| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00424/И |
| Дугаар | 136/ШШ2024/00363 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 136/ШШ2024/00363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар баг, Алтанговь гудамж, **-р байрны ** тоотод оршин суух, А овогт Д А,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Дорноговь аймгийн Прокурорын газарт 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн тушаалын он, сар засвартай бичигдсэн тул ажиллаж байсан байдал тогтоох боломжгүй, Дорноговь аймгийн Архивын тасагт ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй гэсэн. Иймд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 391 дугаартай архивын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн баярын бичиг, 1984 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн баярын бичиг, 1985 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн баярын бичиг, цалингийн карт, гэрч М.Ч иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр М.Ч гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Д.А нь Дорноговь аймгийн Прокурорын газарт 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн он, сар засвартай болох нь 132973 дугаартай хөдөлмөрийн дэвтрээр, ажилд орсон болон ажлаас гарсан тушаал олдохгүй болох нь Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 391 дугаартай архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Д.А нь Дорноговь аймгийн Прокурорын газарт 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл Д.А нь 1984 оны 07 сарын 13-ны өдөр Аймгийн Прокурорын 1984 оны 07 сарын 13-ны өдрийн 31 дугаартай тушаалаар бичээчээр томилогдож 1987 оны 07 сарын 17-ны өдрийн 19 дугаар тушаалаар 1987 оны 08 сарын 22-ны өдөр Монгол Улсын Их сургуульд суралцах болсон шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа 1987 оны 08 сард Аймгийн Прокурорын газраас социалист хууль ёсыг сахиулах ажилд идэвхи зүтгэл гаргаж хариуцсан ажилдаа амжилттай сайн ажиллаж улмаар МУИС-д суралцах болсон баярт явдлыг чинь тохиолдуулан аймгийн Прокурорын зөвлөл, хамт олгоос талархаж баярын бичиг үнэ бүхий зүйлээр дурсгал болгон шагнав гээд баярын бичиг, 1984 онд МАХН-ын 3-р их хурал хуралдсаны болон БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойн баярыг угтаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан явдалд талархаж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав. Дорноговь аймгийн Прокурор БНМАУ-ын гавъяат хуульч Х.Ж 1984-11-22 Сайншанд гээд баярын бичиг олгож байсан, 1984-1987 онуудад цалин авч байсан үйл баримт Д.А ********* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, баярын бичиг, цалингийн карт, М.Ч гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.А нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А овогт Д А Дорноговь аймгийн Прокурорын газарт 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ