Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/03588

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 10-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/03588

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М ХХК /РД:********/-д холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээг цуцалж, 58,824,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө,

Гэрч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б 2023 оны 01-р сарын 26-ны өдөр М ХХК-тай ************* тоот гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 8-р хороо байрлах Баганат хороололд **-р байрны С блок 32.68 мкв 1 өрөө 13 давхарт С тоот байрын авахаар тохиролцож. Гэрээний 2.1т заасан орон сууцны нийт үнэ 58.824.000 төгрөгийг 100% бүрэн төлж барагдуулсан. Гэрээний 3.1.4 д заасан Орон сууц ашиглалтад орох хугацаа нь 2023 оны 02-р улиралд барилгын ашиглалтад оруулах байсан ч одоог хүртэл ашиглалтад ороогүй хэзээ орох нь тодорхойгүй байгаа. Мөн гэрээний 3.1.9 д гэрээгээр тохиролцсон байрны дугаар давхцуулахгүйгээр орон сууцны дугаарлалтыг зохион байгуулах гэж заасан байтал одоо манай байрыг өөр Энхцэцэг гэх хүнд давхцуулан зарсан. Иймд хариуцагч Мөнгөн саран хас ХХК-тай байгуулсан 2023 оны 01-р сарын 26-ний өдрийн ******** гэрээг цуцалж, 58.824.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт байр 9-10 давхартаа гацчихсан учраас гэрээг цуцлаад мөнгөө авмаар байна, Мөнгөө манайх Ц-д өгсөн ба шилжүүлсэн дансны эзэн нь нэхэмжлэгчийн нөхөр байх тул хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээ шүүхэд баримтаар өгсөн, нэгэнт ирээгүй учраас хариуцагчийн эзгүйд хуралдаанаа хийж хэргээ шийдвэрлүүлмээр байна гэв.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлийн хувийг 2024-03-01 ний өдөр гардан авсан боловч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

4. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.15-ны өдрийн ************ дүгээр шийдвэр, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.12.22-ны өдрийн албан бичиг, 2023.01.26-ны өдрийн ************* дугаартай орон сууц захиалгын гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Ц, Б.Ц, Б.Ц нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

5. Хариуцагч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Б-н гомдлоор М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Т.Б-г яллагдагчаар татсан эсэх, эрүүгийн хэрэг үүссэн эсэх талаарх лавлагаа, нэхэмжлэгчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс ****** улсын дугаартай ************ машины 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойших түүхчилсэн лавлагааг нотлох баримтаар цуглуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Ц, Г.Б нарыг гэрчээр асуусан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Г.Б 2023 оны 01-р сарын 26-ны өдөр М ХХК-тай ************* тоот гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 8-р хороо байрлах Баганат хороололд **-р байрны С блок 32.68 м кв 1 өрөө 13 давхарт С тоот байрын авахаар тохиролцсон. Гэрээний дагуу үнэ 58.824.000 төгрөгийг 100% бүрэн төлж барагдуулсан. Орон сууц ашиглалтад орох хугацаа нь 2023 оны 02-р улиралд барилгын ашиглалтад оруулах байсан ч хэзээ орох нь тодорхойгүй байгаа, одоо манай байрыг өөр Энхцэцэг гэх хүнд давхцуулан зарсан. Иймд хариуцагч М ХХК-тай байгуулсан 2023 оны 01-р сарын 26-ний өдрийн *********** гэрээг цуцалж, 58.824.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3.Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлийн хувийг 2024-03-01 ний өдөр гардан авсан боловч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй боловч шүүхэд гаргасан хүсэлтийн агуулгаас дүгнэвэл эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй тул хэргээ түдгэлзүүлэх тайлбар гаргадаг.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ********** дугаар орон сууц захиалгын гэрээг байгуулагдсан байх ба уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 8-р хороо, Баганат хороолол орон сууцны **-р блок 13 давхарт 32,68 м.кв талбайтай С тоот 1 өрөө орон сууцыг нийт 58,824,000 төгрөгөөр бариулахаар тохиролцжээ./хх-ийн 8-11 хуу /

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 58,824,000 төгрөгийг М.Ц-д бүрэн төлж барагдуулсан талаар гэрч М.Ц мэдүүлэхээс гадна талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 т Захиалагч нь төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан болно гэжээ. Тодруулбал М.Ц нь шүүх хуралдаанд гэрчээр ..Би ******* маркийн автомашинаараа М ХХК-аас 2 орон сууц бартераар худалдан авахаар болж гэрээ байгуулсан ба машинаа шилжүүлээд өгчихсөн. Нэг байр нь эдний байр, нөгөөхийг ч бас би гэрээгээ шилжүүлээд хүнд дамжуулсан, Ө бүрэн мөнгөө төлсөн .. гэж мэдүүлдэг.

Барилгын ажил дуусаагүй, удаашраалтай байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй ба харин ..тус байгууллагын борлуулалтын албаны ажилтан нь орон сууц захиалгын гэрээг давхардуулсан, залилсан асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа... гэж тайлбарладаг.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4 д Гүйцэтгэгч нь 2023 оны 2 дугаар улиралд барилгын ажлыг бүрэн дуусгаж, захиалагчид түлхүүрийг гардуулан өгнө гэж тохирсон боловч барилга хугацаандаа ашиглалтад ороогүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан хуульчилжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан ба барилга одоог хүртэл ашиглалтад ороогүй байх тул үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх 2024 оны 03 дугаар сарын 29 ний өдрийн 2409000000472 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гаргуулсан боловч иргэн Г.А-с гаргасан гомдлоор Т.Б-г яллагдагчаар татсан байх тул уг иргэний хэрэгт хамааралгүй гэж үзнэ.

 

6. Эдгээрээс дүгнэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн 58,824,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч М ХХК-аас 58,824,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 522,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ