| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2003003320251 |
| Дугаар | 2020/ДШМ/1296 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2020/ДШМ/1296
2020 10 6 2020/ДШМ/1296
Н.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2802 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Н.Сд холбогдох эрүүгийн 2003003320251 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нармандах овгийн Н.С, 1982 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.........................../;
Н.С нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 22 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Хүрмэн” эмийн сангийн зүүн талын замд “Nissan Primera” маркийн 04-59 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэж, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.М, З.Өнарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан, мөн дүрмийн 3.5.а.б.г-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асааж ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах...” гэж заасныг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Сд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Тээврийн прокурорын газраас Н.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй дараах байдал тогтоогдлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрөх эсэх;” гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ял, ялын төрлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль тогтоогчийн зүгээс тусгайлан зааж өгсөн байх ба уг ялын төрөлд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх асуудлыг оруулан тусгаж өгөөгүй байна. Иймд прокурор Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авахыг тохирсон нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүх үзэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дуугар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал гэж ойлгогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Н.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх гэмт хэрэг нь санаатай ба болгоомжгүй хэрэг байх бөгөөд түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон түүний гэм буруугийн хэлбэрт тохирохгүй байна гэж шүүх үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Н.Сд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.” гэж заасан. /энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан хөнгөн гэмт хэргүүд бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.” гэж зөвхөн хүнд гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй тухай заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан нь прокурор уг заалтыг хэрэглэж яллагдагч Н.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2802 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Н.Сгийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. 8 жилээс дээш жилийн ялтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохгүй гэж заасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг, торгуулийн ялтай, албадан ажил хийлгэх ялтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгуулийн ялтай байдаг. Хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймд хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Хэргээ хурдан шийдвэрлүүлэх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заажээ.
Уг заалтаас үзэхэд прокурор тэнсэх эрх хэмжээний хүрээнд хялбаршуулсан журмаар санал оруулах эрх хэмжээгүй гэсэн байдлаар бичсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд тус тус “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” талаар хуульчилсан.
Дээрх хуулийг хэрэглэхдээ, хууль хэрэглэгч субъект нь тухайн зүйлүүдэд заасан тэнсэхэд харгалзан үзэх нөхцөл байдлуудыг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээг хэрэглэнэ.
Н.С нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ явган хүний гарцан дээр явган зорчигч Д.М, З.Өнарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан үйлджээ.
Уг хэргийг үйлдсэний дараа шүүгдэгч Н.С нь тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асааж ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх үүргээ гүйцэтгэлгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэргийг гэм буруугийн санаатай хэлбээр үйлдсэн байхад прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохироогүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2802 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2802 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 44 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ