Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0519

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Ц.Д-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц овогтой Д миний бие 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргаж өгнө үү. Уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ ойлгож байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *** дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны *** дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу нэг өдрийн цалинг тооцоолон 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажлын хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг гаргуулах, олговороос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Д-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Д-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *** дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны ** дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу нэг өдрийн цалинг тооцоолон 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажлын хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг гаргуулах, олговороос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, Ц.Д-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ