Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1265

 

 

 

 

 

 

     2020           9              29                                       2020/ДШМ/1265

 

 

Н.З холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

прокурор Х.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1580 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний 52 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Н.Зад холбогдох эрүүгийн 2010004470330 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Барга овгийн Нямаагийн Зууннаст, 1971 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...................тоотод оршин суух бүртгэлтэй, /.................../;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Н.З нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн 99713534 дугаарын утаснаас иргэн Л.Н99111250 дугаарын утас руу, мөн олон нийтийн цахим сүлжээ болох өөрийн I love 29 хаягаас твиттер, фейсбүүк орчинд олон нийтийн өмнө болон хувийн чатаар 2.200.000 төгрөг өгөхийг шаардаж, өөрт нь болон гэр бүлийн гишүүдийг “өлгийтэй нялхаас нь өтгөс буурал хүртэл амийг нь тасална, бүгдийнх нь толгойд сум зоогоод, гэртэй нь дэлбэлээд кино цаашаа шүү, тиймээс л хаа хаанаа анхаараад, шорондоо хийх болбол тэндээс оргож ч юм уу амьд гарахааргүй гүйцээх л хэрэгтэй”, “хэрэв би шоронгоос нь цусаар уйлаад ч болтугай хошногдуулж байгаад ч гэсэн амьд мэнд тэнхэлтэй гараад ирэх юм бол эднийг гэр бүлээр нь эдэнд үйлчилсэн хошного цагдаа, прокурор, хошного шүүгч, хошного өмгөөлөгч гээд бүгдийг нь хүйс тэмтэрнэ.”, “хэчнээн буу зэвсэгтэй хамгаалагч дагалдаад нэмэргүй, би эрх биш бүгдийг нь тооцоолохтойгоо, тэглээ ч үхсэн амьтан биеэ зольж довтолно гэдгийг сана, эсвэл магадгүй алсын зайнаас ч юм өрнөж магадгүй.” гэх мэтээр айлган сүрдүүлж, 2.200.000 төгрөг авахаар шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэмт хэрэг гарсан байдал буюу сэдэлтийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэг мөр шалгаж тогтоогоогүй байна. Тухайлбал: шүүгдэгч Н.З нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсхүл бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн аль болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэг мөр шалгаж тогтоох нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болно. Шүүгдэгч Н.Зын сэтгэцийн байдалд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч тэрээр хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрөхүйц байх тул урьд дүгнэлт гаргасан шинжээчдээс өөр 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ. Шүүгдэгч Н.Зад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа /хх 191-192/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...сэтгэцийн өвчний улмаас ...өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй...’’ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасныг зөрчсөн байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан хохирогч Н.Нинжжамцын мэдүүлэг/хх 152-154/, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 147-150/, Н.Зын 99713534 дугаарын утаснаас иргэн Л.Н99111250 дугаарын утас руу, мөн олон нийтийн цахим сүлжээ болох өөрийн I love 29 твиттер хаягаас твиттер, фейсбүүк рүү явуулж байсан жиргээнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-149/, Н.Зын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар Н.З нь анхнаасаа хохирогч Н.Н “МНВ” гэсэн нэр бүхий Монгол телевизийн логотой Твиттер хаягаа 250.000 төгрөгөөр зарах санаа зорилготой байсан. Н.Нинжжамц нь уг мөнгийг өгөөгүйгээс болж түүнээс эд хөрөнгө буюу 250.000 төгрөгийг болон өөрт учирсан хохирол гэж 2.000.000 төгрөгийг шаардаж, түүнд болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заналхийлэх” буюу хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлдэг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдаас эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлдэг гэмт хэргийн шинж болох объект, халдлагын зүйлээрээ илтэд ялгаатай өөр хэргүүд юм. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй Шүүх сэтгэц эмгэг судлалын 308 дугаартай “...Н.З нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн үйлдлийг ухамсарлан мэдүүлэх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэж дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтийг ямар үндэслэлээр шүүх эргэлзээтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Н.З нь нийгэмд чөлөөтэй зорчиж, оюун санааны хувьд бусадтай чөлөөтэй харьцаж, өөрийн эрхээ хэрэгжүүлж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвартай нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой ажиллагаанд оролцсон байдлууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн өмгөөлөгчтэй хуралдаанд оролцохдоо өгч байсан мэдүүлгийн тэмдэглэлээс тодорхой харагдах бөгөөд түүнийг өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл алга байна. Тэгээд ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан бөгөөд хэрэв шүүх өмнөх дүгнэлт эргэлзээтэй гэж үндэслэл бүхий байдлыг тодорхойлбол дахин шинжээч томилох бүрэн боломжтой юм. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дэх заалтад “...өөрийгөө өмгөөлөх, ...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох,...эрхтэй...” гэж, 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй...” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй.”, (d) заалтад “хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч нь өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана...” гэж тус тус заажээ. Н.Зын хувьд сэтгэцийн өвчний улмаас өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байдалд байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх юм. Дээрх үндсэн эрхийг хязгаарласан өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гараагүй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1580 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Н.Зыг 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн 99713534 дугаарын утаснаас иргэн Л.Н99111250 дугаарын утас руу, мөн олон нийтийн цахим сүлжээ болох өөрийн I love 29 хаягаас твиттер, фейсбүүк орчинд олон нийтийн өмнө болон хувийн чатаар 2.200.000 төгрөг өгөхийг шаардаж айлган сүрдүүлж, 2.200.000 төгрөг авахаар шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж  үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт буй баримтаас үзэхэд  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 сарын 23-ны өдрийн 308 дугаар дүгнэлтээр “... Н.З нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн үйлдлийг ухамсарлан мэдүүлэх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэж гарчээ.

Энэ дүгнэлтийг эргэлзээ бүхий гарсан гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Шүүгдэгч Н.З нь “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гэж яллагдагчаар мэдүүлэг өгсөн, өөрийн хэлсэн ярьсан зүйлийг  бүгдийг зөв бичсэн байна гэж бичээд гарын үсэг зурсан байх бөгөөд хууль зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Харин шүүх анхан шатны шүүх хуралдаанд улсаас өмгөөлөгч томилж хэргийг хэлэлцсэн нь зөв байна.

Мөн шүүгдэгч Н.З нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч Л.Н 200 000 төгрөг нэхэж, заналхийлсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан бөгөөд  уг тогтоолоор ял шийтгүүлэхдээ бие эрүүл, ухаан бүрэн байжээ. /хх 170/,   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн  шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний 52 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1580 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 1580 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцтэл Н.Зад урьд авсан хувийн баталгаа гаргах, хохирогчтой уулзахгүй байх, харилцахыг хориглох  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ        

 

ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ                           

 

                                    ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ