Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01077

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00883 дугаар шийдвэртэй

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Оад холбогдох 4 440 000 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Мөнхболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Д.О нь “Б” ХХК-тай Баянгол дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Б” ХХК-иас 4 440 000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, хоногийн 2 хувийн хүүтэй зээлсэн, гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаанд 2 400 000 төгрөгийг хариуцагч эргэн төлсөн. Гэрээний хугацаа дууссан учраас талууд харилцан тохиролцож гэрээг дүгнэхэд 6 119 800 төгрөгийн төлбөр гарсныг хүлээн зөвшөөрч Д.О хүсэлт гаргаж төлсөн 2 400 000 төгрөгийг нийт тооцоо нийлсэн 6 119 800 төгрөгөөс хассан.Үндсэн төлбөр болох 4 440 000 төгрөг дээр дахин гэрээ байгуулж зээлийн гэрээний дагуу төлбөр төлөхийг шаардсан боловч Д.О гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул нийт 4 440 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О болон “Б” ХХК-иудын хооронд байгуулагдсан. Тэгэхдээ хариуцагч гарын үсэг зурсан хэдий ч гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх эргэлзээтэй байна. Мөнгө өгсөн хэдий ч хуулийн этгээдээс мөнгө шилжсэн зүйл байхгүй. Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлд зээлдүүлэгч гэрээнд заасан хэмжээний мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулагдсанд тооцно гэжээ. Тэгэхээр “Б” ХХК-иас санхүүгийн анхан шатны эсвэл дансны гүйлгээгээр шилжүүлсэн баримт байх ёстой. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүсэхийн тулд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө шилжүүлсэн байхыг шаарддаг, 4 440 000 төгрөгийг хариуцагч Д.О авсан. Тэгэхдээ “Б” ХХК-иас аваагүй Д.Батмягмар гэдэг хувь хүнээс дээрх мөнгийг авсан.Энэ талаар баримт хэрэгт байгаа. Эхний гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй бол сүүлийн гэрээ мөн адил байгуулагдаагүй гэж үзнэ. Д.Батмягмар гэдэг хүнтэй амаар зээлийн гэрээ байгуулсан. Д.Батмягмар гэдэг хүн хариуцагчийн зээлийг хааж өгсөн. Хариуцагч төлбөрийг компанийн данс руу биш Д.Батмягмар гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Эдгээр үйл баримтыг харах юм бол хоёр иргэний хооронд аман хэлбэрээр зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэхээр харагдаж байна. Түүнээс биш зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар байгуулагдсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл бодит үйлдлээр буюу мөнгө шилжүүлснээр хийгддэг гэрээ. Тиймээс хариуцагчийн зүгээс дээрх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин Д.Батмягмар, Д.О нарын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнүүд байгуулагдаагүй учраас “Б” ХХК 4 440 000 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Доржсүрэнгийн Отгонбатаас 3 193 500 / гурван сая нэг зуун ерэн гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 246 500 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Оаас 66 046 /жаран зургаан мянга дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “Б” ХХК болон хариуцагч Д.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагч талаас зээлийн үлдэгдэл, алдангийн хамт нийт 3 193 500 төгрөгийг хариуцагч Б.Отгонбатаас гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан нь хуульд заасан үндэслэлээр үүссэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Зээлийн гэрээ нь хуулиар зохицуулагдсан буюу нэрлэгдсэн гэрээ бөгөөд хуульд заасан тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд байгуулагдсан гэж тооцдог. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг л байгуулагдсанд тооцно заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Б” ХХК болон иргэн Д.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б” ХХК-аас иргэн Д.Оын өмнөөс зээл хаасан, мөн данс болон кассын зарлагын ордер зэрэг санхүүгийн анхан шатны баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Гагцхүү Д.Батмягмарын данснаас Д.Оын өмнөөс зээл хаасан. Мөн Д.О нь Д.Батмягмараас авсан мөнгийг хувийнх нь данс руу шилжүүлсэн үйл баримт нотлогдож байхад анхан шатны шүүх “Б” ХХК-аас мөнгө шилжүүлсэн ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний гол зохицуулалт нь зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдоггүй зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд мөнгө авсан, өгсөн байхыг шаарддаг тул “Б ХХК”-иас мөнгө гарсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгааг анхаар ч үзнэ үү. Д.Батмягмар болон Д.О нарын хооронд мөнгө өгсөн, авсан үйл баримт байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа билээ. Нэгэнт нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй юм.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Д.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Д.О зээлийн гэрээ байгуулсан ч уг гэрээний дагуу мөнгийг иргэн Д.Батмягмараас авсан, харин “Б” ХХК-аас аваагүй” гэсэн тайлбар гаргаж, уг үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч талаас “Б” ХХК-ийг төлөөлж захирал Д.Батмягмар, зээлдэгч талаас Д.О нар гарын үсгээ зурж, “Б” ХХК-аас 4 440 000 төгрөгийг, 89 000 төгрөгийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон байна. /хх.8/

Мөн талууд 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 440 000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, хоногийн 2%-ийн хүүтэй зээлсэн, гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх байдал нотлогдоогүй, харин өмнө байгуулсан гэрээгээ баталгаажуулсан агуулгаар хийгдсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээнд үндэслэн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлэхээр хуульд заасан бол ийнхүү бодитой шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр харилцагч Д.Батмягмарын 5890906909 тоот данснаас 5749125570 тоот дансанд 2 удаагийн гүйлгээ хийгдэж, нийт 4 440 000 төгрөгийг “Вишнфанд” ХХК-ийн данс руу шилжүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уг мөнгийг “Вишнфанд” ХХК Д.Оын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.30, 33/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч “Б” ХХК нь зээлдэгч Д.Оад зээлийн мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

“Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан, уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Батмягмар байх бөгөөд тэрээр компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийж, хариуцлага хүлээх эрх бүхий этгээд байна.  2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд “Б” ХХК-ийг төлөөлж захирал Д.Батмягмар өөрийн данснаас мөнгө шилжүүлснийг иргэд хооронд байгуулсан зээлийн гэрээ гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан бөгөөд “Б” ХХК Д.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг гуравдагч этгээд болох Д.Батмягмараас шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд нэхэмжлэгч “Б” ХХК гэрээний үүргийг биечлэн гүйцэтгэхээр заагаагүй байна.

Хариуцагч Д.О нь “Б” ХХК-ийн захирал Д.Батмягмарын 5890906909 тоот дансанд  “Отгонбат” гэсэн агуулгаар зээлийн эргэн төлөлт нийт 3 600 000 төгрөгийг шилжүүлж байжээ. /хх.38-48, 33/

Гэрээний 6-д “хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж заасан байх тул анхан шатны шүүх алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Оаас үндсэн зээлд 4 440 000 төгрөг, зээлийн хүүд 89 000 төгрөг, алдангид 2 264 500 төгрөг нийт 6 793 500 төгрөгийг үүргээс Д.Оын буцаан төлсөн гэх 3 600 000 төгрөгийг хасч нийт 3 193 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

    Ц.ИЧИНХОРЛОО