Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/04095

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/04095

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.М

 

Хариуцагч: М.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч М.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Бид хоёр 2010 онд танилцаад гэр бүл болсон. 2014 онд том хүү төрсөн. 2017 онд дунд хүү, 2020 онд бага хүү төрсөн. 10 жилийн хамтын амьдралыг цуг өнгөрөөсөн. Салах шалтгаан нь удаа дараагийн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болохоор цаашид амьдарч чадахгүй гэж бодоод гэр бүл цуцлуулах шийдвэр гаргасан. Хүүхдүүдийнхээ асрамжийг өөр дээрээ авмаар байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгомоор байна. Лизингийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагчийг надаас зайтай хол байлгах арга хэмжээ авхуулмаар байна. Салмааргүй байгаа хүний гаргаж байгаа үйлдэл нь ярьж байгаагаасаа эсрэг байгаа учраас итгэхгүй байнагэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2022 оноос хойш миний бие муудсан. Ходоод нойр булчирхайгаар өвдсөн. Хийж буй ажлаа хийж чадахгүй байгаа. Бариа заслаар 10 жил ажиллаж байгаа. Хүн чанаргүй мэдрэмж төрөөд байна. Мөн хүүхдүүдээ өнчрүүлж байхаар алсаас хайрлаад явъя гэж бодож байна. Тэтгэлгийн асуудлыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн хувьд хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ яаж тусад нь байлгах вэ. Би нийтийн байр түрээсэлж амьдарч байгаа учраас тийм орчинд хүүхдүүдээ байлгамааргүй байна. Амарч байгаа үедээ хүүхдүүдтэйгээ уулзаад хэрэгтэй зүйлд нь туслаад явмаар байна.” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: гэрлэсний гэрчилгээ /хх 5/, Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6-9/, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1357 дугаар шийтгэвэр /хх 9-10/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн  дугаар шийтгэвэр шүүхэд гарган өгчээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Д.М болон М.М нар 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү М.Б, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Т, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү М.Б нар төржээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд ханджээ.

 

5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

6. Гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн эрх, ашиг сонирхол, ёс суртахуунд хохиролтой болох нь зохигчийн тайлбар болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн... дугаар шийтгэвэр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн.... дугаар шийтгэврээр тогтоогдож байна.

 

7. Талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Б, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Т., 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Б нарыг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасантай харшлахгүй юм.

 

9. Хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай харшлахгүй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М, М.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Б, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Т, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Б нарыг эх Д.М-н асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Б, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Т, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Б нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшний тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг М.М-с гаргуулан хүүхдүүдэд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч Д.М нь автомашины лизинг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ