Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 489

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Г.Хатанцэцэг

хохирогч А.Баасансүрэн

шинжээч эмч Ч.Эрдэмболор

гэрч И.Долгор

шүүгдэгч У  түүний өмгөөлөгч Н.Бэрхсайхан нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

хэргийн шүүгдэгч:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, Долоон болдог

ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт

оршин суух хаягтай, улсаас авсан

гавьяа шагналгүй,

2003 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 136 дугаартай

шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь

хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн,

У т холбогдох эрүүгийн 170500000080 дугаартай хэргийг 2017 оны

10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У  2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 13

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-112 тоот нийтийн байранд иргэн

А.Баасансүрэнг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан

гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч У  шүүхийн хэлэлцүүлэгт: Манай эхнэр гадаадад, хүүхдүүд

тусдаа амьдардаг. Би өөрөө Баасансүрэнгийн ажиллуулдаг нийтийн байранд түрээсээр

амьдардаг юм. 2017 оны 8 дугаар сарын 4-ний өглөө би ажлаасаа буугаад явж байтал

байрны таньдаг залуу Түвдэн надад танайх нүүчихсэн юм уу, гэрт чинь юу ч байхгүй

байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би жижүүрээс манай гэрийн эд зүйл хаачсан юм бэ,

манайхыг хэн нүүлгэсэн юм бэ гэхэд жижүүр надад Баасансүрэнгээс асуу гэж хэлсэн.

Би өөрийнхөө ээж рүү утсаар залгаад та манайхыг нүүлгэсэн юм уу гэхэд үгүй гэж

хэлсэн. Би Баасансүрэнгээс яагаад манайхыг нүүлгэж байгаа юм бэ гэж асуухад

Баасансүрэн намайг чи манай нөхрийг дагуулж явсан гэж загнасан. Тэгээд байрны

жижүүрийн өрөөнд Баасансүрэн өөрийнхөө нөхөр Ганболд, бид хоёрыг ээлж ээлжээр

шанагаар цохиод байхаар нь би Баасансүрэнг түлхсэн. Намайг түлхэхэд Баасансүрэн

бөгсөөрөө унасан. Энэ явдлын маргааш Баасансүрэн халамцуу намайг дуудаж надтай

хамт бааранд ороод чи надад манай нөхөр ямар хүүхэнтэй яваад байгааг л хэлээд өг

гээд байсан гэв.

Хохирогч А.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 8 дугаар сарын 4-ний

өдөр намайг У  түлхэж унагасан. Ер нь намайг нийтийн байрны эзэн болохоор

У ыг архидан согтуурч байна гэсэн мэдээлэл санал хүсэлтийг надад суугчид

байнга хэлдэг. Би У т шаардлага тавьдаг боловч хүлээж авдаггүй. Би

У ыг тэндээс нүүлгэхийн тулд эд хогшлыг нь өөр өрөөнд оруулж тавьсан. Эд

зүйлсийг нь гэмтээсэн, дутаасан зүйл байхгүй. Би нөхөр Ганболд болон У

нарт уурлаж тэднийг цохиж авсан нь үнэн. Тэгэхэд намайг У  түлхэж унагасан.

Энэ асуудал болсоны маргааш уулзаж ярилцсан талаар У ын мэдүүлж байгаа

үнэн. Намайг эрүүл мэндээр хохироосон У т би гомдолтой байна. Эмчилгээний

зардалд 5 сая төгрөг нэхэмжилж байна. У  түрээсийн мөнгөө бол төлж байсан

гэв.

Шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол

дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлэсийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч

Дөлбадрахын тогтоолоор А.Баасансүрэнгийн биед үзлэг хийж 10141 дугаартай дүгнэлт

гаргасан. А.Баасансүрэнгийн биед ахар сүүлний хугарал, тархи доргилт, баруун өгзөг,

эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д

зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт

хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа гэмтлийн эмнэлэгийн онош

болон түүний биед хийсэн үзлэг зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Ахар сүүл

хугарсан үед явах боломжтой гэв.

Гэрч И.Долгор шүүхийн хэлэлцүүлэгт: Би У ын ээж нь байгаа юм.

Баасансүрэн намайг баян авгай минь надад 5 сая төгрөг өгчих тэгвэл би өргөдлөө

буцааж авна гэж хэлж байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг

талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Баасансүрэн мөрдөн байцаалтанд: “Манайх Баянгол дүүргийн 9

дүгээр хороо Горькийн 5-112 тоот хашаанд нийтийн байр ажиллуулдаг ба манай

нийтийн байранд У  2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс түрээслэн амьдрах

болсон юм. У  байнга архи уугаад байхаар нь би урьд нь нэг удаа шаардлага

тавиад чи битгий архи уугаад бай, түрээсийн мөнгөө өгөөрэй гэхэд намайг түлхэж

унагааж байсан...У  байранд байх хугацаандаа архи уугаад хажуу айдууд нь

түүнээс болоод нүүж яваад байхаар нь У ыг байрнаасаа гар гэж удаа дараа

шаардлага тавьсан боловч гарахгүй оршин суугч нар У ыг гаргаачээ гээд

байсан болохоор би У ын 2 тоотод байсан гэрийн эд зүйлийг нь 22 тоот өрөө

рүү 2017 оны 8 дугаар сарын өглөө зөөж тавьсан. Би У ын нэг ч эд зүйлийг

орхилгүй бүгдийг нь бүрэн бүтэн зөөж оруулсан байсан. Тэгээд 11 цагийн үед

У ыг нийтийн байран дээр ирчихлээ гэхээр нь би яваад очтол У  манай

нийтийн байрны жижүүрийн өрөөнд манай нөхөр Ганболд жижүүр Жаргалсайхан

нартай байсан ба намайг ороод очиход У  чи миний байрыг яагаад нүүлгэсэн

юм бэ гэхээр нь чи ер нь байнга архи уудаг манай нөхрийг уруу татдаг, бусдын амгалан

тайван байдлыг алдагдуулдаг байрнаас гар гэхэд У  пизда авгай минь чи ер нь

хэн юм бэ гээд намайг түлхээд бөгсөн биеэр минь жижүүрийн үүдний довжоон дээр

унагаачихсан юм. Тэгээд У  манай гэрийг нүүлгэчихсэн байна гэж цагдаад

дуудлага өгөөд цагдаа нар ирээд шалгаад яваад өгсөн. Цагдаа нартай У  хамт

өрөө рүү орж эд зүйлээ бүртгэсэн юм. У  нь миний эд зүйлийг зөөлөө гээд л

элдэв янзаар хараагаад л намайг түлхэж унагаагаад ахар сүүлийг хугалчихсан... Маш

их гомдолтой байна одоо ч гэсэн миний бие өвдөөд байна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх

гэхээр мөнгө цаас байхгүй болохоор хэвтэн эмчлүүлж чадахгүй байна. Эмчилгээний

зардалд 5 сая төгрөг нэхэмжилмээр байна” /хх-ийн 20- 21/ гэх мэдүүлэг,

Гэрч П.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд: “Би нийтийн байрны жижүүр ажилтай.

Манай нийтийн байранд У  нь түрээслэн амьдарч байхдаа байнгын архи ууж

хамтран амьдрагч нэг авгайтайгаа байнгын хэрүүл маргаантай хааяа найз нөхөд нь

ирэхээрээ хэрүүл маргаан үүсгэдэг намайг шаардлага тавихаар өөдөөс дандаа

эсэргүүцэж ална хядна гэдэг байсан. 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баасансүрэн

У ыг нүүгээрэй гэж шаардлага тавихад У  нь тоосон шинжгүй байхаар

нь өрөөнөөс нь юмыг нь гаргаад өөр өрөөнд оруулчихсан тэрнээс болоод У

Баасансүрэнг миний юмыг зөөдөг чи хэн бэ гээд дайрч байхдаа манай жижүүрийн

өрөөний үүд рүү Баасансүрэнг түлхээд унагаасан. Би Баасансүрэнгийн араас нь

хүзүүнээс нь бариад авчихсан. Гадаа бас У  нь Баасансүрэнг заамдаад

алгадсан. У  нь манай гэрийн юм алга болчихож гэж цагдаад дуудлага өгсөн.

Цагдаа ирээд У ыг худлаа дуудлага өгсөн байна согтуу байна гэж хэлээд юмыг

нь шалгаж үзээд би цагдаад У ын эд зүйл байгаа өрөөг зааж өгч үзүүлсэн...”

/хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Ганболд мөрдөн байцаалтанд: 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гадуур

явж байгаад нийтийн байран дээрээ 15-16 цагийн үед ирсэн чинь У  танай

эхнэр Баасансүрэн чинь манай гэрийг нүүлгэчихсэн байна чи эхнэрээ дууд би өрөөндөө

ормоор байна гэхээр нь би жижүүрээсээ У ын гэрийг хэн хааш нь нүүлгэсэн юм

бэ гэж асуухад Баасансүрэн У ын гэрийн эд зүйлийг хажуу талын өрөө рүү

зөөсөн гэсэн. Тэгээд би эхнэр Баасансүрэн рүү утсаар яриад нийтийн байран дээрээ

хүрээд ирээ яагаад У ын гэрийг нүүлгэчихсэн юм бэ? У  ирчихсэн

байна хүрээд ир гэж дуудсан чинь удалгүй Баасансүрэн хүрч ирсэн. Би тухайн өдрийн

урд шөнө нь гэртээ хоноогүй байсан болохоор Баасансүрэн У  бид хоёрыг

гадуур хамт явсан гэж хардаж уурлаад миний гар руу жижүүрийн өрөөнд байсан

шанагаар цохиод У , Баасансүрэн хоёр чи манай гэрийг нүүлгэлээ, би чамайг

байрандаа байлгахгүй гэж хоорондоо хэрэлдэж байгаад У  Баасансүрэнгийн

цээж рүү хоёр гараараа түлхээд босгоны довжоон дээр бөгсөн биеэр нь унагаачихсан.

Тухайн өдөр У  бид хоёр хамт яваагүй. Би найзындаа очиж заслын ажил

хийгээд тэндээ хоночихоод ирсэн байсан юм. Баасансүрэн л намайг У тай хамт

явсан гэж хардсан юм. У  нийтийн байранд амьдрах хугацаандаа архи уугаад

байдаг байсан. Тухайн үед У  цагдаа дуудаж эд зүйлээ үзсэн, эд зүйлээ

алдаагүй. Эд зүйлээ алдсан гэж У  худлаа ярьж байна...”/хх-ийн 25-26/ гэх

мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны

өдрийн №10141 дугаартай шинжээчийн: “А.Баасансүрэнгийн биед ахар сүүлний

хугарал, тархи доргилт, баруун өгзөг, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх

гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн

хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд

нөлөөлөхгүй. /хх-ийн 32/ гэх дүгнэлт,

Сэжигтнээр У ын мөрдөн байцаалтанд: 2017 оны 8 дугаар сарын 4-ний

өдөр би ажил дээрээ ирчихсэн байхад Түвдэндорж над руу утасдаад танай хаалга чинь

онгорхой гэр дотор чинь юу ч алга цонх чинь онгорхой байна чи нүүчихсэн юм уу гэхэд

би юу яриад байгаа юм би нүүгээгүй ш дээ гэж хэлээд нийтийн байранд яваад очиход

миний амьдарч байсан 2 тоот өрөө хоосон доторх миний эд зүйл байхгүй байхаар нь

жижүүр Жагаа гэх хүүхэнтэй уулзаад манай гэр яасан юм гэхэд би мэдэхгүй тэр

Баасансүрэнтэйгээ ярь гээд байсан. Тэгээд би жижүүрийг Баасансүрэнг утсаар дууд

гэсэн чинь жижүүр эмэгтэй дуудчихсан одоо ирж байгаа гэхээр нь Баасансүрэнг

хүлээгээд байж байхад Баасансүрэнгийн нөхөр болох Ганболд хүрээд ирэхээр нь

манай гэрийг ингээд нүүлгэчихсэн байна гэж хэлэхэд Ганболд одоо авгай ирэх байх

гээд байж байхад Баасансүрэн ирэхэд Ганболд чи яахаараа айл нүүлгэдэг юм бэ гэж

хэлсэн чинь Баасансүрэн чи яахаараа хүний нөхөр аваад тэнэдэг юм гээд над руу

дайраад нөхөрлүүгээ ч дайраад байсан. Баасансүрэн нь шал согтуу халбагаар

нөхрийнхөө болон миний толгой тархи руу халбагаар цохиод байхаар нь би түлхсэн

чинь жижүүрийн гэрт түлхээд унагасан өөрөө босоод гараад явсан. Гадаа гараад

хашаагаар орилоод та нар миний нөхрийг авч яваад тэнэлээ гээд байсан.

...гэрээ нүүлгэж авч яваад эд зүйлээ бүртгэхэд хогийн шүүр, тосгуур, төмпөн, алах,

бахь, цүнх, эрэгтэй хүний элгэн гутал алга болсон байсан юм. Хогийн шүүр тосгуураа

анх нийтийн байрандаа орохдоо 12.000 төгрөгөөр, төмпөнгөө 5000 төгрөгөөр, бахь

алахыг нь гэрээсээ авчирч байсан үнийг нь мэдэхгүй, элгэн гутал, цүнх хоёрыг би 2015

оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсаас ирэхдээ авчирч байсан гутлаа

100.000 төгрөгөөр, цүнхээ 50.000 төгрөгөөр авч байсан юм. Баасансүрэн намайг

толгой түрүүгүй шанага халбагаар учир зүггүй цохиод байхаар нь би өөрөөсөө

холдуулах гээд л түлхсэн чинь газар уначихсан юм. Надад Баасансүрэнг зодож цохино

биед нь гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй. /хх-ийн 40-41/ гэх мэдүүлэг

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн

лавлагаа /хх-ийн 46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, шийтгэх

тогтоолын хуулбар /хх-ийн 50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У  нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн

13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-112 тоот нийтийн байранд иргэн

А.Баасансүрэнг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан

гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Баасансүрэнгийн“...У  пизда авгай минь чи ер нь хэн юм бэ

гээд намайг түлхээд бөгсөн биеэр минь жижүүрийн үүдний довжоон дээр

унагаачихсан...”/хх-ийн 21/ гэх мэдүүлэг, гэрч П.Мөнхжаргалын”...У

Баасансүрэнг миний юмыг зөөдөг чи хэн бэ гээд дайрч байхдаа манай жижүүрийн

өрөөний үүд рүү Баасансүрэнг түлхээд унагаасан...” /хх-ийн 23/ гэх мэдүүлэг, гэрч

Ө.Ганболдын”...У , Баасансүрэн хоёр чи манай гэрийг нүүлгэлээ, би чамайг

байрандаа байлгахгүй гэж хоорондоо хэрэлдэж байгаад У  Баасансүрэнгийн

цээж рүү хоёр гараараа түлхээд босгоны довжоон дээр бөгсөн биеэр нь

унагаачихсан...”/хх-ийн 25/ гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн №10141 дугаартай дүгнэлт /хх-ийн

32/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Хэрэгт авагдсан баримтуудаар А.Баасансүрэнгийн хариуцан ажиллуулдаг нийтийн

байранд У  өрөө түрээслэн амьдардаг болох нь хохирогч, гэрч нарын

мэдүүлэг болон өрөө түрээслэх гэрээгээр нотлогдсон.

Харин гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь өрөө түрээслэгч

У ын эд зүйлийг өөрт нь мэдэгдэлгүйгээр дураараа өөр өрөөнд зөөн оруулж

улмаар А.Баасансүрэн “манай нөхрийг уруу татдаг...”гэх мэтээр хэлж халбагаар

У ын толгой руу нь цохисон түүний хууль бус, зүй бус үйлдлээс үүдэлтэйгээр

шүүгдэгч У  нь хохирогч А.Баасансүрэнг түлхэж унагаснаас эрүүл мэндэд нь

хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч У ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай

учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын

шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус,

зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд

тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан

үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У  “...түрээсийн мөнгөө цаг тухайд нь

бүрэн төлж байсан, түрээсээ төлчихсөн байхад 20 хоногийн өмнө хөөж гаргасны

120000 төгрөг, үүн дээр барьцааны 30000 төгрөг, алга болсон эд зүйл үнэлгээгээр

167000 төгрөг нийт 317000 төгрөгийг Баасансүрэнгээс нэхэмжилнэ...” гэж,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Баасансүрэн”...түрээсийн мөнгөө У

бүрэн төлсөн байсан, гэхдээ би түрээсийн төлбөрийн зөрүүг У т өгсөн, харин би

цаашид эмчилгээнд шаардагдах 5 сая төгрөгийг У аас нэхэмжилнэ...” гэж тус

тус мэдүүллээ.

 

А.Баасансүрэн, У тай 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өрөө

түрээслэх гэрээ хийсэн байх бөгөөд /хх-ийн 6/ тэдгээрийн дунд хийгдсэн энэхүү

гэрээгээр талуудын хүлээсэн эрх үүрэг цуцлагдсан эсэх нь тодорхой бус байх тул

түрээсийн төлбөртэй холбогдох нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч У  167000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс алдагдсан гэж

мэдүүлэх боловч энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй хэрэгт энэ талаархи

нотлосон баримт байхгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, прокуророос шүүхэд

шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Хохирогч А.Баасансүрэнгийн эмчилгээтэй холбогдуулан нэхэмжилсэн 5 сая

төгрөгийн нэхэмжлэл холбогдох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа

бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт авагдсан эм

тарианы үнэ 44500 төгрөг /хх-ийн 10/, шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 8000 төгрөг /хх-

ийн 30/ нийт 52500 төгрөгийг У аас гаргуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй

болохыг дурьдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У ыг хүний эрүүл мэндэд

хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч У ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан

зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

торгох ялыг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. У  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар

хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д

зааснаар шүүгдэгч У аас 52500 төгрөг гаргуулж хохирогч А.Баасансүрэнд

олгож, хохирогч эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа

бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг

дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө

гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У т авсан

хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ