Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/03658

 

 

 

 

 

 

 

2024 оны 9 сарын 16-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/03658

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж ХХК /РД:********/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай Н ХХК нь хариуцагч болох Ж ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ болон 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ******* Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний нэмэлт гэрээ №2" 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ********* дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээний зүйл нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Парк Од молл худалдааны төвийн 5 болон 6 дугаар давхрын нийт 1334.9 м.кв талбайд хөрөнгө оруулах бөгөөд гэрээний үнэ болох 6 535 434 609 төгрөгийг графикт хугацаанд гэрээнд заасан нөхцөлийн дагуу төгрөг, үл хөдлөх хөрөнгө, шатахуун зэргээр бүрэн шилжүүлсэн бөгөөд энэ тухай огт маргадаггүй, мөн тус хугацаандаа хариуцагч болох Ж ХХК нь Парк-Од моллын барилгыг бүрэн барьж, барилгад Улсын комисс ажиллан *********** дугаартай актаар бүрэн хүлээлгэн өгч, тус төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Барилгад хөрөнгө оруулалт гэрээний 3.8 дугаар зүйлд "Гүйцэтгэгч нь барилга шилжүүлэн өгөхөд шаардлагатай бичиг баримтыг Захиалагчид гардуулан өгөх үүрэгтэй" гэж заасны дагуу манай компани 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *********, мөн оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24/021, 4 дүгээр сарын 04-ний өдрийн ********* дугаартай албан бичгүүдээр үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан аваха хад шаардлагатай материалыг шилжүүлэн өгөх тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөхгүй хугацаа алдаж байна. Ж ХХК-иас 1334,9 м.кв үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа үйлдэл нь тус хандах нөхцөл байдлыг үүсгэсэн. Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк-Од Молл худалдааны төвийн 5,6 дугаар давхрын 1334,9м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг захиалагч болох Н ХХК-д гаргаж өгөхийг Ж ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь хариуцагч болох Ж ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ******** дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ болон 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ******** Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний нэмэлт гэрээ №2" 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *******  дугаартай гэрээг байгуулсан. Ямар ч төлбөр тооцооны үлдэгдэл гэх асуудал байхгүй. Эцсийн байдлаар 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хоёр талын ерөнхий нягтлангууд тооцоо нийлж ямар ч төлбөр тооцооны асуудал байхгүй гэсэн. Яагаад бичиг баримт гаргуулах нэхэмжлэл гаргасан бэ? гэхээр хүндэтгэн үзэх шалтгаан ямар нэгэн тайлбаргүйгээр. 2 том компанийн хоорондох асуудал, хэн хэндээ итгэл хүлээлгэж, төлбөр тооцооны асуудлаа дуусгачихсан. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаа хүлээн аваагүй байсан байх. 02 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сар хүртэл байнга шаардлагаа хүргүүлж байсан. Юун дээр болж шаардлага хүргүүлсэн бэ? гэхээр түрүүн ярьсан худалдаа хөгжлийн банктай холбоотой асуудлаас болж бид нарт бас айдас үүссэн. 6 тэрбум төгрөгөөр саарал талбай худалдаж авсан ч гэсэн. 20-30 тэрбум төгрөгийн кино театр, тоглоомын хэсэг гэх мэт үйлчилгээний талбайн зураг төслөөс нь авхуулаад тохижуулж хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Бид нарт болгоомж бол байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Ж ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй байсан. Худалдаа хөгжлийн банкны өр төлбөрт явчих бол уу? гэсэн болгоомж байсан. Тус гэрээнд бичиг баримт гаргуулах үүрэгтэй байсан. Гэрээнд заасны дагуу үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулах баримт бичгийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талаас огт маргаагүй. Цаг хугацааны асуудал байсан байх. Шууд удирдлагын зүгээс шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүл гэсэн. Өмнө хүртэл удирдлагуудад танилцуулсан эвлэрэх боломжтой байна гэхэд өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй болохоор шүүхийн шийдвэрээр шийдүүлье гэсэн. Өмнөх хурлаар Улсын бүртгэлээс лавлагаа авхуулахаар хойшилсон. Гэвч Улсын бүртгэлээс ойлгомжгүй хариу ирсэн. Бүртгэлтэй ч юм уу? бүртгэлгүй ч юм уу? эсвэл огт бүртгээгүй юу? гэдэг хариулт байсан. Жигүүр гранд групп хариуцлагынхаа хүрээнд бичиг баримтыг бүтнээр нь гаргаж өгөх байх гэдэгт найдаж байна гэв.

 

2. Хариуцагч Ж ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н ХХК-ын нэхэмжлэлтэй БЗД **-р хороо, Парк-Од молл худалдааны төвийн 5,6 дугаар давхрын 1334.9 м2 талбайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг Жигүүр гранд групп ХХК-аас гаргуулах тухай шаардлагатай танилцлаа. Талуудын хооронд байгуулсан 2019-08-09ны өдрийн ******* Барилгад хөрөнгө оруулалт хнйх гэрээ ны дагуу тус компани 1334.9 м2 талбайг хүлээн авч, төлбөр төлсөн байх тул БЗД **-р хороо, Парк-Од молл худалдааны төвийн 5,6 дугаар давхрын 1334.9 м2 талбайн үл хөдлөх 'хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй байна. Хэргийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74,1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Парк Од молл худалдааны төвийн 5 болон 6 дугаар давхрын нийт 1334.9 м.кв талбайн Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг манай компаниас гаргуулъя гэсэн байсан. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ******** дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний дагуу манай Парк Од молл барилга худалдаж авсан. Ямар нэгэн төлбөр тооцооны өргүй. Холбогдох бичиг баримтыг манай компаниас гаргаж өгөхөд татгалзахгүй байгаа. Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж ерөнхий захирлаас хянуулах үе шатанд дээрээ явж байгаа. 5 дахь өдөр хянуулж зөвшөөрөл авдаг. Гарын үсгээ зуруулж амжаагүй бол өнөөдөр 13 цагаас захирал ирнэ. Тэгээд зуруулж байгаа байх. Манай дотоод тооцоо зөрж 10,000,000 төгрөгийн зөрүү гарсан. Тэр зөрүүг танайхаас авахаар байна уу? компаниудаасаа авахаар байна уу? гэдгийг нягтална. Танайхтай бол үгүй байх гэж хэлсэн. Бичиг баримтыг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2019.08.09-ний өдрийн ********** дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, 2020.10.01-ний өдрийн ********* дугаартай **** дугаартай нэмэлт гэрээ, Н ХХК-ийн 2024.02.01-ний өдрийн 24/011, 2024.03.14-ний өдрийн 24/021, 2024.04.04-ний өдрийн 24/030, 2024.04.15-ны өдрийн 01/28 дугаартай албан бичгүүд зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай  бичиг баримтыг гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.       

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, уг хөрөнгийг ашиглаж байгаа тул өмчлөгч тул улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нөгөө талаасаа гаргуулахыг хүсдэг.   Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг.          

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ********* дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ болон 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 200930 дугаартай Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний нэмэлт гэрээ ***** гэрээнүүдийг тус тус байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Парк Од молл худалдааны төвийн 5 болон 6 дугаар давхрын нийт 1334.9 м.кв талбайд хөрөнгө оруулах бөгөөд гэрээний үнэ болох 6 535 434 609 төгрөгийг графикт хугацаанд гэрээнд заасан нөхцөлийн дагуу төгрөг, үл хөдлөх хөрөнгө, шатахуун зэргээр бүрэн шилжүүлэхээр тохиролцжээ.

Улмаар гэрээний дагуу Н ХХК нь 1334,9 м кв үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, ашигладаг бол Ж ХХК нь захиалагч талаасаа авах авлагагүй болсон нь талуудын тайлбар болон Н ХХК-ийн 2024.02.01-ний өдрийн **, 2024.03.14-ний өдрийн **, 2024.04.04-ний өдрийн **, 2024.04.15-ны өдрийн ** дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, албан бичгүүдээр нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн захиалагч нь буюу худалдан авагчийн өмчлөлд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргах эрхтай ба холбогдох бичиг баримтыг хариуцагч тал гарган өгөх үүрэгтэй юм.

            Иймд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг буюу 1323,6 м кв талбайг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх байх тул нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн ** дугаар хороо Парк-Од молл худалдааны төвийн 5,6 дугаар давхрын 1334,9 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагч Жигүүр гранд групп ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-д Баянзүрх дүүргийн ** дугаар хороо Парк-Од молл худалдааны төвийн 5,6 дугаар давхрын 1334,9 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгасугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ