Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/1295

 

                    

               2020     10        6                                    2020/ДШМ/1295

 

Г.Ч, Л.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч Г.Ч, Л.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М, Г.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ч, Л.М нарт холбогдох эрүүгийн 2006019291034 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Г.Ч, 1993 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............тоотод оршин суух бүртгэлтэй,                                  /...................../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

2. Мөнгийнхөн овгийн Лувсанцэрэнгийн Мэндбаяр, 1995 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /................../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, уг ялын хугацааг 1 жил 5 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон;

Шүүгдэгч Г.Ч, Л.М нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” зочид буудлын үүдний хэсэгт Ж.Бхалааснаас түүний эзэмшлийн “Хуавай ви-7” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 535.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Ч, Л.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Г.Ч, Мөнгийнхөн овогт Л.Мнарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Чод 2 жилийн хорих ял, Л.Мт 2 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Чод өмнөх Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай захирамжаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 8 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сар 8 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чод оногдуулсан 2 жил 8 сар 8 хоног хорих ял, Л.Мт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч, Л.М нарын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч, Л.М нараас 535.200 төгрөгийг гаргуулан, хохирогч Ж.Болгож, шүүгдэгч Г.Ч, Л.М нарт холбогдох хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ж.Бгар утсыг нь буцаан өгсөн гэж бичигдээгүй байсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөртэй гэж гарсан. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчийг гомдолгүй болгосон. Би өндөр настай эхийгээ асардаг бөгөөд ээжийн минь бие муу, удахгүй цөсний хагалгаанд орох гэж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд хохирогч гар утсаа буцаан авсан гэх баримт байгаагүй. Харин алдагдсан гар утсыг байцаагч хохирогчид өгсөн боловч уг баримт хавтас хэрэгт хавсаргагдаагүй байсан. Одоо энэ алдаа засагдсан болно. Миний бие мөрдөн байцаалтын үед саад учруулаагүй, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан болно. Би эхнэ, 2 хүүхдийн хамт амьдардаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ч, Л.М нарын өмгөөлөгч Б.Байгалмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Ч, Л.М нар нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөн гэмшиж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Ж.Бхалааснаас хулгайлсан гар утсаа хохирогчид хүлээлгэн өгч, хохирогчийг хохиролгүй болгосон талаараа мэдүүлж байсан. Мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримтад “хохирогч Ж.Бямбацэцэг гар утсаа хүлээн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хариу мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн байсан. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ хэдийгээр шүүгдэгч Г.Ч, Л.М нар нь хохирогч Ж.Бгар утсыг хохирогчид хүлээлгэн өгч хохирогчийг хохиролгүй болгосон гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учир хохирол төлбөр төлөгдөөгүй гэж үзээд утасны төлбөр болох 535.200 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгож, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч нарыг 2 жилийн хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны дараа өмгөөлөгч миний бие хохирогч Ж.Бямбацэцэгтэй биечлэн уулзаж, хулгайд алдсан утсаа буцааж авсан эсэх талаар нь асуухад тэрээр “миний хулгайд алдсан утсыг Баянзүрх дүүргийн мөрдөгч Саруул гэх хүн надад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдэгдээд Саруул гэх мөрдөгчөөс утсаа хүлээн авсан тухай баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч Л.Мын эхнэр нь 5 сард төрсөн. Одоо 3 сар гаруйтай хүү, 4 настай охиныхоо хамтаар хүүхдийн мөнгө, халамжийн мөнгөөр амьдарч байгаа болно. Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Иймд шүүгдэгч Г.Ч, Л.М нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг /багасган/ хөнгөрүүлэн шийдвэрлэж, мөн уг шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас 535.200 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв. Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээр уг хэргийг шийдвэрлэх үед хохирол төлсөн баримт байхгүй байсан тул шүүгдэгч нарыг хохирол төлөөгүй гэж үзсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж үзсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 Г.Ч, Л.М нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” зочид буудлын үүдний хэсэгт Ж.Бхалааснаас түүний эзэмшлийн “Хуавай ви-7” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 535.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Б“...2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэгдэлчин” зочид буудлын угтах үйлчилгээний хэсэгт халааснаасаа “Хуавэй Ви-6” маркийн гар утас алдсан. Уг нь эцэгтэйгээ уулзахаар очсон юм. Угтах үйлчилгээн дээр танил Үүрээтэй ярилцаад зогсож байхад л хажууд хоёр хүн ирж зогссон. Муухай үнэртэй хүмүүс байсан. Тэр хоёр хүн миний хажууд ирж байж байгаад шууд гараад явсны дараахан би гар утсаа алдсан талаараа мэдсэн. Тэгээд залгахад дуудаж байгаад утас холбогдох боломжгүй болсон. Буудлын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд, миний зүүн халааснаас өндөр нуруулаг, хар өнгийн куртиктэй, масктай нь ирээд гар утсыг халааснаас авч байгаа бичлэг нь байсан. ...”/хх 6/,

шүүгдэгч Г.Чын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Нэгдэлчин” зочид буудал руу орж Л.Мын хамт ороод ресепшиний урд зогсож байсан 2 охины нэгнийхэн нь куртикны халааснаас Л.М гар утсыг нь хулгайлан авсан. Хулгайлсан гар утсаа надад өгөөд би гар утсыг авч гараад дараа нь Л.Мт буцаан өгсөн. Надад 10.000 төгрөг өгөөд хамтдаа нэг шил архи авч уусан. ...” /хх 8/,

 шүүгдэгч Л.Мын яллагдагчаар өгсөн: “...Би Г.Чын хамт явж байгаад “Нэгдэлчин” зочид буудалд хүн дуудахаар ороод байж байтал нэг эгчийн халааснаас гар утас нь унах гээд байхаар нь аваад Монтел дээр очоод 100.000 төгрөгөөр үл таних хүнд зараад мөнгөөр нь Г.Ч бид хоёр нийлж 1 шил 0.75 литрийн “Хараа” архи авч уугаад тасарсан байсан. ...” /хх 105/, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №БЗД2-20-457 дугаартай “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Huawei Y7 загварын гар утсыг 535.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. ...” /хх 12-13/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ч, Л.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Ч, Л.М нар хохирогч Ж.Бкуртикны халааснаас түүний эзэмшлийн “Huawei Y7” загварын гар утсыг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Ч, Л.М нарыг “Нэгдэлчин” зочид буудалд ороход хохирогч Ж.Бямбацэцэг зогсож байсан бөгөөд түүний халааснаас гар утсыг Л.М авах үед Г.Ч харж мэдсэн төдийгүй, улмаар гар утсыг авсан даруй гарч яваад гар утсыг худалдан борлуулж, мөнгийг хамтран захиран зарцуулсан байх тул тэднийг хулгайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Ч “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Л.М “...Миний бие мөрдөн байцаалтын үед саад учруулаагүй, хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Ч, Л.М нарын өмгөөлөгч Б.Байгалмаа “...шүүгдэгч Г.Ч, Л.М нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Шүүх хуралдааны дараа хохирогчид гар утсыг хүлээлгэн өгч гомдолгүй болгосон. Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Иймд шүүгдэгч Г.Ч, Л.М нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж, мөн уг шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас 535.200 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгожээ. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг. Хэдийгээр шүүгдэгч Г.Ч, Л.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, алдагдсан эд хөрөнгийг буцаан өгөх замаар хохирлоо барагдуулсан, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн байх боловч шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байсан, шүүхээс тухай бүрт нь хуульд заасан ялын доод хэмжээнд ял оногдуулсан байхад энэхүү байдалдаа дүгнэлт хийлгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь тэдний хувийн байдалд тохируулан шүүх шүүгдэгч Г.Чод 2 жил 8 сар 8 хоног, Л.Мт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, Г.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, Г.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Ч, Л.М нар “Huawei Y7” маркийн гар утсыг хохирогч Ж.Ббуцаан өгч, бусдад төлөх төлбөргүй болсныг дурдсугай. 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.ӨСӨХБАЯР

 

                                  ШҮҮГЧ                       Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ