Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 84

 

МАГАДЛАЛ

2020.01.13                                                 Дугаар 84                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

М.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02342 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУИС-дхолбогдох,

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24 823 590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Должинсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   М.А нь тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00461 шийдвэрийн дагуу МУИС-дажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэр гарсан байдаг. Үүнээс хойш 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа авсан боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоогоогүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 8 дугаар сараас хойш нөхөн төлөөгүй, бичилт хийгээгүй болно. МУИСг шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон сайн дураараа биелүүлээгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд МУИСнь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/369 дугаар тушаалаар М.А-ыг  ажилд томилсон эх тушаал хүргүүлсэн байдаг хэдий ч түүний дагуу ажилдаа орохоор очиход канондсон тушаал өгч, 2 сарын хугацаатай гэрээ хийнэ гэж хууль бус шаардлага тавьсан бөгөөд ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөөгүй өдийг хүрсэн бөгөөд МУИСн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Эрдэнэбаяр 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэл гэх зүйлийг шуудангаар илгээсэн. Тухайн чөлөөлсөн гэх тушаалыг өнөөдрийг болтол танилцуулаагүй, гардуулаагүй бөгөөд тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00461 шийдвэрийг бодитой биелүүлэхгүй дүр үзүүлсэн байдлаар цаасан дээр тушаал гэх зүйл гаргасан ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар одоо ажиллаж байна. Иймд хариуцагчаас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 24 823 590 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: МУИСнь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/00461 дүгээр шийдвэрийн дагуу М.А-ыг  2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/369 дүгээр тушаалаар МУИСн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дадлагажигч багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 5 091 280 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн. Гэтэл хууль бус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гээд ажиллаагүй бөгөөд М.А нь тушаал, шийдвэр гарч түүнтэй биечлэн танилцсан атлаа хичээлийн хөтөлбөрөө боловсруулж, хичээл сонголтын бүртгэлийн системд хичээлээ оруулаагүй болно. Нэхэмжлэгч М.А дадлагажигч багшаар ажиллаж байсны хувьд МУИСн хичээл сонголтын байдал сургуулийн онцлогийг сайн ойлгож байсан. Тухайн үеийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга В.Батцэнгэлтэй хичээл эхлэхээр ажилд томилуулах тушаал гаргуулахаар гэж аман тохироо хийсэн байсан боловч дахин шүүхэд хандаж 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох цалин 6 562 096 төгрөг дахин нэхэмжилж Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02737 дугаар шийдвэрийн дагуу 5 928 536 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг мөн биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу цалин хөлс олгох ёстой. М.А ажил хийгээгүй тул түүнд 24 823 590 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй, мөн шимтгэл, хураамж нөхөн төлөх үүрэггүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд авах тушаал гарснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговор шаардах эрхгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ. Өнөөдөр шүүхийн шийдвэрийн аль хэсэг биелүүлээгүй гэхээр нэхэмжлэгч тал шимтгэл, хураамж нөхөн төлөгдөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй л гэж байгаа. МУИСнь шимтгэл, хураамжийг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их сургуулиас 24 823 590 төгрөг гаргуулж М.А-д  олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар М.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МУИСн удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 374 017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.А нь МУИС-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/384 тоот тушаалаар ОУ-ын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дадлагажигч багшийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/00461 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хутацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 091 280 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МУИС-д даадгаж шийдвэрлэсэн. Хариуцагч МУИС нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу М.А-ыг  2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/369 тоот тушаалаар ОУ-ын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн дадлагажигч багшийн ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд шүүхээс уг ажлын байрыг байнгын ажлын байр гэж дүгнэсэн ч хөдөлмөрийн гэрээг чөлөөтэй байгуулах нь талуудын эрхэд хамаарах тул туршилтын хугацааг дууссанаас хойш тухайн албан тушаалд заавал авах, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогчид хуулиар ногдуулаагүй юм. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт М.А-ыг  дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч нь уг шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон ба уг шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд гэрээ сунгагдах талаар зохицуулсан, харин хуульд зааснаас өөрөөр, цааш сунгах эсэх, хугацаагүй гэрээ байгуулах эсэх нь ажил олгогчийн эрх, талуудын харилцан тохирох эсэх асуудал юм. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “энэ тушаал гарсан байдалд талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрсөн байдаг” гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээгүй байна. Нэхэмжлэгч   М.А нь нэхэмжлэлээ 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг зохицуулсан. Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан байдаг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил юм. Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба бусад хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн ганцаарчилсан маргааны талаарх гомдлоо дээр дурдсанаар гурван сарын дотор харьяаллын дагуу маргаан таслах комисс эсхүл шүүхэд гарах юм. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан. М.А ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрх анхан шатны шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон үе буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилсэн ба нэхэмжлэгч нь уг шийдвэрийг гарсан талаар маргаагүй бөгөөд хэрэв уг шийдвэрээр эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол уг хугацаанаас хойш тэрээр 3 сарын дотор нэхэмжлэлээ гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч МУИС-дхолбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24 823 590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч М.А-ыг  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00461 дугаар шийдвэрийн дагуу МУИСн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/369 тоот тушаалаар нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заасан ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олгвор олгосон.

Нэхэмжлэгч М.А нь ажилд эгүүлэн тогтоосон тушаалтай танилцсан боловч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл тодорхой шалтгаангүй ажил албан тушаалаа эрхлээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч М.А-ыг  шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон тушаалтай танилцаад, дадлагажигч багшийн ажлыг эрхлээгүй үндэслэлээ “...2 сарын хугацаатай гэрээ хийнэ гэсэн” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Б/369 тоот тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацааг заагаагүйгээс гадна тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь “...ажилдаа орохоор очиход канондсон тушаал өгч, 2 сарын хугацаатай гэрээ хийнэ гэж хууль бус шаардлага тавьсан...” гэснээс дүгнэхэд түүнийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон тушаалыг тухайн үед мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлд заасан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

Харин хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/00461 дүгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч М.А-ыг  ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олгорыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 973 000 төгрөг гэж тогтоосон байх тул М.А-гийн ажилгүй байсан 6 сарын цалинтай тэнцэх олгворт 5 838 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...24 832 590...” гэснийг “...5 838 000...” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...374 017...” гэснийг “...108 358...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 282 067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ