Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 132

 

МАГАДЛАЛ

2020.01.17                                                 Дугаар 132                                     Улаанбаатар хот

 

 

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М ” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор     3 300 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Оюунчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ариунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “М ” ХХК-ийн Эрдэнэт салбарт гэрээт жолоочоор ажилд орж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жинхэлсэн. Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1117 дугаартай тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн тохиолдол байгаагүй. Ажлын байранд заасан жолоочийн үүрэг гүйцэтгэхээс гадна үйлчилгээний ажилчдад тусалж гэрээг эмхтгэн янзлах, шуудангийн бичиг хүргэх, хоол ундыг нь зөөх, үүдний төлбөр төлдөг автомат машин дээр зогсох, байгуулагын эвдэрч хэмхэрсэн эд зүйлсийг янзлах, цас, борооны үед байгууллагын үүдний хэсгийг цэвэрлэх, байгууллагын брошурыг үргэлж шинэчлэх, янзлах, бусад байгууллагад бичиг баримт хүргэж өгөх, авах гэх мэт маш олон ажлыг хийдэгээс гадна салбарын захирал, ахлахаас өгсөн үүрэг даалгаварыг цаг алдалгүй гүйцэтгэж байсан. Мөн өөрийн хариуцдаг автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж засвар үйлчилгээ, оношлогоог цаг алдалгүй хийдэг байсан. Би ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Намайг үндэслэлгүйгээр халсан тул хүний нөөц, байгууллагын соёлын газрын байгууллагын хөгжлийн албаны захиргааны хэлтсийн диспетчерийн хэсэгт жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Б  нь “М ” ХХК-ийн Эрдэнэт салбарын жолоочоор 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ХГ-18-30289 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ч.Б  нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг, компанийн дотоод дүрэм журам, заавруудыг удаа дараа зөрчсөн дараах зөрчлүүдийг гаргаж байсан бөгөөд гаргасан зөрчилд нь тухай бүр шууд удирдлагын зүгээс сануулж байсан байдаг. Ч.Б  шууд удирдлагын зүгээс даалгасан ажлыг хугацаанд нь хийдэггүй, замын хуудсыг хүнээр бөглүүлсэн улмаар алдаатай /худал/ бөгөлсөн, ажлын цаг хангалтгүй, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн, ажлын цагаар утсаа авахгүй алга болох зэргээр удаа дараа зөрчил гаргасан тул 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зөрчил бүртгэлийн хуудсыг бөглөн өөрт нь танилцуулан сануулсан. Ч.Б  ч дээрхи зөрчлүүдийг дахин гаргахгүй гэсэн амлалт өгсөн учир сануулга өгөөд өнгөрсөн. Гэтэл Ч.Б  нь хөдөлмөрийн гэрээ, дотоод дүрэм журам, зааврыг дахин зөрчиж замын хуудсыг бодит байдлаас зөрүүлэн худал тайлагнасан, ажлын цагаар утсаа авахгүй алга болсон, хариуцсан авто машинаа зориулалтын гарашт байрлуулах үүрэгтэй байтал харуул хамгаалалтгүй газар орхиж хонуулсан, ажлын цагаар ажлын авто машинтай ажлын байраа орхиж явсан байдаг. Ажилтан нь удаа дараа сануулсаар байтал ХГ-18-30289 дугаартай хөдөлмөрийн гэрээнийн 5 дугаар зүйлийн 5.1.6 “Ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн удаа дараа ажлаас хоцорсон; 5.1.11 Ажил олгогчоос батлан мөрдүүлж буй дотоот дүрэм журмын заалтыг зөрчсөн; 5.1.12 Ажил олгогчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ч.Б ийг “М ” ХХК-ийн Хүний нөөц Байгууллагын соёлын газрын Байгууллагын хөгжлийн албаны Захиргааны хэлтсийн Диспетчерийн хэсгийн жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоож, “М ” ХХК-иас 3 300 000 төгрөгийг гаргуулж Ч.Б өд олгож, Ч.Б-ийн  нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч “М ” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б ийг ажлаас буруу халсан талаарх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М ” ХХК-иас 67 750 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.Б  2019 оны 05, 06 дугаар сард ажлын цагаар 3 удаа утсаа авахгүй алга болсон, байгаа газраа худал тайлагнасан байдаг бөгөөд ажлын цагаар ажлын байран дээр байгаагүй тухай тайлбар өгөхдөө 2 удаа гэрлүүгээ явсан гэсэн байдаг. Ажлын цагаар ажлын байраа орхин 2 удаа гэрлүүгээ явж ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасныг “Зөрчил бүртгэлийн хуудас”-р тогтоон энэхүү зөрчил бүртгэлийн хуудаст зөрчил гаргасан ажилтан өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Зөрчил тус бүрт сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрийн шаардлагыг ажил олгогчоос шаардаагүй буюу эхний зөрчилд эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулахгүй байж болох харин уг зөрчлийг тогтоох хуулийн шаардлагыг биелүүлэхийг л шаардсан байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн шаардлагыг буруу тайлбарлан “сахилгын зөрчилд “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал түүний эрх олгосон албан тушаалтнаас шийдвэр гаргаж ногдуулаагүй байна” хэмээн дүгнэсэн нь буруу болсон байна. Түүнчлэн Дээд шүүхийн тайлбарт давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх тухай тайлбарласан бөгөөд Ч.Б-ийн  2019 оны 02 сард гаргасан сахилгын зөрчил 2019 оны 05, 06 сард гаргасан сахилгын зөрчлүүдийн хооронд 5 сарын хугацаа байгаа бөгөөд эхний зөрчлөөс хойш дараагийн зөрчлийн хооронд 6 сараас хэтрээгүй байгаа нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл бүрэн болж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх бидний гаргаж өгсөн баримт буюу ажилтны зөрчлийг бүртгэн зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэлгүйгээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлан сахилгын шийтгэл ногдуулсаныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг алдаатай, буруу тайлбарлан дүгнэж шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн дээрх тайлбарт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан. Дээр дурдсан тайлбарын дагуу ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан гэрээний талууд тохиролцон тогтоох эрхтэй бөгөөд бид уг эрхийнхээ хүрээнд зөрчлийн тохиолдол бүрийг Ч.Б тэй байгуулсан ХГ-18-30289 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д “Ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн удаа дараа ажлаас хоцорсон”, 5.1.11-д “Ажил олгогчоос батлаи мөрдүүлж буй дотоот дүрэм журмын заалтыг зөрчсөн”, 5.1.12-т “Ажил олгогчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зэрэг нөхцөлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нөхцөл гэж тус тус нэрлэн заан тохиролцсон. Ийм ч учраас бид гэрээнд харилцан тохиролцсон нөхцөл шаардлага буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нөхцөл бүрдсэн тул түүнтэй байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу цуцалсан билээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Ажилтан Ч.Б  нь 2019 оны 05, 06 сард ажлын цагаар утсаа авахгүй 3 удаа алга болсон, байгаа газраа худал тайлагнасан гэдэг “Факт” хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Учир нь, хэн хэзээ, хэзээ залгахад жолооч Ч.Б  утсаа аваагүй. утсаа аваагүй шалтгаан болон энэ үед ажлын байрандаа байсан эсэх, байгаагүй бол ямар шалтгаанаар ямар хугацаагаар байгаагүй болохыг шалгаж тогтоогоогүй байна.” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Учир нь хавтаст хэрэгт “М ” ХХК-ийн ажилтнууд зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн талаар судлан хөтөлдөг “Зөрчил бүртгэлийн хуудас” баримт авагдсан байдаг бөгөөд шүүх дээрхи баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Уг баримт нь жолооч Ч.Б-ийн  2019 оны 05, 06 сард 2 удаа ажлын цагаар ажлаа орхин явсан зөрчилд зөрчил бүртгэлийн хуудас гаргасан зөрчил, алдааг нь тухайн сардаа өөрт нь танилцуулсан, ажилтан Ч.Б  нь зөрчлийн талаар тайлбараа гарган, зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан юм. Тус баримтанд жолооч Ч.Б  нь гаргасан зөрчлийнхөө талаар тайлбарлахдаа “...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр замын хуудас шалгахад 31 км зөрүүлсэн байсан. Яаралтай ар гэрийн шаардлага гараад 2 удаа гэрлүүгээ явсан...” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Энэ тайлбараар Ч.Б ийг ажлын байран дээрээ ажлын цагаар 2 удаа байгаагүй ажлын цаг хангалтгүй байдлыг давтан гаргасан ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн, улмаар ажлын цагаар гэрлүүгээ явахдаа байгууллагын авто машиныг хувийн хэрэгцээндээ ашигласан нь Ажил олгогчоос батлан мөрдүүлж буй дотоод дүрэм журмын заалтыг зөрчсөн, Ажил олгогчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг тодорхой харж болно. Гэтэл шүүх тус баримтыг судалж үнэлэлгүй тогтоох шаардлага байхгүй фактыг дурьдан дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна.

Түүнчлэн, ХАБЭА зааварчилгаа /хх49х/-д Ч.Б  гарын үсэг зуруулаагүй байх тул уг зааварчилгаагаар “Автогаражид машинаа парклаж байх” үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Шүүх дээрх дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан “М ” ХХК-ийн тээврийн хэрэгсэл ашиглах журам, хөдөлмөрийн дотоод журам, “М ” ХХК, Ч.Б  нарын хооронд байгуулсан            ХГ-18-30289 тоот гэрээ түүний хавсралт-1 болон ажлын байрны тодорхойлолтыг бүрэн үнэлээгүй байна. Тодруулбал, “Тээврийн хэрэгсэл ашиглах журам”-ын 3.2 жолоочийн үүрэг гээд 3.2.8 Авто гаражид тээврийн хэрэгсэл байрлуулахдаа...” гэсэн нь жолооч авто машныг гараашд байрлуулах үүрэгтэйг харуулж байна, мөн жолоочийн ажлын процесс болон процессын тайлбарт жолооч авто машинаа гарашаас гарахдаа хэрхэн ажиллах талаар зааж өгсөн журмын заалтыг үнэлээгүй, “Хөдөлмөрийн дотоод журам”-нд ажилтны эрх үүрэг хэсгийн 3.2.2, 3.2.3, Хөдөлмөрийн сахилга хариуцлага хэсгийн 4.1.2, 4.1.2.1, 4.1.2.3, 4.1.2.6, 4.1.16-н заасан заалтуудыг Ч.Б-ийн  гаргасан зөрчлүүд нь зөрчсөн байдаг. Ажлын байрны танилцуулга, чиг үүрэг, ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг, хариуцах ажил үүргийг танилцуулж түүнийг хэрхэн үнэлэх. "Тээврийн хэрэгсэл ашиглах" журам, ХЭМАБ-н бодлого журам зааврыг өгч өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож ажиллах үүрэгтэйг танилцуулсан. Гэтэл Ч.Б-ийн  гаргасан дээрхи зөрчлүүд нь компанийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил олгогчоос батлан мөрдүүлж байгаа дотоод дүрэм журмыг зөрчсөн нь тодорхой байхад хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн үнэлэлгүй илт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч МУИС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3 300 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №ХГ-18-30289 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ч.Б  нь жолоочоор ажиллаж байгаад “М ” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5.1-ийн 5.1.6, 5.1.11, 5.1.12 дахь хэсгүүдийг үндэслэн Хүний нөөц Байгууллагын соёлын газрын Байгууллагын хөгжлийн албаны Захиргааны хэлтсийн Диспетчерийн хэсгийн жолооч Ч.Б  нь ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн боловч уг харилцааг дуусгавар болгосон дээрх тушаалд заасан зөрчил тогтоогдоогүйн гадна хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг талууд тухайлан тохиролцоогүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ч.Б ийг Хөдөлмөрийн гэрээний   5.1.6-д ажлын цаг ашиглалт хангалтгүй байдлыг давтан гаргасан, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөсөн, удаа дараа ажлаас хоцорсон, 5.1.11-д ажил олгогчоос батлан мөрдүүлж буй дотоод дүрэм журмын заалтыг зөрчсөн, 5.1.12-д ажил олгогчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж заасныг зөрчсөн гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тодорхойлсон байна.

Ажил олгогчийн ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, дотоод дүрэм, журмыг тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үзвэл 2019 оны 5, 6 сард ажлын цагаар утсаа авахгүй 3 удаа алга болсон, байгаа газраа худал тайлагнасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд “Тээврийн хэрэгсэл ашиглах” журам, ХЭМАБ-н бодлого журам зааврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож ажиллах үүрэгтэйг танилцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн нэхэмжлэгч Ч.Б-ийн  нь гаргасан гэх зөрчлийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд тухайлан заагаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

          ШҮҮГЧИД                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ