| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/03975/И |
| Дугаар | 183/ШШ2024/03256 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/03256
| 2024 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2024/03256 | Улаанбаатар хот
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн өмгөөлөгч М.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ******* ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд:******* ******* *******" ХХК нь С******* ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх буудлын катерингийн барилгын "Б" блокын доторх өрлөг шаврын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2020 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн.******* ******* ******* ХХК-ийн зүгээс талуудын харилцан тохиролцсон материал, ажлын хөлсний нийт 246,550,000 төгрөгийн төлбөрийг төлөхийг захиалагчаас шаардсан. С******* ХХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Х******* нь надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна гэх шалтгаанаар******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй удаашруулсан.
Эйч ******* ******* ХХК-аас материалын үнэ, ажлын хөлсийг удаа дараа төлөхийг шаардсаны эцэст С******* ХХК нь материал, ажлын хөлсний нийт дүн болох 246,550,000 төгрөгийн төлбөрийг хэсэгчлэн барагдуулах санал гаргасныг бид хүлээн зөвшөөрч улмаар талууд гэрээний үнэ, төлбөрийн хуваарийг тодорхой болгох зорилгоор 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/19-02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний 3.3-т төлбөрийг төлөх хуваарийг заасан.
Гэтэл С******* ХХК нь мөн л дээрх гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй удаашруулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
С******* ХХК-аас материал, ажлын хөлс нийт 246,550,000 төгрөгийг гаргуулан******* ******* ******* ХХК-д олгуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* ******* ******* ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч С******* ХХК-ийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэх 20/ тоот "Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ" нь С******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс байгуулаагүй гэрээ байгаа тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч уг гэрээгээр Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх буудлын катерингийн барилгын "Б" блокын доторх өрлөг шаврын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэх боловч уг гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь "Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын дотор заслын ажил"-ыг хийж гүйцэтгэнэ гэж гэрээгээр гүйцэтгэх ажил нь нэхэмжлэлийн агуулгад дурьдсан ажлаас огт өөр, зөрүүтэй байна. Иймээс нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд заасан ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгээгүй байна.
2. Нэхэмжлэгч нь "Б" блокын доторх өрлөг шаврын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2020 оны 6 сард хүлээлгэн өгсөн гэх боловч ажлыг хүлээлгэн өгсөн болохыг нотлох акт, баримт бичиг огт байдаггүй. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 1.3, 2.1, 4.2, 4.3, 5.1, 5.2 дахь хэсгүүдэд зааснаар гүйцэтгэгч нь хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхдөө захиалагчаар ажлаа шалгуулж, улсын болон техникийн комиссоор ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулсанаар ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөхөөр зохицуулсан ба нэхэмжлэгч гэрээний эдгээр заалтад заасан үүрэг, шаардлагыг огт биелүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ материал ажлын хөлсний зардлыг төлж барагдуулахаар 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 20/19-02 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 3.3-т төлбөрийг төлөх хуваарийг заасан гэх боловч энэхүү баримт бичиг нь ажил хүлээлцсэн акт биш харин гэрээ байна. Гэрээний төрлийн хувьд төлбөр барагдуулах гэрээ биш харин "Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх буудлын катерингийн барилгын "Б" блокын дотор өрлөг шаврын ажил"-ыг гүйцэтгэхээр тохиролцсон, Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байна. Уг гэрээний 1.3, 2.1, 4.2, 4.3, 5.1, 5.2 дахь хэсгүүдэд зааснаар гүйцэтгэгч нь хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхдөө захиалагчаар үе шат бүрийн ажлаа шалгуулж, улсын болон техникийн комиссоор ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулснаар ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөхөөр зохицуулсан байтал нэхэмжлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ мөн л биелүүлээгүй, ажлыг гүйцэтгэж дуусаагүй, захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй байна.
4. Гүйцэтгэгч******* ******* ******* ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/19-02 тоот "Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ"-нд заасан ажлуудыг чанаргүй хийсэн, доголдол дутагдал гаргасан төдийгүй хийх ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгаагүй байж гэрээний төлбөрийг бүтнээр нь нэхэмжилсэн байгаа нь огт үндэслэлгүй байна.
Иймд******* ******* ******* ХХК-ийн материал, ажлын хөлс нийт 246,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2020.04.01-ний өдрийн 20/ дугаартай Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.08.27-ны өдрийн 20/19-02 дугаар Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.15-ны өдрийн 00087 дугаартай шүүгчийн захирамж, депозит дансны харилцагчийн монгол хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, 2018.06.26-ны өдрийн БУ19-975/18 дугаартай Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, гэрчилгээний хавсралт,******* ******* ******* ХХК-ийн 2020.12.31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн санхүүгийн тайлан, 2020.09.18-ны өдрийн 02 дугаартай Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2020.09.29-ний өдрийн 03, 04, 05, 06 дугаартай Заслын ажил гүйцэтгэсэн акт, сорилт, шинжилгээний дүн, фото зураг, Хөшигтийн хөндий Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгад гүйцэтгэсэн ажлын төсөв,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, гар бичмэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хаан банкны дансны шилжүүлгийн мэдээлэл, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020.04.01-ний өдрийн 20/06 дугаар Барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, Катерингийн барилгын материал зарцуулалтын гүйцэтгэл, зарцуулалт тайлан товчоо (Хөшигтийн хөндийн барилга), өглөг авлагын тооцоо, Бараа материалын тайлангийн нэгтгэл, Материалын орлогын дэлгэрэнгүй бүртгэл, Бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хөшигтийн хөндий Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгад гүйцэтгэсэн ажлын төсөв зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, Хохирлын үнэлгээний институтын шинжээчийн дүгнэлт, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааг цуглуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ******* ХХК нь хариуцагч С******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,550,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч С******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 246,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Эйч ******* ******* ХХК нь шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Хариуцагч нь 2020.04.01-ний өдөр 1,635,809,000 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг 2020.04.01-ээс 2020.06.01-ний хүртэлх хугацаанд хийж дуусгахаар хэлэлцэн тохирч анх гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч компанийн захирал Х******* гадаадад байсны улмаас гэрээ байгуулах эрхгүй этгээд гэх Б гарын үсэг зурсны улмаас гэрээг дахин байгуулахаар болсон. Гэвч ажил дээрх гэрээний дагуу хийгдээд дууссан байсан. Ингээд анх байгуулсан гэрээний үнийн дүн өндөр, мөн эрхгүй этгээд гэрээ байгуулсан гээд хариуцагч 2020.08.27-ны өдөр хийсэн ажлыг дүгнээд төлбөр төлөх графикийг гэрээгээр тохиролцоод нийт 246,550,000 төгрөгийн ажлын хөлсийг төлөхөөр болж 2020.08.27-ны өдөр гэрээг дахин хийсэн. Гэрээний дагуу Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын Б блокын дотор өрлөг шаврын ажил хийгдэж дууссан. Захиалагч чанартай материалаар ажлыг гүйцэтгэх шаардлага тавьж байсан бөгөөд бараа материалыг өөрсдөө сонгоно гэх шаардлагыг манайд тавьсан. Энэ дагуу манай компаниас бэлэн мөнгө зарлагадаж хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Г******* өөрөө барилгын материалаа сонгон бараа материалыг манайд нийлүүлж ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн. Санхүүгийн баримтыг хариуцагч компанийн төслийн менежер Дөлгөөн өгнө гэдэг байсан боловч бидэнд баримтыг бүрэн хэмжээгээр өгөөгүй энэ хүн хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Ингээд хариуцагчийн нийлүүлсэн бараа материалаар ажлыг хийж дуусгасан. Захиалагч ажлыг 2020.08.27-ны өдөр хүлээн авсан, ажлын доголдолтой холбоотой ямар нэгэн албан бичиг, мэдэгдлийг нэхэмжлэгчид ирүүлж байгаагүй болно. Иймээс улсын комиссоос ажлыг хүлээж авсан тул ажлын хөлс 246,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч С******* ХХК нь шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2020.04.01-ний өдөр байгуулсан гэх 20 тоот гэрээ нь С******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс байгуулаагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Уг гэрээнд заасан ажил мөн хийгдээгүй болно. Нэхэмжлэгч нь "Б" блокын доторх өрлөг шаврын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2020 оны 6 сард хүлээлгэн өгсөн гэх боловч ажлыг хүлээлгэн өгсөн болохыг нотлох акт, баримт бичиг огт байдаггүй. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхдөө захиалагчаар ажлаа шалгуулж, улсын болон техникийн комиссоор ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулснаар ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь материал ажлын хөлсний зардлыг төлж барагдуулахаар 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 20/19-02 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 3.3-т төлбөрийг төлөх хуваарийг заасан гэх боловч энэхүү баримт бичиг нь ажил хүлээлцсэн акт биш харин гэрээ юм. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхдөө захиалагчаар үе шат бүрийн ажлаа шалгуулж, улсын болон техникийн комиссоор ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулснаар ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөхөөр зохицуулсан. Гэвч хүлээсэн үүргээ мөн л биелүүлээгүй, ажлыг гүйцэтгэж дуусгаагүй, захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй, Хохирлын үнэлгээний төвийн дүгнэлтээр үндэслэл бүхий дүгнэлт гарсан. Харин ч хариуцагчид төлбөр төлөх биш нэхэмжлэгчид илүү төлсөн төлбөрийг манайд төлөхөөр гарсан, санхүүгийн баримтууд нь хуульд нийцээгүй зэрэг шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий. Мөн түүнчлэн хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Г******* нь нэхэмжлэгч компанитай хамаарал бүхий этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 20 дугаартай Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх, уг гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын дотор заслын ажлыг хийж, захиалагч нь гэрээний төлбөрт 1,635,809,900 төгрөгийн төлбөр төлөхөөр,
Мөн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 20/19-02 дугаартай Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж уг гэрээгээр гүйцэтгэгч Эйч ******* ******* ХХК нь Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын катерингийн барилгын Б блокын дотор өрлөг шаврын ажлыг 2020.04.01-ний өдрөөс 2020.06.01-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр, захиалагч нь гэрээний төлбөр болох 246,550,000 төгрөгийн төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /х.х 6-12/
Талууд 20 дугаартай гэрээ хийсэн, гэвч С******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.Б гарын үсэг зурсан энэ талаар аль аль нь маргаагүй, эрхгүй этгээд гэрээ байгуулсан үндэслэлийг зөвтгөн 20/19-02 дугаартай гэрээг дахин хийсэн байна.
Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заажээ. Иймээс 20 дугаартай гэрээг эрх олгогдоогүй этгээд болох М.Б хийсэн боловч хожим буюу 2020.08.27-ны өдөр 20/19-02 дугаартай гэрээг компанийн эрх бүхий этгээд Ч.Х******* дэмжин зөвшөөрч хийсэн байх тул уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах, хүчин төгөлдөр гэрээ байна.
2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 20/19-02 дугаартай Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д ажил гүйцэтгэгч нь гэрээний ажлыг 2020.04.01-ний өдрөөс 2020.06.01-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээгээр тохиролцсон ажлыг 2020.06.01-нд хийж гүйцэтгэхээр, ажлыг уг гэрээгээр хүлээж авч, төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар 2020.09.01-ний өдрөөс эхлэн төлөхөөр төлбөрийн нөхцөл, төлбөр төлөх графикийг тус гэрээгээр шинэчлэн хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Учир нь зохигч 2020.08.27-ны өдөр гэрээг дахин шинэчлэн хийсэн бөгөөд барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлээр ажил 2020.04.21-ний өдрөөс хийж эхэлсэн байх ба уг гэрээнд ажил гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, түүнчлэн хийж гүйцэтгэсэн ажилд төлөх хөлсийг 246,550,000 төгрөгөөр тохиролцон, төлбөрийг 4 хоногийн хугацаа буюу 2020.09.01-ний өдрөөс эхлэн төлөхөөр тохиролцсноос дүгнэвэл ажил хийгдсэн, Захилагч хийсэн ажлын хүрээнд төлбөр төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Шүүхээс 2021.03.22-ны өдөр 3567 дугаар захирамжаар “Барилгын төсөвчдийн холбоо”, 2022.02.28-ны өдөр 3103 дугаар захирамжаар ”Хохирлын үнэлгээний институт”-ийг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байна.
“Барилгын төсөвчдийн холбоо”-ны шинжээчээр Монгол улсын зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин Ц.С гүйцэтгүүлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэж, уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар шүүх үнэлсэн. /х.х 140-142/
Харин Хохирлын үнэлгээний институтын шинжээч нь “...Хэргийн материалд цугларсан баримтад эдийн засгийн дотоод аудитын хөтөлбөрөөр үзлэг хийж нэмэлт шаардлагатай баримт материалыг шүүхийн журмаар цуглуулж ажилласан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13.1.3-т "шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх" гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, Байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг сэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ." гэж тус тус зааснаар дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас шүүхийн журмаар цуглуулж шинжилгээг хийсэн...” гэж шинжилгээ хийсэн обьект нь хэргийн материалд цугларсан баримтад эдийн засгийн дотоод, аудитын хөтөлбөрөөр үзлэг хийх замаар гүйцэтгэсэн тус Хохирлын үнэлгээний институтын шинжээч Ё.Б дүгнэлтийг үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй болно. / Шинжээчийн дүгнэлтийн 9-р хуудас /
Учир нь зохигч гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд маргаж, хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд “Барилгын төсөвчдийн холбоо”-ны шинжээч Ц.С дүгнэлтийн тайлбарт “...гүйцэтгэлийн ажилд үзлэг шалгалтыг хариуцагч "С******* ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу гаргасан гүйцэтгэлийн ажилд үзлэг шалгалтыг хариуцагч С******* ХХК-ийн төлөөлөгч тухайн үед захирал байсан Н.Г болон талбайн инженер, нэхэмжлэгч******* би эс ХХК-ийн төлөөлөгч Д.М*******, ажил гүйцэтгэсэн инженер Ц.М болон талуудыг байлцуулан Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлын зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катери болон барилгын талбай дээр үзлэг шалгалт хийж, ажлын зурагтай тулгаж дүгнэлтийг гаргасан. 183/2020/0397/и индекстэй хавтаст хэргийн 51-78-р хуудас, барилгын ажлын тэмдэглэлээс өдөр бүр гүйцэтгэсэн ажлыг шалгасан. Барилгын ажлын гүйцэтгэлийг 2021 оны 06-р сарын 17ны өдөр газар дээр нь очиж танилцаад 32 ш фото зураг авч баримтжуулав...” гэж тайлбарт тусгаснаас үзвэл уг шинжээч ажлын гүйцэтгэлийг биет байдлаар нь талуудыг байлцуулан танилцаж, гүйцэтгэсэн ажлыг фото зургаар баримтжуулан дүгнэлт гаргасан байх тул дүгнэлтийг үндэслэл бүхий гэж шүүх үзлээ. /1х.х 140-142 хуудас/
Харин Хохирлын үнэлгээний институтын шинжээч нь хэргийн материалд цугларсан баримтад эдийн засгийн дотоод, аудитын хөтөлбөрөөр үзлэг хийж, эдийн засагч мэргэжилтэй шинжээч Ё.Б дүгнэлтийг үндэслэл бүхий болоогүй гэж дүгнэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Түүнчлэн зохигч гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд маргаж байхад шинжээч уг гүйцэтгэсэн ажлын. обьектод үзлэг хийгээгүй, зөвхөн хэрэгт цугларсан баримад эдийн засгийн дотоод аудитын хохирлын үнэлгээг гаргажээ.
Түүнчлэн******* би эс ХХК-ийн санхүүгийн ажилтан санхүүгийн анхан шатны баримтыг хуульд нийцүүлж бүрдүүлэх, компанийн санхүүгийн тайланг хуульд нийцүүлж хөтлөөгүй нь тухайн компанийн гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул шинжээч Ё.Б дүгнэлт үндэслэл бүхий болоогүй гэж шүүх дүгнэсэн.
Барилгын төсөвчдийн холбооны шинжээч Ц.С дүгнэлтэд “... Хариулт 1. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/19-02 дугаар Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэх "Эйч ******* *******" ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ 100% гэж үзэж байна. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/19-02 дугаар Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэх "Эйч ******* *******" ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг нь 288,118,214 сая төгрөг болж байна. Бүрдүүлсэн шаардлага хангасан материалыг үндэслэн 2020 буюу 2020 оноос өмнөх мөрдөж байсан үнэлгээ тарифаар гүйцэтгэлийн ажлын "Б" блокны блокон өрлөг, тоосгон өрлөг, шавардлагыг 1 давхар 2 давхар болон техникийн давхрын хамт тоо хэмжээг шалган төсвийн үндэслэлээр норм дүрмийн дагуу тооцож гаргав.
Төсвийн Шууд зардал нь 202,374,634 сая төгрөг
Барилгын удирдлага з/байгуулалтын зардал 25,014,708 сая төгрөг
Ашиг 15% 34,108,401 сая төгрөг
Нормчлолын сан 0,18%- 470,696 мянган төгрөг
ΗӨΑΤ- 10% 26,149,774 сая төгрөг
Нийт дүн - 288,118,214 сая төгрөг.
- 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/19-02 дугаар
Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэх******* ******* ******* ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн чанарын талаар Хариуцагч талын Захиалагч С ХХК нь 2020 онд гүйцэтгэсэн ажилд Гүйцэтгэгч******* ******* ******* ХХК-тай өдөр тутмын ажлын тэмдэглэлийг хөтөлсөн талын тэмдэглэлдээ тухайн үед ажил хянасан шалгасан чанарын асуудлын талаар баримтжуулаагүй байна. Гэхдээ Хариуцагч тал болох С ХХК -ны дараагийн шатны замаска тэгшилгээ нь
1. Ан цав гарсан тухай 2021 оны 07-29 ны тайлбар 2 хуудас
2. Ан цав гарсан 2021 оны 07-29 ны өдрийн 118ш фото зураг 30 хуудас
Чанарын асуудлын талаар үзсэн үзлэг баримтжуулсан баримтуудыг үндэслэн тоо хэмжээний дагуу нөхөж хийх засах ажлыг, хог хаягдал цэвэрлэгээ хийгээгүй орхисон гэх ажлуудыг тоо хэмжээний дагуу төсвийн норм дүрмийн дагуу тухайн гүйцэтгэлийг гаргахад
1. 2020 он буюу 2020 оноос өмнөх тарифаар 4,434,435 сая төгрөг
2. Гүйцэтгэсэн ажлын дологдолыг ан цав засах хог цэвэрлэх ачих ажлыг 2021 онд засаж байгаагаар 2021 оны тарифаар тооцож гаргасан болно. Төсвөөр 2021 онд гүйцэтгэнэ гэж үзвэл 8,394,047 төгрөг болж байна” гэж дүгнэсэн байна.
Иймээс нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн төлбөрт 246,550,000 төгрөгийг зарцуулсан гэж нэхэмжилсэн нь энэ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр шаардлагыг шүүх тооцох нь үндэслэлтэй. Харин ажлын дологдолыг ан цав засах, хог цэвэрлэх ачих ажилд 8,394,047 төгрөг гарна гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй. Хариуцагч нь гэрээний дагуу гүйцэтгэгч ажлыг хийгээгүй, хийсэн ажлын гүйцэтгэл доголдолтой байсан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн өдөр дутмын ажлын тэмдэглэл, ажил гүйцэтгэсэн 1-ээс 6 тоот акт, гэрч Ч.Г*******, Ц.М нарын мэдүүлэг, ажлын гүйцэтгэлийн фото зураг, банкны дансны хуулгууд, Барилгын төсөвчдийн холбооны шинжээч Ц.С дүгнэлтэд зэрэг бичгийн нотлох баримтыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч С******* ХХК нь өөрийн татгалзлаа шүүхийн өмнө нотолж чадаагүй, нотлох үүргээ биелүүлээгүй.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүргээ шударгаар биелүүлэх нь хуульд нийцнэ.
Иймд хариуцагч С******* ХХК-иас 238,155,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эйч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,394,047 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,390,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 1,348,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 2,500,000 төгрөгийг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгож, шинжээчийн зардалд хариуцагч С******* ХХК-иас 2,500,000 төгрөгийг төлснийг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч С******* ХХК-аас 238,155,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,394,047 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,390,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-аас 1,348,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан Шинжээчийн зардалд хариуцагч С******* ХХК 2,500,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-иас 2,500,000 төгрөгийг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоонд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ