Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1266

 

 

 

 

 

 

    2020             9             29                                        2020/ДШМ/1266

 

 

Д.Сид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 478  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011000000375 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хорин овгийн Д.С, 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт ................. тоотод оршин суух, /................../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 24-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

 

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-630 тоотод байрлах нийтийн байрны 15 дугаартай өрөөнөөс П.Аэзэмшлийн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жэй-7 загварын гар утас, Ц.Зэзэмшлийн 221.000 /хоёр зуун хорин нэг мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий iphone 6 загварын гар утас, “Хаан” банкны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.776.000 /нэг сая долоо зуун далан зургаан мянга/  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй  прокурорын газраас: Д.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хорин овогт Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.776.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийн цагдан хоригдсон нийт 47 / дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Соос хохирлын 1.455.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Золбоод олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор шүүгдэгч Д.Сийн эзэмшилд байх түүний битүүмжлэгдсэн 05-68 УНБ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноос хүчинтэй болох ба Д.Сид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

           

            Шүүгдэгч Д.С гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтэй гэмшиж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Би эхнэр, 5 сартай хүүхдийн хамт амьдардаг. Хохирол төлж барагдуулсан байдал болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

            Шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.С нь 19 настай, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэмт хэргээс учирсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.С нь бусдад 1.776.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс хулгайлсан гар утаснуудыг биет байдлаар буцаан өгч 321.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзээд 1.455.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Шүүгдэгч Д.С нь хулгайн мөнгө болох 1.000.000 төгрөгөөр Верна Аксент загварын тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Иймээс уг тээврийн хэрэгслийг хохирол төлүүлэх зорилгоор битүүмжилж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Энэ нь хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, хохирогч нар тухайн тээврийн хэрэгслийг хохиролд тооцож авахгүй гэсэн тул дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Д.С нь 2019 оны 2 сарын 22-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаагаар ял шийтгүүлээд суллагдаад удаагүй байхдаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Сид 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал зэрэгт тохирч байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.С нь 2020 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-630 тоотод байрлах нийтийн байрны 15 дугаартай өрөөнөөс П.Аэзэмшлийн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жэй-7 загварын гар утас, Ц.Зэзэмшлийн 221.000 /хоёр зуун хорин нэг мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий iphone 6 загварын гар утас, “Хаан” банкны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.776.000 /нэг сая долоо зуун далан зургаан мянга/  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.З“...2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн үед босоход Сэнгэдорж байхгүй байсан ба миний эхнэр Самсунг Жэй-7 маркийн цэнхэр өнгийн гар утас ...миний iphone 6 маркийн саарал өнгийн гар утас болон миний Хаан банкны ногоон өнгөтэй 5023609577 дугаарын данстай картыг маань хулгайлаад аваад явсан. Сэнгэдорж надтай хамт өчигдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед дэлгүүрээс тамхи худалдаж авах үедээ миний Хаан банкны виза картын дугаарыг мэдэж байсан. ...” /хх 12/,

 

насанд хүрээгүй хохирогч П.А...бид нар хэсэг юм ярилцаж пиво ууж байгаад оройн 00 цагт унтсан ...биднийг унтсан хойгуур Тунгаа, Бадмаараг, Сэнгээ нар нь унтаагүй байсан юм ...Сэнгээ нь миний болон найз залуугийн маань утсыг, мөн картыг аваад явсан хэмээн сэжиглэсэн юм. ...” /хх 15-16/,

 

гэрч Б.Пүрэвбаатарын “...2020 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд 3, 4 дүгээр хороололд уулзалдсан ...Сэнгээ нь Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар нэг ахтай тохиролцсон байсан бөгөөд тус машиныг нь үзээд Сэнгээ нь тэрхүү ахтай 1.000.000 төгрөгөөр аман хэлцэл хийж Верна аксентыг худалдан авсан. Мөнгөө данснаас авч тэрхүү ахад бэлнээр өгөхийг би харсан ...надад шоронгоос гарсны тэтгэмж хэмээн хэлж байсан. ...” /хх 20/,

 

гэрч М.Тамираагийн “...миний бие 05-68 УНБ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг анх 2020 оны 2 дугаар сарын дундуур цагаан сарын баярын өмнө 86066605 гэсэн утасны дугаартай хүнээс 600.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах үедээ эзэмшигчийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй. ...миний машиныг сонирхсон залуу надаас “ахаа машинаа 1.000.000 төгрөгөөр өгчих” гэхээр нь би зөвшөөрсөн ...би 1.000.000 төгрөгт тааруулаад өөртөө өөр машин худалдаад авчихсан юм. ...” /хх 23/,

 

гэрч Ц.Нарантунгалагийн “...манай гэрээс Бадмаараг бид хоёрын алдагдсан зүйл байхгүй, харин өглөө нь Сэнгээ байхгүй, Анхаа, Золбоо нарын гар утаснууд, карт байхгүй байсан болохоор л түүнийг аваад явсан  гэж бодсон. ...” /хх 24/,

 

Шүүгдэгч Д.Сийн яллагдагчаар өгсөн: “...би Золбоогийн орны дэргэд очоод Золбоогийн уншуулаад байсан Анхболорын Хаан банкны картыг дахин нэмж пиво авч ууя гэж бодоод авсан. Тэгээд Анхболорын гар утсыг мөн аваад Золбоогийн гар утсыг дуу сонссон чигээрээ аваад Тунгаагийн гэрээс гарсан. Тэгээд гэрээс нь гараад Гандан руу явсан бөгөөд Анхболорын виза картыг АТМ-д уншуулсан бөгөөд кодыг нь 1122 гэж хийхэд пин код нь зөв байсан. Тэгээд тухайн үед би тус картнаас 1.400.000 гаруй төгрөгийг бэлнээр гаргаж авсан ба үүнээс өөрийн Хаан банкны данс руу бэлэн мөнгөний орлого болгож 1.200.000 төгрөгийг хийсэн. Харин үлдсэн мөнгийг бэлнээр өөртөө байлгасан. Тэгээд би удалгүй цагдаад баригдаад Анхболорын картыг нь Золбоод өгөөд харин 2 ширхэг гар утсыг нь цагдаад хүлээлгэн өгсөн. ...” /хх 4-5/ гэх мэдүүлгүүд, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ЧД1-20-193 дугаартай дүгнэлт /хх 34-35/, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 46-47/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-63/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Сийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.Сийн “...Би эхнэр, 5 сартай хүүхдийн хамт амьдардаг. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдал болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.С нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирлоо барагдуулсан гэх боловч тэрээр урьд хулгайлах төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, ингэхдээ энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна. 

 

Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор шүүгдэгч Д.Сийн эзэмшилд байх түүний битүүмжлэгдсэн 05-68 УНБ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Гэвч тус машиныг хохирогч хохиролд тооцохоор хүлээн авсан гэх баримт байхгүй, шүүгдэгч 1.455.000 төгрөгийг биет байдлаар барагдуулаагүй байна.  

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн гэж үзлээ.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 478  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 478  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ