Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01091 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тхолбогдох,

 

2019 оны 7 сарын 18-ны өдрийн Б-2-119, 2019 оны 9 сарын 05-ны өдрийн Б-2-168, 2019 оны 10 сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, сахилгын шийтгэлд суутгагдсан 1 002 575 төгрөг, 2019 оны үр дүнгийн шагнал 2 557 640 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.С-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э, Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын дотоод аудит хяналтын албаны дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ажил олгогч үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа миний гаргасан гэх зөрчлийг хэлэлцсэн ямар нэгэн шуурхай хурал хийгээгүй. Хэн гэдэг албан тушаалтан, ямар хууль бус үүрэг, даалгаврыг гүйцэтгэсэн мөн Улаанбаатар төмөр замын хэмжээнд мөрдөгдөж байгаа ямар дүрэм, зааврыг биелүүлээгүй, ямар шалтгааны улмаас үнэнчээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй, байгууллагын нууцад хамаарах ажил үүрэгтэй холбоотой ямар мэдээллийн нууцыг хадгалах үүргээ биелүүлээгүй талаар дүгнэсэн баримт материалыг танилцуулаагүй. Дээрх тушаалд дурдсанаар би эрх хэмжээгээ хэтрүүлэн, шалгалтанд хамааралгүй ямар байгууллагын санхүүгийн баримт материалыг албан тушаалаа ашиглан хэн гэдэг ажилтныг дарамтлан улмаар түүнийгээ нуун дарагдуулахыг шаардан авч бусдад ямар хэлбэрээр тараасан сахилгын зөрчил гаргасан бэ гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас хариу тайлбар ирэх хүртэл мэдээгүй явсан. Тухайн тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг тусгайлан гаргасан. Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие 2019 оны 3 сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 сарын 11-ний өдрийг хүртэл Сүхбаатар өртөөнд дотоод аудит, хяналтын албаны дарга С.Н-ын баталсан томилолтын удирдамжийн дагуу томилолтоор ажилласан. Тухайн үед Сүхбаатар өртөөн дээр манай албаны орлогын байцаагч Г.Алтанчимэг, Ж.Болор нар төлөвлөгөөт шалгалт хийж, албаны дарга намайг тус өртөөн дээр ажиллаж, шалгалт хийж байгаа ажилтан нарынхаа шалгалтын явцтай танилцах, заавар, зөвлөгөө өг гэсэн үүрэг өгч, томилолтоор хийсэн ажлаа албаныхаа даргад 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр танилцуулж, албаны дарга тухайн томилолтын удирдамжид заасан ажлын биелэлтийг дүгнээд 100 хувь гүйцэтгэсэн гэж үзэж, зардлын тооцоо хийхийг зөвшөөрч, гарын үсэг зурж Захиргаа аж ахуйн хэлтсээс цохолт аван зардлын мөнгөө авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Гэтэл Улаанбаатар төмөр замын даргын дээр дурдсан тушаалд намайг Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн талаар байхгүй байна. Хэрвээ намайг 2019 оны 3 сарын 08-ны өдөр сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол 2019 оны 3 сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 сарын 11-ний өдрүүдэд томилолтоор ажиллахдаа хууль бусаар дур мэдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, зохих журмын дагуу томилолт авч, ажил үүргээ тайлагнасан. Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 сарын 05-ны өдрийн тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулах үед би ээлжийн амралттай байсан. Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 217 дугаартай тушаалаар намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний хувьд Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны А-202 тушаалаар батлагдсан журмын дагуу явсан. Удирдах газрын захиргаа аж ахуйн хэлтэст үнийн тооцоо нийлж тухайн өртөөнөөс явах болгондоо үнэмлэхээ үзүүлж яв гэх А-202 журмын дагуу явсан тул сахилгын зөрчлийг гаргаагүй гэж үзэж байна. Улмаар намайг удаа дараа байх байхгүй, өвчтэй, ээлжийн амралттай хугацаанд арга хэмжээ аваад өөрт мэдэгдэхгүйгээр хяналт шалгалт явуулж, 2018 оноос н.Пунцаг гэдэг дарга маш их дарамталсан. Үүнээс болж 1 дүгээр сард миний бие өвдөж, 7 дугаар сард мөн өвдсөн. Төмөр замын эмнэлгээр гадуур эмчлүүлж байгаад ээлжийн амралтаа авч,   шар хадны эмнэлгийн нойргүйдлийн болон сэтгэцийн тасагт үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэж хэлсэн. 2019 оны 8 сарын 01-ний өдрөөс 9 сарын 11-ний өдрийн хооронд ээлжийн амралттай байсан ба ажлын байрны дарамт, сэтгэл санааны хямралаас үүдэн 9 сарын 11-ний өдрөөс 9 сарын 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж, 9 сарын 23-ны өдрөөс 10 сарын 03-ны өдрийг хүртэл өрхийн эмнэлгийн хяналтанд байж эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөтэй байсан. Тэгэхээр намайг өвчтэй байхад шалгалт явуулсан болж таарч байна. Би өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн батлагдсан удирдамжгүйгээр ямар аж ахуйн нэгжийг шалгасан, шалгалтанд хамааралгүй ямар санхүүгийн баримт материалыг эх хувиар нь хэнээс шаардан авсан бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Миний асуудлыг хэлэлцсэн удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Ж.Батболдын удирдан хийсэн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлийг өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй бөгөөд уг хурал дээр би хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, албаны даргын удирдан хийсэн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн авто тээвэр үйлчилгээний төвийн санхүүгийн аудитын шалгалтын шуурхай хурал дээр тус төвийн ерөнхий нягтлан бодогч Л.Бурмаа зам тээврийн хөгжлийн сайдын унадаг автомашины хөнгөлөлтийн талаар ярьж хөдөө гадаа явахад бэлэн мөнгө гардаг, гаргахгүй бол болохгүй шалтгаанууд байна гэж ярьсны улмаас албаны даргын өгсөн үүргийн дагуу тус нэгж дээр аудитор Ц.Оюунчимэгийн хамт 2019 оны 5 сарын 02-ны өдөр ажиллан гүйцэтгэлийн шалгалт хийж, шалгалтын тайлан болон холбогдох материалуудыг албаны дарга С.Н-т танилцуулсан. Дотоод аудит хяналтын албаны хийсэн шалгалт хууль бус нэг талыг барьсан, хүний хувийн нууцад халдсан гэдгийг хэлсэн байдаг. Батлагдсан удирдамжгүй шалгалт хийгдсэн гэж байна. Батлагдсан удирдамжаар аудиторууд шалгалт хийгээд өгсөн үүрэг даалгаврын дагуу Ц.Оюунчимэг бид хоёр биелсэн байна уу, үгүй юу гэдгийг үзсэн. Манай албан дээр шалгалт хийж дуусаад шуурхай хуралд ирэхдээ зөвлөмжийн биелэлтийг барьж байдаг, зарим нь хэсэг хугацааны дараа барьдаг. Оны эцэст бид хуваарилж аваад гардаг. Сүүлдээ миний яаж өвдсөн, ямар өвчнөөр өвдсөн тухай Улаанбаатар төмөр замын даргын 10 сарын 10-ны өдрийн баримт гаргаж ирсэн. Намайг удаа дараа хүний нөөцийн албаны Н.Баттуяа, манай албаны н.Гантуул гэдэг хүмүүсээр шалгуулан, өвчний картаа өг гэж хэлдэг байсан. Би өгье гээд гэрээсээ аваад гарсан боловч тэтгэвэрт гарахад нэг жил дутуу, 50 гаруй насны хүний дүүрэн өвчний түүхийг хөндлөнгийн хүмүүст танилцуулах зүрх сэтгэл хүрээгүй. Өвчний акт бол НХО-ын санхүү дээр байгаа түүнийг үз гэж хэлсэн. 2019 оны 6 сараас 9 сарын хооронд 7 удаа хувийн зорилгоор албан тушаал, эрх мэдлээ урвуулан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүйгээр галт тэргээр зорчсон нь дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 сарын 17-ы өдрийн шалгалтаар тогтоогдсон гэж байна. Улаанбаатар төмөр замын тээврийн хяналтын байцаагч, дотоод аудит хяналтын албаны санхүүгийн болон орлогын байцаагч, зорчигч тээврийн албаны байцаагч бусад албаны байцаагч нар галт тэргэнд шалгах эрхийн үнэмлэхийнхээ үндсэн дээр шууд харилцааны галт тэрэгнээс бусад бүх суудлын галт тэргэнд байр эзлэн зорчих эрхтэй. Энэ үнэмлэхийн тухай Улаанбаатар төмөр замд ажилладаг бүх хүмүүс мэднэ. Эрхийн үнэмлэх тодорхой тооны хэдэн хүмүүст байдаг. Надад хоёр үнэмлэх байдаг ба нэг нь албаны үнэмлэх, нөгөө нь эрхийн үнэмлэх. Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 сарын 17-ны өдрийн шалгалт хийсэн гэх дотоод аудит, хяналтын албаны ажилтан Ч.Эрдэнэбат, н.Болдсайхан нар уг шалгалтын удирдамжийг 2019 оны 10 сарын 16-ны өдөр танилцуулахад шалгалтанд хамрагдах асуудал хувийн нууцад хамаарах эрүүл мэндтэй холбоотой асуудал байна гэдэг тайлбарыг хэлэхэд хүлээж аваагүй. Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн А-14 дугаартай тушаалаар батлагдсан төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийн дагуу Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн удирдлага, алба, хэлтэс, тасаг, төв, товчоо, салбар нэгжийн батлагдсан орон тоо, албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ болон контрактаар ажиллаж байгаа ажилтнуудад жилийн эцсийн үр дүнгийн шагналыг тайлант оны эхнээс бүтэн ажилласан ажилтнуудад тооцож олгодог. Ажил олгогч надад 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагналыг олгоогүй. Би Улаанбаатар төмөр замд 30 жил тасралтгүй ажиллах хугацаандаа жил бүр ажлын үр дүнгийн шагналаа бүрэн авч байсан. Иймээс надад удаа дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж байгаа тул дээрх шагналыг авах эрхтэй гэж үзэж байна. Мөн ажлын байрны дарамтанд байнга өртөн, Улаанбаатар төмөр замын даргын дотоод аудит хяналтын хэлтсийн дарга Ж.П- намайг хувийн, ажлын байдлаар доромжилж, сүүлдээ гэр бүл, найз нөхөд, ах дүүсийг ярьж хэлэх болсон. Энэ талаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2019 оны 7 сарын 19-ний өдөр гомдол гаргасан ч хурлын шийдвэр одоо болтол гаргаагүй байна. Ажил олгогч намайг үнэнч, шударгаар ажил үүргээ гүйцэтгэсний төлөө элдвээр шахан дарамталж янз бүрийн шалтгалтыг удаа дараа явуулж, хууль бусаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг ногдуулсан. Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан үзэж, Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.С- нь Улаанбаатар төмөр замын дотоод хяналтын албаны дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны Б-500 дугаартай тушаалаар батлагдсан дотоод аудит, хяналтын албаны дүрэм, хяналт шалгалтыг зохион байгуулах журам, албан томилолтоор ажиллах журам, төмөр замаар зорчих маягтыг алба, нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журам зэргийг зөрчиж, албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирдамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 9 сарын 05-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч 2019 оны 3 сарын 08-10-ны өдрүүд буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр, хагас, бүтэн сайн өдрүүдэд Сүхбаатар өртөөнд албан томилолтоор ажилласан тухай албан томилолтын удирдамж байна. Уг удирдамжийг албаны дарга асан С.Н- баталсан боловч удирдамжинд байвал зохих албан томилолтын үр дүн буюу гүйцэтгэлийн тайлан байхгүй байдаг. Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны А-500 дугаартай тушаалаар батлагдсан дотоод аудит хяналтын албаны дүрмийн 4.8, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны А-501 дугаартай тушаалаар батлагдсан дотоод аудит хяналтын албаны хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.12, 3.5.1 дэх хэсэгт заасны дагуу удирдамж боловсруулан батлуулж ажиллах ёстой. Мөн албан томилолтын удирдамжид “үндсэн болон нэмэлт үүрэг” гэх хэсэг байдаг. Орлогын байцаагч Ж.Болор, Г.Алтанчимэг нарын бичгээр гаргаж өгсөн тайлбараас үзэхэд тэдний ажлыг шалгасан гэх үндэслэл харагддаггүй. Түүнчлэн галт тэрэгний дарга н.Орхон, н.Энхтүвшин, явуулын кассир Б.Даваасүрэн нарын бичгээр өгсөн тайлбарт ямар нэгэн шалгалт, тооллого хийсэн гэх нотолгоо байхгүй байна. Иймд албаны дээрх дүрэм, журмын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн. Дотоод аудит, хяналтын албаны дүрэм, журам, албан томилолтоор ажиллах журам, төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж үнийг нь төлсөн нөхцөлд олгох журам зэрэг нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан холбогдох хууль тогтоомж дүрэм, журам гэх заалтад хамаардаг. Эдгээр дүрэм, журмыг биелүүлэх үүрэг ажилтанд байдаг ба биелүүлээгүй гэж үзсэн учраас сахилгын шийтгэл ногдуулсан. Дотоод аудит хяналт албаны хяналт, шалгалт зохион байгуулах журмын 10.4, 10.5 дах хэсгийг үндэслээд, 2019 оны 9 сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед Д.С- 2019 оны ээлжийн амралтаа эдэлж байсан хэдий ч түүнийг ээлжийн амралтаас дуудан ажиллуулах тухай тушаал гарсан бөгөөд уг тушаалаар 2019 оны 8 сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллах ёстой байтал ар гэрийн гачигдал, бэрхшээл зэргийг дурдсан өргөдөл ирүүлээд ажилдаа ирээгүй учир бидэнд авагдсан баримтын үндсэн дээр шалгалт хийсэн. Д.С- Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 4.14, 7.2.6 болон хөдөлмөрийн дотоод журмын 5.4, дотоод аудит хяналтын албаны дүрмийн 7.3.2, дотоод аудит хяналтын албаны хяналт, шалгалт зохион байгуулах журмын 5.13-т заасныг тус тус зөрчсөн. Манайд албаны болон Сүхбаатар өртөөний хэсэглэлийн хувьд хяналт шалгалт яаралтай явуулах талаар ямар нэгэн гомдол, мэдээлэл байхгүй бөгөөд өөрөө хэлбэл баяр ёслол, амралтын өдрүүдэд шалгалт хийх зайлшгүй шаардлага байгаагүй. Д.С- хяналт шалгалтын удирдамж хийж батлуулаагүй, хяналт шалгалтын тайлан, ямар нэгэн илтгэх хуудас, шалгалтын баримт бичгийн бүрдэл байхгүй байна. Нэхэмжлэгч албаны холбогдох дүрэм журмыг зөрчиж, хууль бусаар албан томилолтоор ажилласан учраас төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журмын дээрх заалтуудыг зөрчсөн нь харагдаж байна. Д.С-д албан томилолтын зардалд 50 600 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл 286 450 төгрөг, баяр ёслолын өдөр ажилласны нэмэгдэл 253 482 төгрөг, нийт 590 532 төгрөгийг олгосон санхүүгийн баримт байгаа тул албаны ямар нэгэн хяналт хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул галт тэрэгний тасалбарын үнэ 59 600 төгрөгийг оруулж, тооцоод нийт 650 132 төгрөгийг нөхөн төлүүлэх акт тогтоож байсан. Мөн 2019 оны 6 сараас 9 сарын хооронд 7 удаа хувийн зорилгоор зорчихдоо Улаанбаатар төмөр замын даргын 202 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж үнийг төлсөн нөхцөлд олгох журмын 3.2-т заасныг зөрчиж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүй галт тэргээр зорчсон нь дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 сарын 17-ны өдрийн шалгалтаар тогтоогдсон. Ингээд сахилгын шийтгэл давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.С- нь автотээвэр үндэсний төвд 2019 оны 5 сарын 02-ны өдөр удирдамжгүйгээр шалгалт явуулж, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь автотээвэр үйлчилгээний төвийн дарга Б.Энхтөрийн тайлбарууд, дотоод аудит хяналтын албаны аудиторуудын 2019 оны жилийн удирдамжийн жагсаалт, удирдамжийн бүртгэл, дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 34 дугаартай шалгалтын тайлан зэргээр нотлогдсон. Д.С- нь  2019 оны 6 сарын 27, 7 сарын 10, 8 сарын 07, 9 сарын 18, 9 сарын 22, 9 сарын 30-ны өдрүүдэд нийт 7 удаа хувийн зорилгоор буюу Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд 4 удаа, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 3 удаа явсан нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүй галт тэргээр зорчсон нь дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 34 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан, статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 12/241 тоотоор ирүүлсэн мэдээллийн нэгдсэн сангаас 2018 оны 01 сараас 2019 оны 10 сарын 03-ны өдрийн хооронд зорчигчийн галт тэргээр зорчсон лавлагаа, нэхэмжлэгчээс 2019 оны 10 сарын 15-ны өдөр асууж авсан тайлбар зэргээр тогтоогдож байна. Түүний 2019 оны 10 сарын 16-ны өдөр удирдамжгүй шалгалт явуулсан талаар бичиж өгсөн тайлбар дээрх шалгалтын дүнг хэлэлцсэн хуралд Д.С- өөрийн биеэр оролцож, тайлбараа гаргаж байсан зэргээс үзэхэд түүнийг өвчтэй үед шалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй. Дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.С-д Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 сарын 18-ны өдрийн Б-2-119 дугаартай тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч Д.С- нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, Олон нийтийн сүлжээгээр хариуцагч байгууллагатай холбоотой нийтлэл гарсантай холбоотойгоор ажлын хэсэг байгуулж шалгалт явуулсан. Нийтлэлд дурдагдсан хэсэг нь Д.С-гийн аж ахуйн хэлтсийн эдийн засагч Б.Золзаяагаас гаргуулж авсан санхүүгийн баримтад байгаа баримт, мэдээлэл болон аж ахуйн хэлтсийн 2019 оны санхүүгийн шалгалтын тайлангийн 33 дугаар хуудсанд байх мэдээллүүд байсан. Энэ нь Б.Золзаяа, С.Н-, Ж.П- нарын бичсэн тайлбар, асууж авсан тэмдэглэл, дотоод аудит хяналтын албаны 2019 оны 7 сарын 01-ний өдрийн шалгалтын тайлан, ажлын хэсгийн илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Д.С- нь 2019 оны 7 сарын 19-ний өдөр хүлээн авсан бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацаа 2019 оны 10 сарын 19-ний өдөр дууссан байхад 1 сар 28 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх гэсэн хэлбэрээр гомдлоо гаргасан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ингэж гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснээр шүүхэд гомдол гаргах эрхээ алдана. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улаанбаатар төмөр замын даргын Б-2-119 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн цалингаас зөвхөн нэг сарын суутгал хийгдсэн ба ээлжийн амралтын дараа өвчтэй байсан, цалин олгогдоогүй зэрэг шалтгааны улмаас үлдэх 2 сарын цалингаас суутгал хийгдээгүй. Д.С-д 2019 оны 7 сарын үр дүнгийн шагнал болон 716 250 төгрөгийг олгоогүй нь Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 5 сарын 28-ны өдрийн 245 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Улаанбаатар төмөр замын ажилтан нарын сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.13 дахь хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд тухайн сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг олгохгүй гэх заалттай нийцэж байна. Жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийн 15 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, төмөр замын тээврийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн ажилтанд жилийн эцсийн үр дүнгийн шагнал олгохгүй гэж  заасан. Үүний дагуу Д.С-д жилийн ажлын үр дүнгийн шагнал олгох ёсгүй ба тухайн үр дүнгийн шагналын зорилго алба, хэлтэс, тасаг, төв, товчоо, салбар нэгжийн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлмөр материалын зардлыг хэмнэх, санхүү эдийн засгийн үр ашиг орлогыг нэмэгдүүлэх, ажлын хариуцлага сахилга бат дэг журмыг дээшлүүлэх, ажилтны тогтвор суурьшилтай ажилласан ажлын үр дүнг дүгнэхэд оршдог. Иймээс ажил олгогчийн зүгээс Д.С-д сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.С-гийн нэхэмжлэлтэй, Тд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эргэлзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагатай нийцээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхльг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би тус шүүхэд Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 сарын 18-ны өдрийн 119 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор уг нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг 3 удаа гаргасан. Шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн тушаалыг гардан аваад өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хэрэгжүүлдэг гол үндсэн чиг үүргийнх нь дагуу тус холбоонд 2019 оны 7 сарын 23-ны өдөр өргөдөл гаргаж холбогдох бүх материалуудаа хавсарган өгсөн. Тус холбооны дарга Б.Баяраа нь өргөдөлтэй танилцаад тус холбооны дэд дарга Б.Алтанхуягт судалж, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэсэн цохолтыг хийсэн ба үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нь итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд намайг төлөөлөн нэхэмжлэл гаргах, түүнчлэн тухайн хэрэг маргаанд итгэмжлэгч буюу Д.С- миний биеийг бүрэн төлөөлөхөөр тохиролцож 2019 оны 8 сарын 06-ний өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатчаар гэрчлүүлэн №498 бүртгэлийн дугаар бүхий итгэмжлэл үйлдэн Б.Алтанхуягт өгсөн болно. Миний зүгээс өөртөө холбоотой тушаал болон бусад холбогдох баримт мэдээллийг Алтанхуягт өгсөн ба би итгэмжлэлээр өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг олгож, тэрээр шүүхэд намайг төлөөлөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцоно гэсэн бөгөөд уг ажиллагаанд намайг биечлэн оролцох шаардлагагүй, өөрөө хэрэг дээрээ хяналт тавиад ажиллана гэж ойлгуулсан. Үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаан Баянгол дүүргийн шүүх дээр байгаа, процессийн ажиллагаа явагдаж байгаа, санаа зоволтгүй гэж байсан. Б.Алтанхуяг нь намайг хууран мэхэлж, магадгүй хариуцагч талд үйлчилж, санаатайгаар миний эрх ашгийг хохироож, надаас олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг 2019 оны 11 сарын 22-ны өдөр мэдсэн болно. Ингээд мэдсэн даруй Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хэргийг хянахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг нь намайг зориудаар төөрөгдүүлэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нь хэтрүүлсэн, миний бие нь анхнаасаа уг тушаалыг эс хүлээн зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргах хүсэлт зоригтой байсан боловч өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан өөрөөр хэлбэл төмөр замын ажилчдын эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болж Д.С-гийн эрх ашиг хохирсон тул түүний шүүхэд гомдол гаргах эрхийг хангах нь өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаарах болохыг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргалаа. Шүүх хуралдааны явцад уг тушаалын үндэслэл болсон эрх хэмжээгээ хэтрүүлэн шалгалтад хамааралгүй санхүүгийн баримт материалыг албан тушаалаа ашиглан бусдыг дарамтлан нуун дарагдуулахыг шаардан авч бусдад тараасан сахилгын зөрчил гаргасан гэх байдлыг нотлогдоогүй гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ийм зөрчлийг огт гаргаагүй болохоо нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр олон нийтийн сайтуудаас нийтлэлүүдийг Д.С- гаргаж өгсөн эсэх талаар лавлагаа гаргуулсан ба уг мэдээллүүдтэй Д.С- хамааралгүй болох нь тогтоогдсон. Иймд Д.С-д түүний үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан 119 дугаартай тушаал нь үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 сарын 05-ны өдрийн 168 дугаар тушаалаар ногдуулсан сануулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Анхан шатны шүүх уг тушаалд дурдсан 2019 оны 3 сарын 08-ны өдөр албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирдамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн талаар дүгнэлт хийхдээ хариуцагч уг тушаалд дурдсан асуудлыг нотолж чадаагүй учраас арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна. Шүүх ийнхүү уг тушаалын үндэслэлийн талаар зөв зүйтэй үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа тус тушаалд байхгүй нэхэмжлэгч хувийн зорилгодоо албан бичиг баримт ашигласан үйлдэл түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь хариуцагчийн тайлбар хэлэлцсэн хурлын тэмдэглэл явсан замын маршрутаар тогтоогдож байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 217 дугаартай тушаалаар ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэлийг хүчингүй болгож намайг дотоод аудит, хяналтын албаны дотоод аудитын хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Улаанбаатар төмөр замд даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Тухайн тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй талаарх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүхээс үнэлээгүй орхигдуулсан.уг тушаалд дурдсан зөрчлүүд нь ямар нөхцөл байдал .хэрэгт байгаа ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар шүүх дүгнэлт хийгээгүй атлаа ажлаас халах тушаалыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Шүүх уг тушаалын үндэслэлтэй болох нь гэрч нарын тайлбар, мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар дээрх үйл явдлууд нотлогдсон гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй болжээ. Учир нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуягийг уг байгууллагад гүйцэтгэж буй ажлын чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс авсан итгэмжлэлийн дагуу хийсэн ажлыг тодруулах зорилгоор оролцуулах, мөн орон нутгийн галт тэрэгний явуулын кассир Б.Даваасүрэнг хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг няцаах зорилгоор буюу 2019 оны 3 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нь галт тэргээр зорчсон эсэхтэй холбоотойг тодруулах үүднээс шүүх хуралд оролцуулсан. Эдгээр гэрч нар нь ажлаас халах сахилгын шийтгэлийн үндэслэлийг нотолсон ямарваа нэгэн мэдүүлэг шүүхэд өгөөгүй. Ийм учраас анхан шатны шүүхээс ажлаас халах сахилгын шийтгэлийг үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Нэхэмжлэгчээс түүнд сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагч талын тушаалууд нь үндэслэлгүй, тухайн тушаалуудад дурдсан сахилгын зөрчил гэх асуудлыг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдоогүй, зарим тушаалын үндэслэл болсон төлөвлөгөөт бус шалгалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин явагдсан, улмаар шалгалтын дүгнэлт зэрэг нь хууль бус болох тухай нэхэмжлэгчийн зүгээс гаргасан тайлбар, уг тайлбартай холбоотой нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай.ач холбогдолтой талаас нь анхан шатны шүүх үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Тухайлбал, шүүх нэхэмжлэгчийн удаа дараа хувь хүнийг чиглэсэн шалгалт хийсэн, ажлын байрны дарамтанд байнга өртсөн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Учир нь би надад ажлын байрны дарамтыг үзүүлж байсан талаар гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст гаргасны дагуу холбогдох шалгалтыг явуулж, гаргасан 2020 оны 02 сарын 11-ний өдрийн зөвлөмж нотлох баримтаар авагдсан ба тус комиссоос явуулсан шалгалтын хүрээнд Дотоод аудит хяналтын албаны дарга Ж.П- нь ажилтнууддаа дарамт шахалт үзүүлж, тэдний хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Мөн уг зөвлөмжинд Д.С-гаас Улаанбаатар төмөр замын ёс зүйн хороонд хандан дотоод аудит, хяналтын албаны дарга Ж.П- болон Д.С-д холбогдуулан хяналт шалгалт явуулсан Ч.Эрдэнэбат нарын ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл, Д.С-г ажлаас халахаар заналхийлсэн тухай гомдол гаргасныг хариуцагч талаас шийдвэрлэхгүй удаашруулж буй талаар дурдсан байгаа нь нэхэмжлэгчийн ажлын байрны дарамтанд өртсөн гэх тайлбарыг нь нотолж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Тд холбогдуулан 2019 оны 7 сарын 18-ны өдрийн Б-2-119, 2019 оны 9 сарын 05-ны өдрийн Б-2-168, 2019 оны 10 сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, сахилгын шийтгэлд суутгагдсан 1 002 575 төгрөг, 2019 оны үр дүнгийн шагнал 2 557 640 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.С- нь 2017 оны 12 сарын 01-ний өдөр хариуцагч  Тын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, дотоод аудит хяналтын албаны, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байгаад

- 2019 оны 7 сарын 18-ны өдрийн Б-II-119 дугаартай тушаалаар эрх хэмжээгээ хэтрүүлэн, шалгалтад хамааралгүй, санхүүгийн баримт материалыг шаардан авч, бусдад тараасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл,

- 2019 оны 9 сарын 05-ны өдрийн Б-II-168 дугаартай тушаалаар албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирдамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл,

- 2019 оны 10 сарын 25-ны өдрийн Б-II-217 дугаартай тушаалаар 2019 оны 6 – 9 сард 7 удаа хувийн зорилгоор зорчихдоо албан тушаал, эрх мэдлээ урвуулан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүйгээр галт тэргээр зорчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэлийг тус тус хүлээжээ. /хх-ийн 10-12, 117-118-р тал/

 

Нэхэмжлэгч Д.С- нь 2019 оны 4 сард хариуцагч Тын дотоод аудит хяналтын албаны дарга С.Н-ын хүсэлтээр тус байгууллагын эдийн засагч Б.Золзаяагаар 2017 оны санхүүгийн 2 хавтас баримт авахуулан, албан ажлаас өөр зорилгоор ашиглаж, мэдээлэл задрах, нууц алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан болох нь ажлын хэсгийн болон албаны шалгалтын тайлан, илтгэх хуудас зэргээр тогтоогджээ. /хх-ийн 216-237-р тал/.

 

Хариуцагч Т нь нэхэмжлэгч Д.С-гийн дээрх үйлдлийг Дотоод аудит хяналтын албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.12-т заасан “... хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй”, дотоод аудит хяналтын албаны дүрмийн 7.2.2-т заасан “хяналт, шалгалтын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах”, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр 2019 оны 7 сарын 18-ны өдөр Б-2-119 дугаартай тушаалаар түүний цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч Д.С- нь уг тушаалтай холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахаар бусдад итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдлээс хамаарч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон түүний төлөөлөх эрх олгосон этгээдээс үл хамаарах шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар зогссон, тасалдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд 2019 оны 7 сарын 18-ны өдрийн Б-2-119 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн сахилгын шийтгэлд суутгагдсан 1 002 575 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

Хариуцагч Т  нь 2019 оны 9 сарын 05-ны өдрийн Б-II-168 дугаартай тушаалаар, нэхэмжлэгч Д.С-г 2019 оны 3 сарын 8-ны өдөр албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирдамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.  

 

            Хэргийн 62-63 дугаар талд нэхэмжлэгч Д.С-г Сүхбаатар өртөөнд албан томилолтоор ажиллуулах удирдамж байгаа боловч нэхэмжлэгч нь хяналт, шалгалтын удирдамж, ажлын төлөвлөгөөг холбогдох этгээдээр батлуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл дотоод аудит хяналтын албаны дүрмийн 4.8-д “албаны ажилтнууд нь хяналт, шалгалтын удирдамж, ажлын төлөвлөгөөг замын дарга болон албаны дарга, орлогч нараар батлуулж мөрдөн ажиллана” гэж заасныг зөрчиж, хяналт, шалгалтын удирдамжгүй Сүхбаатар өртөө рүү зорчсон болох нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн илтгэх хуудсаар тогтоогдсон байх тул уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. /хх-ийн 64-69-р тал/

 

1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр талд байгаа 2019 оны 9 сарын 05-ны өдрийн Б-II-168 дугаартай тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй боловч дээрх тушаалаар нэхэмжлэгч Д.С-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. Түүнчлэн сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан буюу тушаал гаргасан байхыг шаардахгүй юм.

 

            Тодруулбал, хариуцагч Тын даргын 2017 оны 5 сарын 26-ны өдрийн А-202 дугаар тушаалаар батлагдсан, “Төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журам”-ын 3.2-т “төмөр замын тээврийн хяналтын байцаагч, дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн болон орлогын байцаагч, зорчигт тээврийн албаны байцаагч бусад албадын байцаагч нар шалгах эрхийн үнэмлэх, өөрийн удирдах даргаас авсан томилолт, шалгалтын удирдамж гэх мэт албан үүргээ биелүүлж яваа нотлох баримтаа тухайн өртөөний тасалбарын няравт үзүүлж, тасалгаат хатуу вагонд зорчих тасалбар авч зорчино” гэж заажээ.

           

            Нэхэмжлэгч Д.С- нь дээрх зөрчлийг гаргасан нь өөрийнх нь тайлбар, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан, галт тэрэгээр зорчсон мэдээлэл зэргээр тогтоогдсон байна. Иймд хариуцагч Т нь 2019 оны 10 сарын 25-ны өдрийн Б-II-217 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.С-г 2019 оны 6-9 сард 7 удаа хувийн зорилгоор зорчихдоо албан тушаал, эрх мэдлээ урвуулан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүйгээр галт тэргээр зорчиж, давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. /1-р хх-ийн 87-92, 96-р тал/

 

Нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанд албаны шалгалтаар явж байсан гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүйгээс гадна дээрх журамд зааснаар томилолт, шалгалтын удирдамжтайгаар албан үүргээ гүйцэтгэж яваагаа өртөөний тасалбарын няравт шалгуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

 

            Хариуцагч Тын даргын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн А-14 дугаартай, “Шагналын дүрэм шинэчлэн батлах тухай тушаал”-ын хавсралтаар төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийг баталсан байх бөгөөд уг дүрмийн 15-д “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан ... ажилтанд жилийн ажлын үр дүнгийн шагнал олгохгүй” гэж заасан байх тул үр дүнгийн шагналд 2 557 640 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. /2хх-ийн 226-229-р тал/

           

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.С- нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдсон байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ЭНХТӨР

 

  ШҮҮГЧ                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ