Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01052

 

Н.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/00743 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Тийн нэхэмжлэлтэй хариуцагч “ХГД” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний хохиролд 24 770 168 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн итэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цогзолмаа, түүний өмгөөлөгч М.Мөнгөнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шуурхай зар дээр байсан зараар “ХГД” ХХК-ийн энэ ажлын байрыг олж, утсаар ярьж уулзсан. Манай байрыг удаан хугацаагаар түрээслэвэл ашигтай байна гэж Р.Цогзолмаа нь ярьж байсан бөгөөд цахим тоглоомын газар ажилуулахаар 2 жилийн хугацаатай түрээслэхээр болсон. Эхлээд амаар харилцан тохиролцоод бичгээр гэрээ байгуулаагүй, 20 ширхэг компьютер авч ирж суурилуулсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цахим тоглоомын төв ажиллуулахаар бичгээр гэрээ байгуулсан. 2 жилээр ажиллуулах учраас 1 жилийг нь амаар тохиролцсон. Цахим тоглоомын газрын зөвшөөрлийг нь хөөцөлдөж 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. 2 сарын төлбөр 1 500 000 төгрөг, барьцаа 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мэргэжлийн хяналт, Онцгой байдлаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүсэж, Цагдаагийн гурвалсан гэрээг байгуулаад үйл ажиллагаагаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Р.Цогзолмаагийн зүгээс тог цахилгаан, усыг дуртай үедээ тасалдаг байсан. Цахилгаан таслах талаар надад урьдчилаад хэлэх боломжгүй юм уу гэж асууж байсан. 00-ын өрөөнд орох боломжгүй болчихдог. Хэлэхээр манай манаач нар хаачихсан юм шиг байна би хэлье гэдэг байсан. Ах дүү нар нь арын хашаанд амьдардаг, орж ирээд яв зайл гэдэг. Би эдний гэрт толгой хорогдоогүй. 2 сард 144 000 төгрөгийн цахилгааны төлбөр гарсан байна гэсэн. Би яагаад цахилгааны төлбөр ийм гарч байгаа юм бэ гэж асууж байсан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүх хэрэглээг таслаад дотоод тоолуураа шалгахад тоолуур явж байсан. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цахилгаанаа шалгуулахаар Сонгинохайрхан дүүрэгт хандаж үзүүлэхэд баталгаажуулалт хийгдээгүй байна гэж хэлсэн. Энэ талаараа Р.Цогзолмаад хэлэхэд минийх найдвартай тоолуур гэж хэлсэн. Дараа нь өөр тоолуур авчирсан боловч таарахгүй байна гэсэн. Тэгээд би үйл ажиллагаагаа явуулаагүй. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сар бүрийн 15-нд 300 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тоолуураа засаж өгөөгүй байж 53,000 төгрөгийг төл гэхэд нь тоолуураа засаж өгөхийг шаардсан. Надаас ямар ч уучлалт гуйсан зүйл байхгүй. Надад 20 литр ус өгчихөөд 1 тонн усны мөнгө авч байсан. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр намайг ахтайгаа орж ирээд хөөсөн. Байрыг нь засаж өгөөд бүх зүйлээ аваад гарсан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цахилгааны төлбөр 53 000 төгрөг, алданги 1,900 төгрөг нийт 54 900 төгрөг, 2019 оны 6 сарын түрээсийн төлбөрийн зөрүү 450 000 төгрөг, алданги 54 000 төгрөг, хогны төлбөр 5000 төгрөг тус тус тооцож 563,900 төгрөгийг хүчээр суутгаж аваад түрээсийн гэрээг цуцаллаа гээд миний зөвшөөрөлгүй асуудлыг шийдэж хөөн гаргасан. Гэрээний 4.5-д зааснаар гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг 1 сарын өмнө харилцан бие биедээ тавьж шийдэхээр заасан бөгөөд гэрээ цуцлах талаар бид тохиролцоогүй. Анх тохиролцохдоо бид гэрээг дор хаяж тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2 жил үргэлжлүүлэхээр тохиролцсон. Гэтэл түрээслэгч тал гэрээний үүргээ зөрчин дангаараа гэрээг цуцлахаар болж үйл ажиллагаа жигдэрч эхлэнгүүт намайг хөөн гаргасан нь миний бие олох ёстой байсан ашиг орлого олох боломжийг үгүй хийж дээр нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг минь хүчингүй болгосон. Тусгай зөвшөөрөл авахад гаргасан зардал мөнгө болон намайг нааш цааш тоног төхөөрөмж зөөвөрлөх зэрэг зардал чирэгдэл гаргахад хүргэж хохироогоод байна. 2019.05.15-2019.06.15 хүртэл авсан түрээсийн төлбөр 750 000 төгрөг, алданги 54 000 төгрөг, нийт 804 000 төгрөг, 2019.05.01-2019.05.30 хүртэл тогны төлбөр 53 000 төгрөг, алданги 1900 төгрөг, нийт 54 900 төгрөг,Тусгай гэрчилгээ 100 000 төгрөгөөр авсан, 2018.12.13-ны падан 460 000 төгрөг, 2018.12.18-ны падан 900 000 төгрөг, 2019.03.04-ний падан 78 000 төгрөг, 2019.01.03-ны падан 91 500 төгрөг, 2019.03.14-ний падан 215 000 төгрөг, 2019.04.23-ны падан 130 000 төгрөг, 2018.12.10-ны тээврийн хөлс 100 000 төгрөг, 2019.06.09-ний өдрийн тээврийн хөлс 100 000 төгрөг, ширээ салгалт 50 000 төгрөг, компьютер камер салгалт 70 000 төгрөг, нийт 3 153 400 төгрөг болсон. Манай Анар цахим тоглоомын газар нь 1 өдөрт 14 цагаас тасралтгүй ажилладаг 20 ширхэг компьютер бүгд 14 цаг ажиллавал 196 000 төгрөг. Үүнээс 9 компьютерыг хасч 11 компьютерын орлогоор тооцож нэг өдрийн орлого 103 396 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээ гаргасан. 2019.05.01-2019.06.09 хүртэл 45 хоногийн ажил саатуулсан бодит хохирол 1 587 840 төгрөг, 2019.06.09-2019.12.12 сар хүртэл 6 сар 3 хоногийн олох байсан орлогын хохирол 6 746 368 төгрөг, 2019.12.12-2020.12.12 хүртэл аман гэрээгээр тохиролцсон 1 жилийн олох байсан орлогын хохирол 13 282 560 төгрөг. Иймд гэрээний үүрэг зөрчсөнөөс учруулсан хохиролд 24 770 168 төгрөгийг “ХГД” ХХК-иас гаргуулж өгнө үү. Тайлбартаа цагдаад өргөдөл өгсөн, арга хэмжээ авагдсан гэснийг няцааж Цагдаагийн хэлтээс тодорхойлолт авчирсан, тухайн тусгай зөвшөөрөл нь үйл ажиллагаа явуулах газраасаа нүүсэн бол хуулиараа цуцлагддаг гэжээ.

            Хариуцагч “ХГД” ХХК-ийн төлөөлөгч Р.Цогзолмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслэхээр зар өгсөн. Ажлын байр түрээслэхээр ирж уулзаад цахим тоглоомын газар ажиллуулж байсан нь үнэн. Интернетийг 1 жил гаруй хугацаанд ажиллуулсан. Бичиг баримт нь асуудалгүй гэж байсан, 2 сарын дараа 200 000 төгрөг хүнд өгсөн чинь луйвардуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд хуулийн этгээдийн гэрчилгээ, гэрээг надаас гуйсан. Хэд хоногийн дараа бичиг баримтуудыг өгөхдөө гэрээг буцааж өгөөгүй. Явцын дунд би өөрөө уян хатан байдлаар хандсан. Би ч мөн тогтвортой хүн ажиллуулах хүсэлтэй байсан. Түрээсийн төлбөрөө буулгаад сарын 750 000 төгрөгөөр түрээсэлсэн. Энхний 2 сарын төлбөрөө өгсөн. Бид 2 цуг явж Санжаа дарга дээр очиж уулзаж байсан. Би хэзээ ч хөөж туугаагүй. 2019 оны 4 сарын үед тогны асуудал үүссэн. Өөрөө надад тог унаад байна гэж хэлэхээр нь би ахтайгаа ирээд засаад өгсөн. Дараа нь дахиад тавиулсан. Компьютерийг бүгдийг нь унтраагаад тогийг нь залгахад 1 компьютер асаагүй, үүнийг далимдуулж 3 компьютероо засуулсан. Би засварчин авчирч янзлуулсан. Үүнд бухимдаж гэрээгээ шаардахад надад өгөхгүй гэхээр нь би цагдаад хандсан. Тэгээд нэхэмжлэгч өөрөө тоолуурын диск эвдэрсэн гэсэн. Тогны мөнгө их гараад байна гэсэн. Тэгээд шалгуулсан байсан. Явцын дунд тоолуураа авч тавиад хэрэглэж байгаад гарахдаа аваад гарч болно гэсэн. 2018 оны 3 сарын дундуур цайны газрын талаас хүндэтгэх шалтгаан буюу эрүүл мэндийн улмаас уг үйл ажиллагааг 2 тал зөвшилцөн ойлголцсоны үр дүнд зогсоосон. Иймд ломбарданд цайны газрын түлхүүрийг байлгадаг байсан. /цайны газарт 00, угаалтуур шийдэж өгсөн байсан/ Н.Т нь уг нөхцөл байдлыг ойлгохгүй усны хэрэглээг маань хааж боогдуулж байна гэж өөрийнхөөрөө зүтгэдэг байсан. Энэ талаар ломбардны хүнтэй ярилцахад хааяа нэг гарч орох тохиолдолд хаалга цоожтой үед миний хэрэглээг боогдууллаа гэж загнаж намайг элдэв үгээр загнаж байсан гэж эзэн надад хэлж байсан. Усны төлбөр тооцооны хувьд заалтын дагуу харж төлбөр тооцоог бодож авдаг байсан. Н.Тт тогны тоолууртаа эргэлзээд байвал 100м2 талбайд гаднаас тог орж ирж байгаа эсэхийг шалгуулахыг эрчим хүчтэй холбогдох дугаарыг өгч байсан. Эрчим хүчний ажилтан ирж шалгаад гаднаас тог байхгүй хэвийн гэсэн. Миний хувьд гадна талдаа өдөр шөнийн оргил цагийн тоолууртай. Дотор тоолуураа баталгаажуулаад аваа гэж хэлсэн. Тунгалаг хэлэхдээ за тэгье би баталгаажуулж авнаа гэсэн. Хэд хоногийн дараа түрээсээ авах гэхэд Тунгалаг өмнө ярьсан зүйлээ өөрчилж чиний тоолуур болохоор чи өөрөө баталгаажуул, баталгаажуулсны дараагаар л түрээсээ өгнө тогны тооцоогоо хийнэ гэж нэг сар гаран зардал тооцоонуудаа төлөлгүй хүнд хохирол учруулж явж байсан. Тэгэхээр нь би баталгаажуулсан тоолуур өгье гэхэд Н.Т надад одоо хэрэггүй ээ, би гарахаар боллоо гэж өөрөө хэлсэн. Үүний дараагаар 6 сарын 10 нд хорооны хэсгийн цагдаа танай цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрлийг хураасан, шөнө хоногоор хэд хэдэн удаа өгч байхыг нь илрүүлж дүрэм зөрчиж үйл ажиллагаа явуулах эрхээ хаалгуулсан байгаа шүү гэдгийг хэлсэн. Үүний улмаас Тунгалаг нь ажлын байрны гэрээгээ цуцалж гарахаар болсон байсан. Мөн Тунгалаг нь анх орохдоо компаний гэрчилгээ, онцгой байдлын дүгнэлт, ажлын байрны түрээсийн гэрээ зэргийг надаас гуйж авч цахим тоглоомын тусгай зөвшөөрлөө хөөцөлдсөн. Хэд хоногийн дараагаар ажлын байрны түрээсийн гэрээний талаар асуухад нэг заваараа эгч нь канондаад өгнөө гэж хэлээд мартуулж миний гэрээний хувийг өөрийнхөөрөө болгож заалтуудыг өөрчилж шинэ, шинэ заалтууд санаанаасаа нэмж хуурамчаар өөрчилсөн байсан. Н.Т нь ажлын байрны түрээсийн гэрээг дагаж мөрдөггүй, гэрээний хугацаандаа төлбөр тооцоо хийгдээгүй байсан. 4 сарын 13-ны түрээсийн төлбөрийг 4 сарын 20-нд түрээсийн төлбөр болох 750 000 төгрөгөөс 500,000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн өгсөн. 250 000 төгрөгийг тогны хүчдэлээс болж процессор эвдэрсэн гэж суутгаж авсан. Гэвч компьютерийн засварчингаар ирж үзүүлэхэд тэжээлийн блог шатсан байна. Энэ бол тухайн компьютерийн эдэлгээ хэрэглээнээс болдог, тогноос болвол конденсатир л шатах ёстой гэж хэлсэн. Дараагийн 5 сард түрээс болон хэрэглээний зардал болох ус, тогны төлбөр хийгээгүй. Би нэхэмжлэгчийг ажиллах бүх боломжоор нь хангаж өгсөн. Энэ хүнийг хөөгөөгүй, гэрээний дагуу сарын өмнө мэдэгдэх ёстой. Амаар мэдэгдсэн. Өөрөө л гарах хүсэлтээ хэлээд яваад өгсөн гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХГД” ХХК-иас 6 955 268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 814 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХГД ХХК-иас 126 234.29 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/00743 дугаар шийдвэрийн 6 дугаар талд нэхэмжлэгч талаас “хариуцагчийн шахалтаар нүүхээс өөр аргагүй болсон, үйл ажиллагаа явуулахад саад учруулдаг байсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж буруу дүгнэсэн. Хэргийн 14 дүгээр талд тоолуур, хэмжих хэрэгслийг шалгах ажлын захиалгын болон гүйцэтгэлийн маягтад диск суд эргэлтэй болсныг тэмдэглэсэн, намайг хөөсний дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тоолуураа баталгаажуулсан зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдал нь хариуцагчийн шахалтаар нүүснийг харуулдаг. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 40 хоногийн ажил саатуулсан бодит хохирол 1 587 840 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 750 000 төгрөг, алданги 54 000 төгрөг нийт 804 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны тогны төлбөр 53 000 төгрөг, алданги 1900 төгрөг, нийт 54 900 төгрөг гаргуулах шаардлагаас түрээсийн байрыг хүлээлгэн өгч гэрээг дуусгавар болгосон 2019 оны 6 дугаар сарын 09-ний гэрээний хугацаа дуусах өдөр болох 15 хүртэлх хугацааны түрээс 154 000 төгрөг, тоолуурын маргаан үүссэнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй гэх хугацааны тогны төлбөр 53 000 төгрөг, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нийт алданги 55 900 төгрөгийг “ХГД” ХХК хариуцах үндэслэлтэй гэж 3 153 400 төгрөгөөс 262 900 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн боловч тооцоолууртаа оруулж тооцоогүй. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 750 000 төгрөг, алданги 54 000 төгрөг нийт 804 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны тогны төлбөр 53 000 төгрөг, алданги 1900 төгрөг нийт 54 900 төгрөг гаргуулах нийт 858 900 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр  хүртэл 40 хоногийн ажил саатуулсан бодит хохирол 1 587 840 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн падаан 900 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөр 100 000 төгрөг нийт 3 446 740 төгрөгийг үнэлж өгнө үү. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн падаанд байгаа 900 000 төгрөгийн баримт буцаан авч болохгүй зардал байгаа юм. Удаа дараа шүүхийн хэлэлцүүлэгч “ХГД” ХХК-ийн захирал Р.Цогзолмаа “би ч мөн тогтвортой хүн ажиллуулах хүсэлтэй байсан” гэх тайлбарыг үнэлээгүй. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл “ХГД” ХХК болон миний хооронд анх тохиролцсон 2 жилийн гэрээний 1 жилийн гэрээний төлбөр болох 13 282 560 төгрөгийг үнэлж өгнө үү. “ХГД” ХХК-ийг хөөснөөс үүссэн бодит хохирол болон олох ёстой орлого бусад зүйл болох 16 729 300 төгрөгийг зөв тооцож үнэлээгүй. Иймд 16 729 300 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан төгрөг дээр нэмж тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Т хариуцагч “ХГД”  ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний хохиролд 24 710 168 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаатайгаар “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Н.Т Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ББУ1-80а тоот хаягт байрлах 320 м.кв талбайг түрээслүүлэх, түрээслэгч цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх зориулалтаар түрээсэлж, түрээсийн төлбөрт сар бүр 750 000 төгрөг төлөхөөр тохирсон байна.  /хх.6-8/

Талууд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан  хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй.

Нэхэмжлэгч Н.Т нь  хариуцагч байгууллагын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс тодорхой хэмжээний талбайг түрээсэлж байсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлага үүсээгүй гэж үзнэ.

 Зохигчид 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ цуцлагдсан асуудлаар маргаагүй боловч  гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар маргаж нэхэмжлэгч Н.Т “...хариуцагч байгууллага тогны асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, үйл ажиллагаа явуулахад саад учруулж байсан, хариуцагч талын шахалтаар нүүсэн “ гэсэн, хариуцагч байгууллага “...түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байснаас гэрээ цуцлагдсан “гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргажээ. /хх.1-2,18/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь заалтад “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т “Хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан. Түрээслэгч буюу нэхэмжлэгч Н.Т цахим тоглоомын газар байгуулж ажиллуулах зорилгоор тухайн талбайг түрээсэлж, уг үйл ажиллагаа явуулахад тог цахилгаан тасрахгүй байх, цахилгааны тоолуур хэвийн ажиллаж байх нь түрээсэлж буй байр биет байдлын доголдолгүй байх нэг чухал нөхцөл байна

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болох “УБЦТС” ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн архивын бичигт дотоод хэрэглээний тоолуур шалгав, гадна хэрэглээ байхгүй байна диски илүү эргэлттэй болсон байна гэж заасан байдал болон нэхэмжлэгч Н.Тийн тогны үнэ төлсөн баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн хариуцагчийн буруутай ажиллагаанаас  гэрээ цуцлагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймээс гэрээ цуцлагдсан буюу 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны 6 сар 3 хоногийн олох байсан орлогод 6 746 368 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээс 154 000 төгрөг, тогны үнэ 53 000 төгрөг, алданги 55 900 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, үлдэх 2 890 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруутгах боломжгүй юм.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ “...хариуцагчийн буруугаас ажил саатуулсны хохиролд 1 587 840 төгрөгийг гаргуулна” гэсэн байгаа боловч хариуцагчийн буруутай ажиллагаанаас ажил саатсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах үүднээс ширээ, угсарсан, цахилгаан холбуулсан, компьютер суурилуулсан зэрэг зардлыг өөрт учирсан хохиролд тооцож, мөн амаар байгуулагдсан нэг жилийн хугацааны олох байсан орлого 13 282 560 төгрөгийг гаргуулахаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/00743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлсөн 241.596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

                                                                                Ц.ИЧИНХОРЛОО