээрх байдлыг тодруулах, тухайн талбайн журналын дэвтэрийг олж, өрлөгийг хэн хэзээ гүйцэтгэснийг олж тогтоох, мөн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд зааснаар  шинжээчийн дүгнэлтийг  нэг мөр гаргуулах нь зүйтэй.

 

Уг хэрэгт Энх ариун чулуу ХХК- с гадна Нью тур ХХК,  Рэнхежужин ХХК -ын буруутай үйл ажиллагаа байгаа талаар шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан байх бөгөөд Нью тур ХХК,  Рэнхежужин ХХК энэ хэрэгт буруутай үйлдэл байгаа эсэх, мөн иргэний хариуцагчаар тогтоогдох эсэхийг  шалгах шаардлагатай.

 

Мөн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэндээ уг хэрэг нь ямар хууль, журам, дүрэм, захиргааны актыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байгаа талаар тодорхой дүгнэж яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлтийг хуульд нийцүүлэн үйлдвэл зохино.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах бөгөөд шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байх шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг прокурорт буцаан нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй.

           

            Харин шүүгчийн захирамж үг үсгийн  алдаа ихтэй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2773 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 21-ний 82 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2773 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 21-ний 82 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ