Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/03683

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 17 өдөр                     Дугаар 183/ШШ2024/03683                            Улаанбаатар хот

 

                  

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  СӨХ-ны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

*******ын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 4 029 440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О******* /

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ө******* 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан СӨХ-ны төлбөр 4 029 440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.******* ******* СӨХ нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер Стоун-2 хотхоны 26А байрны ******* тоотын 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын хоорондох СӨХ-ны төлбөрийн үлдэгдэл болох 4 029 440 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байгаа тул тус төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ. 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. ******* ******* СӨХ нь үүсгэн байгуулагдаад хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа, 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам гаргасан. Б******* ХХК-ийн хувьд төлөхгүй гэсэн нөхцөл байдал үүсч байсан тул тус шүүхэд хандаж, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гаргуулж аваад зардлыг төлүүлж авч байсан, түүнээс хойших зардлыг бол төлөөгүй байгаа, хариуцагч нь орон сууцны өмчлөгч байх тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардлыг хамтран хариуцах үүрэг нь хуулиар үүссэн байна. Иймд 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын хоорондох СӨХ-ны зардал болох 4 029 440 төгрөгийг нэхэмжилж байна. СӨХ-ны 2016 оны бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам хүчингүй болоогүй, уг журамд 2020 онд Удирдах зөвлөлийн хурлаар айл өрхийн санхүүжилтэд үнийн дүнд өөрчлөлт орсон байгаа, харин аж ахуйн нэгжийнх өөрчлөгдөөгүй, 2016 оны журмаар л тариф тооцогдож явж байгаа юм гэв.

2.Хариуцагч Б******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Хариуцагч Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер Стоун-2 хотхон, 26Б байр, 2-р орцонд үйл ажиллагаа явуулж буй ******* ******* СӨХ-оос манай Б******* ХХК-д холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай Б******* ХХК нь 2015 оноос Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер Стоун-2 хотхон, 26А байрны ******* тоотод буюу үйлчилгээ болон орон сууцны хосолмол барилгад өөрийн өмчлөлийн байранд Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Гэвч ******* ******* СӨХ-оос сарын СӨХ-ны түрээсийн төлбөрт 201 000 төгрөг /4 029 440 төгрөг/ авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй юм.

Учир нь Манай компани ******* ******* СӨХ-д харъяалагддаггүй, үйлчилгээ авдаггүй  болно. Тодруулбал, манай компанийн орц гарц тусдаа бөгөөд өдөр тутам СӨХ-оос үзүүлж буй үйлчилгээг огт авдаггүй, тог /гэрэлтүүлэг/, хогийг тусдаа хариуцдаг тул СӨХ-оос үйлчилгээний төлбөрт мөнгө төлөх үндэслэл байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

2.2.Хариуцагч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйл, төлбөр нэхэмжлээд байгаа 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам нь эрх зүйн хувьд хуульд нийцэхгүй. ******* ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх байхад удирдах зөвлөлийн хүмүүс хийсэн байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасанд нийцэхгүй байгаа тул энэ журмаар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхгүй буюу хэрэгт авагдсан гэрчилгээний хугацаа нь дууссан, сунгалт хийсэн талаар тэмдэглэл хийгдээгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 26-р байр ******* тоотын СӨХ-ны төлбөрийн тооцоо, ******* ******* СӨХ-ны *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, 2018.12.28-ны өдрийн ******* ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, ******* ******* СӨХ-ны гэрчилгээ, дүрэм, тооцооны хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01818 дугаар шүүгчийн захирамж, *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, 2024.09.14-ний өдрийн ******* ******* СӨХ-ны 2024/09/01 дүгээр тайлбар /хэргийн 2-14, 28-30, 75-76-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, 2024.05.14-ний өдрийн 0567 дугаар итгэмжлэл, Б******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, 2015.02.17-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015/99 дүгээр акт /хэргийн 20, 37-43-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 4 029 440 төгрөгийг гаргуулахаар шаардсан. 

3.Хариуцагч Б******* ХХК нь манай компанийн орц гарц тусдаа бөгөөд өдөр тутам СӨХ-оос үзүүлж буй үйлчилгээг авдаггүй, тог /гэрэлтүүлэг/, хогийг тусдаа хариуцдаг тул СӨХ-оос үйлчилгээний төлбөрт мөнгө төлөх үндэслэлгүй мөн 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам баталсан нь эрх зүйн хувьд хуульд нийцэхгүй, гэрчилгээний хугацаа нь сунгагдаагүй тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал, төлбөрийг шаардах эрхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо байгуулна” гэж заасан.

 

4.2.******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №18/144 дугаартай гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 26А, 26Б дугаар байруудыг хамруулан үйл ажиллагаа эрхлэхээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

4.3.Мөн Сууц өмчлөгчдийн холбооны №18/144 дугаартай гэрчилгээнд холбооны гүйцэтгэх захирлаар Б.Э*******ыг томилсон байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

5.Талууд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй эсэх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцагч хариуцах эсэхэд маргаантай байна, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг талаар маргаагүй байна.

 

6.Хэрэгт авагдсан Б******* ХХК-ийн хуулийн этгээдийн 000908504 дугаартай гэрчилгээгээр хариуцагч Б******* ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж, 26А байр, ******* тоот хаягт байршилтай Ү-2206042114 дугаартай бүртгэлтэй, 197,37 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 26А, 26Б дугаар байруудыг хамруулан үйл ажиллагаа эрхэлдэг болох нь №18/144 дугаартай гэрчилгээ, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2015/99 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар нотлогдож байна гэж үзэв.

6.1.Мөн хэрэгт авагдсан №18/144 дугаартай гэрчилгээнд ******* ******* СӨХ-г бүртгэж 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байх бөгөөд шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас 2022 оны 5 сараас 2023 оны 12 сарыг дуустлах хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжилсэн байна.

 

6.2.Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч буюу хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

7.Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан 26-А байр ******* тоотын СӨХ-ны төлбөрийн тооцоо, тооцооны хуудас гэсэн баримтаар хариуцагчаас 2022 оны 5 сараас 2023 оны 12 сарыг дуустлах хугацааны СӨХ-ны төлбөр нэг сарын 201 472 төгрөг буюу нийт 20 сарын төлбөр 4 029 440 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь уг зардалд юу багтсан эсэх нь тодорхойгүй, уг зардлыг тогтоосон ******* ******* СӨХ-ны 2020 он 1 дүгээр сарын 26-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцсэн “*******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам” нь хууль зөрчсөн гэж мэтгэлцсэн.

 

7.1.Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 9.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зарлыг хувиарлах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

7.2.Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ривер стоун2 орон сууцны ******* ******* СӨХ-ны оршин суугчдын хурлаар ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн батлаж, бүх гишүүдийн хурлаар *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг хэлэлцэж баталсан болох нь сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, №16/0319 дугаартай журмаар тогтоогдож байна.

7.3.******* ******* СӨХ-ны 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг хэлэлцэж батласан байх бөгөөд уг журмаар 3 дугаар зүйлд заасан айл өрхийн санжүүжүүлэлтийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулж, 4 дүгээр зүйлд заасан аж ахуйн нэгжийн санхүүжүүлэлтийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, дээрх санхүүжүүлэлтийн хувь хэмжээ нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан *******ын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмын дагуу нэхэмжилж байгаа болох нь төлбөрийн тооцоо, тооцооны хуудас гэсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

7.4.Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

8.Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаар мөн СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан талаарх баримтгүй, хулгай орж хохирол учирсан гэх боловч эд хөрөнгөд учирсан хохирлын талаар холбогдох байгууллагад хандаагүй байх тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

9.Иймд хариуцагч Б******* ХХК-иас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 4 029 440 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* СӨХ-нд олгохоор шийдвэрлэв.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 421 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79 421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Б******* ХХК-иас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 4 029 440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-д 79 421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

                                              

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХУЛАН