Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0664

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Б.Х-ын нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн *** тоот тушаалаар Б.Х намайг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн шинжээч албан тушаалд томилж миний зөрчигдсөн эрх сэргэсэн тул миний санал гомдол үүгээр шийдвэрлэгдлээ. Иймд миний бие шинжээчээр ТЗ9-5 ангилалтай цаашид ажиллах болсон тул цаашид шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй болсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь татан авч байна. Миний татгалзлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... зааснаар Б.Х нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн *** тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Х Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн шинжээчийн албан тушаалд томилогдсоноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэсэн, цаашид шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй болсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Х-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х ...Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дүгээр Албан хаагчдын ажлаас чөлөөлж томилох тухай тушаалын 2 дахь хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шинжээчээр Т.Т томилсон нь хууль бус болохыг тогтоолгож, Б.Х-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээчээр томилохыг даалгуулах... нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Х-н нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох 128/2020/0516/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Х-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ