Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0680

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Э.М-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргажээ,

Хариуцагч Оюуны өмчийн газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид эвлэрэх боломжтой, бидний зүгээс дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд хооронд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан.

1. Нэхэмжлэгчийн үүрэг:

Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана.

2. Хариуцагчийн үүрэг:

Нэхэмжлэгч Э.М-ийг төрийн өөр байгууллага шилжүүлэн авах нөхцөл байдлыг харгалзан үзэж /ажилд авах албан бичгийг үндэслэн/ Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төрийн албанаас халах тухай" *** дугаар тушаалд төрийн албанд шилжүүлэх болгон өөрчлөлт оруулна .

Нэхэмжлэгч Э.М-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийнэ гэжээ,

ҮНДЭСЛЭХ нь:

Э.М-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно., 68 дугаар зүйлийн 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээг тус шүүхэд бичгээр байгуулж ирүүлсэн байна.

Дээрх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1-д Нэхэмжлэгч Э.М-ийг төрийн өөр байгууллага шилжүүлэн авах нөхцөл байдлыг харгалзан үзэж /ажилд авах албан бичгийг үндэслэн/ Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төрийн албанаас халах тухай" *** дугаар тушаалд төрийн албанд шилжүүлэх болгон өөрчлөлт оруулахаар, 2-т Э.М-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүрэн олгож, түүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасанд нийцсэн буюу маргаанаа дуусгавар болгож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч Э.М, хариуцагч Оюуны өмчийн газрын дарга Б.Э нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг тус тус баримтлан Э.М-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  О.ОЮУНГЭРЭЛ