Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0614

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Д.Б-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас Г ХХК-д *** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа билээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж өгнө үү.

...Нэхэмжлэгч маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэн Д.Б нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас Г ХХК-д *** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ