| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/04803/И |
| Дугаар | 183/ШШ2024/03432 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/03432
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2024/03432 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Э /РД:**********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М би Ж.Э-тай 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 20 000 0000 төгрөгийг 0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Би өөрийн автомашинаа 3.2% хүүтэйгээр Н ББСБ-д барьцаалж 20 000 000 төгрөгийг өөрөө эхлээд зээлж, тэр мөнгөө харин Ж.Э-д ямар ч хүүгүйгээр сайхан сэтгэлийн үүднээс зээлүүлж тусалсан боловч гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч Ж.Э нь зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 75 хоногийн алданги/ 1 хоног 23250/ , үндсэн зээлийн үлдэгдэл болох 4,650,000 төгрөгийн хамт нийт 6 393 750 төгрөгийг хариуцагч Ж.Э-с гаргуулан өгнө үү, бичгээр гаргасан дээрээ 6,960,000 гээд буруу бичсэн байна лээ, дансны хуулганаас хараад тайлбарлах юм бол 15,350,000 төгрөгийг буцаан төлсөн 3/20 ний 150,000 төгрөг, 2/29 ний 100,000 төгрөг, 3/7 ний 1,500,000 төгрөг бол надад болон хүүдээ өгсөн бэлэг тул төлөлтөд тооцохгүй, мөрийтэй тоглоод өрөнд орлоо гэхлээр нь тусалсан гэв.
2.Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний зүгээс тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.М, Ж.Э бид нар гэр бүл хамтын амьдралтай хүмүүс. Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй дундаасаа хүүхэдтэй. Б.М-с нийт 19 сая төгрөгийг дансаар зээлж авсан ба заавал гэрээг бичгээр хийж нотариатчаар гэрчлүүлнэ гэсний дагуу гэрээ байгуулсан. Зээлээс эргэн төлөлт хийж одоо 1 900 000 төгрөг дутуу төлөвтэй байгаа болно. Энэхүү мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Мөн тус дүүргийн шүүхэд Б.М-с надад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүгч Д.М дээр хянагдаж байгаа ба энэхүү иргэний хэргүүдийг хамтад нь нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа болно гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн харилцаатай, дундаасаа хүүхэдтэй санхүүгийн асуудлаа зээлээр тооцоод байх шиг байна, хүүхдийн тэтгэлэг, нэмэлт зардал гээд хэрэг нь өөр шүүгч дээр байгаа хамтад нь нэгтгээд шийдвэрлэвэл нэхэмжлэгчид өөрт нь ач холбогдолтой байхад ингээд байгааг ойлгохгүй байна.19,000,000 төгрөг авснаа бол хүлээн зөвшөөрнө 17,100,000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэх 1,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, дансны хуулганаас харагдана гэв.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4.Хариуцагч талаас хариу тайлбар, итгэмжлэл, хариу тайлбар, дансны хуулга, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.М би Ж.Э-тай 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 20 000 0000 төгрөгийг 0 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Би өөрийн автомашинаа 3.2% хүүтэйгээр Н ББСБ-д барьцаалж 20 000 000 төгрөгийг өөрөө эхлээд зээлж, тэр мөнгөө харин Ж.Э-д ямар ч хүүгүйгээр сайхан сэтгэлийн үүднээс зээлүүлж тусалсан боловч гэрээний хугацаа дуусах үед зээлдэгч Ж.Э нь зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 75 хоногийн алданги/ 1 хоног 23250/ , үндсэн зээлийн үлдэгдэл болох 4,650,000 төгрөгийн хамт нийт 6 393 750 төгрөгийг хариуцагч Ж.*******аас гаргуулан өгнө үү гэв.
3. Хариуцагч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн: 20,000,000 төгрөг биш 19,000,000 төгрөг авснаа бол хүлээн зөвшөөрнө 17,100,000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэх 1,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, дансны хуулганаас харагдана гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.М, Ж.Э нар нь 2023 оны 12 дугаар сарын 13 ний өдөр Зээлийн гэрээ гэх нэртэй гэрээг бичгээр байгуулж, тухайн гэрээгээр Б.М нь 20,000,000 төгрөгийг Ж.Э-д 2024-06-14 ний өдрийг хүртэлх хугацаатайгаар, хүүгүйгээр зээлдүүлж, уг хугацаа өнгөрсөн бол хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар Б.М нь Ж.Э-н Г банкны ********** тоот дансанд 2023-12-15 ний өдөр 4,900,000 төгрөгөөр 3 удаа, 4,300,000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээгээр нийт 19,000,000 төгрөгийг *******д зээлэв гэсэн утгатайгаар шилжүүлжээ.
5. Нэхэмжлэгч Б.М нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20,000,000 төгрөгт холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан бөгөөд хариуцагч нь 20,000,000 төгрөг бус 19,000,000 төгрөг зээлдэн авсан мөн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ. Нэхэмжлэгч нь зээлийн үүргээс 15,350,000 төгрөг төлж, үлдэх 4,650,000 төгрөгийн үүргийг хариуцагч гүйцэтгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч 19,000,000 төгрөгөөс 17,100,000 төгрөгийн төлөлт хийсэн, гэр бүлийн харилцаатай учир алданги төлөхөөс татгалзан маргажээ.
Хариуцагч Ж.Э нь Г банк дахь өөрийн эзэмшлийн 3205109604 дугаартай данснаас 2024-01-13 ний өдөр 750,000 төгрөг, 2024-02-29 ний өдөр 100,000 төгрөг, 2024-03-07 ний өдөр 1,000,000 төгрөг, Х банк дахь өөрийн эзэмшлийн 5173188556 дугаартай данснаас 2024-03-07 нд 1,500,000 төгрөгийг, 2024-03-20 ний өдөр 150,000 төгрөгийг, 2024-04-15 ний өдөр 1,100,000 төгрөгийг, 2024-04-16 ний өдөр 12,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн Х банкны *********** тоот данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдоно.
Эдгээр төлөлт нь нийтдээ 17,100,00 төгрөг болж байх боловч 2024-03-07 нд 1,500,000 төгрөгийг бэлэг гэх утгатайгаар, 2024-03-20 ний өдөр 150,000 төгрөгийг ******* / хүүгийнх нь нэр гэв/ гэх утгатайгаар тус тус шилжүүлснийг шүүх зээлийн эргэн төлөлт гэж үзэхгүй тул 19,000,000 төгрөгөөс 15,450,000 төгрөг төлөгдсөн гэж үзээд үлдэх 3,550,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Талуудын гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу хариуцагч нь 19,000,000 төгрөгийн гэрээний үүргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн байна.Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон шаардах эрхтэй. 2024-06-14 ний өдрөөс 2024-07-18 ний өдөр шүүхэд хандах өдрийг хүртэлх 33 хоногийн алданги / 1 хоног нь 17,750 төгрөг/ 585,750 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй байна.
Иймээс хариуцагчаас зээлийн гэрээнй үндсэн үүрэгт 3,550,000 төгрөгийг, алдангид 585,750 төгрөг, нийт 4,135,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,258,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зээлийн харилцааг 2022.11.04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023.03.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэж заасан байх ба зохигчид гэр бүлийн харилцаатай, хэн аль нь байнгын зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч болох зээлдүүлэгч этгээдийг байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг эсэхийг тодруулах шаардлагагүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 81,122 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д тус тус зааснаар хариуцагч Ж.Э-с 4,135,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,258,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 81,122 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ