Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1352

 

 

 

 

 

 

      2020         10             27                                       2020/ДШМ/1352

 

 

                                     Д.Бд холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,  шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Бын түүний өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1583 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1803010200043 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хотгойд овгийн Д.Б, 1976 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /.................../;

 

Д.Б нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018 оны 12 дугаар сарын 7-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Бжолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан явган зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлийн “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.044.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хотгойд овгийн Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Д.Бд 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тушаасан хохирлын 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Батхоролын Наранд /РД:Ц063092801/ олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгтэй холбоотой гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Бын N9326651 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Лицензын төвд хүргүүлж, Си-Ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн явцад гэм буруугаа хүлээж, хохирогчоос уучлалт гуйж байсан бөгөөд гэмтсэн хүүхдийн эрүүл мэндэд анхаарал тавьж ирсэн билээ. Хэрэв хожим хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл, согог илэрвэл ямар ч асуудалгүйгээр чадах чинээгээрээ туслалцаа үзүүлнэ гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж байсан, одоо ч мөн адил туслах болно гэдгээ амлаж байна. Миний бие өөрийн нэг өрөө байраа түрээслэн, өндөр настай ээжийгээ асран хамтдаа амьдардаг юм. Хэрэг болсон өдрөөс гэм буруугаа маш ихээр ухаарч 1 жил 9 сарын хугацаанд архи, дарс уулгүй, гэмт хэрэг зөрчилд огт холбогдоогүй билээ. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

            Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэнтэй нийцэхүйц хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүх Д.Б нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй, учирсан хохирлыг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Д.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн  дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруугийн холимог хэлбэр”-ээр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн бол ... 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж”, 1.1-т “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус зохицуулсан. Уг хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа шийдвэрлэгдэж, иргэний нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүхээс 2 удаа дахин хэлэлцүүлэхээр буцаагдаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгдэж байсан ба өмнө нь 2 удаа шүүгдэгч Д.Бд хорих ял оноохгүйгээр тэнсэж хариуцлага хүлээлгэж байсан. Энэ хугацаанд Д.Б нь өөртөө дүгнэлт хийж, маш ихээр гэмшиж байгаагаа илэрхийлж, хохирогч иргэний нэхэмжлэгч нараас уучлалт гуйж байсан ба дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүйгээс гадна хөгшин настай ээжийгээ асарч байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Д.Бд оноосон хорих ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааж өгсөн. Мөн 27 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгддэг боловч тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний зөрчсөн байдлыг харахад эсрэг урсгалыг сөрж, өөрийн явах ёсгүй эгнээгээр явсан нь санаатай үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Д.Б нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн замд 2018 оны 12 дугаар сарын 7-ны орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 76-92 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Э.Бжолоодон явсан Honda HR-V маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан явган зорчигч /14 настай эмэгтэй/ Б.Солонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлийн “Honda HR-V” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.044.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б“...2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 21 цаг 30 минутын орчим би 21-86 УНО улсын дугаартай “Хонда” маркийн автомашин жолоодон Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн замд урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас “Тоуоtа Согоlа” маркийн машин урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргөсөн. Мөргөлдөх үед тэнд нэг цагдаа явж байсан цагдаа хүрч ирээд нөгөө машины жолоочийг согтуу байна гээд цагдаагийн хэсэг рүү машиндаа суулгаад аваад явсан. Би өөрөө 102, 103 руу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирж үзээд манай охины биед хүнд гэмтэл байхгүй. Харин гар нь тулсан юм шиг байна гээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд явсны дараа нэг замын цагдаагийн байцаагч ирж ослын газар хэмжилт хийсэн. Ослын улмаас миний охин Солонгын баруун гарын шуу, алга 3 хурууны яс цууралттай байна гээд гипс тавьсан байгаа Саруул, Хүслэн нарын биед ил гэмтэл байхгүй байгаа. Хэвтрийн дэглэм сахиад хүүхдээ ажиглаарай гэсэн. Мөн томографийн зураг авахуулаарай гэсэн. Гадаа харанхуй болсон зам гэрэлтүүлэгтэй халтиргаа гулгай байхгүй зам хуурай байсан Хөдөлгөөн сийрэг байсан. Ослоос болж хоёр гар утас эвдэрсэн болно. Иймд хоёр гар утсыг үнэлсэн үнэлгээгээр нь хохирлоо нэхэмжпэх хүсэлтэй байна. Б.Саруул, Б.Хүслэн нар ослын үед гэмтэл учраагүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй болно...би уг машиныг жолооддог юм. Манай ээж Нарангийн эзэмшлийн машин байгаа юм “Бичил Глобус” банк бус санхүүгийн байгууллагаас 1.500.000 төгрөгийг ээжийн нэр дээр зээлж авсан байгаа одоо уг байгууллагын нэр дээр байгаа....яллагдагчийн талаас хүүхдийн эмчилгээнд 600.000 төгрөгийг өгсөн. Хэрэг гардаг сарын миний ажпын байрны түрээс 120.000 төгрөг, мөн 250.000 төгрөг өгсөн. Машины эвдрэлийг тэр жолооч өөрөө янзлуулж өгсөн ба жолооч талын суудлын бүс урд хайрцаг, аюулгүйн дэрийн янзлуулж өгөөгүй байгаа. Сүүлд машины тияг, шарнер солиулаад тэнхлэг тохиргоо хийлгэхэд 100.000 төгрөг өгсөн. Одоо машины дутуу эвдрэл, гэмтлийг янзлаад өгчихвөл өөр гомдол саналгүй. ... /1хх 15-16/, /2хх 48/,

 

иргэний нэхэмжпэгч Б.Н: Уг автомашин нь миний өөрийн эзэмшлийн машин юм. Уг машиныг банк бус санхүүгийн байгууллагаас 1.500.000  төгрөг зээлээд уг байгууллагын нэр дээр бичиг баримтыг нь шилжүүлсэн байсан. Манай охин ихэвчлэн уг машиныг жолооддог юм. Жолооч явах эд анги болон салхины шил янзлуулж өгсөн байгаа. Нэг засварын газраар машины сэвийг янзлуулсан чинь муухай янзалсан байсан. Түүнийг дахиж янзлуулмаар байна. Мөн обуд болон дугуйг солиулмаар байна. Мөн дотор талын аваарын хоёр дэрийг авч өгөөгүй байгаа. Машины дутуу янзалсан зүйлсээ төлчихвөл өөр нэхэмжпэх зүйл байхгүй. .../1хх 20/,

 

шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн: ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 7-ны орой “Тоуоtа Согоllа” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон өдрийн 13 цагийн орчим цэргийн найз Эрдэнээтэй Улиастайн шинэ эцэс дээр таарч дэлгүүрээс 14-15 ширхэг пиво худалдаж аваад гудамжинд машинаа зогсоож байгаад уусан. Нэг мэдсэн би машиндаа тасарсан унтаж байсан. Надтай хамт байсан найз Эрдэнэ буугаад явсан байсан...шууд машинаа асаагаад Улиастайн хуучин эцэс рүү хүргэн Эрдэнэболдын гэрт машинаа аваачиж тавихаар явж байтал 300 орчим метр яваад нэг машинтай зүүн карлонаараа шүргэлцэж зогссон.. .нийтдээ 1.700.000 төгрөг өгсөн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. .../1хх 49-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай “...Солонгын биед баруун сарвууны 3-4-5-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7397 дугаартай “...Б.Хүслэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...”/2хх 41-42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7396 дугаартай “...Б.Саруулын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” /2хх 44-45/ гэх дүгнэлтүүд,

 

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай магадлалд: “...“Тоуоtа Согоllа” маркийн 76-92 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. Honda HRV” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Байгаль нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. ...” /1хх 38/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсээс хойш 50 метр “Хаш-Эрдэнэ” дэлгүүрийн зүүн замд автомашин мөргөлдөж ЗТО гарсан үед үзлэг хийхэд “Тоуоtа Согоllа” маркийн 76-92 УНЧ дугаартай автомашин зүүн хойшоо харж замын зах хэсгийг давж зогссон...анх мөргөлдсөн цэгийг сонгохдоо унасан шороо, автомашинаас унасан хэлтэрхий зэргийг харгалзан сонгож авлаа. Тоормозны мөргүй, замын өргөн 7.2 м, анх  мөргөлдсөн цэгээс хашлага хүртэл 5.8м ...Хаш-Эрдэнэ халуун усны камер зам руу харсан бичлэгтэй. “Тоуоtа Согоllа” маркийн 76-92 УНЧ дугаартай автомашины жолоочийг драйгер багажаар шалгахад 2.35 хувийн согтолтой байсан. ...” гэх тэмдэглэл /1хх 2/, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэлд: ...жолооч Д.Б нь 2.35 хувийн согтолтой /1хх 5/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн эд зүйлийн хохирлын үнэлгээний тайланд “Honda HRV” маркийн 21-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 939.100 төгрөг,/1хх 30-31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Быг автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Шүүгдэгч Д.Б “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

 

            Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Д.Тамир “...Д.Б нь өөртөө дүгнэлт хийж, маш ихээр гэмшиж байгаагаа илэрхийлж, хохирогч иргэний нэхэмжлэгч нараас уучлалт гүйж байсан ба дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүйгээс гадна хөгшин настай ээжийгээ асардаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Д.Бд оноосон хорих ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, явахдаа эсрэг урсгал сөрж, улмаар хүний биед хүндэвтэр хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь  түүний гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1583 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ