| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2011000000546 |
| Дугаар | 2020/ДШМ/1269 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/1269
2020 9 29 2020/ДШМ/1269
П.Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Энхбаатар,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Энхбаатарын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч П.Эд холбогдох эрүүгийн 2011000000546 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бэсүт овгийн П.Э, 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /.................../;
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба түүний цагдан хоригдсон 389 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хорих ялыг бүрэн эдэлсэнд тооцож шүүх хурлын танхимаас суллаж шийдвэрлэсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр биечлэн эдэлж дууссан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 409 дүгээр ангид ял эдлэж байгаа/,
Шүүгдэгч П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд хамт архи ууж байсан найз болох О.Атэй маргаж улмаар түүний эрүү, уруул орчимд төмөрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэсүт овогт П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 599 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1231 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх П.Эд Эрүүгийн хуульд зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нээлттэй эсхүл хаалттай” хорих байгууллагын алинд нь ял эдлүүлэх талаар шийдвэртээ тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.8' дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд хамт архи ууж байсан найз болох О.Атэй маргаж улмаар түүний эрүү, уруул орчимд төмөрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Агийн “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагийн үед Нарантуул 2 зах дээр очиж 6м яндан зарчихаад зах дээрээс тавилга зөөх ажил хийж дуусчихаад хамт ажил хийсэн Гүйдэггүй Сүхээтэй гэгчтэй хамт 0.75 граммын Их монгол нэртэй архи авч гудамжинд хувааж уусан юм. Ингээд би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Зам гүүрийн автобаазын орчимд явж байгаад багийн найз болох Энхсайхантай тааралдсан бөгөөд Энхсайхан бага зэрэг согтуу байх шиг байсан юм. Айлд хоночихоод явж байна, тэр айлдаа утсаа алдчихлаа гэхээр нь би гэртээ дагуулж очоод хоол идүүлээд байж байтал би эхнэртэйгээ маргалдсан чинь манай эхнэрийг Энхсайхан “манайд очиж амьдар” гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд манай эхнэр Цагаандарь цүнхээ аваад гараад явсан бөгөөд удалгүй араас нь Энхсайхан гараад явсан юм. Хашааны гадаа гарчихаад Энхсайхан орилоод байх шиг байхаар нь би гараад очиход манай эхнэр байхгүй байсан ба Энхсайхан ганцаараа зогсож байсан юм. Намайг янз бүрээр хараагаад “ална шүү" энэ тэр гээд байхаар нь араас нь очсон чинь Энхсайхан гүйгээд хашааны булан руу ороод алга болсон. Би араас нь гүйгээд очиход нарийхан төмөрөөр миний эрүү, уруул орчимд нэг удаа цохиод авсан ба би арагшаа савж унасан юм. Ингээд би ухаан алдсан юм. Сэрэхэд Энхсайхан болон манай бэр дүү Оюунбилэг байсан юм. Ингээд түргэн ирээд хамтдаа гэмтэл явсан. Энхсайхан бид хоёр 61-р сургуульд 5 дугаар ангид байхдаа хамтдаа сурдаг байсан багийн найз юм. Үе үе уулздаг холбоотой байдаг найзууд байгаа юм. Тухайн үед би болон Энхсайхан бид хоёр согтуу байсан бөгөөд манай эхнэрийг надтай хэрэлдэж байхаар Энхсайхан манай гэрт очиж амьдар гээд, байхаар нь би уурласан бөгөөд түүнээс болж л намайг цохисон гэж бодож байна. Миний доод уруулын дотор гадар хэсэгт тус бүр 2 оёдол тавиулсан бөгөөд дагз хэсэгт 4 оёдол тавиулсан юм. ...” /хх 11-12/,
гэрч Г.Оюунбилэгийн "... 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай хадам ах 15 цагийн үед яндан зарна гээд гараад явсан бөгөөд өөрөө яндан хийдэг юм. Ингээд 16 цагийн орчимд хадам ах Амартүвшин найз Энхсайханы хамт хоёулаа согтуу ирсэн юм. Хадам ах Амартүвшингийн гэр нь манай хашаанд байдаг юм. Хадам ах найз Энхсайханы хамт гэртээ орсон бөгөөд 2 цаг орчмын дараа Амартүвшингийн эхнэр болох Цагаандарь уурлаад цүнхээ бариад гараад явж байгаа харагдсан юм. Удалгүй хашааны гадаа Энхсайхан ах орилоод байгаа чимээ гарсан бөгөөд Амартүвшин ах гэрийнхээ үүдэнд сууж байгаад араас нь гүйгээд гарахаар нь би араас нь дагаад гарсан, тэгтэл Энхсайхан Амартүвшин ахыг янз бүрээр доромжлоод цаашаа хашааны булан тойроод гүйгээд явсан ба ах Амартүвшин Энхсайханы араас гүйгээд явахаар нь би бас араас нь гүйсэн. Тэгтэл ах булан тойрох гэж байхад Энхсайхан өөдөөс нь гарч ирээд цэнхэр өнгийн нарийнхан урт төмрөөр уруул хэсэгт нь нэг удаа цохиод авахад ах Амартүвшин хойшоо саваад унасан юм. Тэгээд ах ухаан орохгүй байсан энэ үед Энхсайхан сандараад Амартүвшинг сэрээх гээд байсан юм. Нөгөө цохисон төмрөө тэр газартаа орхисон юм. Ингээд ахыг сэрээгээд Энхсайхан ах үүрээд гэрт оруулаад түргэн дуудсан юм. Түргэн ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан юм. Тухайн цохисон гэх төмөр нь Скүүтэр гээд хүүхдийн тоглоомны төмөр байх шиг байсан ба цэнхэр өнгийн нарийн төмөр байсан юм. ...” /хх 15-16/,
Шүүгдэгч П.Эы яллагдагчаар өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр найзындаа хоноод гэртээ харих гээд явж байхдаа Амартүвшинтэй таарсан. Би Амартүвшинд утсаа алдсан талаар хэлэхэд Амартүвшин “Манайд очьё” гэсэн. Амартүвшин архи авсан байсан. Би Амартүвшинтэй хамт гэрт нь очиж авсан архийг нь уусан. Амартүвшин эхнэрээ байнга зоддог. Өмнө нь эхнэрээ хөрөөгөөр хөрөөдөж, алхаар толгойг нь хагалаад манайх руу хөөж явуулдаг байсан. Манай гэр 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шатсан. Миний эхнэр 70 хувийн түлэгдэлтэй учраас гэртээ ганцаараа байх хүндрэлтэй байдаг. Би өдрийн цагаар зах дээр гэр барьж, гэрийн мод тааруулдаг ажил хийдэг. Миний эхнэр бие нь таталдаад өвдөөд нуруундаа хүрч чаддаггүй. Амартүвшингийн эхнэр манай эхнэрт тусалж, түлэгдсэн хэсэгт нь тос түрхэж өгдөг. Би Амартүвшингийн эхнэрт “Чи Амартүвшингийн гарын шүүс болж байхаар манай гэрт очиж бай” гэж байнга хэлдэг байсан. Би багын найзтайгаа зодолдсон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Амартүвшингийн гэрээс гарч явсан. Амартүвшин миний араас гарч ирээд “Дариа хаана байна?” гэж асуусан. Би “Мэдэхгүй” гэж хэлсэн. Тэр үед намайг хавсарч унагаагаад намайг худаг, дэлгүүр хоёрийн хооронд маш удаан зодсон. Амартүвшин “Чамайг гараар зодож дийлэхгүй бол өөр юмаар зодъё” гээд гэр рүүгээ гүйж ороод төмөр турба барьсан гарч ирээд над руу чиглээд гүйсэн. Дэлгүүрийн хаалганы хажууд скүүтэр байсан. Би тэр скүүтрийн үрүүлээр дэлгүүрийн булангаас гарч ирээд цохисон. Намайг турбагаар цохихоос нь өмнө би өрсөөд скүүтрийн үрүүлээр цохисон. Намайг тэр турбагаар нэг л цохисон бол би ухаан алдах байсан байх. Би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. ...” /хх 17-18/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5430 дугаартай “...О.Агийн биед доод уруулд шарх, дагзны хуйханд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүул мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 23-24/ гэх дүгнэлт зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч П.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд хамт архи ууж байсан найз болох О.Атэй маргаж улмаар түүний эрүү, уруул орчимд төмөрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Эы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 599 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1231 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон байна.
Гэхдээ анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалт болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна. Учир нь шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуульд зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нээлттэй эсхүл хаалттай” хорих байгууллагын алинд нь ял эдлүүлэх талаар шийдвэртээ тусгаагүй байна.
Шүүгдэгч П.Э нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1231 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил хорих ял авч уг ялыг шүүхээс нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заажээ. /х 114/
Шүүгдэгч П.Эы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын санкц байдаггүй бөгөөд шүүхээс түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохируулан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 2 сарын хугацаагаар хорих ял тогтоон 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өмнө оногдуулсан ялтай нь нэмж нэгтгэж байгаа тул хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй “ хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймээс прокурор М.Энхбаатарын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолд”нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” талаар заалт нэмэлтээр оруулан зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1. “...шүүгдэгч П.Эд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэсэн заалтыг нэмэлтээр оруулж, шийтгэх тогтоолын бусад, заалт хэсгийг хэвээр үлдээсүэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ