| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 1709011110443 |
| Дугаар | 2020/ДШМ/1297 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | 148.2., 17.3.2.2., 18.7.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2020/ДШМ/1297
2020 10 6 2020/ДШМ/1297
О.А, Л.З, М.Р, М.Д, Ц.У, Б.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
яллагдагч М.Д, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, Д.Гомбо,
яллагдагч Ц.У, түүний өмгөөлөгч Д.Гомбо,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1136 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Солонго, Ц.Хулан нарын хамтран бичсэн эсэргүүцлээр О.А, Л.З, М.Р, М.Д, Ц.У, Б.Д нарт холбогдох эрүүгийн 1709011110443 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Надмид овгийн М.Д, 1975 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................./;
2. Тугчин овгийн Б.Д, 1977 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Монкорд хадгаламж зээлийн хоршооны зээлийн мэргэжилтэн, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /................................../;
3. Бичээч овгийн Ц.У, 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Калькюлүс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................./;
4. Бодонгууд овгийн М.Р, 1956 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал, ам бүл 2, нөхрийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................./;
5. Баарай овгийн О.А, 1976 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд санхүүгийн менежерээр ажиллаж байсан, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ................................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.........................../;
6. Хабчин овгийн Л.З, 1979 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд санхүүгийн менежерээр ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................./;
Яллагдагч М.Д нь 2012 оноос 2016 оны 7 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн дүрмийн сангийн 900.000.000 төгрөгөөс 152.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017-2018 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох, малчдад хөнгөлттэй үнээр борлуулах зээлээс 900.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч М.Д, Б.Д, О.А, Л.З, М.Р нар нь бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байхдаа тухайн хоршооны гишүүд болох Б.Мөнхнасан, С.Онон, Ё.Батбаяр, Н.Батчулуун нарын нэр дээр 2017 оны 4 дүгээр сард зээлийн гэрээ буюу санхүүгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан,
Яллагдагч Ц.У нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Калкюлүс” ХХК-тай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан “Калкюлүс” ХХК нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлээгүй байхад “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн гэж хохирогч Бан Чоль Ху-г хуурч 18.735.000 төгрөгийг залилж, үлэмж хэмжээний хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Д, М.Р, О.А, Л.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Уүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт болох яллах дүгнэлтийн үг, үсгийн алдааг засуулах, Мал хамгаалах сангийн зээлээс 900.000.000 төгрөгийн хөрөнгийг хуурч, зохиомол' байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэх үйлдлийн хувьд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх, иргэний эрх зүйн маргаан эсэхийг шалган тогтоолгох үндэслэлтэй гэж үзлээ. Өмгөөлөгч нараас гаргасан бусад хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15-д зааснаар шийдвэрлэх боломжгүй тул гомдол хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор заасан байдаг. Учир нь, Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй 900.000.000 төгрөг гаргуулах тухай 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 895 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /7хх 133-135/ авагдсан. Уг шийдвэрт “Биохэлф монголиа” ХХК буюу яллагдагч М.Дгийн компанийг хариуцагчаар татсан бөгөөд “Мал хамгаалах сан”-д 1.064.250.000 төгрөгийг гаргуулахаар дурдаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр эсэх талаар шүүх хуралдааны явцад яллагдагч М.Д болон түүний өмгөөлөгч Г.Тунгалаг, С.Батболд нараас тодруулах замаар тогтоож болох бөгөөд заавал мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагагүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хууль зүйн дүгнэлтийг хийж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлтийн үг, үсгийн алдааг засаж дахин гардуулах боломжтой байна. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1136 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. ...” гэв.
Яллагдагч Ц.У “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Яллагдагч М.Д, Ц.У нарын өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс М.Д нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцаахдаа хууль буруу хэрэглээгүй, хууль зөрчсөн зүйл байхгүй. Шүүгчийн гаргасан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлүүд байхгүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын эсэргүүцэлтэй танилцаад миний зүгээс тайлбараа бичгээр гаргасан. Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдтэй санал нийлэхгүй байна. Шүүгдэгчээр өөрөөр нь хэргийн үйл баримтыг нотлуулахаар шүүх шаардах эрхгүй. Хэргийн аливаа нөхцөл байдлыг шалгаж тогтоох, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, нотлох баримтыг хуульд заасан хэлбэрээр шалгах, бэхжүүлэх үүргийг мөрдөгч, прокурор нарт л үүрэг болгосон байдаг. Ингэхээр прокурорын эсэргүүцэлд дурдаад буй үндэслэлүүд хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, харин ч “шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөр уг үүргийг биелүүлэхийг шүүх шаардаж болно, шүүхээр хэлэлцээд шийдвэрлэж болно” гэсэнтэй ижил агуулгатай байх тул эсэргүүцэл үндэслэлгүй болсон байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд мөрдөгчийн цуглуулж, бэхжүүлж ирсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд хангалттай биш байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байна гэж ойлгож байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаануудыг прокурор хийвэл зохих вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн гэж ойлгож байна. Тодорхой зааж өгсөн зүйл дотор нь анхаарвал зохих зүйл байгаа. “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой, “Биохэлф монголиа” ХХК-тай холбоотой зээл аваад түүнийгээ иргэний журмаар шийдвэрлүүлчихсэн нөхцөл байдлууд дээр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх асуудлыг тодруулж шалгах шаардлагатай гэж шүүгч зааж мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг буцаасан. Энэ шийдвэр үндэслэлтэй гарсан. Зээл аваад зээлээ зориулалтын дагуу зарцуулсан үйл баримтууд хэрэгт авагдсан. Тухайлбал, 8 дугаар хавтас хэрэгт Мал хамгаалах сангаас авсан зээлээрээ шүүгдэгч Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортолсон гэх нотлох баримтууд байгаа. Харин сумуудад тараагаад борлуулагдаж байна гэдэг албан бичиг хэрэгт авагдсан. Ийм зүйл байсаар байхад прокурор дүгнээгүй. Яллах дүгнэлтийн үг, үсгийн алдаатай байдлыг залруулах шаардлагатай гэсэн нь үндэслэлтэй. Ямар үг, үсгийн алдаа байдаг талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбар гаргаад, хүсэлтэндээ тодорхой бичсэн байгаа. Хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаж байгаагийн хувьд хэлэхэд Бан Чоль Ху, Мал хамгаалах сан гэх хоёр хохирогчийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар одоо болтол тодорхойгүй байдаг. Энэ ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй. 11 дүгээр хавтас хэргийн 33 дугаар талд мөрдөн байцаах газраас Хил хамгаалах Ерөнхий газар руу Солонгос Улсын иргэн “Бан Чоль Ху”-ыг Монгол Улсын хилээр орсон, гарсан түүхчилсэн хуулбарыг ирүүлнэ үү” гээд албан тоот явуулсан байдаг. Уг тоотын хариу ирсэн үгүй нь мэдэгдэхгүй, хариу нь хэрэгт байдаггүй. Мөрдөн байцаагч “Бан Чоль Ху нь Солонгос Улс руу явчихаад ирээгүй байгаа гэж түүний өмгөөлөгч Марта тайлбарлав” гэсэн тодорхойлолт байдаг. Марта гэх хүн үүнийг нотлох үүрэгтэй этгээд үү гэвэл үгүй, орчуулагч байтал гэрчээр нэг бус удаа асуусан байдаг. Мөн Мал хамгаалах сан руу 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Мөрдөн байцаах албанаас “танайх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөө тогтоож өгнө үү, хуучин төлөөлөгч нь ажлаасаа гарсан байна” гэх албан тоотыг явуулсан боловч хариу нь ирээгүй байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоогдоогүй байхад хэргээ шүүх рүү шилжүүлсэн зөрчил байсан. Үүнийг давж заалдах шатны шүүх магадлалдаа нэмж тусгаж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Ц.Уөмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...152.000.000, 112.000.000 төгрөгийн хоорондох зөрүү ямар учиртай юм бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. 112.000.000 төгрөгтэй холбоотой үйл ажиллагааны зардал хэрэгсэхгүй болсон. 152.000.000 төгрөг хаанаас гарч ирсэн бэ гэхээр нийт 900.000.000 төгрөгөөс зээл олгосон мөнгийг хасаад үлдсэн мөнгө нь 152.000.000 төгрөг байсан. 152.000.000 төгрөгийн зарцуулалтыг шалгалгүй, завшсан уу, үгүй юу гэдгийг тогтоохгүйгээр дутаасан гэдэг үндэслэлээр завшсан гэж зүйлчилсэн. Үнэхээр завшсан бол нотлох хэрэгтэй. Зарцуулалтыг нь шалгах хэрэгтэй. Үйл ажиллагаанд зарцуулсан 112.000.000 төгрөг 152.000.000 төгрөгөөс хасагдах л ёстой. Марта гэх хүн бол Бан Чоль Ху гэх хүний орчуулагч байгаа. Дээрээс нь “Монгол Пасифик” банк бус санхүүгийн байгууллагын менежер байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчаар орж ирээд гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь процессын зөрчил болсон. Уг хэрэг иргэний хэрэг үү, эрүүгийн хэрэг үү гэдэг дээр гол маргаан явагдана. Иргэний шүүхийн шийдвэрийг харгалзалгүйгээр уг хэргийг шийдвэрлэх боломжгүй. 900.000.000 төгрөгийн зээлийг аваад Мал хамгаалах сандаа зарцуулсан байдаг. Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Тариаланч сан дээр шивсэн байдаг. Энэ шивэлтүүдийг аваагүй. Дутуу ажилласан, М.Дгийн буруу гэвэл зээлээ буцааж төлөөгүй асуудал л байдаг. Зээлийг зориулалтын дагуу ашигласан. Зээлийн үр шимийг малчид хүртсэн байдаг. Энэ талаар шалгаагүй. Иймд хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, мөн хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заажээ.
Дээрх хэм хэмжээний агуулга нь мөрдөгч тодорхой нэг үйлдэл, үйл баримтын талаар шалгах ажиллагаа эхлүүлсэн бол дээр заасан асуудлуудын хүрээнд тухайн үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж, гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжийг шүүхэд бүрдүүлсэн байх учиртай.
Мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ" гэж, мөн хэсгийн 1.1-д “хэргийг буруу тусгаарласан бол” гэж, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг ажиллагаа хийгдээгүй бөгөөд тухайн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
Гэтэл анхан шатны шүүхээс иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөдөр болсон эсэх, иргэний эрх зүйн маргаан эсэхийг шалган тогтоолгох үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй болохыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд шүүх тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийнэ.
Иймд, анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн холбогдсон үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлуудыг бүрэн шалгасан эсэх талаар нягталж, аль үйлдлийн ямар асуудлыг шалгах талаар тодорхой заах, уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар тодорхой дүгнэх шаардлагатай байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.А, Л.З, М.Р, М.Д, Ц.У, Б.Д нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 1136 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч О.А, Л.З, М.Р, М.Д, Ц.У, Б.Д нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл яллагдагч О.А, Л.З, М.Р, М.Д, Ц.У, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ