| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2017/0511/Э |
| Дугаар | 485 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 485
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч
Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,
улсын яллагч Н.Дамбадаржаа
шүүгдэгч И , түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн
эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр
зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн
шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 26
настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, 888 ресторанд зохион
байгуулагч ажилтай, ам бүл 5, эмээ, ах, эгч, дүү нарын хамт
оршин суух хаягтай, урьд 2012 оны 8 дугаар
сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 415 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил
хасч, 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй,
И д холбогдох 201726020842 дугаартай 1
хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч И 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах Шонхор худалдааны төвийн орчим иргэн
Б.Уранмандахыг мөрлөлөө гэсэн шалтгаанаар хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь
гараараа цохиж, өшиглөж, унагаан бие махбодид нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн
эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эрүүл мэндэд хөнгөн хохирол
учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын
хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн
мэдүүлэг үнэн зөв. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд
хандаж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчид 300.000 төгрөг төлсөн гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Уранмандах мөрдөн байцаалтанд“...2017 оны 3 сарын 29-ний орой 21
цагийн үед би найз Баасансүрэн, Баярмөнх, Алтангэрэл нарын хамт Баянгол дүүргийн 7
дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шуудангийн баруун талд байдаг би нэрийг нь
мэдэхгүй байна нэг паб руу бид нар ороод тус бүр нийслэл 0,5 литрийн пиво 2 шилийг
уучихаад би гадаа гарч найз Мөнхөөтэй утсаар ярьсан ба Мөнхөөтэй утсаар ярж
дуусчихаад нөгөө хэдийг хаяад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах Шонхор худалдааны төвийн баруун талд байдаг автобусны буудал дээр би нэг
залуутаймөргөлдсөн юм. Тэгээд тэр залуу шууд үгийн зөрөөгүй намайг гараараа нүүр
лүү 2-3 удаа цохиод газар унасан ба тэр залуу дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан яг
хэдэн удаа өшиглөснийг би мэдэхгүй байна. Тэгээд тухайн үед цагдаа хажууд явж
таараад нөгөө залууг бариад авсан юм. Тэр залуу гараараа 2 удаа миний хамар руу
цохиод хамарнаас цус гарахаар нь би хамраа бариад доошоо тонгойход тэр залуу
баруун хөлөөрөө хамар руу өшиглөсөн. Тэр үед хамар зулгарсан би газар унахдаа зүүн
тохойгоороо засмал зам дээр тохойлдож унасан юм. Миний хамарны самсааны үзүүр
хэсэг нь язарсан тухайн үед би эмнэлэгт оёдол тавиулсан, одоо хамар соривтой болсон
байна тиймээс гомдолтой байна. Эмчилгээний төлбөрөө олж авмаар байна. Би 2 шил
0,5 литрийн нийслэл пиво уусан өөр архи уугаагүй. Эрүүл байсан нэг их согтуу байгаагүй.
Тухайн үед би Гэмтэл согог судлалын үндэсний төвд 3 зураг авахуулсан Нэг зураг нь
25.000 төгрөг болж байсан нийт 75.000 төгрөг болсон. Надаа тус эмнэлэгийн эмч эмийн
жор бичиж өгсөн уг эмийн нэрийн мэдэхгүй байна бичиг нь байгаа эмний үнэ нь 60.000
төгрөг болж байсан. Өөр би сайн санахгүй байна ямар ч байсан гэрт эмчилгээний
баримтууд байгаа. Би нийт 600.000 төгрөг нэхэмжилж байна. Миний эмчилгээний
зардлын баримт нийт 130.000 төгрөгний баримт байгаа. Би насан туршдаа хамрандаа
сорвитой болчихлоо тиймээс цаашид ийм соривтой байх учраас 600.000 төгрөг
нэхэмжилж байгаа юм. Гомдолтой байна нэхэмжилж байгаа 600.000 төгрөгөө олж
авмаар байна” /хх-ийн 10, 11/ гэх мэдүүлэг,
...эмчилгээний зардалд 160.000 төгрөг гарсан байсан гэхдээ надад эмчилгээ
хийлгэсэн баримт байхгүй. Би И ээс эмчилгээний зардалд 600.000 төгрөг авахаар
болсон. И надад 300.000 төгрөг өгсөн үлдэгдэл 300.000 төгрөгийг удахгүй өгнө гэж
хэлсэн. Надад гомдол санал гэх зүйл байхгүй /хх-ийн 67/ гэх мэдүүлэг
Гэрч Г.Зоригтбаатар мөрдөн байцаалтанд“...2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-ны
өдөр хүртэл Баянгол дүүргийн 7, 8, 13, 9 дүгээр хорооны хэв журмыг сахиулах гэмт
хэрэгтэй урдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байхад тухайн өдрийн орой 20
цагийн үед байхаа би цагийг нь сайн санахгүй байна. Баянгол дүүргийн 13 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн гадаа явж байсан чинь
Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шонхор худалдааны төвийн
баруун талын автобусны буудал дээр хоёр согтуу залуучууд хоорондоо маргалдаад тэр
хоёрыг нэг нь нэгийгээ гараараа цохиод хөлөөрөө өшиглөж унагахаар нь би хажууд нь
очтол нөгөө залуу намайг хараад шууд зугтахаар нь араас нь хөөж барьж авсан юм.
Хоёулаа согтуу байсан. Зодуулсан гээд байгаа залуу нилээн согтуу байсан зодсон гэх
залуу нь биеэ авч явах чадвартай байсан. Би сүүлд асуухад тэр хоёр залуу бие биенээ
мөргөөд тэгээд л зодоон болсон юм шиг байна лээ. Би замын хойд талаас харчихаад
зодоон болоод байхаар нь яваад очсон юм. Тэр зодсон гэх залууг би яг яаж зодсоныг
харсан тэр зодуулсан гээд байсан залууг тэр залуу эхлээд өшиглөж газар унагаагаад
тэгээд дараа нь дээрээс нь гараараа нэг удаа цохисон ба очоод хөөё гэхэд намайг
харчихаад зугатаасан юм.” /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Баасансүрэн мөрдөн байцаалтанд“...2017 оны 3 дугаар сарын 29-ний орой
байхаа би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог
судлалын үндэсний төвийн автобусны буудал дээр найз Баярмөнх, Уранмандах нартай
уулзаад бид гурав Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
хороололын эцсийн шуудангийн доошоо уруудаад нэрийг нь мэдэхгүй байна баар луу
ороод бид нар тус бүр 4 шил нийслэл пиво уусан. Тэгээд сууж байтал Уранмандах нь юм
хэлээгүй гараад явж байх шиг харагдсан. Тэгээд Баярмөнх бид хоёр уг бааранд жоохон
сууж байгаад явсан юм.” /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,
Гэрч Л.Баярмөнх мөрдөн байцаалтанд“...Сар өдрийг нь сайн санахгүй байна. 2017
оны 3 дугаар сарын 24-ний өдөр байхаа би найз Уранмандах, Баасансүрэн нарын хамт
орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаад бид гурав
хоорондоо ярилцаж байгаад нэг газар орж архи согтууруулах ундааны зүйл уухаар
болоод Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй
байна хороололын эцсийн шуудангийн доор байдаг нэг баар руу ороод нийслэл 0,5
литрийн пиво тус бүр 4 шил уугаад сууж байсан чинь Уранмандах нь пиво ууж
дуусчихаад гараад явсан ба Баасансүрэн бид хоёр үлдээд суусан юм. Тэгээд маргааш
өглөө нь Уранмандахтай утсаар ярьсан чинь Уранмандах нь би та нараас салаад явж
байгаад зодуулсан гэж байсан юм.”/хх-ийн 39/ гэх мэдүүлэг
Гэрч Ч.Очгэрэл мөрдөн байцаалтанд“...И ийн аав нь Гэрэлцогт гэдэг залуу
байсан юм. Гэрэлцог нь И ийг төрөх үед нь өөр хүнтэй явалдаад тэр хүнээс салсан
юм. Миний хүү 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар
амаржих газарт төрсөн ганц хүү байгаа юм. Миний хүү багаасаа эмээ, өвөө хоёртойгоо
өссөн юм. Миний хүү маш их тусархаг, төлөв томоотой хүүхэд. 1998 онд байхаа миний
хүү Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуульд нэг дүгээр ангид оруулаад 2 дугаар
ангиас нь Банзүрх дүүргийн 79 дүгээр сургууль руу шилжүүлж оруулж байгаад уг
сургуульдаа 7 дугаар анги төгсөх хүртэл уг сургуульд сурсан ба 8 дугаар ангиа Налайх
дүүргийн 2 дугаар сургуульд оруулж 10 жилийг нь төгсгөсөн юм. Тэгээд төгсөөд Хамаг
Монгол сургуульд тогоочийн ангид сурч байгаад хаясан юм Яг хэдэн онд сургуулиа
хаясаныг нь мэдэхгүй байна. Тэгээд түүнээс хойш тавилгын үйлдвэрт мужаан хийдэг
байсан уг байгууллагаасаа гараад бас хувиараа ажил хийдэг байсан. Одоо бол Баянзүрх
дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хятад ресторанд зөөгч хийж байгаа юм. Би хамт
байдаггүй юм аа заримдаа эмээ нь архи уусан байна л гэж ярьдаг юм. Гэхдээ байнга
архи уугаад байдаггүй хүүхэд.Мминий хүү дөлгөөхөн хүнд тусархаг хүүхэд ба их түргэн
ууртай бөгөөд тэр доороо зүгээр болдог ааштай юм.” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,
Яллагдагчаар И мөрдөн байцаалтанд“...2017 оны 3 дугаар сарын 29-ний орой
20 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаш чулуун сауны гадаа найз
Төрхүүтэй уулзсан ба тухайн үед Төрхүү нь найз охиноо дагуулаад ирсэн байсан юм.
Тэгээд бид гурав Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь
мэдэхгүй паб руу ороод тус бүр хоёр шил Сэнгүр пиво уучихаад уг пабаас гараад бид
гурав салаад явсан ба би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
Шонхор худалдааны төвийн гадаа утсаар ярьж байгаад хойшоо харчихаад тэгээд
урагшаа хартал нэг залуу намайг мөргөсөн. Тэгэхээр нь би тэр залууг чи яаж байгаа юм
бэ гэсэн чинь намайг хацар руу хоёр удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа шанаа руу
нь нэг удаа цохиод хөлөөрөө бие рүү нь нэг удаа өшиглөсөн чинь хойноос хөөе гэж дуу
гарахаар нь би шууд эргэж харалгүй зугтаасан чинь араас цагдаа ирээд бариад авсан
юм.” /хх-ийн 25/ гэх мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4515 дугаартай шинжээчийн:
Б.Уранмандахын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, шарх,
зулгаралт, хуйх болон зүүн тохойны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх
гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх
боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн
чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн иргэний
үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, ял шалгах хуудас /хх-ийн 34/, оршин суух хорооны
тодорхойлолт /хх-ийн 33/, Баянзүрх дүүргийн 2012 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 415
дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн
баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд
нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу
цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2
дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж
тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос
шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,
хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах Шонхор худалдааны төвийн орчим хохирогч
Б.Уранмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн
болох нь:
хохирогч Б.Уранмандахын“...тэр залуу шууд үгийн зөрөөгүй намайг гараараа нүүр
рүү 2-3 удаа цохиод газар унасан ба тэр залуу дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан” /хх-
ийн 10, 11/ гэх мэдүүлэг, гэрч Г.Зоригтбаатарын“...тэр залуу эхлээд өшиглөж газар
унагаагаад тэгээд дараа нь дээрээс нь гараараа нэг удаа цохисон” /хх-ийн 13/ гэх
мэдүүлэг, гэрч Л.Баярмөнхийн“...Уранмандахтай утсаар ярьсан чинь Уранмандах нь би
та нараас салаад явж байгаад зодуулсан гэж байсан юм.”/хх-ийн 39/ гэх мэдүүлэг, шүүх
шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4515 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг нотлох
баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч И д холбогдох хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
үйлдэгдсэн байх боловч Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний
өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
“Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт
хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж
заасан байна.
Прокуророос шүүгдэгч И ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь
түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул И ийг холбогдуулан шалгаж зүйлчилсэн
хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч И ийг гэм буруугийн
санаатай хэлбэрээр хохирогч Б.Уранмандахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан
гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч И д шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх
байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа
гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан болно.
Хохирол төлбөрийн талаар хохирогч Б.Уранмандах нь “И ээс 600.000 төгрөг
авахаар болсон. Надад И 300.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 300.000 төгрөг удахгүй
өгнө, надад гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч И ийг бусдад төлөх
төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар
хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус
заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч
И ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун
тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
торгох ялыг нийт 3 /гурав/ сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох
ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар
солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус
дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн
шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,
өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,
эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И д
урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр
үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ