Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 170

 

Г.З, Г.Э, Н.Д, З.Э нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Г.Э-ы өмгөөлөгч Ц.Мөнхтуул, шүүгдэгч Н.Д-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, Г.З-, Г.Э-, Н.Д-, З.Э- нарт холбогдох 1714002230003 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Э-ы өмгөөлөгч Ц.Мөнхтуул, шүүгдэгч Н.Д-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүгдэгч З.Э-ы өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Капмон банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Ш овогт Н-н Д,

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийх ял шийтгүүлж байсан, Б овогт Г-н З,

3. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер график дизайнер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б овогт Г-н Э,

4. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт, А овогт З-н Э.

1. Г.З- нь Н.Д-тэй хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой *** шөнийн цэнгээний газар Г.Э-г бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2. Н.Д- нь Г.З-тай хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой *** шөнийн цэнгээний газар Г.Э-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

3. Г.Э- нь З.Э-ы хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой *** шөнийн цэнгээний газар Н.Д-, Г.З- нарыг пивоны шил ашиглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

4. З.Э- нь Г.Э-ы хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдад хүч хэрэглэж 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой *** шөнийн цэнгээний газар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Г.З-, Г.Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-т зааснаар З.Э- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

прокуророос шүүгдэгч Г.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Г.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Э-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-, Г.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.З-, Г.Э-, Н.Д-, З.Э- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.З-, Г.Э-, Н.Д-, З.Э- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Э-ы өмгөөлөгч Ц.Мөнхтуул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүхээс Г.Э- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь тус шүүх хуралдаанд хэргийн холбогдогч З.Э-ы өмгөөлөгч Ц.Баярмаа, Н.Д-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Г.Э-ы өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар оролцсон бөгөөд шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байхад хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн.

2. Миний үйлчлүүлэгч Г.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон байтал урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурор мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдсон.

Мөн магадлалын удиртгал болон тодорхойлох хэсэгт техникийн шинжтэй алдаанууд гарсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Г.Э-д энэхүү гэмт хэргийг үйлдэхэд бүлэглэж оролцсон үйлдэл байхгүй хувийн таарамжгүй харьцаанаас болж Г.З-т зодуулснаас болж түүнийг зодсон ба энэ үйлдэлдээ хэн нэгнийг уруу татаж хамтран зодоон хийх талаар ямар ч үйлдэл хийгээгүй байдаг.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шалгахад шүүгдэгч З.Э-, Г.Э- нарын үйлдлийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад хүч хэрэглэж буян шөнийн цэнгээний газар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байдаг.

Тиймээс дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ. 

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Д-гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг бодит байдлаас зөрүүтэй дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч Н.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Буян ресторанд найзуудын хамт пиво ууж байсан. Ингэхэд холбогдогч Г.Э- ирж Н.Д-тэй хамт байсан Г.З-ын толгойн тус газарт шилээр цохиход салгах явцдаа шилээр зүсүүлсэн байдаг. /камерын бичлэгт авагдсан/ Үүний улмаас уурлаж газарт унасан холбогдогч Г.Э-ы дагз хэсэгт 1-2 удаа дэвссэн. Өөрөөр хэлбэл Г.Э-ы буруутай үйлдлийн улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсч бусад руу чиглэсэн үйлдэл хийсэн.

Гэтэл магадлалын тодорхойлох хэсэгт Г.З- нь           Н.Д-тэй, Г.Э- нь З.Э-тай тус тус бүлэглэн согтуугаар хэрэлдэн маргалдаж бие биеэ гараараа цохиж өшиглөх зэргээр зодолдож улмаар Г.Э- нь пивоны шилний хагархайгаар Н.Д-гийн баруун гарын сарвуу хэсэгт зүсэж зоосон....” гэж бичжээ. Магадлалд дүгнэсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан сидиний бичлэг болон бусад нотлох баримтаас зөрүүтэй байна.

Учир нь миний үйлчлүүлэгч Н.Д- нь Г.Э-ы үйлдлийн дараа зодоон болох үед бусдыг салгаж байх явцдаа гарын булчин хэсэгтээ гэмтэл авсан, ингээд өөрийн эрүүл мэндэд хохирол учирсны дараа хохирол учруулсан этгээд рүү чиглэсэн үйлдлийг хийсэн байтал давж заалдах шатны шүүх дүгнэхдээ бодит байдлаас зөрүүтэй болоогүй үйл явдлыг магадлалд оруулан бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл нь зөвхөн бүлэглэх гэсэн онцгой шинжийг агуулсан байдаг. Н.Д-гийн үйлдэл нь бусад этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн сэдэлт байх бөгөөд сэдэлтийн хувьд тэрээр өөрөө хохирсон үйлдэлдээ дургүйцсэнээс үүдэлтэй. Харин тэрээр нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих үйлдэл хийгээгүй, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх үйлдэл гаргаагүй.

Харин хохирогч Г.Э- нь надад учирсан гэмтэл бол Г.З- бид хоёрын 00-ын өрөөнд болсон үйл явдлаас үүссэн гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байдаг. Иймээс шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэгдсэн.

2. Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар буюу урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлийг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Учир нь миний үйлчлүүлэгч Н.Д-д анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж дууссаны дараа нэг ч удаа мэдэгдэх хуудсыг ирүүлээгүй, давж заалдах шатны шүүх хурлын товыг ч мэдэгдээгүй байдаг. Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Д-, З.Э- нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байна.

Цаашилбал давж заалдах шатны шүүхээс гомдол, эсэргүүцлийг хэлэлцэхдээ шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгчийг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-т заасан “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэсэн заалтыг анхаараагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

Иймд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Э-ы өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Гэмт хэргийн сэдэлт зорилгыг тодорхой ялгаж харалгүй урьдчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх үйл баримтыг тодорхойлсон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгчийг “пивоны шил шидсэн” байдлаас үүдэн бүлэглэн танхайрлаа гэж үзэж байна. Хэрэгт авагдсан видео бичлэгээс харахад З.Э- нь хэн нэгнийг цохиж зодох, зодооныг цааш үргэлжлүүлэх сэдэл бүхий танхайн гэмт хэргийн сэдэлтийг илэрхийлэх үйлдэл хийгээгүй байгаа нь харагдана. Ямар шинж байдлаар бүлэглэн танхайрсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Г.Э- Г.З-тай ноцолдоод газар хэвтэж байгаа, харин З.Э-ы хувьд барилцаж авсан Батхуяг, Амгаланбаяр нарыг салгах үйлдэл хийж байгаа нь бүлэглэн танхайрах шинж буюу танхайн гэмт хэргийн сэдэлт биш гэж үзэж байгаа юм.

Магадлалд “Дээрх үйлдлийн дараа Г.Э- нь өөрийнхөө нүдийг хөхөрч, хамар халцарсныг мэдээд зааланд сууж байсан Г.З-ын толгой руу ширээн дээр байсан пивоны шилээр цохисноос...” гэж тодорхойлсон нь Буян зоогийн газрын дотор байрлах бие засах өрөөний үүдэнд болсон асуудалд дүгнэлт хийсэн боловч энд болсон маргаан эхэлж өдүүлсэнд буюу хэргийн сэдэлтэд анхаарал тавиагүй гэж үзэж байна. Г.Э-ы хувьд биедээ гэмтэл авсны улмаас маргаан үүсгэж байгаа нь хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байхад З.Э-ыг Г.Э-тай бүлэглэн танхайрсан гэж үзэж байгаад гомдолтой байгаа болно. З.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсний дагуу гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн, гардуулсан зүйл байдаггүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.З-, Н.Д- нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад хүч хэрэглэж шөнийн цэнгээний газар Г.Э-г бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Г.Э- нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад хүч хэрэглэж шөнийн цэнгээний газар Г.З-ын толгойн тус газар пивоны шилээр цохиж,  Н.Д-гийн гарыг уг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, З.Э- нь Г.Э-ы хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдад хүч хэрэглэж Буян шөнийн цэнгээний газар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Тус байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь шөнийн цэнгээний газрын эзэн Саранзаяагийн мэдүүлэг, тухайн өдрийн үйл явдлын талаарх камерын бичлэгээс тодорхой харагддаг. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шүүгдэгч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан сидиний бичлэг болон бусад нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн, шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь ойлгомжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Ц.Мөнхтуул, П.Өлзийбаяр, Ц.Баярмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.З-, Г.Э-, Н.Д-, З.Э- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Г.З-, Г.Э-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар З.Э- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, шүүгдэгч Г.З-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, гэмт хэрэг юунаас болж гарсан болох, хэрэг маргааныг хэн эхэлж өдүүлсэн талаарх байдлыг тогтоохдоо Г.З-, Г.Э- нарын үйлдлийг Н.Д-, З.Э- нартай бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд гэм буруугийн сэдэлтийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Шүүгдэгч нар анхнаасаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйлдлүүдийг хийгээгүй, тухайн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Г.З- хэрүүл маргааныг эхлүүлэн, бусдын эрх чөлөөнд халдсанаар Г.З- болон Г.Э- нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсч харилцан зодолдсон, улмаар уг зодооноос үүдэлтэй сэдэл, санаа зорилгын хүрээнд бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Н.Д-, З.Э- нарын үйлдэл оролцоо, гэм буруугийн сэдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ тэднийг бүлэглэн нийгмийн хэв журам зөрчсөн гэм буруутай эсэх талаар эргэлзээтэй байдал байгааг дүгнэн, уг хүмүүсийн хувьд шүүгдэгч нарын хооронд өрнөсөн зодооныг салгах, болиулах сэдлээр уг маргаанд оролцсон байгаа зэргийг үнэлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хэрүүл маргааны эхлэл, өрнөл, төгсгөл, түүнд оролцсон хүмүүсийн гэм буруугийн шинж, түүнд оролцох болсон хүн бүрийн сэдэл, санаа зорилгыг зөв тогтоогоогүй, түүнчлэн үйлдэл оролцооны субъектив шинжийг үнэлж чадалгүй, үйл баримтыг цогцоор нь бус хэсэгчлэн дүгнэж, дан ганц үр дагавар, объектив илрэлд тулгуурлан дүгнэлт хийснээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж дүгнэн эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.     

Өөрөөр хэлбэл, үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг дүгнэхийн тулд түүний объектив болон субъектив шинжийг цогцоор хангасан байх хууль ёсны шаардлагыг үл харгалзан, шүүгдэгч нарыг олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих сэдэл, санаа зорилгоор, эдгээр харилцааг зөрчихөд чиглэсэн үйлдэл хийсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ.      

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд нарын өмгөөлөгчдийн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Г.З-, Г.Э-, Н.Д-, З.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэднийг нэн даруй сулласугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН