Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 472

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч, шүүгдэгч Ц.Н,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Цын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б овогт Цын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0967 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Цийн Н, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1985 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, “...” ХХК-д нягтлан бодогч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ... тоотод оршин суух, регистрийн дугаар ....

2. Б овогт Цийн Б, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., урьд

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3888 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялаас 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Н нь 2017 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө     Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод гэртэй унтаж байсан өөрийн төрсөн ахын эхнэр болох Ц.Мыг “О эгчийг ажлаас нь халууллаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.Б нь 2017 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө     Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод төрсөн дүү Ц.Н болон түүний нөхөр Д.О нарыг гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй” гэв.

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй” гэв.

Хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхээ эдэлж мэдүүлэг гаргахгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00 цагийн орчим манай нөхрийн дүү Н манайд “манай хамаатны дүүг чи ажлаас нь хов жив хийж байгаад халууллаа” гээд бөөн уур орж ирээд хэрүүл хийгээд эхэлсэн. Би “та юу яриад байгаа юм бэ? би тийм зүйл яриагүй, ажилдаа яваагүй сар гаруй болж байхад” гэж хэлсэн. Тэгээд Н бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Б уурлаад “гэрээс гар, маргааш өглөө хэрүүлээ бол” гэж хэлж байсан. Н миний зүүн талын нүдний хөмсгөн дээр гар утсаараа цохисон. Б босч гэрийнхээ гэрлийг асаахад Н намайг үсдэж байгаад нүүр лүү цохисон. Миний шүд өвдөөд шүд цуурчих шиг болсон. Н намайг зодож миний биед гэмтэл учруулсан. ...Манайх ээжийнхээ хашаанд 2015 оны 5 дугаар сараас...байшин бариад амьдарч байгаа. ...Уг зодооны асуудал ээжийн хаяган дээрх хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод болсон. ...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136, 137),

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5987 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Духны өмнөд дээд хэсгийн хуйхны үс халзарч хуйх цайрч харагдана. Зүүн нүдний доод зовхинд 1.8 см гүн шархтай. Зүүн нүдний дээд зовхинд бүдэг хөх цус хуралттай. Дээд зүүн 1-р шүд доод хэсгээр хугарсан, хугаралын харалдаа дээд уруулын дотор салстад хөх өнгийн цус хуралт бүхий цайвар ягаан язарсан шархтай. ДҮГНЭЛТ:

1. Ц.Мын биед зүүн нүдний доод зовхинд шарх, зовхинд цус хуралт, нэг шүдний хугарал, уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33),

3. Гэрч З.Булганы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан чинь гаднаас гэв гэнэт Н, Б хоёр орилолдоод шуугилдаад ороод ирсэн. Би сэрээд “яасан юу болов” гэж асуусан чинь миний охин дүү О Нтэй утсаар яриад “би ажлаасаа халагдчихлаа” гэж уйлж ярьсан гэж Нд хэлсэн ба Н үүнээс болж Бгийн гэрт орж хэрүүл зодоон хийсэн юм байна лээ... Н Бгийн эхнэр лүү “чиний наад төрөх гэж байгаа хүүхдийг чинь одоо эрүүл төрүүлнэ гэж бодож байна уу” гэж хэлэхэд Б гараараа Нгийн ар нуруу руу нь цохиод ор луу нь унагасан... Н “манай нөхрийг дуудаад ир, энэ Бг алуулаад өгье” гэж орилсон ба хоёулаа манай гэрээс ноцолдоод гараад явахаар нь би хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь Нгийн нөхөр О ирчихсэн Бтэй зодолдож байсан... Тухайн үед Н, О нарыг Б, Бгийн эхнэр Мыг Н зодсон гэсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45),

4. Гэрч Ц.Шинэхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн үед байхаа гадна хүн хашхиралдаад орилолдоод байхаар нь би сандраад яагаад хэрүүл болдог билээ гэж бодоод гарч иртэл манай дүү Б, Н хоёр хэрэлдээд ээжийнд ороод ирсэн... Н гэрт орж ирээд эхнэртэй нь хэрүүл хийгээд эхнэр лүү утсаа шидээд эхнэрийн хөмсгийг сэт цохичихлоо, цонх хагалчихлаа гэж хэрэлдэж байсан. Тухайн үед хөндлөнгийн хүнээс буюу манай ээжийн төрсөн дүү Оээс болж тэд нар хэрэлдсэн юм билээ. Тэгээд Б, Н хоёр хэрэлдээд зодолдсон. Н эхлээд ширээн дээр байсан аяга болон данх аваад Б рүү шидсэн. Тэгээд “чиний хүүхдийг чинь хүн болгохгүй, хүүр болгоно, чамайг шоронд оруулж ялтан болгоно, манай нөхрийг дууд, нөхрөөрөө чамайг алуулна” гээд хэрэлдээд байсан. Б нь уурлаад Нг зодсон...Бг гэрээс...гарахад Нгийн нөхөр О хашаанд орж ирж таараад тэр хоёр барьцалдаж аваад зодолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5983 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхи хавдсан, тод хөхөлбөр ягаан цус хуралттай. Нурууны баруун доод хэсэгт 2х2 см хөхөлбөр ягаан цус хуралттай. ДҮГНЭЛТ:

1. Ц.Нгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32),

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5994 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн шанаанд 5 см улаан хүрэн өнгөц шархтай. Хүзүүний баруун хажуу хэсэгт 6 см өнгөц шархтай. Зүүн нүдний доод зовхинд 6х4 см хүрэн ягаан цус хуралттай. Духны өмнөд хэсэгт 0.5 см өнгөц улаан хүрэн зулгаралттай. ДҮГНЭЛТ:

1.Д.Оийн биед тархи доргилт, дагз, хүзүү шанаанд шарх, духанд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо болон хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31),

7. Иргэн Ц.Н, Ц.М нарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 4-6), Ц.Н, Д.О, Ц.Б, Ц.М нараас асууж авсан тайлбар (хавтаст хэргийн 7, 11, 15, 24),

8. иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48, 47), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 85, 84), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25, 37), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 88-94), өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 96, 97) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгч Ц.Н, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

 

I. Гэм буруугийн талаар.

Нэг. Шүүгдэгч Ц.Н нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод 2017 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө, гэр бүлийн хувийн хувийн таарамжгүй сэдэлтээр, О эгчийг ажлаас нь халууллаа гэх шалтгаанаар, санаатай үйлдлээр, өөрийн төрсөн ах Ц.Бгийн эхнэр Ц.Мыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00 цагийн орчим манай нөхрийн дүү Н манайд орж ирээд “манай хамаатны дүүг чи ажлаас нь хов жив хийж байгаад халууллаа”...гээд миний зүүн талын нүдний хөмсгөн дээр гар утсаараа цохисон. Б босч гэрийнхээ гэрлийг асаахад Н намайг үсдэж байгаад нүүр лүү цохисон. Миний шүд өвдөөд шүд цуурчих шиг болсон. Н намайг зодож миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136, 137),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5987 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 33),

- Гэрч З.Булганы мөрдөн байцаалтанд өгсөн: “...миний охин дүү О Нтэй утсаар яриад “би ажлаасаа халагдчихлаа” гэж уйлж ярьсан гэж Нд хэлсэн ба Н үүнээс болж Бгийн гэрт орж хэрүүл зодоон хийсэн юм байна лээ... Бгийн эхнэр Мыг Н зодсон гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45),

- Гэрч Ц.Шинэхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Н гэрт орж ирээд эхнэртэй нь хэрүүл хийгээд эхнэр лүү утсаа шидээд эхнэрийн хөмсгийг сэт цохичихлоо...гэж байсан. Тухайн үед хөндлөнгийн хүнээс буюу манай ээжийн төрсөн дүү Оээс болж тэд нар хэрэлдсэн юм билээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хоёр. Шүүгдэгч Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод 2017 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө, гэр бүлийн хувийн хувийн таарамжгүй сэдэлтээр, эхнэрээ өмөөрч, санаатай үйлдлээр, өөрийн төрсөн дүү Ц.Н, түүний нөхөр Д.О зодож тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Гэрч З.Булганы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө...Б гараараа Нгийн ар нуруу руу нь цохиод ор луу нь унагасан...Нгийн нөхөр О ирчихсэн Бтэй зодолдож байсан...Тухайн үед Н, О нарыг Б...зодсон гэсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45),

- Гэрч Ц.Шинэхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө...Б нь уурлаад Нг зодсон...Бг гэрээс...гарахад Нгийн нөхөр О хашаанд орж ирж таараад тэр хоёр барьцалдаж аваад зодолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5983 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 32),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5994 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 31) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

Шүүх Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Ц.Н, Ц.Б нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Ц.Б, Ц.Н нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдний хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирогч нарт төлөх төлбөргүй зэргийг харгалзан Ц.Нг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр шүүгдэгч, Ц.Бг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох  нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Ц.Б, Ц.Н нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 2017 2601 0967 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Харин тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг аваагүй шүүгдэгч Ц.Н, Ц.Б нарын мөрдөн байцаалтад яллагдагч, хохирогчоор өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Цын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

- Б овогт Цын Бг 2 хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгж буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял,

- Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгж буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох  ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Ц.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ