| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03195/И |
| Дугаар | 183/ШШ2024/03653 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/03653
2024 оны 09 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2024/03653 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Ж-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 900 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
Хариуцагч Д.М******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Ж******* нь хариуцагч Д.М******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 900 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Иргэн Д.М******* нь иргэн Г.Ж*******аас анх 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 75 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, хүүгүй зээлдэж авсан. Нэмж 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 400 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан боловч зээлдэгч Д.М******* нь хүүтэй зээлдэж авсан 400 000 000 төгрөг, уг зээл ашигласан хугацааны 3 сарын хүү 36 000 000 төгрөгийг, хүүгүй зээлдэж авсан өмнө 75 000 000 төгрөгийн хамт зээлдүүлэгч Г.Ж*******д өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй 2 зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй болно. Хүүтэй зээлд нь зээлийн гэрээний 6.2-д зааснаар зээлдэгчид гэрээний хариуцлагад алданги тоологдож эхэлсэн байдаг. Д.М*******ын аав, ээж нь Г.Ж*******ы ойр дотны найз нөхөд бөгөөд Г.Ж*******ы зүгээс найз нөхдийнхөө нандин нөхөрлөлийг бодож Д.М*******аас зээлийн гэрээний хариуцлагад алданги авахгүй зээлсэн мөнгөө 3 сарын хүүгийн хамт төлж барагдуулахыг шаардаж байсан. Ингээд гэрээний талууд хүүгүй 75 000 000 төгрөг, хүүтэй 400 000 000 төгрөгөө нэмээд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 475 000 000 төгрөгийг 1 сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл зээл, зээлийн хүү графикын дагуу төлөгдөөгүй тул зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлд 475 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны 400 000 000 төгрөгийн 3 сарын хүүг 3 хувиар тооцож 36 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны 475 000 000 төгрөгийн 41 сарын хүүг 2 хувиар тооцож 389 500 000 төгрөг тус тус буюу зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 900 500 000 төгрөгийг хариуцагч Д М*******аас гаргуулж нэхэмжлэгч Г.Ж*******д олгож өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.М******* 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 75 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 400 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. 75 000 000 төгрөгийг бол зээлийн гэрээ байгуулаагүй, хүү, алданги тооцоогүй зээлсэн байсан харин 400 000 000 төгрөгийг бол сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Хэдийгээр алданги тооцох байсан боловч тооцоогүй, талууд дахин гэрээ байгуулж хүүг 2 хувиар тооцон төлөхөөр тохирсон. Хугацааг нь 2024 оны 7 сарын 01-ний өдөр гэсэн боловч хугацаандаа хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй, мөн 40 м.кв байрны төлбөр хасна гэсэн боловч ямар ч байр өгсөн, авсан асуудал болоогүй.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 75 000 000 төгрөг, 400 000 000 төгрөгийн 3 сарын хүү 24 000 000 төгрөг, 475 000 000 төгрөгний 41 сарын буюу 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 4 сарын 26-ны өдрийг хүртэл 2 хувийн хүүгээр тооцож 389 500 000 төгрөг, нийт 888 500 000 төгрөгийг гаргуулахад татгалзахгүй гэв.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Талуудын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Д.М*******, Г.Ж******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, хавсралт, төлбөрийн баримт, Г.Ж*******аас Т.У*******т олгосон итгэмжлэл, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэд хоорондын гэрээ /хэргийн 3-18-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Ж*******ы нэхэмжлэлээс 587 000 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 313 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.М******* 75 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай хүүгүй зээлсэн, 400 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул дахин гэрээ байгуулж 475 000 000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр, сарын 2 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон гэж зээлийн гэрээний үүрэгт нийт 900 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Ж*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Г.Ж******* нь хариуцагч Д.М*******тай 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 400 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн буюу 12 000 000 төгрөгийн хүүтэй зээлэхээр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
4.2.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний Хавсралт№1-д “1.1.Даваадорж овогтой М******* /*******/ нь Гүнсэнг Ж******* /*******/-ээс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 27 000 000 төгрөг нэмж авсан болно” гэсэн байх бөгөөд Даваадорж овогтой М******* миний бие нь Гүнсэн овогтой Ж*******аас нийт 475 000 000 төгрөг зээл авсан нь үнэн болно. 2023.03.12-ны өдөр Д.М******* гэжээ.
4.3.Мөн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Г.Ж*******, хариуцагч Д.М******* нар нь иргэд хоорондын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд “...М******* миний бие 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ж*******аас 475 000 000 төгрөг зээлж авсан болно. Тухайн төлбөрийг бүрэн төлж дуустал 1 сарын 2 хувиар тооцож төлнө. 2024.07.01 хүртэл төлбөрийг бүрэн барагдуулж дуусгана. Энэ төлбөрөөс хорооллын Өргөө хотхоноос 40 м.кв байрны төлбөр болох 60 000 000 төгрөг хасагдах болно” гэсэн байна.
5.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
5.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
5.2.Иймд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.М******* шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн иргэд хоорондын гэрээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
5.3.Хариуцагч Д.М******* нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй зээлийн төлбөрөөс 40 м.кв байрны төлбөр болох 60 000 000 төгрөгийг хасагдсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, тус дүүргийн шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
5.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 75 000 000 төгрөг, 400 000 000 төгрөгийн 3 сарын хүү 24 000 000 төгрөг, 475 000 000 төгрөгний 41 сарын буюу 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 4 сарын 26-ны өдрийг хүртэл 2 хувийн хүүгээр тооцож 389 500 000 төгрөг, нийт 888 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
6.1.Талуудын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 400 000 000 төгрөг, түүний хүү гэрээний 2.2.-д харилцан тохиролцсоноор 36 000 000 төгрөг /12 000 000х3=36 000 000/, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн 75 000 000 төгрөг, нийт 511 000 000 төгрөг /400 000 000+36 000 000+75 000 000=511 000 000/-ийг гаргуулах үндэслэлтэй байна.
6.2.Мөн нэхэмжлэгч нь 475 000 000 төгрөгний 2 хувийн хүүнд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хүртлэх хугацааны 41 сарын хүүнд 389 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч зохигч талуудын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь гэрээний 3.1-д зааснаар 3 сарын хугацаатай буюу 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан байх бөгөөд гэрээний 7.2.-д гэрээнд талууд тохиролцон нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэж заасан боловч гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан талаарх баримтгүй байна.
6.3.Харин хэрэгт авагдсан иргэд хоорондын гэрээг талууд 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 475 000 000 төгрөгний хүүнд төлбөрийг бүрэн төлж дуустал 2 хувийн хүү төлнө гэж харилцан тохиролцсон байх тул 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2024 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийг хүртэл 8 сарын 2 хувийн хүүнд 76 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /2 хувийн хүү 9 500 000 төгрөг х 8сар=76 000 000/
6.4.Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан.
7.Иймд хариуцагч Д.М*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 587 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 313 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /400 000 000+36 000 000+75 000 000+76 000 000=587 000 000, 900 500 000-587 000 000=313 500 000/
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ж*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 660 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М*******аас 3 092 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.М*******аас зээлийн гэрээний үүрэгт 587 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 092 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ж*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 660 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М*******аас 3 092 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН