Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 131

 

МАГАДЛАЛ

2020.01.17                                                 Дугаар 131                                     Улаанбаатар хот

 

 

 

 

“С ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03139 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “С ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ж-д  холбогдох,

Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, алдангид 7 695 000 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ж  манай СӨХ-ны дундын өмчлөлийн хөрөнгө болох 34 дүгээр байрны подволийг түрээсэлдэг бөгөөд 2013 оны 1 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангийн хамт 7 695 000 төгрөгийн өртэй байна. СӨХ-ны зүгээс Б.Ж аас удаа дараа түрээсийн төлбөр шаардаж байсан ч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Б.Ж  гэрээ байгуулахдаа 34 дүгээр байрны 130 тоотод амьдардаг, оршин суугч гэж гэрээ байгуулсан. 2017 оны 11 дүгээр сараас хойш СӨХ-ноос Б.Ж-д  холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2 удаа иргэний хэрэг үүсгэсэн ч хариуцагч хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй, хаягтаа байдаггүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байсан. 2019 оны 5 дугаар сард Б.Ж ы хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хорооны засаг даргаар бүртгэлгүй гэсэн хуурамч бичиг баримт үйлдэж, бид нарын ажилд хохирол учруулсан. 2015 онд Б.Ж тай түрээсийн гэрээ байгуулахдаа сарын төлбөр 90 000 төгрөг байхаар тохирсон. Үүнээс хойш инфляц, төгрөгийн ханштай холбогдуулан түрээсийн төлбөр нэмэгдсэн. Б.Ж ы түрээсэлсэн талбайг бусдад доод тал нь 300 000 төгрөгөөр түрээслэх боломжтой, түрээсийн талбайд засвар үйлчилгээ хийх боломжийг 3-4 жил хариуцагч хаасан. Түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байгаа ч манай талаас хугацааны өмнө түрээсийн гэрээг цуцалж, Б.Ж аас түрээсийн төлбөрт 2015 оны 1 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл 57 сарын төлбөрт 5 130 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 2 565 000 төгрөг, нийт 7 695 000 төгрөг гаргуулж, подвольд Б.Ж  даахын аргагүй хүнд тоног төхөөрөмж байрлуулсан учраас гаргах боломжгүй байгаа тул Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “С ” СӨХ-ны харьяа 34 дүгээр байрны 4 дүгээр орцны подволийг бүхэлд нь чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “С ” СӨХ-ны гүйцэтгэх захирал байсан гэх Г.Э-ыг  СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрчилсөн баримт хэрэгт ирээгүй байна. Иймд одоогийн байдлаар “С ” СӨХ-д Ү.Т , Г.Э  гэх 2 гүйцэтгэх захирал нэгэн зэрэг ажиллаж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Ү.Т  “С ” СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ү.Т  “С ” СӨХ-ны Удирдах зөвлөлтэй гэрээ хийсэн байх ба уг гэрээнд гүйцэтгэх захирлын эрх үүргийг тусгасан байна. Уг гэрээний 3.4-т Монгол улсын Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн заасан байна. Гэрээний 3.4-өөр гүйцэтгэх захирлын шүүхэд төлөөлөх эрхийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар хязгаарласан байна. Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний заалт, түүнээс тогтоож өгсөн хүрээ хязгаараас хальж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Ү.Т г шүүхэд бүрэн төлөөлөх эрхтэй этгээд хэмээн үзэх нь учир дутагдалтай. Төлөөлөх эрхтэй гэх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт хэмээн үзэхээргүй байна. “С” СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын зүгээс гаргасан 2018 оны 4 дүгээр сарын   10-ны өдрийн шийдвэрт бүх гишүүдийн хурлын саналыг үндэслэн Ү.Т г гүйцэтгэх захирлаар томилсон тухай дурьдсан байна. Бүх гишүүдийн хурал хуралдаагүй санал гаргаагүй байхад Удирдах зөвлөл дангаараа гүйцэтгэх удирдлагыг сонгосон нь хууль бус байна. Түүнээс гадна өмнөх гүйцэтгэх захирал Г.Э-ыг  өөрчлөлгүйгээр Ү.Т г гүйцэтгэх удирдлагаар давхардуулан томилсон нь мөн хууль бус байна. “С ” СӨХ-ны Удирдах зөвлөлөөс олгосон хэлцэл хийх эрхийн гэрээг дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хадгалах талаар засвар үйлчилгээний мэргэжлийн байгууллага хувь хүмүүстэй гэрээ байгуулах, хэмээн тодорхойлж хязгаар тогтоосон байна. СӨХ-ны өмч хөрөнгийг түрээслэх гэх мэтээр захиран зарцуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй байна. Түүнээс гадна Г.Э  “С ” СӨХ-ны гүйцэтгэх захирал байсныг нотолсон баримт хэрэгт ирээгүй учир шууд СӨХ-г төлөөлөх эрхтэй байсан хэмээн дүгнэх нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Иймд дүгнэлтийг үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлт хэмээн үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ж аас 7 695 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ” СӨХ-нд олгож, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 4 дүгээр орцны подволийн давхарт байрлах 60 м.кв талбайг чөлөөлөхийг хариуцагч Б.Ж-д  даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 590 төгрөгөөс 208 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 320 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Б.Ж аас улсын тэмдэгтийн хураамжид 208 270 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “С ” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул алданги төлхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх алданги тооцохдоо засвар үйлчилгээний хөлсийг хугацаа хожимдуулан хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн заалтыг үндэслэж алданги тооцсон байна. Талуудын хооронд засвар үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн хэлцэл тохиролцоо байхгүй юм. С  СӨХ-гоор засвар үйлчилгээ хийлгэсэн. Уг үйлчилгээнийхээ хөлсийг хугацаа хожимдуулж төлсөн буюу эсхүл төлөхгүй байгаа ойлголт бололтой. Дээрх заалтыг үндэслэн гэрээний алданги хэмээн 2 563 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 7 695 000 төгрөгөөс алдангид тооцсон 2 565 000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч “С ” СӨХ нь хариуцагч Б.Ж-д  холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, алдангид 7 695 000 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын  02-ны өдрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээ байгуулагдаж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 4 дүгээр орцны подволийн давхарт байрлах 60 м.кв талбай бүхий объектыг сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрийн зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар, сарын төлбөр нь 90 000 төгрөгөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээ, мэдэгдэл, зохигчдын тайлбар тэдгээрт холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Учир нь хариуцагч нь дээрх дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалын гэрээг хүчин төгөлдөр бус гэх боловч Б.Ж тай гэрээ байгуулагдах үед буюу 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “С ” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Г.Э нь 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. Түүнчлэн, Удирдах зөвлөлийн дарга М.Н  нь “С ” СӨХ-ны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал Г.Э тай байгуулсан гэрээ байх тул түрээслүүлэгчийн төлөөлөн хүсэл зоригоо илэрхийлсэн, эрх, үүргээ харилцан тохиролсон талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Шүүх, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хуулийн дээрх заалт болон талуудын байгуулсан гэрээ ёсоор түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүй нь түрээслүүлэгч гэрээг цуцлах болон нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн үндэслэл болох юм.

Мөн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу алданги шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тухайлбал, хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн үндсэн үүргийн 50 хувиар тооцож, түрээсийн төлбөр болон хугацаа хэтрүүлсэн анзын гэрээний үүрэгт 7 695 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 56 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

          ШҮҮГЧИД                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ