Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 473

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Б.Чинбилиг,

            шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дийн Дд холбогдох 1708008070045 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. Боржигон овогт Дийн Д, РД:...

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Д нь өөрийн төрсөн хүү Б.Аг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:     

Шүүгдэгч Д.Д нь өөрийн төрсөн хүү Б.Аг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- насанд хүрээгүй хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тэр үед гаднаас ээж Д, эгч Э, П, А 4 орж ирээд ээж аав руу дайрч намайг алгадаж, над руу дайрсан...Ээж эгч 2 бид хоёртой зүгээр юм ярьж чаддаггүй, байнга харааж зайл, пизда гэх мэтээр харааж загнадаг. Гэрт хамт байхдаа уурлаж загинах, юм авч шидэх, гараараа цохиод авах үйлдэл байнга гаргадаг. Би ээжтэйгээ хамт байхад сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд өртүүлдэг...гэх мэдүүлэг /хх-14/,

- гэрч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ээж Д, дүү П, нөхөр А нарын хамт ирсэн. Ээж байшинд ороод юу болсон гэхэд аав Батболд “танай 2 хүүхэд хоорондоо зодолдсон, би хамаагүй, охин чинь манай эрэгтэй хүүхдийг зодоод байна” гэж худлаа яриад байсан. Ээж Аг “яагаад эгчийгээ зодоод байгаа юм” гэж хэлээд нуруу руу нь алгадаад хацар руу нь 2-3 удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-16-17/,

- шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 9905 дугаартай шинжээчийн:...Б.Агийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шүүх эмнэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн болсон нөхцөлд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-27/,

- шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...хүү А аавтайгаа нийлээд өмнө нь болон тухайн үед Эийг зодоод байхаар нь бухимдаад...хүү Ад хандаж чи яахаараа ах захаа алдаж эгчийгээ зодоод гээд хацарт нь 2 удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-48-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Д.Дг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

   Хохирогч Б.А гомдол саналгүй /хх-97/ гэжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Д.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 460 нэгж буюу 460.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 460.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй,  тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР