Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1267

 

 

 

 

 

 

    2020           9              29                                       2020/ДШМ/1267

 

 

Я.Оад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Я.Сансар,

шүүгдэгч Я.Оын өмгөөлөгч Б.Баярням,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 1336 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006000001479  дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шар халзан овгийн Янжмаагийн Оюунбат, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт .................тоотод оршин суух бүртгэлтэй, /......................../

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 12 сарын 23-ны 12 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 

Я.О нь 2020 оны 6 дугаар сарын 8-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 11 дүгээр байрны зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Нэзэмшлийн приус 20 маркийн 96-67 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу данхрат, дорцов, дорцовны иш, 14 номерийн түлхүүр, хайч  зэргийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Я.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шар халзан овогт Янжаагийн Оюунбатыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Оад 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Я.Оад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Я.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авж энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн улаан өнгийн будаг нь арилсан данхрат 1 ширхэг, дорцовын иш 3 ширхэг, дорцов 2 ширхэг, 14 номерын түлхүүр 1 ширхэн, 12 номерын түлхүүр 1 ширхэг, хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Я.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. Бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний бие нь 0-6 бага насны 3 хүүхэдтэй тул дээрх байдлыг минь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэжээ.

 

            Шүүгдэгч Я.Оын өмгөөлөгч Б.Баярням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Я.О болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйлгүй. Харин шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь, Я.О нь урьд нь хулгайн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан хэдий ч ял шийтгэлээ бүрэн эдэлж дууссан болох нь хавтас хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтоос харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байхгүй, гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн этгээдийн ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр заасан. Я.О нь дахин гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор Я.Сансар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс Я.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.

 

Я.О нь 2020 оны 6 дугаар сарын 8-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 11 дүгээр байрны зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Н эзэмшлийн приус 20 маркийн 96-67 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу данхрат, дорцов, дорцовны иш, 14 номерийн түлхүүр, хайч  зэргийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Н“...Би гэртээ унтаж байтал манай хүү Батнасан намайг сэрээгээд аав аа машины хажууд цагдаа хүн дугараад байна, юм алга болсон юм шиг байна гэсэн. Тэгээд би тагтан дээр гарсан чинь цагдаа нар энэ таны машин мөн үү гэхээр нь тийм ээ, яасан бэ гэсэн чинь таны машины нүүрсэн янданг хулгайлсан байна, та гараад ирээч гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад яваад очсон чинь миний машины нүүрсэн яндан байхгүй байсан. Цагдаа нар нэг залууг барьчихсан, нөгөөдөх нь зугтаасан байсан. ...” /хх 11-13/,

Шүүгдэгч Я.Оын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 19 цагийн үед эхнэр Ариунжаргалд ээж хад явчихаад ирье гэж худлаа хэлээд гарсан. Тэгээд гэрийн ойр орчим орой болохыг хүлээж байгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол орчим Батлан хамгаалах их сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах цагаан өнгийн 5 давхар байрнаас 5 цагийн орчим приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг авах гээд  данхараадаад доор нь орж байгаад түлхүүрээр түлхүүрдээд тайлаад авчихсан. Уг яндангаа эргээд байрны хойд талд тавиад буцаж ирж авъя гэж бодоод зам руу гартал цагдаагийн алаг тэрэг ирээд намайг бариад авчихсан. ...” /хх 45/ гэх мэдүүлгүүд,

 

цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх 15/, “Дамно ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №БЗ1-20-1047 дугаартай “prius 20 маркийн автомашины нүүрсэн янданг 730.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. ...” /хх 49-50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Я.Оыг хохирогч Д.Н эзэмшлийн приус 20 маркийн 96-67 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу данхрат, дорцов, дорцовны иш, 14 номерийн түлхүүр, хайч  зэргийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хууль зөрчөөгүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгасан байх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” Гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Я.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.

 

            Шүүгдэгч Я.О “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

 

Шүүгдэгч Я.О нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан боловч тухайн гэмт хэрэгт ял шийтгэлтэй байх хугацаа дууссан тухайн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон өөрчлөх нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Я.Оын  “ ял шийтгэлийг хөнгөрүүлэх”талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 1336 дугаартай шийтгэх тогтоолын:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Оад 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Оад 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

 

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Я.Оад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Я.Оад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

 

5 дахь заалтын “...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн будаг нь арилсан данхрат 1 ширхэг, дорцовны иш 3 ширхэг, дорцов 2 ширхэг, 14 номерын  түлхүүр 1 ширхэг, 12 номерын түлхүүр 1 ширхэг, хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тамгын газарт даалгасугай. ...” гэснийг, Эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан “...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн будаг нь арилсан данхрат 1 ширхэг, дорцовны иш 3 ширхэг, дорцов 2 ширхэг, 14 номерын  түлхүүр 1 ширхэг, 12 номерын түлхүүр 1 ширхэг, хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тамгын газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.     

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ