| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/06579/И |
| Дугаар | 183/ШШ2024/03685 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/03685
2024 оны 09 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/03685 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.А-д холбогдох
******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, дугаарыг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******,
Хариуцагчийн өмгөөлөгч О.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* групп ХХК нь хариуцагч З.А*******д холбогдуулан ******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, дугаарыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.******* групп ХХК-ийн эзэмшилд байсан ******* 8174 дугаарыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 377 тоот албан бичгээр манай компанитай ямар ч хамааралгүй З.А******* андууран шилжүүлж өгсөн бөгөөд дугаар андуурагдан шилжсэнийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэж 73 тоот албан бичгээр корпораци ХХК-д хандаж, З.А*******гаас буцаан өгөхийг шаардсан боловч одоог хүртэл өгөхгүй байна. З.А******* нь манай компани болон бусад хамаарал бүхий компаниудад ажилладаггүй, ямар ч хамааралгүй хүн бөгөөд тухайн үед ******* 8174 дугаарыг өөрийн найз болох Дархан хотын ******* цементийн үйлдвэрт эмч ажилтай Цагааны О түр авч хэрэглэж байсныг төв компанийн зүгээс мэдэлгүй шилжүүлж өгсөн байдаг. Иймд ******* 8174 дугаарын шударга эзэмшигчээр тогтоож, дугаарыг буцаан авч өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шинээр гаргаж өгөх 1 хуудас баримт байна. Тус үйлдвэрийн эмчийн дугаарыг багцад оруулж өгнө үү гэсэн бичиг байгаа. ******* групп ХХК-ийн эзэмшилд байсан дугаарыг 377 тоот манай компанийн албан бичгээр мэдэгдэж, эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт орсон. Манай компаниас З.А*******д шилжсэн. Компанийн жагсаалтад байсан дугаар байсан, уг дугаар нь манай ажилтан эмч н.Оийн дугаар байсан бөгөөд төв компани мэдэлгүйгээр шилжүүлсэн байсан. З.А******* дугаарыг барьж байхад манай компаниас залгасан байдаг. Тэгээд ирээд дугаараа шилжүүлээд авсан байдаг. 2021оны 5 дугаар сард болсон. 2022 онд н.О өөрөө манайд ирээд миний дугаарыг өөр хүнд өгчихсөн байна гээд д явуулсан боловч шүүхэд ханд гэсэн. Иймд манай эзэмшилд байсан ******* дугаарыг буцаан гаргуулж, манай компанийг шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү. Зан суртахуунд харшилсан хэлцэл хийгээд аваад явчихсан учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэв.
2.Хариуцагч З.А******* нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ын *******-8174 дугаарын шударга эзэмшигч мөн бөгөөд намайг шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгсөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01957 дугаартай шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа бөгөөд энэ шийдвэрийг талууд давж заалдаагүй, шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно гэсэн.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, өмнө нь н.О нэхэмжлэл гаргаж байсан байдаг. Шударга эзэмшигч нь З.А******* мөн байна гэсэн байдаг. Гэтэл ахиад нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. ******* ХХК нь өөрөө залгаад ирээд шилжүүлж ав гээд өгсөн байдаг. н.О нь өөрөө дугаарыг түүнд шилжүүлж өгсөн байдаг. Тэгээд оос шилжүүлээд шалгаад өгсөн. Тиймээс нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* групп ХХК-иас Г.Т*******д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах банкны бүртгэл, 9011115021 бүртгэлийн дугаартай 2027194 регистрийн дугаартай ******* ХХК-ийн хавсралт1, ******* групп ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн залгуулга хийх тухай албан бичиг, ******* групп ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, ******* ХХК-ийн цемент үйлдвэрийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/40 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, ******* ХХК-ийн цементийн үйлдвэрийн 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3/173 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг /хэргийн 1-9, 80-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний гэрээ, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 775 дугаар албан бичиг, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/01957 дугаар шүүхийн шийдвэр, З.А*******гаас Б.О*******д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрээ шилжүүлэх баримт, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний гэрээ /хэргийн 17-23, 28, 41-44-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* дугаарын бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээлэл, холбогдох баримт бичиг, Ц.Оийн гэрчийн мэдүүлэг /хэргийн 35-37, 52-54, 60-78-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч З.А******* нь ******* дугаарыг өөрийн найз ******* ХХК-ийн цемент үйлдвэрийн эмч Ц.О түр авч хэрэглэж байсан болохыг мэдэлгүй андууран шилжүүлсэн бөгөөд дугаар андуурагдан шилжсэнийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэж 73 тоот албан бичгээр корпораци ХХК-д мэдэгдэн буцаан өгөхийг шаардахад одоог хүртэл өгөхгүй байгаа тул ******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, дугаарыг буцаан гаргуулахийг даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь Ц.О нь З.А*******д холбогдуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, уг дугаарыг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01957 дугаар шүүхийн шийдвэрээр ******* дугаарын шударга эзэмшигч нь З.А******* болох нь тогтоогдсон, мөн дугаарыг ******* групп ХХК-иас шилжүүлж ав гэсэн, Ц.О нь дугаарыг түүнд шилжүүлж өгсөн бөгөөд корпораци ХХК-иас энэ талаар шалгаад шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн корпораци ХХК болон ******* цемент ХХК нарын хооронд байгуулагдсан 20197924 тоот үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нэмэлт, 2010 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн ******* ХХК-ийн цементийн үйлдвэрийн 3/173 тоот Дархан-Уул аймгийн ын захиргаанд гаргасан хүсэлт, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* группын 377 дугаар албан тоот, ******* ХХК-ийн цементийн үйлдвэрийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/40 тоот албан бичиг, корпорацид гаргасан хүсэлт зэргээс дүгнэхэд маргааны зүйл болсон ******* дугаарыг гэрээний дагуу ******* ХХК-ийн цементийн үйлдвэр эзэмшдэг байсан болох нь тогтоогдож байна.
4.2.2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хариуцагч З.А******* болон корпораци ХХК нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний гэрээний дагуу хариуцагч нь дээрх дугаарыг эзэмшиж байгаа болох нь хэрэг авагдсан баримт талуудын тайлбараар тогтоогдож байгаа болно.
5.Талууд дугаарыг эзэмших эрхтэй эсэх талаар маргаж байна, албан бичгийн дагуу дугаарын эзэмших эрх шилжсэн талаар маргаагүй.
6.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 90.2-д “шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй” гэж заажээ.
6.1.Нэхэмжлэгч нь ******* дугаарын эзэмшигч учраас өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгө буюу дугаараа хариуцагчаас буцаан шаардаж байна, хариуцагч нь зан суртахуунд харшилсан хэлцэл хийж, дугаарыг авч явсан учраас хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.
6.2.Гэвч хэрэгт авагдсан баримтаар буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаартай корпарацид гэсэн албан бичгээр нэхэмжлэгч ******* групп ХХК нь ******* ХХК-ийн цементийн үйлдвэрийн ******* дугаарыг хариуцагч З.А*******гийн нэр дээр нь шилжүүлж өгнө үү гэж хариуцагчид шилжүүлэхээр хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд уг хүсэлтийн дагуу дугаар эзэмших эрх шилжсэн байх тул ёс суртахуунд харшилсан хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.
6.3.Нэхэмжлэгч нь уг албан бичгийг андууран олгосон болох нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай корпарацид олгосон залруулга хийх тухай албан бичгээр тогтоогдож байна гэсэн боловч уг дугаарын эзэмшигч байсан Ц.О нь мөн өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагчид дугаарыг ашиглуулж байсан болох нь түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.
7.Дээрх баримтаар хариуцагч нь ******* дугаарыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлгүй, мөн гэрч Ц.О нь ******* дугаарыг үйлдвэрийн багцад оруулахаар ******* ХХК-ийн цементийн үйлдвэрт 2010 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүсэлт гаргаж, уг ******* дугаар нь ******* цемент ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан корпораци ХХК-ийн албан бичгээр тогтоогдож байна.
8.Иймд нэхэмжлэгч ******* групп ХХК-ийн хариуцагч З.А*******д холбогдуулан гаргасан ******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, дугаарыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* групп ХХК-ийн хариуцагч З.А*******д холбогдуулан гаргасан ******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, дугаарыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН