| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/06004/И |
| Дугаар | 183/ШШ2024/03655 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2024/03655
| 2024 оны 9 сарын 16-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/03655 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Б-д холбогдох,
1.832.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.Б Т банкны 13-р хороолол тооцооны төвд теллерийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр харилцагчийн скайдиллерийн үйлчилгээний ********* дугаарыг 190,000 төгрөгөөр цэнэглүүлэхээр гүйлгээ хийлгэхэд орон андуурч 1,900,000 төгрөгөөр гүйлгээ хийж алдаа гаргасан. Энэ алдааг орой 17 цагийн үед ахлах теллерт мэдэгдэж, ахлах теллер уг алдааг засч 1,900,000 төгрөгийн гүйлгээг буцааж Скайтел компанийн дансанд 190,000 төгрөгийг шилжүүлж алдааг залруулсан байдаг. Гэтрл С компаниас 2013 оны 12-р сарын 27-ны өдөр ирсэн ******* албан тоотод 1,900,000.00 төгрөгийн алдагдал гарсан талаар мэдэгдсэн. Тус албан тоотын дагуу Т банк нь Л.Б-н нэр дээр авлага үүсгэн С ХХК-ийн хохирлыг барагдуулсан. Л.Б-н нэр дээр авлага үүсгэн С ХХК-ийн хохирлыг барагдуулах тухайн үед харилцагчаар хохирлыг гаргуулж чадахгүй тохиолдолд эхний ээлжинд банкийг хохиролгүй болгон дараа нь өөрийнхөө хохирлыг барагдуулах арга хэмжээг авна гэж өргөдөл бичиж өгч байсан хэдий ч ажлаас гарах үедээ банкны хохирлыг барагдуулаагүй байна. Ажлын хариуцлага алдан үүсгэсэн 1,900,000.00 төгрөгийн авлагаас 1,823,000.00 төгрөгийн авлага нь одоог хүртэл хаагдаагүй байгаа тул авлага 1,823,000.00 төгрөг, тэмдэгтийн хураамж 44,118.00 төгрөг нийт 1,867,118.00 төгрөгийг Иргэн Л.Б /РД: ************/-с гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Б миний бие нь Т банкны 13-р тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдалгүй ажиллаж байсан бөгөөд тухайн үед скайдиллерийн үйлчилгээний ******** гэсэн дугаарыг 190,000 төгрөгөөр цэнэглэх явцад программ дээр 0 орон илүү ачааллан 1,900,000 төгрөгөөр шивэгдсэн байдаг учир нь теллер гүйлгээ бүрийг хурдан шив гэсэн даалгавартай байдаг. Тиймээс уг алдааг олж илрүүлэхийн тулд хяналтын камерын бичлэгийг тухайн цаг бүрээр ахлах теллертэй хамт, хянаж үзэхэд 190,000 төгрөгөөр гүйлгээ хийсэн скайдиллерийн үйлчилгээний ********** дугаарыг цэнэглүүлсэн Батчимэг гэх харилцагчийн гүйлгээ мөн болохыг олж ирүүлсэн бөгөөд тухайн гүйлгээг ахлах теллер хянаж буцаах эрхтэй байдаг тул уг асуудлыг хянаж ахлах теллер буцаасан байдаг. Энэ асуудлын дараа Скайтел компани нь Т банкны 13-р хорооолол тооцооны төвийн 1,900,000 төгрөгөөр шивсэн гүйлгээг буцаалгүй буюу залруулалгүй скайдиллерийн үйлчилгээний ******** дугаарт 1,900,000 төгрөгөөр шивсэн байдаг. Миний бие нь энэ асуудлыг мэдсэн даруйдаа скайдиллерийн үйлчилгээний ********** дугаарын эзэн буюу Батчимэгийн дугаарлуу ярьж илүү гүйлгээ хийсэн тул та мөнгийг буцааж өгнө үү гэж ярьсан бөгөөд тухай үед зөвшөөрсөн бөгөөд ирж камер үзэхээр болсон юм. Тухай үед скайдиллерийн үйлчилгээний ********** дугаарын 1,900,000 төгрөгний нэгжийн үлдэгдлийг Скайтел компаниар шалгуулахад 1,460,000 төгрөг байсан бөгөөд үлдэгдлийг хааж болохоор байсан бөгөөд Т банкны 13-р хороолол тооцооны төв ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Скайдиллерийн үйлчилгээний ********** дугаарын эзэн буюу Батчимэг нь т банкны 13-р хороолол тооцооны төвд өөрийн биеэр ирж бичлэгийг шалгах гэсэн боловч камерийн бичлэг устгагдсан байдаг бөгөөд Т банкны 13-р хороолол тооцооны төвийн камерын бичлэг 1 сар хадгалдаг байсан бөгөөд Т банкны 13-р хороолол тооцооны төв нь банкны камерын бичлэг хадгалах хугацааг зөрчсөн байсан бөгөөд Төрийн банкны хяналт шалгалтын газраас тухайн асуудлаар шалгалт хийсэн бөгөөд 190,000 төгрөгний гүйлгээг 1,900,000 төгрөгөөр скайдиллерийн үйлчилгээний ********* дугаарт гүйлгээ хийсэн бөгөөд Батчимэг гэдэг харилцагч болохыг баталгаажуулсан юм. Иргэн Батчимэг нь камерийн бичлэг ирж үзэхэд тухайн үеийн камерийн бичлэг устгагдсан байхыг мэдсэн даруйдаа өөрчлөгдөн тухай илүү мөнгийг өгөхгүй гэж маргалдсан юм. Мөн тухайн салбарын захирал уг хариуцлагаас зайлсхийн надаар хоер ч удаа өргөдөл бичүүлсэн бөгөөд энэ асуудлаас болж **-р хорооолол тооцооны төвөөс Сонгинохайрхан салбарлуу шийдвэр гарган шилжүүлсэн байдаг. Миний бие нь тухайн өргөдөлдөө уг асуудлыг шүүх, цагдаагаар явж эцэслэн шийдсэний дараа асуудлыг хамтран ярилцана гэсэн өргөдөл өгсөн бөгөөд миний бие тухайн хорооны цагдаад өргөдөл гаргаж хөөцөлдөж эхэлсэн бөгөөд холбогдох зардлыг өөрөө гаргаж явсан юм. Үүний дараа миний бие нь Т банкны төв салбарт хандаж асуудлыг ярьж явсны үр дүнд Т банк хариуцаж ажиллахаар болж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т банкаар дамжуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Т банк нь шүүхийн эцсийн шат хүртэлт яваагүй орхигдуулсан байдаг бөгөөд холбогдох бүхий л зардлыг миний бие өөрөө хариуцан явсан юм. Тиймээс дээрхи асуудлыг миний бие Л.Б нь ажлынхаа хариуцлагын хүрээнд шийдвэрлэхээр удаа дараа холбогдох газар хандсан боловч уг асуудалд төрийн банк хайнга хандсанаас болж энэ асуудал шийдэгдээгүй 10 гаран жил болсон байна. Хан-Уул дүүргийн эрхэм шүүгч та Төрийн банкны 13-р хороолол тооцооны төвийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т банкны гаргасан 1,832,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед 13 дугаар тооцооллын төвд дилерээр ажиллаж байсан боловч төрийн банкны нэхэмжлэлд байгаа хэрэг маргаан 10 гаруй жил болсон. 10 гаруй жилд салбарын захирлууд, болон хуулийн хэлтэст очиж удаа дараа энэ асуудлыг хэлж байсан ярьж байна. 1,832,000 төгрөгийг намайг аваагүй гэдэг нотлох баримтууд удаа дараа байдаг. Авсан хэрэглэсэн хүмүүс нь тодорхой байдаг. Гэсэн хэдий боловч тооцооны төвийн салбарын хариуцлагагүй захирлын улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байна. Салбарынхаа захирлын хариуцлагагүй энэ асуудалд арга хэмжээ авч чадаагүйн улмаас өнөөдрийн хэрэг маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж явж байна. Төрийн банкны скай дилер үйлчилгээ ямар учиртай вэ? гэхээр төрийн банк скайтел банк хоёр хамтын гэрээтэй. Тэр гэрээ хийсэн гэрээг ахлах дилер салбарын захирал нарын хооронд яригддаг асуудал. 190,000 төгрөг өгсөн н.Батчимэгийг би программ дээр харангуут бүх тэгүүдийг арилгаж шивдэг байсан. Тухайн үед аягүй ачаалалтай байсан учраас хурдан гүйлгээ хийх гэдэг үүднээс хурдан гүйлгээ хийх гэдэг зорилгоор 0 илүү хийсэн. Орой хаагаад 17 цагийн үед 1,600,000-1,700,000 төгрөгийн зөрүү үүссэн. Тэгээд энийг ахлах дилертэйгээ шалгаж, шүүгээд. 190,000 гэж биччихээд 1,900,000 төгрөгөөр шилжүүлсэн. Хяналтын камер үзэхэд яах ч аргагүй надад 190,000 төгрөг өгсөн нь тогтоогдсон. Энэ гүйлгээг би буцаах ямар ч боломжгүй байсан. Энэ гүйлгээг ахлах дилер байгууллагын салбарын захирал нь хянаж, байж буцаадаг. Тухайн үед скайтел 190,000 төгрөгийн цэнэглэлт очсон гэсэн үг. Тэр гүйлгээг буцаах эрхгүй. Харин би хянаж үзээд тэр гүйлгээг буцаагаад ахлах дилерээс зөвшөөрөл авч би өөрөө буцааж залруулга хийж болдог. Харин энэ тохиолдолд төрийн банк скайтел хоёрын дилер үйлчилгээний хамтын ажиллагааны хүрээнд салбарын захирал, ахлах дилер хяналт шалгалт үйлчилгээ явуулдаг. Надад ерөөсөө тийм эрх байдаггүй. Т банк бүхэл бүтэн 10 жил энэ асуудлыг шийдэж чадаагүй явсан. Миний бие камер хэр хугацаанд хадгалдгийг хүртэл мэдэхгүй. Ямар гэрээ хийсэнг хүртэл мэдэхгүй. Үүний цаад талд дилер байгууллагын хамтын ажиллах гэрээг салбар байгууллагын захирал мэддэг. Л.Бат-ололтын буруу биш учраас 10 жил болчихлоо. Хэрвээ миний буруу байсан бол өдий ингэж 10 жил болохгүй. Төрийн банк хуулийн хэлтэстэй, тэр бүхэн газраар шалгуулж үзэж явчихсан Хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т банк ХК-ийн 2023.08.02-ны өдрийн 01/3817 дугаартай албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, С ХХК-ийн 2013.12.27-ны өдрийн 06-2466 дугаартай албан бичиг, Мемориалын баримт, орлогын баримт, дотоодын дансны хуулга, Л.Б-н гаргасан өргөдөл зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас хариу тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу Т банк ХК-иас Төрийн банкны нэхэмжлэлтэй, Д.Б-т холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд, тухайн андуурагдсан гүйлгээтэй холбоотой 2013 оны 12 дугаар сард гарсан Төрийн банк ХХК-ийн хяналт шалгалтын тайлан, хариуцагчийн 2014 онд Төрийн банканд гаргаж байсан өргөдлүүдийг, Монгол банкнаас Монгол банкны ерөнхийлөгчийн 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай тушаалыг, Нийслэлийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас Л.Б-н гомдолтой, Д.Б /РД:***********/-т холбогдох эргүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Л.Б Төрийн банкны 13-р хороолол тооцооны төвд теллерийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр харилцагчийн скайдиллерийн үйлчилгээний 96054778 дугаарыг 190,000 төгрөгөөр цэнэглүүлэхээр гүйлгээ хийлгэхэд орон андуурч 1,900,000 төгрөгөөр гүйлгээ хийж алдаа гаргасан. Энэ алдааг орой 17 цагийн үед ахлах теллерт мэдэгдэж, ахлах теллер уг алдааг засч 1,900,000 төгрөгийн гүйлгээг буцааж Скайтел компанийн дансанд 190,000 төгрөгийг шилжүүлж алдааг залруулсан байдаг. Гэтэл Скайтел компаниас 2013 оны 12-р сарын 27-ны өдөр ирсэн 06-2466 албан тоотод 1,900,000.00 төгрөгийн алдагдал гарсан талаар мэдэгдсэн. Ажлын хариуцлага алдан үүсгэсэн 1,900,000.00 төгрөгийн авлагаас 1,823,000.00 төгрөгийн авлага нь одоог хүртэл хаагдаагүй байгаа тул авлага 1,823,000.00 төгрөг, тэмдэгтийн хураамж 44,118.00 төгрөг нийт 1,867,118.00 төгрөгийг Иргэн Л.Б /РД: **************/-с гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Л.Б миний бие нь төрийн банкны 13-р тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдалгүй ажиллаж байсан бөгөөд тухайн үед скайдиллерийн үйлчилгээний ********** гэсэн дугаарыг 190,000 төгрөгөөр цэнэглэх явцад программ дээр 0 орон илүү ачааллан 1,900,000 төгрөгөөр шивэгдсэн байдаг учир нь теллер гүйлгээ бүрийг хурдан шив гэсэн даалгавартай байдаг. Тиймээс уг алдааг олж илрүүлэхийн тулд хяналтын камерын бичлэгийг тухайн цаг бүрээр ахлах теллертэй хамт, хянаж үзэхэд 190,000 төгрөгөөр гүйлгээ хийсэн скайдиллерийн үйлчилгээний 96054778 дугаарыг цэнэглүүлсэн Батчимэг гэх харилцагчийн гүйлгээ мөн болохыг олж ирүүлсэн бөгөөд тухайн гүйлгээг ахлах теллер хянаж буцаах эрхтэй байдаг тул уг асуудлыг хянаж ахлах теллер буцаасан байдаг. Миний бие нь энэ асуудлыг мэдсэн даруйдаа скайдиллерийн үйлчилгээний 96054778 дугаарын эзэн буюу Батчимэгийн дугаарлуу ярьж илүү гүйлгээ хийсэн тул та мөнгийг буцааж өгнө үү гэж ярьсан бөгөөд тухай үед зөвшөөрсөн бөгөөд ирж камер үзэхээр болсон юм. Тухай үед скайдиллерийн үйлчилгээний ********** дугаарын 1,900,000 төгрөгний нэгжийн үлдэгдлийг Скайтел компаниар шалгуулахад 1,460,000 төгрөг байсан бөгөөд үлдэгдлийг хааж болохоор байсан бөгөөд Т банкны 13-р хороолол тооцооны төв ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Үүний цаад талд дилер байгууллагын хамтын ажиллах гэрээг салбар байгууллагын захирал мэддэг. Л.Б-н буруу биш учраас 10 жил болчихлоо. Хэрвээ миний буруу байсан бол өдий ингэж 10 жил болохгүй. Төрийн банк хуулийн хэлтэстэй, тэр бүхэн газраар шалгуулж үзэж явчихсан Хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Л.Б нь 2011 оноос Т банк ХК-д ажилласан байх ба 2013 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах 13 дугаар хорооллын салбарт теллерээр ажиллах үедээ 1,900,000 төгрөг дутагдал гаргажээ.
Тодруулбал теллер Х.Б нь тухайн өдрийн төгсгөлд орлого, зарлагын тооцоо хийхэд буруу дүнгээр харилцагчийн гүйлгээг нэг тэг илүү бичиж 1900,000 төгрөгөөр цэнэглэсэн, уг алдааг тэр өдөртөө залруулан шинээр орлогын мэдүүлгийн баримт үйлдсэн гэдэг. Улмаар уг асуудлыг Төрийн банкны хяналт шалгалтын газраас шалгаад 2013-12-31 ний өдөр ***** дугаартай илтгэх хуудас гарсан байх ба уг илтгэх хуудасны санал гэх хэсэгт ..13 хороолол тооцооны төвийн ахлах теллер Э.П хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ...хариуцсан теллерийн үйл ажиллагаанд шат дараалсан хяналтыг хангалтгүй хийсэн, заавар зөвлөгөө өгөөгүйгээс банк 1,900,000 төгрөгийн хохирол хүлээх болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзээд цалинг 1сарын хугацаатай 20 хувиар бууруулах, харин Л.Б-г харилцагчийн гүйлгээний баримтад дэвсгэрийн жагсаалт хөтлөөгүй гэж үзээд сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулжээ.
Уг илтгэх хуудасны цаашид авах арга хэмжээ гэх хэсэгт заасны дагуу 2013 оны 11 сарын 02 ний өдөр иргэн Н.Б-г мөнгө завшсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан байх ба 2014-03-06 ний өдрийн **** дугаартай Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын прокурорын тогтоолоор хангалттай тогтоогдохгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болжээ. Тодруулбал теллер нь харилцагчаас мөнгийг тоолж авсны дараа баримтад дэвсгэртийг нэг бүрчлэн жагсааж бичих, тухайн дэвсгэрт хэдэн төгрөг болж байгааг мэдээлэх, зөвшөөрсөн тохиолдолд гүйлгээг хийх, гүйлгээ хийсэн мэдээллийг баталгаажуулахаас өмнө харилцагчаар гарын үсэг зуруулаагүй учраас харилцагч Н.Б нь 190,000 төгрөгийг эсвэл 1,900,000 төгрөгийг банканд тушаасан эсэх нь тогтоогдохгүй гэж үзсэн байна.
Мөн 2014-12-12 ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн **** дугаартай шийдвэр гарсан байх ба уг шийдвэрээр Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох үндэслэлгүйгээр олж авсан 1,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэжээ. Тус шийдвэрээр ..нэхэмжлэгч нь хариуцагчийг 190,000 төгрөг төлсөн болохыг касс хүлээлцсэн актаар нотолж байгаа ба энэхүү баримт нь 190,000 төгрөг төлсөн гэдгийг шууд нотлохгүй... гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх болоод хяналтын шатны шүүх хянаад 2015-05-05 ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч Т банк ХК нь 2014 оны 1 сарын 14 ний өдөр 1,900,000 төгрөгийг Скайтел компанийн дансанд хохирол барагдуулах зорилгоор шилжүүлжээ.
2013 оны 10 дугаар сарын 27 ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Б-д холбогдуулан нэхэмжлэлээ анх гаргасныг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байжээ. Үүний дараа тус шүүхэд дахин 2023-11-09 ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
5. Нэхэмжлэгч хариуцагч нар Л.Б нь 2013-11-02 ний өдөр теллерээр ажиллаж байх үедээ харилцагч н.Б-н 190,000 төгрөгийн гүйлгээг 1,900,000 гэж андууран алдаа гаргасан талаар маргадаггүй. Гэхдээ шүүх, прокурорын байгууллагын зүгээс уг гүйлгээг андуурсан, харилцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг тогтоогоогүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажиллаж байх хугацаандаа бусдад хохирол учруулсныг өөрийн хөрөнгөөр нөхөн төлсөн гэж үзээд гэм хорын хохиролд 1,867,118 төгрөгийг нэхэмжилдэг бол хариуцагч нь тухайн өдрөө гүйлгээг залруулсныг ахлах теллер зохих газарт нь мэдээлээгүйн улмаас энэ хохирол үүссэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул төлөхөөс татгалздаг.
Л.Б нь 2013-11-02 ний өдөр теллерээр ажиллаж байх үедээ харилцагч н.Батчимэгийн 190,000 төгрөгийн гүйлгээг 1,900,000 гэж андууран алдаа гаргасан, түүний гаргасан алдааны улмаас Т банк ХК нь харилцагч С компанид 1,900,000 төгрөг төлсөн байх боловч Иргэний хуульд заасан гэм хорын хохирлыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тодруулбал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил. гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус зааснаар Л.Б-н татгалзал үндэслэлтэй байна. Учир нь Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох үндэслэлгүйгээр олж авсан 1,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн 2015 оны 05 дугаар сарын 05 ний өдрөөс эхлэн тоолох ба нэхэмжлэгч шүүхэд анх 2023 оны 10 дугаар сарын 27 ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 т зааснаар Т банк ХК-н нэхэмжлэлтэй Л.Б-д холбогдох 1,867,118 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ