Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2024/00364

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Хатанбулаг сумын * дугаар баг, Аман-Ус, Сулинхээр гудамж ** тоотод оршин суух, Г овогт М Ж,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч: Н.Е,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.Ж нь ажиллаж байсан байдал мөн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд намын үүрийн даргын УАЗ-469 маркийн автомашины жолоочоор 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд авсан, чөлөөлсөн тушаал архивт байхгүй учир ажиллаж байсан байдал тогтоох боломжгүй байна гэсэн.

Мөн 002880 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь М Ж миний нэрийг тухайн үед ажиллаж байсан албан хаагчдын хайхрамжгүй байдлаас болж М Ж гэж бичигдсэн. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдал, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас 1783 дугаартай итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 364 дугаартай тодорхойлолт, гэрч М.Т тодорхойлолт, гэрч М.Т тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Ш.Т тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч П.С тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч 002880 дугаартай М Ж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын МАХН-ын үүрийн жолоочоор 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны 002880 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог иргэний үнэмлэх дээр бичигдсэн овогтой тохирохгүй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч 002880 дугаартай М Ж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын МАХН-ын үүрийн жолоочоор 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.

7.Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1998 оны 02 сарын 20-ны өдрийн 12 дугаар Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд М Ж 1988 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн Хатанбулаг сумын мал эмнэлгийн тасгийн жолоочоор, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 сарын 01-ний өдрийн М.Ж ажлаас чөлөөлөх тухай тушаалд М Ж жолоочоос чөлөөлж сумын АДХ-ны гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсэн захирамжууд нь М Ж 002880 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байх тул 002880 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч М Ж мөн гэж үзлээ.

М.Ж 002880 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Намын үүргийн тэргүүлэгчдийн 1990 оны 03-р тогтоолоор 1990 оны 06 сарын 01-ний өдрөөс Намын үүргийн УАЗ-469 машины жолоочоор авч ажиллуулав, Намын үүргийн тэргүүлэгчдийн 1991 оны 04 дүгээр тогтоолоор 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс Өөрийнх нь хүсэлтийн харгалзан Намын үүргийн УАЗ-469 машины жолоочоос чөлөөлж сумын захиргааны мэдэлд шилжүүлж байжээ.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул М.Ж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Г овогт М Ж 002880 дугаартай М Ж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын МАХН-ын үүрийн жолоочоор 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ